Open iToim app
Эдийн засаг | 4 мин уншина

Импортыг орлосон монгол ган бөмбөлөг шилдгийн шилдгээр шалгарлаа

Импортыг орлосон монгол ган бөмбөлөг шилдгийн шилдгээр шалгарлаа
Нийтэлсэн 2018 оны 3 сарын 18
 “Оюутолгой” ХХК-ийн “Эрдэнийн Говь” ёслолын арга хэмжээ долоо дахь жилдээ болж шилдэг ханган нийлүүлэгчээ шалгарууллаа. Уг арга хэмжээг “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх нээж үг хэллээ. Тэрээр “Оюутолгой” ХХК амжилт нь нэгд, Монгол Улсын Засгийн газар болон хувьцаа эзэмшигчид, хоёрт, 14 мянган ажилтан тэдний гэр бүл, ханган нийлүүлэгчид гэсэн хоёр зүйлд  тулгуурладаг.  2010-2013 онд компанийн ажиллах хүчийг гадаадын боловсон хүчин бүрдүүлдэг байсан бол 2017 онд Монгол залуус бүрэн хариуцаж ажиллуулж байна. Цаашдаа эдгээр залуус Азид болон дэлхийн хэмжээний бүтээн байгуулалтад гар бие оролцох болно. Монгол залуус гадаадын зах зээлд мэргэжлээрээ өрсөлдөхүйц хэмжээнд болсон гэдгийг онцолсон юм. Мөн өмнөх жилүүдэд цементийн хэрэгцээгээ 100 хувь гаднаас импортолдог байсан бол 2017 онд 100 хувь Монголоосоо хангаж 81 мянган тонныг дотоодын компаниудаас нийлүүлжээ.
Өнгөрсөн онд тус компани мянган гаруй ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан бөгөөд үүнээс 700 орчим нь үндэсний компани байжээ. Зургаан төрөлд шилдгээ тодруулсан тус арга хэмжээнд Өмнөговийн Шилдэг ханган нийлүүлэгчээр “Ханбогд Тээвэр Ложистик” ХХК, Үндэсний Шилдэг ханган нийлүүлэгчээр “Мехлопат” ХХК, Хүргэлтийн Шилдэг гүйцэтгэлтэй ханган нийлүүлэгчээр “Галба Өртөө” ХХК, Аюулгүй ажиллагааг эрхэмлэгч Шилдэг ханган нийлүүлэгчээр “Энержи Интернэшнл” ХХК, Гүний уурхайн төслийн Шилдэг ханган нийлүүлэгчээр “Даян Контракт Майнинг” ХХК шалгарсан бол Шилдгийн шилдэг ханган нийлүүлэгчээр “ОраМеталл” ХХК шалгарсан юм.
“Ораметалл” ХХК-ийн Ерөнхий захирал С.Бат-Эрдэнэ хэлэхдээ, “2016 оноос Оюутолгой компанийн тендерт шалгаран импортоор авдаг байсан өндөр хромт тээрмийн бөөрөнцгийг орон нутагт үйлдвэрлэн өнөөдөр шилдгийн шилдэг ханган нийлүүлэгч болсондоо баяртай байна. Монголд хоёр, гурван ган бөмбөлгийн үйлдвэр бий. Манай бөмбөлгийн онцлог нь элэгдэлд тэсвэртэй, өндөр чанартай, өндөр хатуулагтай, дэлхийн стандартад нийцсэнээрээ ач холбогдолтой байлаа.  Арван дөрвөн  жилийн өмнө Оросын стандартаар БНХАУ-ын технологиор үйлдвэрлэл явуулж байсан. Сүүлийн хоёр жилд Рио Тинтогийн мөрддөг олон улсын стандартын дагуу хамгийн сайн чанарын бөмбөлгийг үйлдвэрлэхийн тулд богино хугацаанд хөрөнгө оруулалт хийж үйлдвэрлэл бүрээ шинэчлэл өөрчлөлт хийсэн. Өнөөдөр дэлхийн стандартад нийцсэн бөмбөлөг үйлдвэрлэж чадсандаа баярлаж байна” гэсэн юм.
Ингээд “ОраМеталл” ХХК-ийн захирал С.Бат-Эрдэнэ болон “ОраМеталл” ХХК-ийн Улаанбаатар дахь төлөөлөгч Б.Аюуш нартай цөөн хором ярилцлаа.
“ОраМеталл” ХХК-ийн захирал С.Бат-Эрдэнэ: Амжилт бол багийн хичээл зүтгэлийн үр дүн юм
undefined
-Шилдгийн шилдэг болоход гол нөлөөлсөн хүчин зүйл юу байсан гэж бодож байна вэ?
-Хамгийн гол нөлөөлсөн зүйл бол баг хамт олон, монгол инженерүүд юм. Манай байгууллага 100 хувь монгол ажилтантай. Бид нэгдэж, зоривол бүтээж чаддаг юм байна гэдгийг харуулж чадсандаа бахархаж байна. “ОраМеталл”-ийн хамт олон богино хугацаанд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн бөгөөд энэ амжилт бол багийн хичээл зүтгэлийн үр дүн билээ.
-Олон Улсын стандартаар, хүлээн зөвшөөрөгдсөн чанартай бөмбөлөг үйлдвэрлэж байна. Цаашдаа бөмбөлгөө экспортлох уу. Цаашдын зорилгоосоо хуваалцвал...?
-Одоо зөвхөн бөмбөлөг биш Оюутолгойн “Made in Mongolia” хөтөлбөрт хамрагдаж дараа дараагийн өндөр хариуцлагатай, баяжуулах үйлдвэрийн уул уурхайн зориулалттай цутгамал бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна. Энэ хавар барилгын ажил эхэлнэ. Экскаваторын шүд, тээрмийн хуяг зэргийг Монголдоо үйлдвэрлэх өргөн боломж бидний өмнө нээгдэж байна. Боломж бүрийг ашиглана.
-Хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Оюутолгойтой гэрээ байгуулсан. Тус гэрээг үндэслэн, Оюутолгойд итгэж манай төслийг хэрэгжинэ хэмээн банк санхүүгийн байгууллагаас бидэнд урт хугацааны зээл өгсөн.
“ОраМеталл” ХХК-ийн Улаанбаатар дахь төлөөлөгч Б.Аюуш: Уул уурхайн үйлдвэрлэлд хамгийн гол нь ган бөмбөлөг
-“Ораметалл”-ын талаар болон үйлдвэрлэж буй ган бөмбөлгийн талаар танилцуулбал...?
-Компани нь 100 гаруй мэргэжилтэнтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд жилд дунджаар 7 мянган тонн сайн чанарын элэгдэлд тэсвэртэй хүдэр нунтаглах тээрмийн бөөрөнцөг үйлдвэрлэн Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Оюутолгой, Хөтөлийн Цемент шохойн комбинат, Бороогоулдын алтны үйлдвэрүүдэд тус тус бүтээгдэхүүнээ  нийлүүлэн ажилладаг. “ОраМеталл” 40-120 мм хэмжээтэй тээрмийн ган бөмбөлөг үйлдвэрлэх технологийн нөхцөлийг 2009 онд бүрдүүлж, улмаар 2010 онд үйлдвэр барилгаа өргөтгөж өнөөгийн хүчин чадлын төвшиндээ хүрсэн. Уул уурхайн үйлдвэрлэлд хамгийн гол нь ган бөмбөлөг болоод байгаа. Оюутолгой компанид хамгийн жижигхэн буюу 15 мм-ийн ган бөмбөлгийг нийлүүлдэг.
-Оюутолгой компанид хэдэн тонн ган бөмбөлөг, ямар ханшаар нийлүүлдэг вэ. Энэ ган бөмбөлгийг импортоор хэдэн төгрөгөөр оруулж ирдэг байсан бэ?
-Энэ нь байгууллагын нууцлалын гэрээнд тусгагдсан байдаг.
-Ган бөмбөлгийг хэрхэн хийж юунд ашигладаг вэ?
-Бутлуурын уг бөмбөлөгт хамгийн гол нь хатуулаг шаарддаг. Хатуулаг их байх тусмаа сайн ажиллаж хэлбэр дүрсээ хадгалдаг. Хатуулгыг гаргаж авахад нарийн технологиуд ашиглагддаг. Экскаватораар ухаад авчирсан хүдрийг нунтаглахад тухайн бөмбөлгийг ашиглана. Бөмбөлөг ашиглаж хүдрийг тоос шиг болгож тээрэмдэж нунтаглана гэсэн үг юм. Түүнээс л хэрэгцээт баяжмалыг гаргаж авдаг. Үүнийг тээрмийн аргаар нунтаглаж таардаг. Бөмбөлгийн хатуулаг чухам юуг нунтаглах вэ гэдгээс хамаарна. Хатуулаг болон хэмжээгээрээ бөмбөлөг өөр, өөр байдаг. Нүүрсийг нунтаглахад өөр, хатуулаг ихтэй төмрийн хүдрийг нунтаглахад бас өөр бөмбөлөг шаардлагатай. Ган хайлуулна гэдэг өөрөө амаргүй ажил. Учир нь 1800-2000 цельсийн температурт халааж доторх шаардлагатай бүтцийг гаргаж авдаг. Хайлмал байхад ямар найрлагатайг тодорхойлж, түүний дараа хэлбэр хэмжээ дүрс болгож хэвэнд цутгадаг.
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн