Монгол Улс "Токио 2020" олимпод анх удаагаа багийн спорт тэр дундаа сагсан бөмбөгийн 3x3 төрлөөр оролцож, цаашдын томоохон эхлэлийг тавьсан билээ. Энэ эхлэлийг тавьсан баг тамирчдын нэг, Монголын 3x3-ын эмэгтэй шигшээ багийн тамирчин О.Хулантай ярилцлаа.
Тэрээр 18 настайдаа сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн бөгөөд хэдий бусдаас хойно эл спортоор хичээллэж эхэлсэн ч тууштай, хичээнгүй байдал нь түүнийг шигшээ баг, олон улсын хэмжээнд хүргэжээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Урилга хүлээн авсанд баярлалаа. Нэлээд завгүй тэмцээн, бэлтгэлтэй байсаар одоо л ярилцахаар болж байна. Сүүлд ямар тэмцээнд оролцоод ирэв үү?
-Урьсанд баярлалаа. Бид олимпын дараа 3x3 “U23 Nations League” тэмцээнд сар гаруй оролцож, амжилттай дуусган хоёр долоо хоногийн дараа ирлээ. Мөн ирсний дараахан залгуулаад Монгол дахь тэмцээнүүддээ оролцож, одоо л дуусаж байна.
Түүнчлэн өнгөрсөн амралтын өдөр 3x3 сагсан бөмбөгийн холбоо болон Монголын урлагийн салбарынхан нэгдэж “Big Life for Lil Thug E” хэмээх хандивын, нөхөрсөг тоглолтыг зохион байгууллаа. Багийн спортын гайхамшиг нь энэ юм байна, бид нэгдэж чадвал хэний ч төлөө, томоохон зүйлийг хийж чадах юм байна гэдгийг харж, үнэхээр бахархан үзэж байлаа.
-Саяхан манай 3x3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны баг “Дэлхийн чансааг тэргүүлж байгаа талаарх мэдээг сонссон. Энэ төрөл манайд хөгжөөд удаагүй байгаа ч цаашдын ирээдүй нь их гэрэлтэй харагдаж байна. Дэлхийн чансааг тэргүүлэх тэр бүр амаргүй болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Бидний хувьд сүүлд 23 хүртэлх насны “Nations League”-ийн тэмцээнд оролцон, зургадугаар байранд шалгарлаа. Хүчтэй өрсөлдөгчидтэй сайн тоглосон гэж бодож байна. Улмаар Монголын 3x3 төрлийн 23-аас доош насны бүх тамирчдын оноо нийлж дэлхийд нэгд жагсаж чадлаа. Үүнд маш баяртай байгаа.
-Таны хувьд “Токио 2020” тэмцээнд Монголын багийн анхны эмэгтэй тугчаар сонгогдож, оролцлоо шүү дээ. Маш том бахархал, нөгөөтэйгүүр ихээхэн хариуцлага үүрч байгаа санагдсан уу?
-Монгол Улсын анхны эмэгтэй тугчаар сонгогдсондоо маш их баярлаж явдаг. Олимпод оролцоно гэдэг тамирчин хүний мөрөөдөл. Тухайн олимпын нээлтэд тамирчдаа төлөөлөн эх орныхоо тугийг барьж оролцсон мөч үнэхээр гайхалтай байсан. Үргэлж талархаж явах болно. Нөгөө талаар надад хүлээлгэсэн томоохон хариуцлага, итгэл юм болов уу.
Эх орныхоо нэрийг багийн спортоор дэлхийн тавцанд гаргахыг хичээсэн. Гадаадын сурвалжлагч, сэтгүүлчид “Монгол Улс сагсан бөмбөгийн спортоор олимпод оролцож байна. Та нар үнэхээр түүх бүтээж байна” хэмээн ярилцлага авахаар ирж байсан. Бид олон улсад зөвхөн жүдо, боксоор биш мөн багийн спортын төрлөөр амжилттай оролцож чаддаг гэдгийг сурталчилж, харуулахыг хичээсэн.
-Манай улс түүхэндээ анх удаа 3x3 багийн спортын төрлөөр олимпод оролцлоо. Та бүхэн үүнд хэр их бэлдсэн бэ. Тоглолтын үеэрх мэдрэмжээсээ хуваалцана уу?
-Олимпын тоглолтод бид хоёр жилийн турш бэлдсэн. Хамтдаа байрлаж, хамтдаа амьдран бэлтгэл, сургуулилтаа маш сайн хийсэн. Бэлтгэл дээр өдөр бүр хэдэн зуу, мянган удаа бэлтгэл хийж, давтсан зүйлсээ гаргаж тоглосон юм. Тамирчин хүн л юм чинь хожих, ялахын төлөө тоглосон. Олимпын үеэрх ялагдал бүхэн мэдээж хүнд туссан. Тэр болгонд тоглолтын бичлэгээ үзэн алдаан дээрээ ярилцан, дараагийн тоглолтдоо засах гэж хичээсэн. Магадгүй биеийн хүч ч юм уу дутсан байх. Гэхдээ Америк, Японтой харьцуулахад Монголын сагсан бөмбөгийн хөгжил хэзээ эхэлсэн билээ. Ийм хурдацтай хөгжиж байгаа нь хэдэн жилийн дараа илүү сайн өрсөлдөх болно гэдэгт итгэлтэй байна.
-Олимпын дараа ер нь хамгийн их бодогдсон зүйл юу байв?
-Олимпын наадамд оролцоно гэдэг том туршлага боллоо. Бид эхний алхмаа хийлээ. Багийн спортоор дэлхийн хамгийн том дэвжээнд өрсөлдлөө. Гэхдээ ингэлээ гээд бид ханаж болохгүй юм байна, илүү ч боломж байна. Бид үүнээс илүү дээшлэх болно. Одоо алдаж байна гэдэг цааш илүү сайжрах боломж байгааг харууллаа гэж би бодсон. Иймд энэ удаа бид алдсан зүйлсээ мэдлээ, ойлголоо. Одоо гаргасан алдаагаа давтахгүй илүү сайжрахын төлөө ажиллах болно. Биднийг том амжилт хүлээж байна, түүний төлөө л зүтгэнэ.
Өөрийн дуртай, хийхийг хүссэн зүйлээ олж түүндээ шантрахгүй зүтгээд байгаарай
-Анх сагсан бөмбөгөөр хичээллэж байхдаа олимпод оролцоно гэж зорьж, төсөөлж байсан уу. Энэ спортоор хожуу хичээллэж эхэлсэн шүү дээ?
-Миний хувьд бусад тамирчидтай харьцуулахад нэлээд орой буюу 18 настай байхдаа их сургуулийн шигшээ багт орж, сагс тоглож эхэлсэн. Уг нь мэргэжлийн тамирчин болох гэж байгаа бол оройтлоо гэхэд арван настайгаас эхэлж хичээллэх ёстой юм билээ. Тэгтэл би оюутны нэгдүгээр курст байхдаа сагсан бөмбөг тоглож, улмаар үүнд дурлан хичээллэж эхэлсэн.
Улмаар нэгдүгээр курсээ төгсөх жил оюутны лигийн аварга болж, үнэ цэнэтэй тамирчны шагналыг авсан. Энэ үед шигшээ багийн дасгалжуулагч С.Тулга ах намайг анзаарч, оюутны Азийн аварга болох гэж байна бэлтгэлд ирээрэй гэж хэлсэн. Ингээд анхны олон улсын тэмцээн болох оюутны Азийн аваргад оролцсон доо.
Тухайн үед өөрийгөө олимпод багийн хамтаар оролцож, тэр дундаа тугчаар сонгогдож явна гэж хэзээ ч бодож, бүр зүүдэлж ч байгаагүй. Ийм боломж байгааг ч мэдээгүй явсан. Тэрхэн үед “Намайг яагаад энэ тэмцээнд сонгосон юм бол, азтай юм аа” гэж бодож явж байлаа. Түүнээс хойш улам дурласан, дуртай болохоор илүү их хөдөлмөрлөсөн. Бэлтгэл болгонд өөрийгөө дайчилж, зориулсан. Гэхдээ одоо би өөрийгөө болоогүй байна гэж боддог. Цаашдаа олон тэмцээн бий.
-Хичээллэж явахад хэцүү үе гардаг байсан байх. Зарим хүний шүүмжлэл хэр хүнд тусдаг уу?
-Бидний хувьд сүүлийн хэдэн жил ялахаас, ялагдах нь их байлаа. Хүмүүсийн сөрөг шүүмжлэл ч их байна. Гэхдээ шантраагүй. Огтхон ч шүү. Учир нь энэ бүхэнд би яагаад сагсан бөмбөг тоглож эхэлсэн, яагаад сагсан бөмбөгт дуртай вэ гэдгээ санадаг, тэгээд буцаж босож ирдэг дээ.
Би сагсан бөмбөгийг ашгийн төлөө тоглоогүй. Би зүгээр л энэ спортод маш их хайртай. Иймээс өдөр бүр илүү сайжрахын төлөө тоглодог, хичээдэг. Бусад хүмүүсийн бодол шүүмжлэлээс илүү би, бид сайн байх хэрэгтэй гэх итгэлийг үргэлж өөртөө өгч, сэргэдэг.
Заримдаа биднийг “ялагдлаа, ялагдлаа” гэж хэлдэг. Гэхдээ дээр дурдсанчлан Монголын сагсан бөмбөг хөгжлийн замдаа явж байна. Бид ялагдаж байж болно. Гэхдээ бидэнд итгэж, дэмжээд явбал удахгүй амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Бид хичээх болно оо.
-Амжилт хүсье. Та нарыг дэмждэг олон хүн байдаг шүү. Ингэхэд Хулан чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Би чөлөөт цагаараа NBA, 3x3 тэмцээн эсвэл “Youtube”-ээс сагсан бөмбөгийн бичлэг үзэх дуртай. Ер нь сагсан бөмбөгт их хайртай, дуртай байдаг. Найз маань нэг удаа “Чи бэлтгэлээ хийхээс гадна чөлөөт цагаараа ч сагс үздэг, ер залхахгүй юм. Үнэхээр дуртай, хайртай юм байна даа” гэж хэлж байсан. Гэхдээ заримдаа кино, к-драма үзэлгүй яах вэ. Сүүлийн хоёр жил байнгын бэлтгэлтэй байгаад үзэж чадсангүй. Одоо долоо хоногийн амралтаараа сайн үзнэ дээ./инээв/
-Сагсан бөмбөгөөс хэр их кайф, аз жаргалыг мэдэрдэг вэ?
-Хамгийн аз жаргалтай, гоё зүйл. Үгээр илэрхийлэхийн аргагүй хайртай. Би долоохон хоног сагсан бөмбөг тоглохгүй байж байгаад очихоор шууд л бөмбөг залж гүймээр санагддаг. Бараг л миний нэг хэсэг болчихсон. Би уг нь багадаа тамирчин болно гэж огт бодож байгаагүй. Гэтэл одоо ийм болчихсон. Амьдрал их сонин, төлөвлөөгүй замаар явдаг юм билээ. Гэхдээ тэр зам нь хамгийн гайхалтай, зөв зам байдаг гэж би итгэдэг. Дуртай учир бэлтгэлээ нэг ч удаа тасалж байсангүй. Бас хоцрох ч дургүй. Хамгийн гол нь хийх ёстой зүйлээ хийгээд, зөв хүн болж төлөвшвөл зөв замаар л явна шүү дээ.
-Залуус болон өсвөр үеийнхэнд хандан юу гэж зөвлөх вэ?
-Үнэхээр өөрөө дуртай, бас үнэхээр хүсэж байгаа бол ямагт боломж байдаг шүү. Жишээ нь, би нэлээд хожуу спортоор хичээллэж эхэлсэн ч дуртай, тууштай байсан учир боломжууд гарч ирсэн байх. Тиймээс дуртай, хүсэж хийх зүйлээ олоорой. Үнэхээр дуртай бол мөн битгий шантраарай. Энэ нь чамайг хамгаас илүү аз жаргалтай байлгах болно.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
-Баярлалаа. Биднийг дэмждэг нийт хүмүүстээ мөн баярлалаа. Та бүхний урмыг хугалахгүй, улам хичээх болно.