Open iToim app
Боловсрол | 4 мин уншина

М.Болдсайхан: ЭЕШ-ын материал засалт болон дүнг цахимаар шууд цацна

М.Болдсайхан: ЭЕШ-ын материал засалт болон дүнг цахимаар шууд цацна
Нийтэлсэн 2020 оны 6 сарын 30
Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 2-5-нд зохион байгуулахаар товлосон. Хоёр хоногийн дараа болох элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажлын талаар Боловсролын Үнэлгээний төвийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайхантай ярилцлаа.
-Хоёр хоногийн дараа ЭЕШ эхэлнэ. Бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?
-Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд хоёр хоног үлдээд байна. Бид хүний нөөцийн сургалтуудыг хийж дууссан. Энэ удаагийн шалгалтын дүнг шилэн систем ашиглаж шууд хүргэнэ. Шалгалтын цацалтыг зохион байгуулж байгаа 25 багшийг сургаж бэлтгэсэн байгаа. Мөн шалгалтын төвүүд дээр ажиллах нийт 85 багийн ахлагч, 85 сэдвийн хариуцагч нарт сургалт орсон. Өнөөдрөөс эхлээд багийн ахлагчид өөрийн ажиллах орон нутгийн сургууль, шалгалтын байр дээр ажиллах хянагч багш, зохион байгуулагч, эмч, үйлчлэгч нартаа сургалтыг явуулж байна. Нийтдээ энэ жил давхардаагүй тоогоор 4175 хүн элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалтыг хангаж ажиллаж байна. Давхардсан тоогоор 20 мянга гаруй багш, ажилчид хамрагдаж ажиллана.
-Энэ жилийн ЭЕШ онцгой нөхцөл байдалд явагдах гэж байгаа. Тэгэхээр халдвар хамгаалалтын дэглэмийг хэрхэн хангаж ажиллах вэ?
-Энэ жилийн шалгалт онцгой дэглэмийн дор зохион байгуулагдахаар болж байна. Тухайлбал яг шалгалтын байранд ажиллаж байгаа багш, ажилчид, үйлчлэгч, сурагчид гээд бүх хүмүүс амны хаалт, нэг удаагийн бээлий олгоно. Бээлий гэхэд л 115 мянган хос бээлий хэрэг болж байгаа юм. Тухайн шалгалтын байруудад ажиллаж байгаа комиссын гишүүд амны хаалт маскыг 2 цаг тутамд солихоор Боловсролын үнэлгээний төвөөс олгоно. Харин сурагчид өөрсдөө масктайгаа ирэх ёстой. Мөн шалгалтын байрны гадна орчинд цэвэрлэгээ ариутгал ажлууд шалгалтын байр бүрт хийгдсэн. Шалгалтын байрны дотор хийх ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисуудыг Боловсролын үнэлгээний төвөөс гарган байр бүрт олгох ажил явагдаж байна.
Шалгалтын байранд коронавируст халдварын өвчлөл, тархалттай холбоотойгоор ариутгал халдваргүйжүүлэлтийг хариуцсан сургуулийн эмчээр ахлуулсан баг ажиллана. Давхар бүрт хоёр үйлчлэгч ажиллана. Шалгалтын өмнө болон дараа нь анги танхимд заавал ариутгал цэвэрлэгээ, агааржуулалт хийгдэнэ.
-Улсын хэмжээнд нийт хэдэн хүүхэд Элсэлтийн ерөнхий шалгалтад орохоор бүртгүүлсэн байгаа вэ?
-Энэ жил нийтдээ 30900 хүүхэд шалгалтад орохоор бүртгүүлсэн байгаа. Хичээлийн хувьд элсэн суралцах сургуулиасаа хамааран нэг хүүхэд арав хүртэлх хичээлээр шалгалт өгөх боломжтой. Ер нь хүүхдүүдийн хичээл сонголтын бүртгүүлсэн байдлаас харахад англи хэл, математик, нийгмийн ухааны хичээлүүдийг түлхүү сонгон шалгалт өгөхөөр байгаа. Тухайлбал, математикийн хичээлээр энэ жил 22 мянган хүүхэд шалгалт өгөхөөр сонгосон.
-ЭЕШ-ын дүнг ямар байдлаар танилцуулах вэ?
-Энэ жилийн ЭЕШ-ын цацалтыг өнгөрсөн жил нэвтрүүлсэн шууд цацалтын шилэн технологийг ашиглаж явуулна. Өнгөрсөн жил хүүхдүүд шалгалт өгсөн дариудаа шалгалтын байрандаа байрлаж байгаад дүнгээ хардаг байсан бол энэ жил УОК-оос ирүүлсэн заавар зөвлөмжийн дагуу олон хүүхдийг нэг дор цуглуулахгүй байх үүднээс  цацалтын байранд хүүхдүүд орохгүй. Тэгэхдээ шалгалтын материал засаж байгаа процесс үйл явц, дүн оноог Live.eec.mn сайт руу орон харах боломжтой. Хүүхдүүд, эцэг эхчүүд уг сайт руу орж, дүнгээ тэр дор нь харах юм.
-Шалгалт өгснөөс хэд хоногийн дараа дүнгээр жагсааж их дээд сургуулиуд хувиар авах ажил явагддаг шүү дээ. Үүнийг хэрхэн зохион байгуулах вэ?
-Долдугаар сарын 7-ны өдөр шалгалтын дүнгийн жагсаалт үндэсний хэмжээнд зарлагдана. Энэхүү жагсаалт Боловсролын үнэлгээний төвийн цахим сайт болох eec.mn сайтад гарна.
Одоо бол зургадугаар сарын 26-аас долдугаар сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд их дээд сургуулиудын элсэлтийн бүртгэл явагдаж байгаа. Энэ жилийн их дээд сургуулиудын элсэлтийг Боловсролын үнэлгээний төв, Монголын их дээд сургуулиудын консорциумтой хамтран зохион байгуулж байна. Хүүхдүүд арав хүртэлх хичээлийг сонгон сургуульдаа бүртгүүлсний дараа долдугаар сарын 7-нд дүн оноо зарлагдсаны дараа хүүхэд бүр дээр аль хөтөлбөрөөр ямар сургуульд элсэх боломжтойг нь Боловсролын үнэлгээний төвөөс хариу өгнө. Тэгэхээр хүүхдүүд долдугаар сарын 7-10 хооронд эцсийн баталгаажуулалтаа хийгээд их дээд сургуульд элсэх  боломж нээлттэй болж ирнэ. Хүүхдүүд сургууль бүр дээр өөрөө очиж бүртгэл хийхгүй төвлөрсөн онлайн бүртгэл хийгдэх гэж байгаа нь энэ жилийн ЭЕШ-ын онцлог болж байгаа.
-Их дээд сургуулиудын төгсөлт  их байх тусам дунд сургуулиа төгсөж байгаа хүүхдүүд их дээд сургуульд элсэн орох боломж нь их байдаг. Тэгэхээр энэ жилийн тухайд их дээд сургуулиудын төгсөлт хэр их байсан вэ. Төгсөж байгаа хүүхдүүдийн хэдэн хувь нь их сургуульд орох боломжтой байгаа вэ?
-Энэ жилийн хувьд их дээд сургуулиудын босго оноог 400-480 гэж тогтоосон. Тухайлбал, Улаанбаатар хотод байгаа төрийн өмчийн их дээд сургуулиудын босго оноо 480, харин хувийн сургуулиудын босго оноо 410. Харин хөдөө орон нутагт байгаа төрийн болон хувийн их дээд сургуулиудын босго оноо 400  гэж тогтоосон. Тэгэхээр их дээд сургуульд элсэн орох магадлал 85 хувьтай байгаа.
-Энэ жил сүүлийн улиралд хичээл ороогүй. Тэгэхээр шалгалтын агуулга бүтэц хэр өөрчлөлт орсон вэ?
-Коронавирусээс үүдэн хичээл, сургуулийн үйл ажиллагаа урт хугацаагаар тасалдсан. Тийм учраас энэ жилийн шалгалтын агуулга, бүтэц зохион байгууллагад том, том өөрчлөлтүүд орсон.  Тухайлбал нэг ангид суух хүүхдийн тоог хамгийн ихдээ 12 хүүхэд суулгахаар болсон. Тэгэхээр нэг ангид суух хүүхдийн тоог цөөлөхөөр шалгалтын байрны тоог нэмэх асуудал гарч ирсэн. Уг нь улсын хэмжээнд нийтдээ 50 шалгалтын байр байлгахаар бэлтгэл ажлаа хангаж байсан. Гэвч шалгалтын байрыг 35-аар нэмж нийт 85 байранд шалгалтыг зохион байгуулахаар болсон. Нийт 85 байрны 42 нь хөдөө орон нутагт, 43 нь Улаанбаатар хотод байрлаж байгаа. Тэгэхээр шалгалтын байрыг 85 болгон өөрчилсөн учир шинээр байгуулсан 35 байранд сурагчдын сонсох чадварыг шалгах даалгаврыг гүйцэтгэхэд ажигладаг тоног төхөөрөмжийг суурилуулж чадаагүй. Тиймээс энэ жил англи хэл, орос хэл, монгол хэл гэсэн гурван хичээл дээр сурагчдын сонсох чадварыг сорьсон даалгаврыг хассан. Мөн онлайн хичээлийг хүүхэд бүр адилгүй хийж байсан учир шалгалтын агуулгад 10 болон 11 дүгээр ангийн хичээлийг бүрэн хамруулж, 12 дугаар ангийн сүүлийн улирлын хичээлийн агуулгыг оруулалгүй хассан. Тиймээс хүүхдүүдэд энэ нь том бэрхшээл болж очихгүй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн