УБТЗ-ын төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дарга Б.Дашбалжинтай шинээр нэвтрүүлж буй хөдөлгөөнт оношилгооны төв болон “Ковид-19” халдварын үед төмөр замын эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд галт тэргээр зорчигчдод ямар тандалт судалгаа хийж байгаа тухай ярилцлаа.
-УБТЗ-ын төв эмнэлгээс санаачлан хэрэгжүүлэхээр болсон хөдөлгөөнт оношилгооны төв одоо ажиллаж байгаа юу?
-“Ковид-19”-ийн халдвар гарахаас өмнө хоёр удаа хөдөлгөөнт оношилгооны төв ажилласан. Одоогоор яваагүй, түр зогссон байгаа. Халдварын тархалт, хөл хорио цуцлагдсаны дараа энэхүү үйлчилгээгээ үргэлжлүүлэн явуулна. Энэхүү хөдөлгөөнт эмнэлгийг байгуулснаар төмөр замын дагуу байрлах өртөө зөрлөгүүд болон Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Төв, Хэнтий аймгийн зарим сум, багийн иргэд болон төмөр замын ажилчдад эмнэлгийн үйлчилгээг газар дээр нь шуурхай, хүртээмжтэй өгөхөд чиглэгдсэн юм.
-Ямар тоног төхөөржмөөр хангагдсан бэ. Эмнэлгийн ямар үйлчилгээг үзүүлэх боломжтой вэ?
-Нийт зургаан галт тэрэгэнд эмнэлгийн 10 гаруй үйлчилгээг үзүүлнэ. Нэгдүгээр вагонд рентген, нүд, шүдний кабинет, хоёрдугаар вагонд эмэгтэйчүүдийн үзлэгийн өрөө, ЭХО-ны эмчийн өрөө, зөвлөх эмчийн ороо, бүртгэл, өлгүүр байна. Гуравдугаар вагонд лаборатори, зүрхний цахилгаан бичлэг, спирометр, эмийн сан ажиллана. Дөрөвдүгээр вагонд мэдрэлийн эмчийн үзлэгийн өрөө, ариутгал, инженер, дурангийн үзлэгийн өрөө байна. Харин тавдугаар вагонд мэс засал, боолтын өрөө, чих хамар хоолойн үзлэгийн өрөө байрлах юм. Зургадугаар вагонд эмч нарын амралтын өрөө, хурал, хоолны өрөө байна гээн ерөнхий зохион байгуулалтыг хийсэн байгаа. Үүнийг цаашдаа ч өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа.
-Ямар зохон байгуулалтаар ажиллах юм бэ. Иргэдэд хөдөлгөөнт оношлогооны төв очно гэсэн мэдээллийг хэрхэн тараах уу?
-Манайх хойд, урд шугамын ангиллаар явдаг. Урд шугамд Замын-Үүдээс Багахангай, хойд шугамаас Сэлэнгээс Мандал хүртэл чиглэлд галт тэрэгтээ үзлэгээ хийх юм. Тэгээд очиж эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх боломжтой зөрлөг, төвүүдээ хэзээ, хэд хоног, хэчнээн цаг үзлэг хийх талаар урьдчилан мэдэлэл өгч, нарийн хуваарийн дагуу ажиллана.
-Хоёр удаа хөдөлгөөнт оношилгооны төв ажилласан гэсэн шүү дээ. Тэр үед хэчнээн хүнд тусламж үйлчилгээ хүргэсэн байна вэ?
-Хойд, урд шугамд давхардсан тоогоор нийт 5104 хүн хамрагдсан байна. Харьяаллын хувьд төмрийн замын 4537 ажилтан, төсөр замын бус 2272, 1110 өндөр настан, 216 хүүхдэд үзлэг оношилгоо хийсэн байна.
-“Ковид-19” гарснаас хойш УБТЗ-ын төв эмнэлэг хэрхэн ажилласан бэ?
-Төмөр замын төв эмнэлэг нэгдүгээр сараас эхлэн, онцгой байдлын штабын заавар, дүрмийн дагуу өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Тухайн үед олон улсын галт тэрэг явж байсан. Тэгээд зохих хэмжээний хязгаарлалт хийснээр одоо зөвхөн орон нутгийн хооронд галт тэрэг явж байгаа. Өнөөдрийн байдлаар Зүүн хараа, Сэлэнгэ, Замын-Үүд, Дархан, Шарын гол, Бор-Өндөр зэрэг 15 чиглэлд галт тэргэнд 10-11 их болон бага эмч хяналт тандалтын үзлэг хийж байна. Ойролцоогоор өдөрт 5000 орчим хүнд үзлэг, тандалт хийж, хянаж тавин ажиллаж байгаа. Түүнчлэн бид тусгаарлах байр бэлдэж, галт тэргийн жолооч, проднекийг тусгаарласан. Сайншандад гарсан хамгийн эхний тохиолдол буюу Франц иргэнийг тээвэрлэж явсан галт тэрэгний бригадыг тусгаарласан. Ингээд манайх эмнэлгийнхээ бэлэн байдал болон УБТЗ-ын ажилчид, зорчигчийн аюулгүй байдлыг хангах үүднээс нэлээдгүй ажил хийж байгаа. Шаардлагатай тохиолдол гарахад Төмөр замын төв эмнэлэг хүмүүсийг тусгаарлаж, хянаж, эмчлэх боломжтой.
-Галт тэргээр зорчихоос өмнө халуунтай болон халдварын ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд оруулахгүй байх арга хэмжээ авч байгаа юу?
-Бид галт тэргэнд аялж байгаа, суучихсан зорчигчид хяналт тавьж байгаа. Гэхдээ дотооддоо халдвар байхгүй байгаа учраас сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байгаа. Манай эмнэлгээс халдвар дэгдэхгүй байх үүднээс хяналт тавихаас гадна, эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардагдсан хүнд үйлчилгээ үзүүлдэг юм. Тийм ч учраас манай эмнэлгийн эмч, ажилчид ачаалал ихтэй ажиллаж байгаа.
-Яамнаас та нарт түргэвчилсэн оношлуур өгсөн үү?
-Бид ЭМЯ болон ДЭМБ-ын заавар зөвлөмжийн дагуу ажиллаж байгаа. Биднийг ямар нэгэн сэжигтэй тохиолдлыг оношлох шаардлагагүй, шууд мэдээлэх хэрэгтэй гэсэн чиглэлийг ХӨСҮТ-өөс өгсөн. Хамгийн гол нь тогтмол өгдөг мэдээллээ үнэ, зөв өгөх хэрэгтэй гэсэн. Харин томуугийн А, Б хүрээний вирусийн халдварыг таних тестүүд байгаа.