Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд горилогчдын дунд өрсөлдөөн эхэллээ

2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд горилогчдын дунд өрсөлдөөн эхэллээ
Нийтэлсэн 2019 оны 11 сарын 22
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад импичмент хийх үйл явц Конгрессын Төлөөлөгчдийн танхимын нээлттэй сонсголын хүрээнд үргэлжилж буй. Тэгвэл үүнтэй зэрэгцэн Америкийн улс төрд өөр нэгэн чухал үйл явдал өрнөж буй нь 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийн цуврал халз мэтгэлцээн юм. Гэвч Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх тухай асуудалтай холбоотойгоор энэхүү чухал арга хэмжээ олны анхаарлын төвд төдийлөн орж чадахгүй байгаа аж. Намын сунгаанаас ялалт байгуулж 2020 онд Доналд Трамптай өрсөлдөх хүн хэн байх вэ гэдгээс шалтгаалж дэлхийн улс төрд томоохон өөрчлөлтүүд гарах юм.
Тиймээс сөрөг хүчин Ардчилсан намын сунгааны халз мэтгэлцээн болон ирэх сонгуулийн үйл ажиллагааны эргэн тойронд өрнөж буй онцлох үйл явдлуудыг танилцуулж байна.
Ардчилсан намын сунгаанд насны хувьд хамгийн хөгшин Берни Сандерс-74, Жой Байден-73, Элизабет Уоррен-70, Мариан Уильямсон-67, Том Стэйер-62, Эми Клобучер-59, Билл дэ Бласио-58, Жон Делани -56, Камала Харрис-54, Майкл Беннет-54, Стив Буллок-53, Кори Бүүкер-50, Бето  Ороурк-47, Тим Раян- 46, Хулиан Кастро-45, Эндрью Янг-44, Тулси Габбард-38, хамгийн залуу Пет Буттге- 37 настай нийт 15 нэр дэвшигч өрсөлдөж байна.
Нэр дэвшигчид цэвэр бодлогын чанартай асуудлаар өрсөлдөх эхний хоёр шатны мэтгэлцээн өрнөсний дараагаар нэр дэвшигчдийг Жой Байден 30,7 хувийн рейтингтэйгээ тасархай тэргүүлж эхэлсэн байна. Түүний эдийн засаг, залуу үед хандсан бодлогууд Америкийн иргэдэд хамгийн ихээр таалагдаж байгаа аж. Харин түүний араас Элизабет Уоррен 18, Берни Сандерс 16.7,  Пет Буттгейг 8, Камала Харрис 4.3 хувийн рейтингтэй удаалж байгаа аж. Ажиглагчдын хувьд өмнө нь нэр дэвшигч Камала Харрисыг Ардчилсан намын сунгаанд тэргүүлэх хамгийн өндөр магадлалтай гэж таамаглаж байв. Гэвч Америкийн иргэд түүнийг улиг болсон байгаль цаг уурийн өөрчлөлт, хүйсийн тэгш байдал гэдгээс бусад эдийн засаг, гадаад бодлого зэрэг чухал асуудлуудад хангалттай бус байна гэж дүгнэжээ. Харин ажиглагчдын хувьд Элизабет Уоррен, Пет Буттгейг нарыг ийм дээгүүр өрсөлдөнө гэж огт таамаглаагүй байсан юм. Элизабет Уоррены хувьд татвар болон боловсролын салбарын шинэчлэлийг хөндөж байгаа нь Америкчуудад ихээр таалагдаж байгаа аж. Тэрээр энэ эрчээ хадгалж чадвал Ардчилсан намын сунгааны эцсийн шатанд Жой Байдентай өрсөлдөх хамгийн өндөр магадлалтай байгаа талаар ажиглагчид дурджээ. Харин Пет Буттгейгийн хувьд өөрийн улстөрийн имижээ миллениал үеийнхний төлөөлөл болгож байгаа нь залуусын дэмжлэгийг ихээр хүлээх шалтгаан болжээ. Юутай ч түүнд эцсийн шатны сунгаанд үлдэх найдлага тун бага байгаа ч ирээдүйтэй улстөрч гэдгээ харуулж чадлаа гэж дүгнэсэн байна.
Ардчилсан намын нэр дэвшигчдийн гурав дахь удаагийн халз мэтгэлцээн энэ сарын 20, 21-ны өдрүүдэд болж өнгөрсөн. Тэгвэл нийт гурван халз мэтгэлцээний турш нэр дэвшигчид дунджаар дараах байдлаар мэтгэлцжээ.
undefined
Эндээс харахад Ардчилсан намын нэр дэвшигчид голцуу популист төрлийн асуудлуудад түлхүү анхаарч байгаа талаар ажиглагчид дурдсан байна. Анхаарал татаж буй нь нэр дэвшигчид дэлхийн цаг уурын өөрчлөлт, орлогын тэгш хуваарилалт зэрэг асуудлаар мэтгэлцэх байдал өмнөх сонгуулийн сунгаануудтай харьцуулахад өссөн байна. Энэ нь сонгуулийн нас залуужиж байгаатай холбоотой бөгөөд эндээс америкийн хойч үе ирээдүйдээ юу хүсч байгааг харж болох талаар ажиглагчид онцолжээ. Мөн нэр дэвшигчдийн дундаж нас өндөр байгаа нь иргэдийн хувьд санаа зовоосон асуудалд тооцогдож байна.
Сонгуулийн үр дүнд жинтэй нөлөөлөхөөр харагдаж буй өөр нэг чухал үзүүлэлт бол залуусын улс төр, сонгуулийн идэвх АНУ-д эрс нэмэгдэж буй явдал юм. “Pew Research” судалгааны байгууллагын хийсэн судалгаагаар “Baby boomers” буюу 1946-1964 оны хооронд төрсөн иргэдийн 49 хувь нь өнөөгийн улс төрчдийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус, эрх баригчид асуудлыг шийдвэрлэхийн тулд илүү их зүйлийг хийх хэрэгтэй гэсэн хариулт өгчээ. Тэгвэл энэ тоо “Millennials” буюу 1981-1996 оны хооронд төрсөн иргэдийн дунд 64 хувь, “Generation Z” буюу 1996 оноос хойш төрсөн залуусын дунд 70 хувьтай байжээ. Мөн “Baby boomers”-ын 48 хувь нь Америкт арьс өнгө, үндэстний ялгаа нэмэгдэж байгаа нь нийгэмд сайн талтай. Тиймээс улс төрчдийн ёс зүй илүүтэй чухал гэж хариулсан бол “Millennials”-ын тухайд 61 хувь, “Generation Z”-үүд 62 хувь байгаа аж.
Тэгвэл Бүгд найрамдах намын хувьд хэдий Билл Вейлд, Марк Санфорд, Жой Уолш зэрэг хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөхөө зарласан ч өнөөгийн Ерөнхийлөгч Доналд Трамп хэрвээ импичмент үйл явцын хүрээнд огцрохгүй л бол хоёр дахь бүрэн эрхийнхээ төлөө ахин нэр дэвших нь тодорхой юм. Тиймээс Ардчилсан намын сунгааг тэргүүлж буй өрсөлдөгчид болон Доналд Трампын зүгээс илүүтэй залууст чиглэсэн үйл ажиллагаа, эдийн засаг, гадаад бодлогын хүрээний асуудлуудад түлхүү ажиллах нь ялалт байгуулах гол хүчин зүйл болох талаар сонгуулийг ажиглагчид дүгнэжээ.
Эх сурвалж: New York Times, NBC, CNN
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн