АНУ-ын Вермонтын их сургуулийн эрдэмтэд өдөрт гурав болон түүнээс дээш цаг видео тоглоом тоглодог хүүхдүүд бусдаас илүү ой тогтоолт, анхаарал төвлөрөл зэрэг танин мэдэхүйн чадвартай байдаг гэх судалгааг хийсэн байна.
Шинжлэх ухааны “JAMA Open Network” сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны нийтлэлд дурдсанаар видео тоглоом хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд, зан харилцаанд хэрхэн нөлөөлдөг талаарх судалгаа өмнө нь олон удаа хийгдсэн. Харин ердийн компьютерын тоглоом хүний тархины хөгжил болон хүүхдийн танин мэдэхүйн чадварт хэрхэн нөлөөлдөг талаар том хэмжээний нарийн судалгаа хийгдэж байгаагүйг онцолсон байна. Тэгвэл Вермонтын их сургуулийн судлаачид өсвөр насны хүүхдүүдийн тархины хөгжил, танин мэдэхүйн чадварыг судлах судалгааны хүрээнд 9-10 насны хоёр мянга гаруй хүүхдийг судалгаанд хамруулжээ. Улмаар хүүхдүүдийг өдөрт гурав болон түүнээс олон цаг видео тоглоом тоглодог болон огт тоглодоггүй гэх хоёр бүлэгт хувааж, ижил даалгавар өгч сорилтод оруулах замаар танин мэдэхүй, тархины дүрслэлийн мэдээллийг харьцуулах судалгаа хийсэн аж.
Хамгийн гол нь, 9-10 насны хүүхэд өдөрт гурван цагаас дээш хугацаагаар компьютер тоглох нь АНУ-ын Хүүхдийн эмч нарын академиас тогтоодог дэлгэцийн цагийн удирдамжид заасан хязгаараас өндөр тоо юм. АНУ-ын Хүүхдийн эмч нарын академийн удирдамжид 9-10 насны хүүхэд хичээлийн өдөр өдөрт 30-60 минут, амралтын өдөр дээд тал нь хоёр цаг хүртэл видео тоглоом тоглохыг зөвлөдөг.
Гэтэл судалгаагаар өдөрт олон цаг видео тоглоом тоглодог хүүхдүүд танин мэдэхүйн сорилыг илүү хурдан хугацаанд өндөр оноотой гүйцэтгэж байгааг тогтоосон байна. Мөн тархины “MRI” шинжилгээгээр видео тоглоом тоглодог хүүхдүүдийн тархины ой тогтоолт болон анхаарал төвлөрүүлэх чадамжтай холбоотой үйл ажиллагаа огт тоглодоггүй хүүхэдтэй харьцуулахад өндөр байгааг харуулжээ.
Түүнчлэн видео тоглоом тоглодог хүүхдүүдийн урд тархины үйл ажиллагаа бусад хүүхдүүдээс илүү сайн байгааг илрүүлсэн аж. Судлаачдын үзэж байгаагаар ихэнх видео тоглоом тухайн хүнээс анхаарал төвлөрөл, ой тогтоолт, зөв шийдвэр гаргалт хийхийг шаарддаг. Ялангуяа, дэлгэцнээс шууд тархинд мэдээлэл дамжуулж, буцаад шийдвэр гаргалт хийх замаар дэлгэц буюу тоглоомд хариу үйлдэл үзүүлдэг байдал нь хүний тархинд нэг төрлийн дасгал болдог байж магадгүй. Тэр нь тархины хөгжилд эергээр нөлөөлдөг байх магадлалтай гэж дүгнэсэн байна.
Мөн видео тоглоом хэт их тоглодог хүүхдүүд огт тоглодоггүй хүүхдүүдтэй харьцуулахад сэтгэцийн эрүүл мэнд болон зан харилцааны хувьд илүү асуудалд орох магадлалтай байдаг гэх судалгаанууд өмнө нь хийгдсэн байдаг. Тэгвэл уг судалгаагаар энэхүү дүгнэлт нь статистикийн хувьд ач холбогдол багатай. Өмнөх судалгаанууд хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд, зан авирт видео тоглоом шууд байдлаар нөлөөлдөг эсэх болон бусад хүчин зүйлсийн нөлөөллийг нарийвчлан авч үзээгүй гэх зэргээр үгүйсгэсэн байна.
Гэхдээ судлаачид энэ нь хүүхэд компьютер, гар утас, зурагт зэрэг бусад дэлгэцийн өмнө хязгааргүй цаг зарцуулах ёстой гэсэн үг биш. Танин мэдэхүйн чадваруудыг хүүхэд бусад маш олон үйл ажиллагаанаас олж авдаг. Эцэг эхчүүд видео тоглоомын эерэг болон сөрөг нөлөөний талаар сайн ойлголттой байх нь чухал. Видео тоглоом хүүхдийн тархины хөгжил, танин мэдэхүйн чадварт эергээр нөлөөлж байгаа ч гэр бүл, найз нөхөдтэйгөө харьцах харилцаа, нойр, амралт, биеийн өсөлт хөгжил, донтолт зэрэгт хэрхэн нөлөөлдөг талаар нарийвчлан судлах шаардлагатайг онцолсон байна.
Эх сурвалж: Jamanetwork.com