Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр гадаад өр, гадаад өрийн эргэн төлөлт, хүүгийн төлбөрийн талаар гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Цаашдаа төсвөө алдагдалгүй баталдаг байя. Засгийн газар алдагдалгүй төсөв оруулж ир. Өр зээлийг дахин санхүүжүүлэх, шинэ зээлээр солих бус төлдөг л байя. Зээлийн үлдэгдлийг жил бүр төсвөөс төлдөг стратегийг баримаар байна. Үүнд Сангийн яам хэрхэн анхаарах вэ?
Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн дарга Б.Сүх-Очир: Засгийн газрын өр нэмэгдээд байгаа үндсэн гол шалтгаан бол төсвийн алдагдал. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар жил болгон төсвийн алдагдал буурч байгаа. Энэ нь төсвийн хүрээгээр хязгаарлагддаг. Засгийн газырн 2019-2022 оны өрийн стратегиэр алдагдлыг бууруулах тодорхой заалттай.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Өрийн тааз дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн хувийг эзэлж байгаа вэ. Нэмж зээл авах боломж байгаа юу. Тулсан бол яах вэ. Хуулиа өөрчлөх юм уу.
Сангийн яам жил болгон ийм ч таатай нөхцөлтэй, ийм ч гоё зээл гэж ярьсаар байгаад өрийн хэмжээ 33.7 тэрбум ам.доллар болсон. Өнөөдөр өрийн таазаа тулгачихаад ахиад зээл авна гэж болохгүй. Жил болгон алдагдалтай төсөв оруулж ирж батлуулчхаад зээл авч алдагдлаа нөхдөг. Засгийн газар алдагдалгүй төсөв оруулаад ирээч гэж гуйя.
Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн дарга Б.Сүх-Очир: Засгийн газрын өрийн хязгаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар энэ жил ДНБ-ий 70 хувь байгаа. 2021 оны жилийн эцсээр энэ үзүүлэлт 50 хувь байсан. Зээл авч байгаа үндсэн шалтгаан бол УИХ-аас баталсан төсвийн алдагдлыг нөхөх зорилготой. Цаашдаа 50 хувь, 48 хувь, 44 хувь гээд буураад явна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Зээлийн санхүүжилтээр яг юу хийх нь тодорхойгүй байна. Нөгөө малын хашаа барина гээд байсан тэр хэвэндээ байгаа юм биш биз дээ. Өмнө нь дэмжээгүй зүйлийг өөр юмны дотор оруулж ирээд дэмжүүлэх гээд байгаа юм уу. Тэр малын хашаа ороод ирвэл би дэмжихгүй. Азийн хөгжлийн банкнаас авах 655 сая ам.доллараар яг юу юу хийх вэ?
Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн дарга Б.Сүх-Очир: 655 сая ам.долларын 250 сая ам.доллараар нь төсөв дэмжинэ. 100 сая ам.доллараар нь уур амьсгалын бодлого хэрэгжүүлнэ. Үүнийг Азийн хөгжлийн банктай бид ярилцдаг. Малын хашааны асуудал орж ирээгүй. Үлдсэн санхүүжилтээр нь дараах төслүүдийг санхүүжүүлнэ.
Нэгд, Эрдэнэбүрэн, Мянгад, Улиастайгийн цахилгаан дамжуулах шугам барихад 140 сая ам.доллар зарцуулна. Хоёрт, бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төсөлд 150 сая ам.доллар зарцуулна. Гуравт, 100 сая ам.долларыг хилийн боомтуудыг шинэчилнэ. Дөрөвт, 50 сая ам.долларыг нийслэлийн түгжрэлд зарцуулна. Төсөл хөтөлбөр нь ямар байгаагаас хамаараад тусгайлсан зээлийн хэлэлцээр ороод ирнэ.
Уг төслийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн байна.