Сонгдо эмнэлгийн Дотрын тасгийн эрхлэгч, уушгины эмч Н.Наръяатай ярилцлаа.
-Хаврын улирал хүний амьсгалын эрхтэн тогтолцоо, уушгинд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Уушгины өвчлөлийн хэлбэрүүд улирлын чанартай өөр, өөр байдаг. Тухайлбал өвлийн эхэн сард вирусийн гаралтай өвчлөл, уушгины архаг өвчнүүдийн сэдрэлт их байдаг. Уушгины хатгалгаа, вирусийн шалтгаантай амьсгалын дээд замын болон халдварын шалтгаантай уушгины үрэвслүүд өвлийн улиралд элбэг байна. Харин хаврын улиралд ихэвчлэн харшлын шалтгаант өвчлөлүүд нэмэгдэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл харшлын шалтгаантай гуурсан хоолойн үрэвслүүд, астма, уушгины архаг өвчний сэдрэлтүүд их байдаг. Хаврын улиралд эдгээр өвчлөлүүд нь орчны нөлөө, агаарын хуурайшилтаас шалтгаалдгаас гадна хувь хүний амьсгалын замын суурь өвчнөөс хамаардаг. Үүнээс гадна хувь хүний хэт мэдрэг байдал нь нөлөөлж байна
Хамгийн элбэг тохиолдлууд нь гуурсан хоолойн үрэвсэл буюу бронхит, астма, тамхины шалтгаантай уушгины архаг бөглөрөл зэрэг өвчнтйг харьцуулаад үзэхэд бүгд агаар дуслын замын өвчлөл. Тэгэхдээ шалтгаанууд нь арай өөр, өөр байдаг. Орчны нөлөөнөөс маш их хамаардаг. Энэ жил уушгины архаг бөглөрөлт өвчний сэдрэлийн тохиолдол нэлээд байна. Уушгины архаг бөглөрөлт өвчний үндсэн шалтгаан нь тамхи, ажил, амьдралын орчин, агаарын бохирдол нөлөөлдөг. Мөн амьсгалын дээд замын харшлын шалтгаантай ханиалга, хамар залгиур салстын хэт мэдрэмтгий байдал, салархаг цэр гарах нь ихсэх, цээж хүнд оргих, давчдах, бачуурах, цээж шуугих, хэржигнэх зэрэг шинжүүд нь амьдралын орчин, агаарын хуурайшилт, хувь хүний мэдрэг байдалтай бас л холбоотой. Агаарын хуурайшилт тоосонцорын нөлөөгөөр амьсгалын зам мэдрэмтгий болох нь вирус, бактерийн халдварт өртөмтгий болгодог. Ийм болохоор амьсгалын замын халдвараар өвчлөх, архаг өвчин сэдрэх зэргээр эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
-Хаврын улиралд харшлын суурьтай өвчлөл болох бронхит, гуурсан хоолойн үрэвслүүд, астма, уушгины архаг өвчний сэдрэлүүд их байдаг гэлээ. Эдгээр өвчнүүдийн сэдрэлтийг бий болгож байгаа зүйлс нь юу вэ?
-Хаврын улиралд их гардаг эдгээр өвчлөлүүдийн дахилтыг бий болгож байгаа хэд хэдэн зүйл бий. Нэгдүгээрт хаврын улиралд хүний биеийн эсэргүүцэл буурдаг, ядрамтгай, хоол, нойрны хэмнэл өөрчлөгддөг. Бага унтах нь харшил, астма сэдрэх бас нэг шалтгаан. Дархлаа суларч байна гэсэн үг.
Хоёрдугаарт орчны хуурайшилт ихэсдэг. Хүмүүс өдрийн ихэнх цагийг гадуур алхах, зугаалах, тамхи татах, хүйтэн юм их уух нь ихэсдэг. Мөн залуучууд, хүүхдүүд гэрийн тэжээвэр амьтадтай хамт байх дуртай байх нь амьтны үс хялгас нь амьсгалын замын хэт мэдрэг байдлыг ихэсгэдэг ба гэр бүлийн гишүүд астматай болох нь элбэг. Гэрийн тэжээвэр амьтныг ялангуяа бага насны хүүхэдтэй хамт байлгахаас зайлсхийх хэрэгтэй. Астматай насанд хүрэгчдийн ихэнх нь гэрийн тэжээвэр амьтадтай олон жил хамт амьдарсан асуумжтай байдаг.
-Улаанбаатар хотод хаврын улиралд хөрсний бохирдол ихтэй байдгаас эвгүй үнэр их үнэртдэг. Энэ нь бохир агаараар амьсгалснаас уушгинд ямар нөлөө учирдаг вэ?
-Эвгүй үнэр нь амьсгалын дэд замын хэт мэдрэг байдалд маш их нөлөөлдөг. Энэ нь цааш залгиурын үрэвсэл, астма ,бөглөрөлт өвчин сэдрээх шалтгаан болдог.
Астмаар ихэвчлэн хүүхэд залуучууд өвчилдөг. Харин уушгины бөглөрөлт өвчнөөр дандаа насанд хүрэгчид буюу настай хүмүүс их өвчилдөг.
Уушгины архаг бөглөрөлт өвчний ихэнх нь тамхины шалтгаантай байдаг. Гэр бүлийн нэгэн гишүүн гэр дотроо тамхи татдаг бол тэр гэр бүлийн гишүүд уушгины бөглөрөлт өвчнөөр өвдөх магадлал маш өндөр байдаг.
-Өмнө жилтэй харьцуулбал уушгины өвчлөлүүд хэр их байна вэ?
-Энэ жил өмнө жилүүдийг бодвол уушгины өвчлөлийн тохиолдол бага байна. Энэ нь агаарын бохирдол багассан, хүмүүс маск тогтмол зүүж байгаатай холбоотой юм. Маск зүүхийг байнга зөвлөдөг байсан ч өвдсөн ч зүүдэггүй байсан нь амьсгалын замын бүх төрлийн өвчин үүсэх, сэдрэх, хүндрэх шалтгаан болж байсан. Өөрөөр хэлбэл орчны нөлөөнд маш хурдан өртөж, өвчлөмтгий байсан бол энэ нь багассан. Мөн тамхи таталт харьцангуй багассан. Гадуур явж байхдаа тамхи татах нь багассан гэж харж байна. Ирж үзүүлж байгаа хүмүүс ихэнх нь тамхинаас гарах хүсэлтэй байна.
Харин нөгөө талаар энэ жил хүмүүсийн биеийн жин их нэмэгдэж байна. Биеийн жингийн нэмэгдэл ихсэх үед уушгины багтаамж багасаж болно. Таргалалт нь уушгины идэвхитэй хөдөлгөөнд сөрөг нөлөөтэй учир уушгины бөглөрөл өвчний шинж тэмдгийг нэмэгдүүлэх хандлагатай байдаг учир биеийн жин дээрээ анхаарах хэрэгтэй.
Хүмүүс астматай, уушгины бөглөрөлтэй хүн амьсгаадаад байдаг учир огт дасгал хийж болдоггүй гэдэг. Энэ буруу ойлголт юм. Тухайн хүний бие ямар ачаалал дааж чадахаар байна тэр ачааллыг биед өгч байх хэрэгтэй. Хэвлийг багасгах дасгал хөдөлгөөнийг хийж, хооллолтоо багасгах шаардлагатай. Хэвлийн тойргийн хэмжээ ихсэх тусам амьсгаадалт ихэсдэг учир үүнд анхаарал хандуулаарай.
Жишээ нь, олон жил уушгины архаг бөглөрөлт оноштой биеийн жин бага, хэвлийгээрээ туранхай, хүнийг яг адилхан жил өвдсөн хэвлийн таргалалттай, жин ихтэй хүнтэй харьцуулахад туранхай буюу хэвлийн тойргийн хэмжээ багатай хүмүүсийн хүндрэлүүд нь маш бага байдаг. Эмчлэхэд хялбар, эмийн үр дүн сайн байдаг.
-Эдгээр өвчлөлүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Тухайн хүн өөрт нөлөөлж байгаа орчны нөлөөнөөс аль болох багасгах хэрэгтэй. Хэрвээ тамхи татдаг бол гэртээ битгий тамхи тат. Мөн орчны тоосонцрыг үүсгэдэг засвар, цэвэрлэгээ, цэвэрлэгээний бодис зэргийг бага хэрэглэж байх хэрэгтэй. Ялангуяа хурц үнэртэй ариутгалын бодисуудыг маш бага хэрэглэх хэрэгтэй. Наад зах нь гарын ариутгагчаас хүмүүс харшил өгөх нь элбэг байна.
Түүнчлэн хавар, зуны улиралд иргэд гэртээ маш их засваруудыг хийж эхэлдэг. Засвар хийснээр хуурайшилт, тоосонцор бий болгодог. Ингэхээр орчноо эрүүл байлгах нь чухал. Мөн маш сайн унтах, шингэн сайн уух, маскаа сайн зүүгээрэй .