Монголын Үндэсний Бөхийн Холбооны ээлжит VIII ИХ ЭЕ-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн Анхдугаар хуралдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд хаалттай болсон. Хуралдаанд Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнээс 42 нь хүрэлцэн ирж оролцжээ.
Хурлын эхэнд Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулах, эсэх талаар хэлэлцжээ. Түүнчлэн, МҮБХ-ны анхны тэргүүн, МУСГЗ Р.Нямдорж шинэ тэргүүн дархан аварга Б.Бат-Эрдэнэд тамга тэмдгээ гардуулан өгсөн байна.
Тус хурлаар Цэцдийн зөвлөлийн дарга, МҮБХ-ны Дэд тэргүүнийг сонгох, МҮБХ-ны Тэргүүлэгчдийг чөлөөлөх, сонгож батлах асуудлыг хэлэлцэн баталжээ.
Ингээд МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн даргаар, Дархан аварга Г.Өсөхбаяр, МҮБХ-ны дэд тэргүүнээр улсын заан Ц.Магалжав, МҮБХ-ны гүйцэтгэх захирлаар улсын заан Б.Сайнбаяр нар сонгогдлоо.
Харин МҮБХ-ны ТЭРГҮҮЛЭГЧ гишүүдээр 1. Д.Ганхуяг /улсын арслан/ 2. Д.Азжаргал /улсын арслан/ 3. Д.Рагчаа /улсын гарьд/ 4. И.Доржсамбуу /улсын гарьд/ 5.Г.Элбэг /улсын харцага/ 6. Л.Бадарч /улсын харцага/ 7.Т.Өсөх-Ирээдүй /улсын харцага/ 8.Ш.Жаргалсайхан /улсын гарьд/ 9. Б.Цогтбаатар /н.б.дарга, бөх судлаач/ 10. Ц.Мягмарсүрэн /улсын заан/ 11. Ц.Батнасан /бөх тайлбарлагч/ 12. Б.Түмэнбаяр /бөхийн зүтгэлтэн/ 13. Ё.Амарбаясгалан /гарын даа/ нар сонгогдлоо. Энэ 13 хүн дээр тэргүүн Б. Бат-Эрдэнэ, дэд тэргүүн Ц.Магалжав нар нэмэгдсэнээр 15 тэргүүлэгч бүрдэж байгаа юм. Ийнхүү МҮБХ удирдлагын шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр боллоо.