Open iToim app
Эдийн засаг | 3 мин уншина

Дараахь хүмүүсийг Монголбанкны МБХ-ны орон тооны бус гишүүнээр томиллоо

Дараахь хүмүүсийг Монголбанкны МБХ-ны орон тооны бус гишүүнээр томиллоо
Нийтэлсэн 2018 оны 5 сарын 2
Чуулганы нэгдсэн хуралдаанаар  Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдэд Цэрэндоржийн Батсүх, Цэдэвсүрэнгийн Мөнхбаяр, Чулуундоржийн Хашчулуун нарыг Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдээр томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь  эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун, Ц.Батсүх, эдийн засгийн магистр Ц.Мөнхбаяр нь нарыг Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжлээ.
2018.05.02 /байнгын хорооны хуралдаан/
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны /МБХ/ орон тооны бус гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Намрын чуулганаар Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хуульд зааснаар дөрөвдүгээр сарын 1-нээс Мөнгөний бодлогын зөвлөл татан буугдаж Мөнгөний бодлогын хороо гэсэн шинэ удирдлагын баг ажиллахаар болж байгаа билээ.
Мөнгөний бодлогын хороо нь долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Монголбанкны гурван ерөнхийлөгчөөс гадна орон тооны бус дөрвөн гишүүн ажиллах юм.
Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны  орон тооны бус гишүүнээр УИХ-ын даргын эдийн засгийн зөвлөх Ц.Мөнхбаяр, МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс, МУИС-ийн профессор, эдийн засагч Ч.Хашчулуун, СЭИС-ийн экономиксийн тэнхимийн профессор Ц.Батсүх  нарыг томилуулахаар нэр дэвшүүллээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Ц.Мөнхбаяр, Ч.Хашчулуун, Ц.Батсүх нарыг Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжлээ. Харин байнгын хорооны гишүүдийн олонхи Б.Түвшинтөгсийг  Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжээгүй юм. 
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хэлэхдээ, "Нэгд, Б.Түвшинтөгсийг хувь хүнийх нь хувьд мундаг залуу гэж үнэлдэг. Гэхдээ энэ  хүн Монголбанкны  өмнөх  ерөнхийлөгч Н.Золжаргалын үед ажиллаж байсан.Тухайн үед алдаатай мөнгөний бодлого явуулж байхад яагаад дуугараагүй, үйл ажиллагааг нь шүүмжилдэггүй байсан юм бэ. Ийм хүн дахиад Мөнгөний бодлогын хороонд ажиллах нь хэр зүйтэй вэ. Хоёрт, танай гэр бүлийн хүн нөлөө бүхий арилжааны банкинд нэлээд өндөр алба хашдаг гэж сонссон. Энэ нь эрх ашгийн зөрчил болохгүй юу. Энэ талаас нь харсан ч нэрээ татаж авсан дээр болов уу. Ер нь бодлогын хорооны гишүүний томилогоонд жендерийн тэгш байдлыг харгалзаж, нэр дэвшүүлсэн хүмүүсээс нэг эмэгтэй хүн сонгох боломж байгаа шүү дээ" гэдэг саналыг хэлсэн юм. 
Үүний хариуд Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хэлэхдээ "Эдгээр хүмүүсийг томилох, эсэх асуудлыг эхлээд МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэж, бүлгийн дэмжлэгийг авсан. Нэг эмэгтэй хүн нэр дэвшиж, материалаа ирүүлсэн ч шалгуур хангахгүй байгаа" гэсэн юм.
Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэнэ. Хуульд Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнийг  зургаан жилийн хугацаатай томилохоор заажээ.
Мөнгөний бодлогын хороо нь аливаа нэг бодлогын асуудлыг хэлэлцэн, хамтын шийдвэр гаргах эрхтэй юм. Түүнчлэн уг хороо нь төрийн мөнгөний бодлогыг боловсруулах, мөнгөний бодлогын хүү тогтоох, банкуудын зохистой харьцаанд хяналт тавьж ажиллах бөгөөд Монголбанкны хараат бус байдлыг ханган ажиллахад голлох үүрэг гүйцэтгэх юм.
Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр томилогдох дөрвөн хүн доорхи үндсэн шаардлагыг хангасан байна.
1. Банк, санхүү, эдийн засгийн чиглэлийн их дээд сургууль, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагад мэргэжлээрээ 10-аас дээш жил, үүний таваас доошгүй жилд макро эдийн засгийн бодлого, судалгаа шинжилгээний чиглэлээр ажилласан туршлагатай;
2. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкны эрх бүхий албан тушаалтан, банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд, холбогдох этгээд биш;
3. Ашиг сонирхлын зөрчилгүй байх шалгууртай.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн