Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг “The Hu” хамтлагийн Гэрэг цомог “Billboard” сэтгүүлээс эрхлэн гаргадаг “World Albums” жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Уг цомог нь тус жагсаалтад эхний долоо хоногтоо өрсөлдөж шууд нэгд бичигдсэн юм. Тус жагсаалтыг Өмнөд Солонгосын алдарт хөвгүүдийн хамтлаг болох “BTS” болон домогт “Santana” хамтлагууд удаалж байна.
Гэрэг цомогт “The Hu” хамтлагийн хит уран бүтээлүүд болох “Wolf Totem”, “Yuve yuve yu”, “Shoog Shoog” тэргүүтэй нийт есөн дуу багтаж байгаа бөгөөд пянз болон “CD” хэлбэрээр энэ сарын 13-аас эхлэн худалдаалагдаж эхэлсэн юм. Та бүхэн “Гэрэг” цомгийг “Amazon”, “Deezer”, “iTunes”, “Spotify” зэрэг стрийм үйлчилгээ үзүүлэгчдээс худалдан авч сонсох боломжтой.