Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Путин: Хятад бүх талаараа дэлхийн тэргүүлэгч гүрэн болно гэдгийг ухаарах хэрэгтэй

Путин: Хятад бүх талаараа дэлхийн тэргүүлэгч гүрэн болно гэдгийг ухаарах хэрэгтэй
Нийтэлсэн 2021 оны 12 сарын 24
АНУ, Их Британи, Канад, Австрали тэргүүтэй барууны орнууд Шинжаань дахь хүний эрхийн зөрчил, үндэсний цөөнхийн эсрэг хэрэгжүүлж буй БНХАУ-ын эрх баригчдын бодлогыг эсэргүүцэн “Бээжин-2022” өвлийн олимпын наадмыг дипломат аргаар бойкотлох шийдвэр гаргасан.
Хамгийн сүүлд Японы Засгийн газар баасан гаригт ирэх хоёрдугаар сарын 4-нд эхлэх өвлийн олимпын XXIV наадмыг бойкотлохоо мэдэгдсэн юм.
Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гаригт жилийн сүүлийн хэвлэлийн их хурлын үеэр “Барууны орнууд Хятадын эдийн засгийн хөгжлийг хязгаарлах зорилгоор Бээжингийн олимпыг бойкотлож байна” гэх байр суурийг илэрхийлсэн. Владимир Путины хувьд одоогийн байдлаар “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын нээлтэд оролцох урилгыг албан ёсоор хүлээн аваад байгаа дэлхийн цорын ганц төрийн тэргүүн билээ.
Харин бусад орнууд, тэр дундаа Европын холбооны улсууд холбоотнуудынхаа шийдвэрийг дэмжиж, Бээжингийн олимпыг бойкотлох нь БНХАУ-тай хийх эдийн засгийн харилцааг нь эрсдэлт оруулж болзошгүй гэх байдлаар уг асуудалд болгоомжилсон байр суурьтай хандаж байгаа юм.   
Кремлийн тэргүүн пүрэв гаригт Бээжингийн олимпыг тойрсон улстөржилтийн талаарх байр суурийг нь тодруулсан сэтгүүлчийн асуултад “Энэ бол хүлээн зөвшөөрөх боломжгүй алдаатай шийдвэр. Би АНУ-ын өмнөх Ерөнхийлөгчтэй уулзаж байхад 1980 оны Москва болон 1984 оны Лос Анжелесын олимпийг Хүйтэн дайнаас болж талууд бойкотлож байсан нь том алдаа байсан гэж байв. Гэтэл АНУ өнөөдрийг хүртэл өмнөх алдаагаа давтсаар байна. Үүний шалтгаан яг юу байж болох вэ. Энэ бол Хятадын эдийн засгийн өсөлтийг хязгаарлах гэсэн оролдлого юм” гэжээ. 
Мөн тэрээр “Вашингтон Хятадын эдийн засгийн хөгжлийг зогсоох гэж оролдож байгаа нь хэтэрхий оройтсон алхам. Тэд Хятадын хөгжлийг зогсоож чадахгүй. Хятадын эдийн засаг худалдан авах чадвараараа аль хэдийн АНУ-ын эдийн засгаас том болсон. Хятад улс бүх талаараа дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч гүрэн болох нь дамжиггүй. Үүнийг ухаарах хэрэгтэй” гэх байр суурийг илэрхийлсэн байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн