“Шагшаа” чих хамар хоолой, сонсгол судлалын эмнэлгийн чих хамар хоолойн их эмч Б.Энхээтэй ярилцлаа.
-Зуны улирал эхлэхтэй зэрэгцэн иргэдийн харшил идэвхждэг. Харшил хөдөллөө гээд хамрын цацлага ихээр хэрэглээд байх нь хэр зүйтэй юм бэ?
-Мэдээж дур мэдэн хамрын цацлага хэрэглэх нь буруу. Мэргэжлийн харшлын эмчид үзүүлж, харшилтай эсэхээ тодорхойлуулан тохирсон хамрын цацлагыг хэрэглэх нь зүйтэй. Хамрын цацлага нь дотроо түргэн онгойлгодог, эмчилгээний зориулалттай гэсэн хоёр төрөл байдаг. Иргэдийн хувьд түргэн онгойлгодгийг нь хэрэглэж улам ихээр хамар нь битүүрээд дахин дахин цацлага хэрэглээд байна. Тэгэхээр мэргэжлийн эмчид үзүүлж харшилтай, харшилгүй гэдгээ мэдэж, түүндээ тохирсон эмчилгээ дусаалгыг хэрэглэх нь хамгийн зөв.
-Дусаалгыг олон жил хэрэглээд дасал болчихсон хүн байдаг шүү дээ. Олон жил хамрын дусаалга, цацлага хэрэглэснээр ямар муу нөлөөтэй юм бэ?
-Манай эмнэлэг дээр маш удаан буюу 3-5 жил цацлага хэрэглэсэн хүмүүс орж ирдэг. Гэтэл тэр хүмүүс өөрийнхөө харшилтайгаа ч мэдэхгүйгээр хамар битүүрсэн үедээ нафазолин,отривин аваад цацчихдаг. Энэ нь маш буруу. Эсрэгээрээ хамрын дусаалга нь дасал үүсгэдэг. Ингэснээр хамар онгорхой битүү биш байсан ч цацлагаа цацахгүй л бол өөрт нь битүү юм шиг санагддаг. Мөн цацлага, дусаалга нь хамрын хуурайшлыг маш ихээр үүсгэдэг. Иргэдийн хувьд хамрын цацлагыг гэдийж байгаад хамар руугаа дусааж буруу хэрэглэж байна. Ингэж хэрэглэхээр дусаалга залгиур руу орно. Залгиур руу орсноос болж залгиур хоолойны хуурайшил гэдэг өвчин үүсгэдэг сөрөг нөлөө бий.
-Залгиур хоолой хуурайших өвчин нь ямар сөрөг нөлөө үзүүлдэг юм бол?
-Залгиур хоолой хуурайшаад л байвал нэгд хоолой өвдөнө. Хоёрт, түүнээс болж дууны хөвч хуурайшиж дууны хөвч дээр янз бүрийн үзель ургах эсвэл дууны хөвч маш их хуурайшсанаас болж дууны хөвчний салст зузаарах гаж нөлөөтэй. Тэгэхээр хамрын цацлагаа ч иргэд зөв хэрэглэж сурах хэрэгтэй.
-Хамрын дусаалга хэрэглэхгүйгээр яаж битүүрлийг арилгах юм бэ?
-Манай эмнэлэг дээр хамар битүүрлээ гэж хүмүүс ирдэг. Тэдгээрийн хамар нь ямар шалтгаантайгаар битүүрч байгааг харж байгаад харшлын бус шалтгаантай байвал шарлага хийж, хуурайшилтай бол хуурайшлыг дарах тосон эмчилгээ хийдэг.
-Хамар битүүрэх нь хэчнээн шалтгаантай, хэчнээн төрөл байдаг юм бэ?
-Хамар битүүрэх төрөл нь маш их. Тухайлбал, хамрын таславчийн муруйлт, харшил, хуурайшилтаас шалтгаалах гэх зэрэг битүүрэх шалтгаан их бий.
-Ер нь энэ хамар битүүрэх нь ноцтой өвчин мөн үү?
-Хамар битүүрээд байвал тухайн хүнд маш хэцүү шүү дээ. Жишээлбэл, толгой өвддөг болох, хамрын битүү олон сар явснаас гайморит үүсэх, зүрх дэлсдэг болох зэрэг хорвуу чанар ихтэй. Тэгэхээр хамар битүүрч байвал цаг тухайд нь эмчид үзүүлж шалтгааныг нь тодорхойлж ямар эмчилгээ хийлгэх ёстойгоо мэдэж эмчлүүлэх шаардлагатай.
-Эмийн сангуудаар энэ цацлага, дусаалга маш сайн сөрөг нөлөөгүй гэх сурталчилгаа явдаг шүү дээ. Эдгээр цацлагууд ч сөрөг нөлөөтэй юу?
-Ер нь ганц юмыг ойлгох хэрэгтэй. Ямар ч сайн чанарын дусаалгыг удаан хэрэглэвэл гаж нөлөөтэй.
-Мөн бага насны хүүхдүүд хамраа өөрийн мэдэлгүйгээр ухдаг шүү дээ. Энэ нь ямар нэг өвчлөл бий болгох болов уу?
-Хүүхэд хамраа ухаж оролдсоноос болж хамрын таславчийн шархлаа гэж өвчин үүсдэг. Энэ нь ойр ойрхон хамраас цус гараад байна гэж эцэг эхүүд хүүхдээ авчирдаг. Мөн бага насны хүүхдэд дур мэдэн дусаалга хэрэглэж байна. Гэтэл дэлхийн эрүүл мэндийн байгууллагад бага насны хүүхдэд хамрын дусаалга хэрэглэх заалт байдаггүй. Тиймээс аль болох гэрийн аргаар зориулалтын чийгшүүлэгчтэй давсны уусмалаар угаах арга хэмжээ авах хэрэгтэй. Цаашдаа хамрын шархлаа эдгэхгүй удаан явбал хамрын таславч цоордог. Ингэснээр хамрын нуруу доош суух гаж нөлөөтэй.
-Танай эмнэлэгт үзүүлэх гэж ирж байгаа иргэдийн хувьд ямар зовуурьтай ирж байна вэ?
-Манайх дээр хамрын битүүрэл ихтэй хүмүүс ирж байна. Хамрын битүүрэлтэй хүмүүс нь таславчийн муруйлттай, харшилтай хүмүүс их ирдэг. Харшилтай гээд байгаа хүмүүсийг харшлийн сорил тавиулаад үз гэхээр харшилгүй байдаг. Маш олон жил харшилгүйгээ мэдэхгүй дусаалга хэрэглэж, түүнээсээ болж гаж нөлөө илэрч байна.