“Ковид 19”-ийн халдвар авсны дараах хам шинж буюу “Урт хугацааны эмгэг” нийт халдвар авсан зургаан хүн тутмын нэгд нь илэрч байгаа юм. Энэ нь коронавируст халдвар авч эдгэснээс хойш эхлэх бөгөөд дунджаар 3-6 сар үргэлжилдэг байна. “Ковид 19”-ийн халдвар зөвхөн амьсгалын тогтолцоог хамрах бус тархи, зүрх судас, элэг, бөөр эрхтэн тогтолцоонд нөлөөлж байгааг эмч нар хэлж байна.
Тиймээс коронавирусийн халдвар авч эдгэсний дараа тархи, зүрх, элэг, бөөр, гэдэс, уушгинд ямар өөрчлөлт гарах, үүнийгээ хэрхэн мэдэж сэргийлэх, хүндэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаарх мэдээллийг уншигчиддаа цувралаар хүргэхийг зорилоо. Эхний цувралд “Ковид 19”-ийн халдвараар өвчилж эдгэрсний дараа тархи, зүрх, уушгинд хэрхэн нөлөөлж байгааг Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нараас тодруулж, зөвлөгөө авлаа.
М.Эрхэмбаяр: Эдгэрснээс хойш 7-14 хоногийн хугацаанд уушгиа заавал эмчид үзүүл
УГТЭ-ийн Уушги судлалын тасгийн Их эмч М.Эрхэмбаяраас “Ковид 19”-ийн урт хугацааны эмгэг уушгинд хэрхэн нөлөөлөхийг тодрууллаа.
-“Ковид 19”-ийн халдвар аваад эдгэсэн тохиолдолд уушги, амьсгалын замд ямар өөрчлөлт гарах вэ?
-“Ковид 19”-ийн вирус амьсгалын дээд зам болох хамар залгиурын салстаар дамжин цагаан мөгөөрсөн хоолой, бронх, бронхиал, улмаар хийн солилцоо явуулдаг цулцангийн хялгасан судсаар дамжин цусаар тархан уушгийг төдийгүй бусад эрхтэн тогтолцоог гэмтээдэг. Хатгаа уушгины нэг болон хоёр талыг хамрахад амьсгалд оролцож буй эд эс хамгаалах тогтолцоог гэмтээсэнээр тухайн хэсэг газар амьсгалах үйл ажиллагаагүй болж, хүчилтөрөгчийн хэмжээ багасаж, амьсгалын дутагдал үүснэ. Энэ нь насан туршид сэргэхгүй үлдэх хүндрэл гарч болно. Хүндэвтэр, хүнд хэлбэрийн хатгааны дараа хатгааны үрэвсэл сорвижиж үлдэж байна. Энэ байдал сэргэх эсэх нь тухайн хүний бие махбодын онцлог болон архаг суурь өвчнөөс хамаарч 1-2 сар түүнээс дээш хугацаа шаардахыг үгүйсгэхгүй. “Ковид 19” батлагдсан өдрөөс хойш 14-21 хоногийн хугацаанд уушгины нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч ковидын дараах хяналтад хамрагдах зайлшгүй шаардлагатай.
-Энэ үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Ихэвчлэн удаан хугацаагаар хий ханиалгах, багахан ачаалалд амьсгаадах, цээж давчдах, амьсгал авахад болон гаргахад саадтай буюу өөрт амьсгал дутуу аваад байгаа мэт санагдах зовууриуд нэг сар болон түүнээс дээш хугацаагаар илэрч болно.
-Шинж тэмдэг илэрсэн үед яах вэ, ямар арга хэмжээ авах вэ?
-Гэрээр эмчилгээ хийсэн болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсан хүмүүс өвдсөнөөс хойш 14-21 дараа уушгины эмчийн зөвлөгөө зайлшгүй авах шаардлагатай. Ингэж хяналтын үзлэгт хамрагдах нь хожим гарах хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой юм. Учир нь хөнгөн туссан хүмүүст үе үе илрэх шинж тэмдэг удаан хугацаагаар үргэлжлэх, улмаар энэ байдал ажлын бүтээмжид нөлөөлөх, хүндэвтэр болон хүндээр өвдөөд эдгэсэн хүмүүст хатгаа бүрэн шимэгдэлгүй үлдэх, фиброз хэлбэрт шилжих зэргээс сэргийлж чадна.
Ковидоор өвдсөний дараах хяналтад хэзээ хамрагдахыг эмч товлож өгөх бөгөөд тухайн хүний үрэвслийн идэвх, хатгааны шимэгдэлтийн байдлыг үнэлэн эмийн болон эмийн бус эмчилгээг зөвлөнө. Хяналтын явцад эмч шинжилгээний сайжирсан үзүүлэлтүүд дээр үндэслэн хяналтаас хэзээ гарч болохыг шийдэж өгнө. Уушгины хатгааны хэр их талбайг хамарсан хэмжээнээс хамаарч эмчилгээний үргэлжлэх хугацаа хүн бүрт харилцан адилгүй байдаг тул эмчилгээг дунд нь таслах эсвэл бусдын сайн гэснийг дур мэдэн хэрэглэхгүйгээр эмчийн зөвлөсөн эмчилгээг бүрэн хийснээр уушгинд үрэвслийн үлдэц, сорвижилтгүй хурдан эдгэх боломжтой. Харин эмнэлгээс гарсны дараа шинж тэмдэг нэмэгдэх, архаг суурь өвчин сэдрэх, бага зэргийн ачаалал авахад амьсгал олширч амьсгаадалтыг хөнгөвчлөх байрлал үр дүнгүй байх, анхаарал хандуулах, ойн санамж сэтгэн бодох чадварууд сайжрахгүй байвал шууд харьяаллын дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нь зүйтэй.
-Халдвар аваад эдгэсэн хүмүүс гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ, дэглэм баримтлах вэ. Уушгиа хэрхэн цэвэрлэх вэ?
-Аливаа эрхтний хэвийн үйл ажиллагаа эргэн сэргэхэд тодорхой хугацаа хэрэгтэй болдог. Амьсгалын дээд болон доод замын шинэ халдвараас хамгаалах хамгийн энгийн аргууд бол улиралдаа зохицуулан хувцаслах, хүйтэн зүйл нэг дор их хэмжээгээр хэрэглэхгүй байх, тогтсон цагт хооллох, томуугийн эсрэг вакцин хийлгэх, архаг суурь өвчнөө сэдрээхгүй байх, нарийн мэргэжлийн эмчийн хяналтад тогтмол байх зэрэг дахин халдвар авахаас урьдчилан сэргийлэх аргуудыг баримтлах нь зүйтэй.
Л.Аръяасүрэн: Эдгэрсний дараа зүрхний булчингийн үрэвсэл үүсч байна
УГТЭ-ийн Зүрх судлалын тасгийн эрхлэгч Л.Арьяасүрэнгээс “Ковид 19”-ийн урт хугацааны эмгэг зүрх, судсанд хэрхэн нөлөөлөхийг тодрууллаа.
-“Ковид 19”-ийн халдвар аваад эдгэсэн тохиолдолд зүрх, судсанд ямар өөрчлөлт гарах вэ?
-“Ковид 19” нь зүрхний булчингийн үрэвсэл үүсгэж, зүрхний хэм алдагдлыг үүсгэж байна. Мөн зүрхний булчингийн сорвижилт үүссэнтэй хамааралтай тосгуурын жирвэгнээ хэм алдагдал хамгийн их гарч байна. Халдварын дараах зургаан сарын хугацаанд зүрхний булчингийн үрэвсэл, зүрхний шигдээс, үнхэлцэгэнд шингэн хурах хам шинж илэрч байгаа. Ялангуяа зүрхний булчингийн үрэвсэл үүсэх эрсдэлийг 2-3 дахин нэмэгдүүлж байна.
-Ямар шинж тэмдэг илрэх вэ, шинж тэмдэг илэрсэн үед ямар арга хэмжээ авах вэ?
-Эдгэрсний дараа цээжний орчмоор өвдөх, өмнө нь байгаагүйгээр толгой эргэх, ухаан алдах, хэвтэж байгаад босоход зүрх дэлсэх, их ядарч сульдах, хөлөөр хавагнах, жин нэмэх шинж тэмдэг гарч болдог. Хэрэв энэ шинж тэмдгүүдийн аль нэг нь байвал заавал эмчид хандаарай. Тэгээд цусны дэлгэрэнгүй шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, зүрхний хэт авиан шинжилгээ хийлгэх шаардлагатай.
-Урт хугацааны эмгэг цааш үргэлжилж зүрхний ямар нэг өвчин үүсгэх боломжтой юу?
-Боломжтой. Тосгуурын жирвэгнээ, зүрхний булчингийн үрэвсэл үүсэх, зүрхний архаг дутагдал, үнхэлцэгт шингэн хурах зэргээр хүндэрнэ. Эдгээр эмгэгүүд үүссэн тохиолдолд зүрхний нарийн мэргэжлийн эмчид үзүүлэн, хяналтад орж эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай. Англид 4000 гаруй хүнийг хамруулсан судалгаанд халдвар авсан нийт иргэдийн 30 хувьд нь зүрхний булчингийн үрэвсэл үүсэж байгаа нь тогтоогдсон. Зүрхний булчингийн үрэвсэл гэдэг зүрхний булчинг маш хүчтэй гэмтээдэг. Энэ цаашлаад зүрхний булчин тэлэгдэх, зүрхний шигдээс үүсгэх магадлалтай.
Н.Лхамцоо: Эдгэрсний дараах хам шинж хүндэрвэл тархи, нугасны саажилт үүсэхийг үгүйсгэхгүй
Дараа нь, УГТЭ-ийн Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төвийн дарга Н.Лхамцоогоос “Ковид-19 халдварын дараах хам шинж” нь мэдрэлийн тогтолцоонд хэрхэн нөлөөлөхийг тодруулсан юм.
“Ковид 19”-ийн халдвар аваад эдгэсэн тохиолдолд тархи, мэдрэлийн тогтолцоонд ямар өөрчлөлт гарах вэ?
-"Ковид-19" вирус нь цусаар эсвэл хамрын салстаар тархи руу очин мэдрэлийн тогтолцоог гэмтээж болдог. Түүнчлэн "Ковид-19" халдварын үед анагаахын нэршлээр цитокины шуурга гэгддэг маш хүчтэй үрэвсэл-харшлын урвал явагддаг ба энэ үед мөн тархи, нугас гэмтэх эрсдэл нэмэгддэг. Ковид-19 нь амьсгалын замын өвчин гэхээсээ илүү судасны дотор хананы өвчин гэж үздэг тул мэдрэлийн гэмтлийн шинжүүд амьсгалын замын гэмтлийн шинжтэй хамт эсвэл түрүүлэн эхлэх нь түгээмэл байдаг. Өвчин эхлэх үед толгой өвдлөө, юм үнэрлэхээ эсвэл амт мэдрэхгүй эсвэл маш ядарч байна гэх зовиурлах нь түгээмэл байдаг шүү дээ. Түүнчлэн олон эрхтэн тогтолцооны эмгэг тул мэдрэлийн гэмтэл нь урт хугацаагаанд шинж тэмдэгт болон шинж тэмдэггүй байдаг. Тухайлбал Ковид-19 халдвар аваад эмчлүүлэх үеийн тухайн өвчнийг даван туулах үеийн сэтгэл зовнил, айдас, дахин халдвар авах вий гэсэн түгшүүрт байдал, нойгүйдэл, үүнээс үүдэн нэмж илрэх толгойн өвдөлт, толгойн эргэлт зэрэг нь мэдрэлийн тогтолцооны өөрчлөлтүүдийн наад захын илрэлүүд юм.
Энэ үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
-“Ковид-19 халдварын дараах хам шинж”-ийн үед илрэх шинжүүдийн ихэнхийг мэдрэлийн шинжүүд эзэлдэг байна. Мэдрэлийн шинжүүдэд толгойн өвдөлт, ядаргаа сульдал, үнэрлэх ба амтлахын алдагдал, нойгүйдэл, нойрны бусад хямрал, толгойн эргэлт, танин мэдэхүйн алдагдал болон уур уцаартай, айдас түгшүүрт байдал болон бусад зан төрхийн өөрчлөлтүүд багтдаг. Үүнээс толгойн өвдөлт, ядаргаа, сульдал, булчингийн сулрал, үе мөчний өвдөлт, сэтгэл түгшилт, нойрны хямралт зэрэг шинжүүд урт хугацаагаар илэрнэ. Иймд “Ковид-19 халдварын дараах хам шинж” оношлогдсон тохиолдолд эмчид үзүүлж зохих тусламж авах хэрэгтэй. Ямар ч өвчний дараа бие, сэтгэл санаа буцаж сэргэхэд тодорхой хэмжээний хугацаа шаардана. Нойргүйдэл, сэтгэл түгшлийн үед сэтгэл зүйчид хандаарай гэж хэлмээр байна. “Ковид-19 халдварын дараах хам шинж” нь удаан хугацаагаар үргэлжлэн эдгэрэлт төдий хэмжээгээр удаааширдаг тул аль болох дасгал хөдөлгөөн тогтмол хийж, агаар салхинд сайн гарч, сэтгэл санаагаар өөдрөг байлгаж, сайн унтаж амарч, шим тэжээлтэй хоол идэх хэрэгтэй.
Урт хугацааны эмгэг хүндрэх боломжтой юу, хүндэрвэл яах вэ?
-Цаг тухайд нь эмчилгээ хийлгэхгүй бол урт хугацаандаа ужиграх, мөн хүндрэх магадлалтай. Хамгийн энгийн жишээ бол сэтгэл гутралд орох явдал юм. Ингэснээр ажил амьдралдаа идэвхгүй болж, хөдөлмөр эрхлэлт зэрэгт нөлөөлж амиа егүүтгэх хүртэл амь насандаа аюултай байдал үүсч болзошгүй байдаг.Толгойн өвдөлт болон ядаргаа сульдал нь удаан хугацаагаар үргэлжилбэл ажилдаа эргэн орох, хөдөлмөрийн бүтээмж буурахад хүргэдэг байна.
Түүнчлэн суурь эмгэгтэй тухайлбал цусны даралт ихсэх эмгэг, чихрийн шижин зэрэг эмгэгтэй өвчтөнд “Ковид-19 халдварын дараах хам шинж” илүүтэй тохиолддог болох нь судалгаануудааар батлагдсан тул онцгой хянамтгай байж тохирох эмийн эмчилгээ, сэтгэл зүйчийн зөвлөгөө аваарай гэж зөвлөж байна.
“Ковид-19 халдварын дараах хам шинж”-ээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Халдвар огт аваагүй хүмүүст вакцинаа заавал хийлгэхийг сануулж байна. Вакцин нь энэ бүх хүндрэлээс сэргийлдэг. Вакцинд хамрагдах нь “Ковид-19 халдварын дараах хам шинж” илрэхээс сэргийлдэг болох нь судалгаануудаар батлагдсан. Вакцин хийлгэсэн ч халдвар хамгааллын үндсэн дэглэмүүд болох олон хүн цугласан газар очихгүй байх, гараа савандаж угаах, маскаа зүүх, гараа ариутгах, дархлаагаа дэмжих зэрэг арга хэмжээг тогтмол авах нь зүйтэй.