Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

Нуруу муруйлт ихэвчлэн өсвөр насныханд илүү тохиолдож байна

Нуруу муруйлт ихэвчлэн өсвөр насныханд илүү тохиолдож байна
Нийтэлсэн 2020 оны 8 сарын 25
Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн Mэдрэлийн мэс заслын эмч АУ-магистр Тэргүүлэх зэргийн эмч М.Тэмүүжин, Т. Дэлгэрхүү нар нуруу нугасны эмгэгүүд болон нуруу нугасны өвдөлтийн талаарх иргэдийн асуултад сошиолаар хариулж, зөвлөгөө өгчээ. Иргэдийн эрүүл мэндийн боловсролд зориулж тус зөвлөгөөг тоймлон хүргэж байна.
-Нурууны суултын үеийн эмчилгээг гэрийн нөхцөлд хэрхэн хийх вэ?
-Нурууны суулт нь нуруун дээр ирж байгаа ачаалал хэтэрсний үүсдэг. Гэрийн нөхцөлд нурууны суултыг багасгахын тулд суултыг бий болгож байгаа хүчин зүйлүүдээс холдох хэрэгтэй. Тухайлбал, биеийн жингийн илүүдэл, хүнд зүйл өргөх, удаан хугацаанд нэг байрлалаар суудаг бол эдгээрээс татгалзах хэрэгтэй. Нөгөө талаас нуруунд ирж байгаа ачааллыг нурууны эргэн тойронд байрлах булчингууд зохицуулж байдаг учир тэдгээр булчингуудын үйл ажиллагааг сэргээж өгөх хэрэгтэй. Ингэхийн тулд тохирсон дасгал хөдөлгөөн хийж, усан спортоор хичээллэх зэрэг амьдралын идэвхтэй хэв маягийг баримтлах ёстой. Харин нуруу элэгдэж, эргэшгүй өөрчлөлтөд орж, нугалам хоорондын мөгөөрсөн жийргэвчүүд нь шалчийчихсан бол буцааж хэвийн байдалдаа орохгүй. Иргэд сунгалт, таталт хийх, өндрөөс зүүгдсэнээр нурууг буцааж хэвийн байдалд оруулна гэж ойлгож болохгүй. Гэрийн нөхцөлд нурууны суултын хамгийн гол эмчилгээ бол дасгал хөдөлгөөн. Дасгал хөдөлгөөнийг тогтмол хийснээр нурууны өвдөлт багас нурууны суултаас урьдчилан сэргийлэлт болно.
-Нурууны суулттай хүний баруун хөл бадайрч өвддөг тохиолдол их гардаг. Энэ яагаад өвддөг вэ?
-Нурууны насжилт болон нуруунд хэт их ачаалал ирснээс үүдэн нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний бүтэц алдагдаж мэдрэл дагаж өвдөлт өгч байгаа. Нурууны жийргэвч нь амаржины үүрэг гүйцэтгэж байдаг. Нурууны жийргэвчийн 80 хувь нь усан бүтэцтэй байдаг. Гэвч нас ахих тусам усны агууламж багасч нуруун дээр ирэх ачааллыг даахгүй болж, урагдаж эхэлдэг. Ингэснээр нуруу өвдөж байгаа юм шиг мэдрэмж өгдөг. Урагдсан хэсгээс гел маягийн зүйл ялгардаг. Тэрхүү гел нь үрэвсэл үүсгэдэг учир нуруу орчмын мэдрэлийн судсыг дарж хөл өвдөх шинж тэмдэг илэрдэг байгаа. 
-Нурууны суулттай хүн бүр мэс засалд ордог уу, хэрхэн эмчлэх вэ?
-Нурууны дискний өвдөлттэй хүн бүр мэс засалд ороод байдаггүй. Ерөнхийдөө нурууны жийргэвч цүлхийлттэй өвчтөнүүдийн 80 хувь нь өөрөө аажимдаа эдгэдэг. Харин үлдсэн 20 хувь нь зайлшгүй эмчийн тусламж, мэс засалд орох шаардлагатай байдаг. Ийм иргэн хамгийн эхэнд эмчид үзүүлж зөвлөгөө авч, оношлуулах хэрэгтэй.
-Нуруу муруйсан ахар сүүл орчимд хүчтэй хатгаж өвддөг хүмүүс зориулж зөвлөгөө өгнө үү?
-Нуруугаар өвдөх өвдөлт нь удаан хугацаанд үргэлжилж байгаа бол оношийг тодруулах шаардлагатай. Хамгийн гол нь тэр өвдөлтийг үүсгэж байгаа шалтгааныг тодруулах хэрэгтэй. Шалтгааныг олчих үед зовуурийг эмчлэх боломжтой. Өвдөлт нь юунаас болж үүсч байгааг иргэн ажиглах хэрэгтэй. Тухайлбал насжилт, биеийн жин, амьдралын хэв маяг, өвдөлт нь өдөр шөнийн алинд нь их байна гэдгийг ажиглах эмчдээ хандаж эмчилгээг эхлүүлэх хэрэгтэй.
-Нурууны муруйлт юунаас болж үүсдэг вэ?
-Нурууны муруйлтыг анхдагч болон хоёрдогч гэсэн хоёр том бүлгээр авч  үздэг. Анхдагч гэдэг нь нурууг муруйлгах шалтгаан байхгүй. Жишээ нь, булчингийн, мэдрэлийн эмгэг байхгүй, ясны гажиг байхгүй яг юунаас шалтгаалж байгаа нь мэдэгдэхгүйгээр нуруу шууд муруйгаад эхэлдэг. Энэ нь ихэвчлэн өсвөр насны үед мэдэгдэж эхэлдэг ялангуяа охин хүүхдүүд илүү ханддаг. Харин яг үндсэн суурь нь бага насанд нь үүссэн байдаг гэж ойлгож болно. Тэгэхээр энэ тохиолдолд аль болох эрт эмчид үзүүлж хүндрэхээс урьдчилан сэргийлэх эмчилгээнүүдийг аваад явах хэрэгтэй. Эрт үзүүлээгүйгээс үүдэн яг өсөлтийн нас болох 15-17 насан дээрээ нурууны муруйлт нь хэлбэржиж, бэхэжсэн байдаг учраас буцааж хэвийн байдалд нь оруулах нь төвөгтэй. Цаашлаад мэс заслын асуудал яригддаг учраас аав, ээжүүд өсвөр насны болон бага насны хүүхдүүдээ тодорхой хэмжээнд нурууг нь ажиглаж байх хэрэгтэй.
Хоёрдогч нурууны муруйлт гэдэг нь ямар нэгэн шалтгаантай байдаг. Тухайлбал төрөлхийн нурууны гажигтай, нурууны элэгдэлтэй байж болно. Сүүлийн үед хамгийн их шалтгаан болж байгаа нэг зүйл бол булчингийн тогтолцооны алдагдал. Өөрөөр хэлбэл бидний нурууны булчин зөв хөгжиж чадаагүйгээс үүдэн нуруу муруйж болдог. Тэгэхээр эмчдээ үзүүлээд эдгээр шалтгаануудыг тогтоож эмчилгээг хийгээд явбал нурууны муруйлт засрах боломжтой.
-Хийсвэр төрөлтийн үед нуруунд мэдээ алдуулалт хийснээр нуруу өвддөг гэж эмэгтэйчүүд ярьдаг. Энэ тал дээр тайлбар өгнө үү?
-Зүү хатгасантай холбоотойгоор нуруу өвдөх шалтгаан харьцангуй бага байдаг. Яагаад гэвэл хатгалт хийж байгаа зүү маань маш нарийхан байдаг учраас хатгалттай холбоотой өвдөлт бага. Жирэмсэн эмэгтэйчүүдийн нуруу өвдөөд байдаг шалтгаан бол нэгдүгээрт биеийн жин нэмэгддэг, тэр тусмаа жирэмсний сүүлийн саруудад илүү нэмэгддэг. Хоёрдугаарт хэвлийн урагшаагаа том болоод ирэхээр нурууны тэнхлэг алдагддаг. Улмаар нугалам хоорондын жийргэвчийн ачаалал нэмэгддэг, нурууны булчингууд сулардаг гэх мэт зүйлсээс үүдэж нуруу үений шалтгаант өвдөлт, дискний шалтгаант ихэнхдээ байдаг. Төрөхийн өмнө болон төрсний дараа нь нуруу нь өвддөг эмэгтэйчүүдийн ихэнх нь нурууны төгсгөлийн дискнүүдийн ус нь хатаж, хуурайшиж, элэгдсэн байдаг. Тэгэхээр нь элэгдлийн шалтгаантайгаар нуруу өвддөг гэж ойлгож болно. Ингээд төрсний дараа 5-6 сарын дараа хэвлийн буцаж агшиж, биеийн жин харьцангуй буурч эхэлдэг учир нурууны өвдөлт нь аажимдаа гайгүй болж эхэлдэг. Ерөнхийдөө эмэгтэйчүүд маань жирэмсэн болохоос өмнө нуруу, хэвлийн булчингуудаа бэлдэж эхлэх хэрэгтэй. Төрсний дараа өөрт тохирсон дасгал хөдөлгөөнүүдийг хийж булчингуудаа ажиллуулж эхлэх шаардлагатай юм. Түүнчлэн төрөлтөөс төрөлтийн хооронд тодорхой хугацаа байх шаардлагатай ойрхон төрөх тохиолдолд нурууны булчингууд бэлтгэгдэж чадаагүй байдаг дахин жирэмслэлтийн ачаалал ирэн өвдөж эхэлдэг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн