Open iToim app
Зочин | 11 мин уншина

Г.Батзориг: Монголбанк 'Найман шарга'-ынхнаас валютын ханшийн манлайллаа авах ёстой

Г.Батзориг: Монголбанк 'Найман шарга'-ынхнаас валютын ханшийн манлайллаа авах ёстой
Нийтэлсэн 2022 оны 3 сарын 22
Эдийн засагч Г.Батзоригтой Орос-Украины дайн болон ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээтэй холбоотой Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, чиг хандлагын талаар ярилцлаа.  
-Шатахуун, ам.доллар ханшийн өсөлт зэргээр ОХУ-ын эсрэг авсан барууны хориг арга хэмжээний нөлөөлөл Монгол Улсад мэдрэгдэж эхэлж байна. Дайны өмнөх болон одоогийн нөхцөл байдлыг харьцуулбал Оросын эсрэг хориг манай эдийн засагт шууд байдлаар хэрхэн нөлөөлж байна вэ? 
-ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ манай улсад нөлөөлж эхэлсэн. Монгол Улсын нийт худалдааны 30 орчим хувийг буюу гуравны нэгийг ОХУ эзэлдэг. Тиймээс хамгийн эхэнд бараа татан авалт дээр нөлөө үзүүлж эхлээд байна. Дайны өмнө татаж авсан аж ахуй нэгжүүдийн нөөц дуусаж, дараагийн татан авалтаа хийж чадахгүй байдалд хүрсэн нь хомсдол үүсэх нөхцөл байдлыг бий болгоод байна. Тухайлбал, ОХУ-аас импортолдог зарим хүнсний гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуй, уул уурхайн тоног төхөөрөмжүүдийн татан авалтад сөргөөр нөлөөлж байна.  
Хамгийн гол нь, манай улс шатахууны импортын хувьд 100 хувь ОХУ-аас хамааралтай. Шатахуун импортлогчид энэ сард баррелийг нь 80 ам.доллараар захиалга өгч байсан бол ирэх сараас магадгүй 100 ам.доллараар захиалга өгөх шаардлага үүсэж байна. Ийнхүү ОХУ-ын эсрэг хориг манай улсад шатахуун, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр дамжин орж ирж байна.    
Хоёрт, манай улс Европ руу хийх гадаад төлбөр тооцоог Оросын банкуудаар дамжуулж хийдэг. Энэ нь манай аж ахуй нэгжүүдэд хугацаа болон төлбөрийн хувьд боломжийн байсан. Гэвч Оросын банкууд “SWIFT” системээс хасагдсанаар гадаад төлбөр тооцоог Хятад эсвэл зүүн Азийн орнуудын банкуудаар дамжуулж хийхээс өөр сонголтгүй болоод байна. Энэ нь цаг хугацаа болон өртгийн хувьд өндөр.      
Дараа нь, барууны хоригт орсон Оросын олигархууд рублиэ ам.доллараар солих үзэгдэл ихээр ажиглагдаж байгаа. Улмаар ОХУ-ыг тойрсон хөгжиж буй орнуудад тодорхой хэмжээний валютын эрэлт үүсгэх хүчин зүйл ажиглагдаж эхэлсэн. Тиймээс Монголбанкны зүгээс валют солиулах өдрийн лимит тогтоосон нь нэг талдаа зөв арга хэмжээ болсон гэж харж байна.  
Бид валютаа өөрсдөө хэрэглэх ёстой. Гэтэл богино хугацаанд ашиг хонжоо хайсан эрэлт нь хүлээгдэж байгаагүй валютын өсөлтийг бий болгож байгаа нь манай эдийн засагт хортой. Тиймээс бид иймэрхүү гүйлгээ дээр анхаарах ёстой.  
-Тэгвэл Оросын эсрэг хориг манай эдийн засагт шууд бус байдлаар хэрхэн нөлөөлж байна вэ.  Мөн бидэнд ямар боломжууд харагдаж байна вэ? 
-Шууд бус нөлөөллийн хувьд Орос-Украины дайн болон ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээний улмаас дэлхийн зах зээлд түүхий эдийн үнийн өсөлт явагдаж эхэлсэн. Ялангуяа байгалийн хийн үнэ өссөнөөр өрсөлдөгч нүүрсний эрэлт нэмэгдэж, дагаад үнэ нь өсөж байна. Нүүрснээс татгалзана гэж байсан Европын орнууд эргээд нүүрсээ түлэхээс өөр аргагүй болж байна. Тиймээс бидний хувьд нүүрсний үнийн өсөлтийг ашиглах боломж гарч ирж байна.  
Мөн зах зээлийн тодорхойгүй бус байдал нь алтны үнийн өсөлтийг өдөөж байна. Өөрөөр хэлбэл, манай экспортын хоёр гол түүхий эдийн үнэ өсөж байна. Харин зэсийн үнэ харьцангуй тогтвортой байна. Тиймээс экспортоо таслахгүй гаргах нь хамгийн чухал. Үндсэндээ бидэнд одоогоор эдгээр сөрөг болон эерэг өөрчлөлтүүд ажиглагдаж байна.  
-Оросын эсрэг хориг манай аль салбаруудад хамгийн хүчтэй нөлөөлөхөөр байна вэ. Сөрөг нөлөөллийг даван туулах шийдлүүд юу байж болох вэ? 
-Хамгийн том нь худалдаа. Ялангуяа нийт худалдааны 12 орчим хувийг бүрдүүлдэг хүнсний худалдааны салбарт хүчтэй нөлөөлнө гэж харж байна. Хоёрт, бэлэн хувцас. Гуравт, шатахуун. Дөрөвт, ОХУ-ын Засгийн газрын зүгээс 2022 оныг дуустал экспортын 200 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд хориг тогтоосон. Үүний дотор үр тариа болон уул уурхай, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн экспортод хориг тавьсан. Энэ нь манай газар тариалан, уул уурхайн компаниудад нэлээд том хүндрэл учруулна гэж харж байна.  
Засгийн газраас “Атрын IV” аяныг эхлүүлэхээ зарласан. Бид өөрсдөө үүнийг маш сайн дэмжих хэрэгтэй. Хойд хөршөөс авах үр тарианы хэрэгцээг дотоодоос хангаж чадахгүй бол гурил, буудай, талхны суурь үнэ нэмэгдэх эрсдэлтэй. 
Мөн бусад сэлбэг, тоног төхөөрөмжийн хэрэгцээг урд хөршөөсөө авах, орлуулах шаардлага үүсэж байгаа. Тиймээс БНХАУ-тай хийх харилцаагаа сайжруулах замаар хоригоос болж ОХУ-аас авч чадахгүй болсон зүйлсээ нөхөх арга хэмжээг эртнээс бодож олохгүй бол автомашины дугуй л гэхэд ирэх зун, намраас элэгдэж, солих шаардлагатай болж эхэлнэ.  
Шатахууны үнийн өсөлт орж ирэх нь тодорхой. Дотоодын шатахууны үнийн өсөлтийг бид байнга барьж чадахгүй. Улмаар дагаад суурь барааны үнэ өсөх эрсдэлтэй. Улмаар дотоодын үнийн асуудал дээр маш их дарамт ирж байгаа.  
-Инфляц өнгөрсөн сард улсын хэмжээнд 14.2 хувийн өсөлттэй гарсан. Доллар 3000 давчихлаа. Та цаашид ам.долларын ханш болон инфляцын төсөөллийг хэрхэн харж байна вэ? 
-Валютын ханшийн өсөлт дээр хэд хэдэн суурь нөхцөл, давхцал нөлөөлж байгаа. Хамгийн эхэнд, Засгийн газар ковидын хязгаарлалтыг цуцалж, хил нээснээр гадагшаа аялал жуулчлал, эмчилгээний аялал болон бараа бүтээгдэхүүний захиалга, гадаадаас авдаг бизнесийн мэргэжлийн үйлчилгээ огцом нэмэгдсэн. Ялангуяа манай компаниуд олон улсын мэргэжлийн аудитын үйлчилгээ авах захиалга эрс нэмэгдсэн. Үндсэндээ ковидын улмаас хоёр жил битүү байсан зүйл тэсэрч, валютын эрэлтийг нэмэгдүүлсэн.  
Хоёрт, дээр хэлсэнчлэн Орос-Украины асуудлаас болоод ОХУ-ыг тойрсон хөгжиж буй орнуудад валютын эрэлт нэмэгдсэн.  
Гуравт, хүмүүс валютын зах зээлийн маш бага хувийг эзэлдэг “Найман шарга”-ын ченжүүдийн үнээр зах зээлийг дүгнэж, тэрхүү төсөөллөөрөө хадгаламжаа ам.доллар болгох зэрэг үйл хөдлөл хийж байгаа нь богино хугацаанд эрэлт бий болгож, үнийн өсөлтөд нөлөөлж байна.  
Дээр нь, шатахууны үнийн өсөлт зэргээр валютын ханш дээр богино хугацаанд 4, 5 хүчин зүйлс дарамт өгч байна. Гэхдээ миний хувьд валютын ханш байнга өснө гэж харахгүй байгаа. Энэ бол богино хугацааны үзэгдэл. Угаасаа бизнесийн идэвхжлийн улирал эхэлж байгаа тул валютын эрэлт нэмэгдэх нь тодорхой. Түүнээс валютын ханш 20-30 хувиар савлах боломжгүй. Өнөөдөр гадаадын 7000 гаруй хоригт орсон ОХУ-д рублийн ханш ам.долларын эсрэг 25 хувь суларсан байна. Тиймээс манайх шиг улирлын нөлөөгөөр явж байгаа, харьцангуй асуудалгүй улсад ханш 25 хувь хүртэл сулрахгүй.  
Ковид намжиж байгаатай зэрэгцээд 2023 онд төмөр зам ашиглалтад орно. Ингэснээр жилд 30 сая тонн орчим байгаа нүүрсний экспортын хэмжээ 40-50 сая тонн болох боломж байгаа. Дээр нь, Оюу толгойтой байгуулсан гэрээний хүрээнд 2024 онд зэсийн экспорт хоёр дахин нэмэгдэнэ. Товчхондоо экспортын орлого 2012 он шиг 40-50 хувь өсөх боломж байна гэж харж байгаа. Тухайн үед төгрөг чангарч байсан шүү дээ.  
Мөн 2012 онд манай томоохон төслүүд дээр бүтээн байгуулалт явагдаж маш их цемент болон импортын бараа бүтээгдэхүүн шаардлагатай болж байсан. Тиймээс манайх валют олсон хэрээрээ гаргах шаардлагатай байсан. Харин энэ удаа манай уул уурхайн мега төслүүдэд дэд бүтэц, хүнд тоног төхөөрөмжийн эрэлт харьцангуй бага байгаа. Өөрөөр хэлбэл, 2023, 2024 онд валют орох урсгал нь илүү давуу харагдаж байгаа.  
Дээр нь, бидэнд нэг том давуу тал байгаа нь 2022 онд манай улсад валютын томоохон гарах урсгал байхгүй. Том дүнтэй бондуудын эргэн төлөлтийг сая дахин санхүүжүүлсэн. Өөрөөр хэлбэл, төсвийн орлогын 20-30 хувьтай тэнцэх мөнгөн дүнтэй төлбөрийг гадагшаа шилжүүлэхгүй. Валютын том гарах урсгал бий болж байж ханш жилийн 10-аас дээш хувиар хөдөлдөг. Тэгвэл бидэнд тийм дарамт байхгүй байна.  
Мэдээж ханш дээр тодорхой хугацаанд дарамт байгаа. Үүнийг зөв хүлээлтээр давах ёстой. Эерэг хүчин зүйлс биднийг хүлээж байгаа тул цаашид валют өсөх магадлал бага. Тиймээс би хувьдаа ковид болон богино хугацааны улирлын чанартай эрэлтээс үүдэж төгрөгийн ханш сүүлийн 15 жилийн дундаж ханшийн өсөлтийн үзүүлэлтээр 5-6 хувь сулрана гэж харж байна. Энэ таамаг биелэх магадлал 90-100 хувь гэж харж байна.  
Хамгийн гол нь, бид хүмүүсийн хүлээлтийг удирдаж чадахгүй. Тиймээс зах зээлийн хүлээлтийг яаж зөв удирдахаас шалтгаалж валютын ханш эрэлт, нийлүүлэлтээрээ тогтоно. Одоо Монголбанк болон арилжааны банкууд богино хугацаанд иргэдэд маш зөв хүлээлт үүсгэх ёстой. Ялангуяа арилжааны банкууд өөрсдөө ханш тогтоодоггүй, нийт валют арилжааны 90 хувийг хийдэг гэдгээ ядаж олон нийтэд хэлэх хэрэгтэй. Зах зээлийн 10 хувь хүрэхгүй Найман шаргын ханшаар валютын ханш тогтдоггүй гэдгийг ойлгуулахгүй бол буруу хүлээлт үүсэж, өөрсдийгөө хорлоод байгаа дүр зураг ажиглагдаж байна. Үүн дээр Монголбанк тайлбар хийх хэрэгтэй. Монголбанк "Найман шарга"-ынхнаас валютын ханшийн манлайллаа авах цаг нь болсон.  
Инфляцын хувьд 2020, 2021 онд огцом өссөн. Ковидын үед огцом өссөн бараа бүтээгдэхүүний үнэ одоогийн үнэд шингэсэн. Тиймээс математик сууриар нь өнөөдрийн инфляцын өсөлтийг 2021 онтой харьцуулахад харьцангуй бага гэсэн үг. Би хувьдаа инфляцын өсөлт жилийн 14-16 хувь дээр тогтоно гэж харж байгаа.   
Импортын барааны хувьд БНХАУ-тай худалдаа, хилийн асуудлаа цэгцлэх замаар Оросын хоригоос үүдэлтэй бий болсон жижиг шокийг давж гарах боломжтой гэж бодож байна. Мэдээж улирлын чанартайгаар инфляц богино хугацаанд өсөх байх. Тэр дундаа мах, хүнсний ногоо дээр өсөлт бий болно. Бусад бараа бүтээгдэхүүн дээр харьцангуй гайгүй гэж харж байгаа.  
-Монголбанк валютын ханш дээр интервенц хийх ёстой юу. Хэрэв интервенц хийвэл ямар үр дүн гарах боломжтой вэ? 
-Ханш огцом савласан тохиолдолд интервенц хийх ёстой. Жирийн үед интервенц хийгээд валютын ханшийг тогтоосон улс дэлхийд байхгүй. 1997 оны Өмнөд Солонгосын хямрал, 2000 оны Мексикийн хямрал, сүүлд, Грек болон Венесуэлийн хямралуудаас жишээ харж болно. Эдгээр улсын Төв банк богино хугацаанд бодлогын хүүгээ өсгөх, валютын ханш нь хязгаарлагдмал байхад их хэмжээгээр нийлүүлэлт хийх зэргээр зах зээлийн хүлээлтийг улам эвдэж, эргээд валютын ханшаа дарж чадахгүй байдалд хүрсэн.  
Дээр нь, дотоодын хүү өссөнийг дагаж гаднаас ашиг хонжоо хайсан спекуляц орж ирж, өгөөж дээр нь байршиж байгаад богино хугацаанд гарч явдаг. Ингэхдээ асар их хэмжээний валют аваад гардаг.   
Монгол Улсын хувьд уул уурхайн стратегийн цөөн хэдэн гадаадын шууд хөрөнгө оруулалтаас өөр өгөөж хайсан халуун мөнгө төдийлөн байхгүй. Тиймээс манайд дээрх улсууд шиг спекуляц дайралт явагдахгүй болов уу гэж харж байна.  
Монголбанк валютын ханшийг барих албан ёсны субъект биш болсон. Гэхдээ л огцом өөрчлөлт дээр хариуцаад явж байгаа. Тиймээс ханшийг барахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, тэрийгээ зөв ойлгуулах хэрэгтэй.   
Засгийн газар л асуудлыг сууриар нь шийдэж чадна. Засгийн газар алт, нүүрс, зэсийн баяжмалын экспортоо нэмэгдүүлэх ёстой. Валютын орох урсгалаа нэмэгдүүлж байж сууриараа сайжирна. Түүнээс биш Монголбанк нэгэнт үүссэн эрэлттэй байгаа нөөцөөрөө тэмцээд нэмэргүй. Засгийн газар “Алт-2” хөтөлбөрийг эхлүүлж, валютын орлогын 20-30 хувийг алтны экспортоос бий болгохыг зорьж байгаа. Энэ онд экспортоо л сайн хийчихвэл зүгээр юм болов уу гэж харж байна. 
-Дэлхийн томоохон банк, санхүүгийн байгууллагууд ОХУ ирэх сарын дундуур дефолт болно гэх тооцооллыг хийж байна. Хэрэв ийм зүйл болбол манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ. Сөрөг үр нөлөө нь хэр удаан хугацаанд бидэнд мэдрэгдэх вэ?  
-ОХУ-ын эсрэг тавьсан 7000 гаруй хориг арга хэмжээ зөвхөн манай улс гэлтгүй дэлхийн бусад орнуудад нөлөөлнө. Ялангуяа, үр тарианы 30 хувь, байгалийн хий, газрын тосны хувьд Оросоос хамааралтай Европын орнуудад хүнд цохилт болно. Орос унахдаа хүрвэл бүгдийг нь хамт аваад унана.  
Манайд ОХУ-аас гадаадын шууд хөрөнгө оруулалт төдийлөн байхгүй. Татвар өндөртэй учраас бараг экспорт хийдэггүй. Тиймээс харьцангуй ОХУ-аас хамаарал бага.  
Харин шатахууны үнэ дээр хамгийн том эрсдэл үүсэж байгаа. Шатахуунаа тогтвортой үнээр авч чадах уу гэдэг асуудал үүсэж байна. Хэрэв чадахгүй, эсвэл ОХУ дампуурлаа зарлаж, ямар нэгэн байдлаар экспорт хийх боломжгүй болбол Хятадаас өндөр үнэтэй шатахуунаар орлуулах байх. Дээр нь, тог цахилгаан нийлүүлэхээ зогсоочихвол баруун таван аймаг тоггүй болох гэсэн үндсэн хоёр том эрсдэл байгаа гэж харж байна. Бусдыг нь бол бид орлуулаад явах боломжтой.  
Мэдээж Европоос ОХУ-аар дамжиж орж ирдэг логистик гацах нь тодорхой. ОХУ дампуурсан, дампуураагүй барууны орнууд наад тал нь 2024 он хүртэл хоригоо үргэлжлүүлэх байх. Тиймээс төр, хувийн хэвшил гэлтгүй дараагийн боломж хаана байгаа вэ гэдэг гаргалгааг эрт олж, эрсдэлээ бодох нь зүйтэй болов уу.   
-Оросын нөхцөл байдал манай улсыг улс төр, эдийн засгийн хувьд урд хөршөөсөө улам хараат болох зам руу түлхэж байх шиг. Та санал нийлэх үү? 
-Тийм. ОХУ манай импортын 30 хувийг эзэлдэг том түнш шүү дээ. Нөхцөл байдлаас болоод Оросын хамаарал буурч эхэлснээр эргээд Хятадаас хамаарах хамаарал улам нэмэгдэх байх. Манай улсын импортын 50-60 хувь, экспортын 90 хувь урд хөршөөс хамааралтай. Тиймээс тодорхой хэмжээний хориг, бодлого хэрэгжүүлэхэд л бид унахад бэлэн. Ковидын үед Эрээний хил хаахад л бид асар хүнд нөхцөл байдалд орсон. Хятадын бодлогын нөлөө бидэнд хүнд цохилт болох магадлал өндөр байна.  
Тиймээс импортын бараатай өрсөлдөх бүтээгдэхүүн байхгүй. Өрсөлдөх чадваргүй, мөнгөгүй үед төмөр замаа явуулж, экспортоо төрөлжүүлэх нь бидний гол хамгаалалт болно. Мөн нефтийн үйлдвэр, Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн УЦС, Таван толгой ЦС, ТЭЦ5-ыг явуулж, суурь асуудлуудаа шийдэхгүй бол бид дотооддоо зогсох өндөр эрсдэл бодитоор нүүрлээд байна.    
-Хойноо дайны хоригтой, урдаа ковидын хоригтой хэцүү үед бидэнд хамгийн ойрын хугацаанд гал алдахгүй байх ямар боломж, шийдэл байна вэ? 
-Үндэсний үзэл, Чингисийн удам, цэвэр цусаа харуулах цаг нь энэ юм болов уу. Хамгийн наад зах нь, үндэсний мөнгөн тэмдэгтдээ итгэх хэрэгтэй. Яах вэ, зах зээлийн зарчмаар харвал логикгүй сонсогдох байх. Гэхдээ янз бүрийн тансаг хэрэглээгээ жил орчим тэвчих, нийтийн тээврээрээ илүү зорчиж, шатахууны хэрэглээг бууруулах уриалга, хөдөлгөөнөө одоо л хиймээр юм шиг. Энэ бол бид өөрсдөө хийж чадах шийдэл юм. 
Аж ахуй нэгжүүд эрсдэлийн бодлогоо маш сайжруулах шаардлагатай байна. Нэгэнт Оросын талд асуудал үүссэн учир урд талд ямар боломж байна гэдэг дээр хувийн хэвшил өөрсдөө учраа олоод явчих байх.  
Засгийн газрын хувьд төмөр замын тээврээ нэмэгдүүлж, бүр болохоо байсан тохиолдолд алт, зэсийн баяжмалын экспортод илүү анхаарал хандуулах хэрэгтэй болов уу. Учир нь, алт, зэсийн баяжмал нь нүүрсийг бодвол овор хэмжээ бага, экспортлох боломж харьцангуй өндөр. Нүүрс бол бараг цаана Хятадын талд өдөрт ковидын хэдэн тест хийхээс шалтгаалаад 150-190 машин гарч байна. Тиймээс Засгийн ажлаа хийх хэрэгтэй байна. 30, 40 жилийн дараах Шинэ сэргэлтийн бодлогыг ярьж болно. Гэхдээ цаг хугацаа, эдийн засгийн нөхцөл байдлын хувьд одоо зөв цаг мөн үү гэдгийг бодох хэрэгтэй.  
Хятадууд намын их хурлаас болоод ирэх 9, 10, 11 сар хүртэл хилээ нээхгүй, нөхцөл байдал дээрдэхгүй гэх зүйл яригдаж байна. Тиймээс "Эрдэнэт"-д Шинэ сэргэлтийн бодлого ярьж явахын оронд тэнд урд хөршийн холбогдох хүмүүстэй нь ярьж явах нь хэрэгтэй болов уу. Худалдааны бодлого явж явагдаж байгааг мэдэхгүй юм. Ямар ч байсан одоогоор дуулдаж байгаа шинэ арга хэмжээ, авахаар зөв зүйтэй зүйл алга.  
Засгийн газар нээлттэй, ил зарлаад ажлаа зоригтой хийгээд явбал хотын дарга паркийн хашааг нураахад хүмүүсийн дэмжлэг зөв зүйтэй зүйл дээр ямар өндөр байгаа нь харагдаж байна. Тиймээс зөв зүйтэй, судалгаатай ажлыг ард түмэн дэмжээд явна. Солонгосын ард түмэн хүнд хэцүү цагт бөгж, ээмгээ өгч хямралаас гарч байсан гэдэг. Яах вэ, бидэнд өгч чадах юм байхгүй байх. Гэхдээ тодорхой хэмжээнд тэвчих ёстой зүйлсээ тэвчээд, гаргах ёстой юм аа гаргаад даван туулбал Монголчууд яг хэцүү цаг үед нэгдэж чаддаг ард түмэн шүү дээ. Бидэнд валютын орлого л хэрэгтэй.  
-Ярилцсанд баярлалаа.    
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн