Open iToim app
CEO | 16 мин уншина

“MCS”-ийн Оджаргал, “МАК”-ийн Нямтайширын зургийг өлгө

“MCS”-ийн Оджаргал, “МАК”-ийн Нямтайширын зургийг өлгө
Нийтэлсэн 2016 оны 1 сарын 12
“UFC” группийн ерөнхийлөгч, Улаанбаатарын худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Амартүвшинтэй ярилцлаа.
-Удахгүй болох “Улаанбаатарын бизнес форум”-аас яриагаа эхэлье. Форумаар ямар асуудлыг голлон ярилцах вэ. Анхны форумын үр дүн амьдралд бодитой гарсан уу?
- Улаанбаатарын худалдааны танхим өнгөрсөн жил анх байгуулагдаж, хот бизнес эрхлэгчдийнхээ дуу хоолойг сонсдог болсон. Өнгөрсөн жилийн форумын хувьд тодорхой. 2030 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөгөөтэй уялдуулж хөрөнгө оруулалтыг хэрхэн зөв салбарт хийх вэ гэдгийг ярилцаж хөгжлийн төлөөх түншлэл тунхаг бичигт гарын үсэг зурсан. Хот юунд хөрөнгө оруулахаа, тухайн жилд Улаанбаатар хот ямар худалдан авалт хийхээ анх удаагаа иргэддээ, бизнесийнхэндээ ил тод танилцуулсан. Хот яаж хөгжих, хөгжихийн тулд бизнесийнхэн хэрхэн эвлэлдэн нэгдэх ёстой зарчмыг тунхагласан. Харин энэ оны форумаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж, цаашаа юуг илүү сайжруулах ёстойг ярилцана. Форумыг “Улаанбаатар худалдан авалт-2016” нэрийн дор зохион байгуулна. Хот 2016 онд юу худалдаж авч, ямар салбарт хөрөнгө оруулалт хийх вэ гэдгээ танилцуулна. Бизнесийнхэн тэдгээрээс алийг нь сонирхож байгаа, өгөөжийг нь яаж нэмэгдүүлэх талаар хамтарч, харилцан ярилцана. Сүүлийн хоёр жилд эдийн засаг саарсантай холбоотойгоор хувийн хэвшлийнхний хотод хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүд зогсонги байдалд орсон. Гэтэл хотын хөгжил, эдийн засгийн идэвхжилтэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт маш чухал. Тийм учраас хувийн хэвшлийн санаачилга аль салбарт чухал байна вэ, түүнийг хэрхэн хөгжүүлэх болон идэвхжүүлэх хэрэгтэйг, үүнийг нь хууль эрх зүйн хүрээнд хот хэрхэн дэмжих боломжтой талаар форумын үеэр ярилцана.
-Өнгөрсөн жилийн форумын үр дүнгээс хоттой хамтарч хэрэгжүүлсэн ямар ажлууд байна вэ?
-Эхэлчихсэн ажлууд нэлээд бий. Ажлаа эхлээд хөрөнгө оруулалтаа хийгээд явсан нь ч байна, өнөөдөр яриа хэлэлцээ хийж байгаа нь ч байна. Хотын удирдлагуудын зүгээс ийм форум зохион байгуулсан нь хотод ихээхэн эерэг үр дүн өгсөн гэж хэлж байгаа. Тийм ч учраас хот захиргаа болон мэргэжлийн холбоодтой Улаанбаатарын худалдааны танхим хамтарч Хөгжлийн корпорацийг байгуулсан байгаа. Энэ корпорациар дамжиж Улаанбаатар хотын өмнө тулгамдсан хөрөнгө оруулалт, нийгмийн болон эдийн засгийн хүндрэл, бодитой асуудлыг шийдэх гарц нь нээгдсэн гэж хэлж болно. Дээр нь, бизнес эрхлэгчид хот өөрийн үйл ажиллагааг шийддэг Улаанбаатар хотын Арбитртай болсон. Тухайн улсын Арбитр гэхээс илүү хотынх нь Арбитр хүчтэй үйл ажиллагаа явуулдаг жишиг дэлхий дахинд байдаг. Өнөөдрийг хүртэл төр, бизнес эрхлэгч хоёр тэгш бус харилцаж ирсэн. Маргаан гаргахад шүүхээр шийдвэрлүүлдэг. Шүүх нь төрийн институт учраас ихэвчлэн төрийн талд шийдвэр гаргадаг. Дээр нь, эдийн засаг бизнесийн нарийн уялдаа холбоог орхигдуулах, асуудлыг шийдвэрлэхдээ зардал, цаг хугацаа маш ихээр шаарддаг. Энэ болгоныг хөнгөвчлөх, цаашлаад бизнесийг илүү хурдтай, эрүүл болгох замаар маргааныг илүү туршлагатай салбарын хүмүүсээр шийдвэрлүүлэх зорилгоор Улаанбаатар хотын олон улсын Арбитрыг байгуулсан.
-Жил болгон л “гоё” нэртэй форумууд болдог. Эдийн засгийн нөхцөл байдлыг харахад форум зохион байгуулсан ч хөрөнгө оруулалт хийх бэлэн мөнгөтэй бизнесмэн, компани хэр олон байна вэ?
-2015 оны эцэст манай улсын эдийн засаг 2.5 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. Бодит сектор үүний хэдэн хувийг эзэлж байгаа вэ гэвэл бас өөр тоо гарна. Гэхдээ 2014 оны ДНБ-ээс доошоо орсонгүй. Ямар ч байсан зах зээл хоёр гаруй хувиар тэлсэн л гэсэн үг. Эдийн засаг ингэж унасан нь улс төрийн хямралтай шууд холбоотой гэдгийг бүгд мэдэж байгаа. Бизнесийн байгууллагын буруу үйл ажиллагаа, эсвэл хэрэглээ буурсантай холбоогүй. Хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлийн шууд өөрийн хөрөнгө гэж шууд харж болохгүй. Гаднын маш олон хөрөнгө оруулагчид болон төсөл санаачилгууд байсаар байгаа. Нөгөө талд, гадаад зах зээл ганц Монголыг огт сонирхохгүй орхисон юм уу гэхээр үгүй. Хөрөнгө оруулагч зөвхөн Монголын улс төрийн орчин хэзээ тогтворжиж, Монгол Улс хөрөнгө оруулагчдад ээлтэй, урт болон дунд хугацааны бодлогоо хэзээ тодорхой, хэвийн явуулж эхлэх вэ гэдгийг ажиглаж байна. Хот сайн санаачилга гаргаж, хөрөнгө оруулагчдыг хамгаална гэж зарлаж байгаа нь зөв зүйтэй алхам бөгөөд хөрөнгө оруулалтыг эргээд татах суурь боломжийг бий болгоно.
-Тухайлбал, Улаанбаатар хотын хэмжээнд ойрын таван жилд зайлшгүй шийдвэрлэх ёстой ямар ажлууд хүлээгдэж байна вэ, тэдгээрийн бэлэн төслүүд байна уу?
-Улаанбаатар бол дөнгөж хөгжиж буй хот. Улсын нийт эдийн засгийн 60 гаруй, хүн амын 50 хувь төвлөрдөг том хот. Хүн амын талаас илүү хувь, эдийн засгийн төв цэг болж байгаа гэдэг утгаараа шийдэх асуудал олонтой. Нэн тэрүүнд эрчим хүч, дулааны дэд бүтцийн асуудал бий. Иргэдээ ая тухтай амьдрах боломжоор хангах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүрэлцээг сайжруулах агаар болон хөрсний бохирдлоос салгах гээд олон амин чухал асуудал бий. Улаанбаатар хотыг дэлхийн бусад хот ямар байдаг тэр жишгээр, мөн өөрийн бүс нутгийнхаа уламжлалтай уялдуулж хөгжүүлэх шаардлагатай. Гэр хорооллын дахин төлөвлөлт бол хотод өнөөдөр тулгамдаж байгаа асуудлын нэлээд хувийг шийдэхэд чиглэсэн төсөл. Эдийн засгийнхаас гадна нийгмийн олон асуудал байгаа. Энэ болгоныг шийдэхэд улс ч, хот ч тодорхой хэмжээний зардал төлөвлөөд явдаг. Харин хувийн хэвшлийн санал, санаачилгыг дэмжиж, зөв менежмент хийвэл үр ашиг өндөртэй, илүү бүтээлчээр, бас богино хугацаанд асуудлаа, хүндрэлээ шийдэх боломжтой. Улаанбаатар хотын хүндрэл, асуудлыг төр дангаараа шийдэж чадахгүй. Зарим үүргээ, ажил үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх замаар өмнөх зардлынх нь хэмжээнд шийдэх бүрэн бололцоотой. Жишээ нь, төв цэвэрлэх байгууламжийн засвар, шинэчлэлийг хот жил бүр л ярьдаг. Гэтэл бодит байдал дээр өнөөдөр ажиллаж байгаа арга, технологи нь хоцрогдсон байж болно. Яагаад заавал 1.3 сая хүний хаягдлыг ганцхан цэгт төвлөрүүлж ачаалал үүсгэх ёстой юм бэ? Үүнийг хэсэгчилсэн, бүсчилсэн гээд олон аргаар шийдэж болно. Технологийн хувьд шинэчлэх боломжууд ч байна. Энэ мэтээр тооцоо, судалгаагаа хийчихсэн олон төсөл хувийн хэвшлийнхэнд байна. Харин төр тэднийг, хувийн хэвшлийнхнийг орж ажиллах боломжийг нь олгооч гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, улс, хот жил бүр төсөвлөж зардал гаргадаг ажлуудыг хувийн хэвшлийнхэнтэйгээ шинэ менежмент, шинэ технологиор хамтарч илүү зөв гарцаар шийдэх бүрэн боломжтой. Энэ нь эргээд хотод ч, иргэд ч, тухайн компанид ч ашигтай байх сонголт юм.

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засгийн өсөлт саарч, хувийн хэвшлийнхэн хүнд байдалд ажиллалаа. Энэ хүндрэлтэй үед хэвшлийнхэнд ээлтэй хуулийг баталсан гэж улстөрчид ярьдаг. Жишээ нь, Эдийн засгийн ил тод байдлын хууль, Өршөөл үзүүлэх хуулиар бизнесийнхэнд боломж олгосон гэдэг. Яг өнөөдөр эдгээр хуулийн эерэг үр дүн бизнесийнхэнд мэдрэгдэж байна уу?
-Эдийн засгийн ил тод байдлын хуулийн хүрээнд найман их наяд төгрөгийн хөрөнгө ил болж эдийн засагт орж ирлээ. Энэ бол улсын төсвийн тэн хагас шахамтай тэнцэх хэмжээний мөнгө, ДНБ энэ хэрээр өсчихлөө гэж зарим хүн яриад байна. Гэхдээ мэргэжлийн хүний хувьд хэлэхэд ингэж ойлгох, ярих нь туйлын буруу. Хуулийн хүрээнд тайлагнасан хөрөнгө орлого бол шинээр бий болсон бүтээгдэхүүн үйлдвэрлэл огт биш. Эдийн засагт эргэлдэж байгаа мөнгө өсч байгаа зүйл ч биш. Өмнө нь бий болсон байсан хөрөнгө албан ёсоор бүртгэгдэж байгаа л хэрэг. Энэ хуулийн хүрээнд бизнес эрхлэгчдэд албан болон албан бусаар ирдэг дарамтууд тодорхой төвшинд алга болж байгаа. Аливаа зүйлийг дутуу хийх маш аюултай. Эдийн засгийн ил тод байдлын хуулийг гаргасан нь сайн. Гэхдээ их хэмжээний хөрөнгө мөнгө улстөрчдийн шийдвэрээр улстөрчдийн халаас руу орсон. Гадагшаа гарсан их мөнгийг оруулж ирэхийн тулд хуулийг зааглахгүй нэг удаа хийх ёстой байсан. Тэр нөхцөлд гаднын дансанд, гадагшаа гарсан мөнгийг оруулж эдийн засагт цус сэлбэх боломж байсан. Дотоодын зах зээл хумигдсан байхад дотоодын бизнесмэнүүд дунд нуугаад байх мөнгөтэй хүн бараг байхгүй. Тийм тохиолдолд эдийн засаг тэлнэ гэсэн ойлголт бага. Орчин цагийн эдийн засагт аливаа бизнес, арилжааг хийх хэрэгсэл нь мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгө. Гэтэл бид өнөөдөр дундад зууны үе рүү шилжиж бартер буюу бараа солилцоогоор бүтээгдэхүүн үйлчилгээг хөдөлгөж байна. Аж ахуйн нэгжүүд хоорондоо бүтээгдэхүүн солилцоогоор оршин тогтнож байна гэдэг нь хүнээр бол цусны эргэлт нь зогссонтой адил. Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засагт эргэлдэх цусны эрэлт зогссон. Цусных нь эргэлт зогссон учраас өнөөдөр мал, махны үнэ яаж унасныг бүгдээрээ харж байна. Үүнийг эдийн засаг сайн байна, инфляц буурлаа гэж тайлбарлаж болохгүй. Манай эдийн засаг жижиг учраас олон хүчин зүйлээс хамааралтай байдаг. Заримдаа оношоо буруу тогтоодог. Инфляц буурч, гадаад дотоод худалдааны баланс ашигтай гарч байгаа учраас эдийн засаг сайн байна гэж тайлбарлаж ард түмний тархийг угааж байна. Өнөөдөр эдийн засгийн эргэлт нь саармагжчихсан учраас ийм үзүүлэлтүүд гарахаас өөр аргагүй. Тухайн иргэн ажлын байртай байна уу, цалин орлого буюу худалдан авах чадвар өсч, буурч байгаагаар л эдийн засгийн нөхцөл илэрхийлэгдэнэ. Ажилгүй болчихоод, ажилтай ч цалингүй байхад эдийн засаг сайхан байна гэж ярихгүй шүү дээ.
-Монголын эдийн засгийн цусны эргэлт зогсч, бизнесийн байгууллагууд бартерын үйлчилгээнд шилжсэн гэж эдийн засгийн өнөөгийн байдлыг тодорхойллоо. Яг энэ үзэгдэл танай компани дээр хэрхэн илэрч байгааг жишээгээр тайлбарлаж болох уу. Мөн танай компани энэ хямралыг сөрсөн ямар бодлого хэрэгжүүлж ажиллаж байна вэ?
-Ер нь эдийн засгийн өсөлтийг бараа бүтээгдэхүүний эргэлт, худалдааны өсөлтөөр хэмжинэ. Мөн улс орны хэмжээнд хэчнээн ажлын байр бий болсон, дундаж цалин төвшин хэд байгаа, экспортын өсөлт болон гаднын хөрөнгө оруулалт зэргээс хамаарна. Энэ дотор яагаад ажлын байр чухал гэж яриад байна вэ гэхээр зах зээлийн худалдан авагч бол эцсийн эцэст ажилтай, орлоготой иргэн байдаг. Аж ахуйн нэгж компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээг иргэд худалдан авснаар тухайн компани орлоготой, орлогоороо ажилчдынхаа цалинг тавих зарчмаар энэ тасралтгүй үйл явц ажилладаг. Өнөөдөр миний эргэн тойронд ажлын байраа нэмэгдүүлсэн ганц ч компани алга. Ихэнх нь цомхотгож, хумих бодлого баримталж байна. Өдөр тутмын бараа эргэлт аль хэдийнэ 40 хувиар унасан. Дээр нь төгрөг ам.долларын харьцааг харахад 40 гаруй хувиар өссөн байгаа. Манай улсын ихэнх бизнесийн нийт өртгийн 40-50 хувь нь ам.доллараас хамааралтай байдаг. Учир нь, гол түүхий эд материалаа бид үйлдвэрлэдэг улс биш шүү дээ. Борлуулалт 40 хувиар унаж, дээр нь ам.долларын ханшаас үүдэлтэй 20-30 хувийн уналтыг нэмж тооцоолбол бизнесийн байгууллагуудын орлого бодит утгаараа 60 гаруй хувиар унаж өнөөдрийг хүртэл бий болгосон хөрөнгө, баялаг үгүй болсон. Өнгөрсөн жил “UFC” групп үл хөдлөх хөрөнгө, барилгын салбарт хэд хэдэн томоохон төслүүд хэрэгжүүлсэн. Хэдийгээр өнөөдөр хөрөнгө гаргаж ажлаа үргэлжлүүлж байгаа ч түүнийг нь худалдаж авах хэрэглэгч байхгүй учраас үхмэл хөрөнгө болж хувираад байна. Үхмэл хөрөнгө гэдэг нь санхүүгийн болон бусад зардалдаа идэгдээд явна гэсэн үг. Архи, хүнс, чацарганын бүтээгдэхүүний эргэлт улам зогсонги байдалд орсон. Энэ нь ганцхан манай компанид биш, Монголын эдийн засагт ажиллаж байгаа бүх бизнесийнхний өмнө тулгарч байгаа хүндрэл. Өнөөдөр миний 10 төгрөгөөр борлуулсан бүтээгдэхүүн ашиг олох ёстой байтал буцаад бүх зардалдаа идэгдэж, хасах дүн рүү шилжиж байна. Эдийн засаг байнга л тэлж, өсч байж боломжийг бий болгоно уу гэхээс бүх зүйлс хумигдаж үнэ буурах нь эдийн засагт сайн зүйл биш.
-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхлэх болсон нь эдийн засагт гэрэл асаалаа гэж зарим хүн хэлсэн. Энэ бүтээн байгуулалтын ажил эхэлснээр уул уурхайн бус салбаруудад хэрхэн нөлөөлөх бол?
-2011, 2012 онд эдийн засаг ямар байсныг бүгд мэднэ. Ямарч бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэхэд эрэлт хангалттай байсан. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж эдийн засаг жилд 17 хүртэл хувиар тэлж байсан. Үүнтэй зэрэгцэн хэрэглээний бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн өсөлтийг тогтворжуулах нэрээр их хэмжээний мөнгө хэвлэж зах зээлд нийлүүлсэн. Мөнгөний нийлүүлэлт ихдэж, түүнийг дагаж инфляцын төвшин ч өндөр байсан. Гэхдээ эдийн засагт мөнгө эргэлдэж байна гэдэг тодорхой хэмжээнд бол сайн зүйл. Харин энэ эргэлт үгүй болж зогсонги болчихно гэдэг маш хэцүү. Физикийн хуулиар ч тэр. Аливаа зүйл хөдөлж байхад залж чиглүүлэх нь харьцангуй хялбар. Харин нэгэнт зогсчихсон биетийг хөдөлгөхөд маш их хүч, энерги шаардлагатай. Үүнтэй нэгэн адил манай улсын хувьд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт бол эдийн засгийг бүхэлд нь хөдөлгөж байсан. Бид зөв залж чиглүүлж чадаагүй. Энгийн нэг хүнсний үйлдвэртэй адил биш, маш олон туслан гүйцэтгэгч, ажил үйлчилгээг зах зээлд нийлүүлж, дам маш олон ажлын байр бий болгодог. Үүнийг дагаж маш олон хүн тогтмол орлоготой болдог. Орлоготой хүмүүс орон байрны нөхцөлөө сайжруулах, эрүүл байх сурч боловсрох орчноо сайруулахын зэрэг хэрэглээ нь өндөр болдог. Хэрэглээг дагаж бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэгч маш олон компаниудын ашиг орлого сайжирч, олон ажлын байрыг бий болно. Ийм замаар нийт системийг тасралтгүй хэвийн үйл ажиллагаа хангагдах учиртай. Өнөөдөр энэ систем зөв утгаараа ажиллаж чадахгүй зогсчихсон. Тиймээс Оюутолгойн далд уурхайн санхүүжилт бол зөвхөн эхлэл. Бусад олон олон хөрөнгө оруулалтыг татах, баялгийг бий болгох сайн дохио. Эдгээр нь орж ирснээр бидний алдсан хугацааг дахин эргүүлэх боломжийг бидэнд бий болгож байгаа. Бид өмнөх алдаандаа сайн дүгнэлт хийж сургамж авах ёстой.
-Ер нь таныхаар эдийн засаг юунаас болоод ингэж хүндэрчих вэ?
-Дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналт, монголчууд бидний улс төрийн бодлогын алдаа гээд олон зүйл бий. Гэхдээ хамгийн эхлээд 2012 оны сонгуулийн өмнө стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хууль баталснаас эдийн засгийн хүндрэл эхэлсэн гэж би боддог. Энэ хууль Монголыг сонирхож байсан, хөрөнгө оруулахыг хүсч байсан бүх төвшний хөрөнгө оруулагчдыг цочроож үргээсэн, монголчуудыг гадаад ертөнцөд маш муухай харагдуулсан. Монголд хөрөнгө оруулалт хийчихвэл баталгаатай юм гэж бодож байсан хөрөнгө оруулагчдыг үргээсэн. Нэгэнт оруулчихсан хөрөнгө оруулалтыг царцаахад хүргэсэн. Шууд хэлэхэд, гаднын хөрөнгө оруулагчдыг монголчууд бид өөрсдөө хөөгөөд гаргачихсан. Тэр үеийн эдийн засгийн өсөлт, идэвхжил үндсэндээ гадаадын хөрөнгө оруулалт дээр тогтож, өсч байсан. Гэтэл бид сууж байгаа мөчрөө өөрсдөө л хөрөөдсөн. Биднийг суулгаж байсан мөчир хөрөөдөгдсөн учраас бид өнөөдөр их хүчтэй унаж байна. Иргэд нь ажилгүй, компаниуд нь орлогогүй, зах зээл нь худалдан авалтгүй, эрэлтгүй боллоо. Уг нь бол уул уурхайгаас олж байгаа орлогоо зөв менежмент хийж, зөв зүйлд хөрөнгө оруулалт хийх ойлголтыг ярих ёстой юм. Харин манай улс уул уурхайгүйгээр, бас уул уурхайгаа өөрсдөө авч явна гэж байхгүй. Манай зарим улстөрч хүрзээ барьж очоод л өөрсдөө ухаад ямарч баялгаа олборлочих юм шиг ярьдаг. Тийм зүйл байхгүй. Өнөөдөр Монгол гэдэг нэр хүндээ алдаад дууссан. Хууль эрх зүйн орчин нь тогтворгүй, улстөрчид нь амныхаа зоргоор асар буруу зүйлийг ярьдаг гэдэг. Бид энэ алдаанаасаа зөв дүгнэлт хийж, буцаад зөв замдаа очиж, тогтвортой байх замдаа орох итгэлийг хөрөнгө оруулагчдад өгтөл ямар хугацаа хэрэгтэйг хэлж мэдэхгүй. Монгол жижигхэн эдийн засагтай улс учраас системтэй, зөв бодлогоор ажиллахад эдийн засаг буцаад богино хугацаанд сэргэж боломжтой. Харин ингэж олон дахин савлаад байвал ямар ч нэмэргүй. Эцсийн дүнд улстөрчдийн шийдвэрээс л хамаарна.
-Уг нь зөв, эрүүл улс төрөөр эдийн засгаа хөтөлж явах ёстой байтал манайх эсрэгээрээ яваад байгаа юм биш үү. Үүнийг зөв замд нь оруулах боломж байгаа гэж боддог уу?
-Бүх зүйлийг, ажил хийхийг, баялаг бүтээхийг гацаадаг, энэ ч болохгүй, тэр ч болохгүй гэдэг хэдхэн популист улстөрчид бий. Тухайн дугаар хорооны иргэний амьдралд тэдгээр популист улстөрчдийн үг хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг бүгд харж байгаа. Улс төрийн намуудын шийдвэр ч нөлөөлж байна. Боломжийн орлоготой, ажилтай амьдарч байсан хүн өнөөдөр эхлээд ажлын байраа алдсан. Ажилгүй болсон цалин орлогогүй учраас зээлээ төлж чадахгүй болж орох оронгүйдээ тулсан. Тэд хэнээс, юунаас болоод тэр хүний амьдрал ингэж муугаар эргэв ээ гэдгийг бодох ёстой. Эцсийн эцэст төр иргэнд тогтвортой ажил, цалин өгөхгүй. Ажлын байрыг хувийн хэвшил, компани л иргэнд олгоно. Тиймээс иргэд хаа хамаагүй улстөр ярьсан популистууд биш, бизнесийн байгууллагуудаа шүтэж амьдрах ёстой юм. Хэрвээ хэн нэгнийг хүндэлж тахиж шүтмээр байгаа бол таны төлөө юу ч хийгээгүй, популизм хийж улсын хөгжлийг гацааж байгаа тойргийн гишүүнийхээ биш, танай гэр бүлийн орлогыг бүрдүүлж, ажлын байраар хангаж, цалин өгч байгаа MCS-ийн Ж.Оджаргал ч юм уу МАК-ийн Б.Нямтайшир зэрэг улсад хамгийн их татвар төлж байгаа хувийн хэвшлийн захирлуудыг хүндэлж, суралцах хэрэгтэй. Бид араас нь явж байгаа зах зээлийн эдийн засагтай улс орнууд ингэж капиталистуудаа шүтэж хөгжилд хүрсэн. Харин улстөрчид бол өөрийг нь УИХ-д сонгосон сонгогчдоо шүтэж, тэдэндээ үйлчилж явах учиртай. Гэтэл манайд эсрэгээрээ, санал гуйж УИХ-ын гишүүн болсныхоо дараа дарга болчихлоо гэж бодоод сонгогчдоороо өөрийгөө шүтүүлэх гээд байдаг.
-Та нэг талаараа популист улстөрчдөөс болж улс орны эдийн засаг урагшлахгүй байна гэж ярьж байна. Гэтэл томоохон бизнесийн бүлэглэлүүд сонгуулийг санхүүжүүлж, популистуудыг дэмжиж улстөрд гаргаж ирсэн гэж ярьдаг. Тэгэхээр бизнесийнхэн өөрсдөө улстөрчдийг давраачихсан, эвсэл тэднийг ашигладаг биш үү?
-Өнөөдөр сонгуулийг маш өндөр зардалтайгаар хийдэг болсон. Систем нь ч, схем нь ч тийм. Энэ санхүүжилт хоёр замаар л орж байгаа. Улстөрд явж байгаа хүмүүс нэг бол хандив, дэмжлэг тусламж авна. Эсвэл өөрсдийнхөө дөрвөн жил авлига авч идсэн уусан мөнгөө зарцуулдаг. Уг нь хуулиа баривал тэд энэ мөнгөө зарж чадахгүй байх ёстой. Гэхдээ манайд хуулийг хүн бүр өөрийнхөөрөө тайлбарладаг. Бизнесийнхэнд хандаж би нэг л зүйл хэлье. Одоо улстөрчдийг санхүүжүүлэхээ больцгооё гэж хэлж хэлмээр байна. Эцсийн эцэст өнөөдрийн байдлыг таны асууснаар бид өөрсдөө бий болгосон байна. Одоо зогсооё. Ийм хэмжээний боловсролгүй, мэдлэггүй, сэтгэлгүй хүмүүсийг дэмжиж өөрсдийнхөө толгой дээр тавьж, нөгөөдүүл нь буцаж биднээр, ард түмнээр тоглож байна. Бизнест богино хугацаанд их ашиг орлого олох нь чухал зүйл биш. Хамгийн гол нь ажиллах орон зай нь эрүүл тодорхой, тоглоомын дүрэм нь ойлгомжтой эдийн засгийн эрх чөлөөтэй байх нь хамгийн чухал. Эдийн засгийн энэ эрүүл орчноо бизнесийнхэн бид өөрсдөө хамгаалж, хамгаалахдаа улстөрд зөв хүмүүсийг гаргаж, дэмжье. Эдийн засгаа сүйрүүлж хаячихаад эдийн засгийн аврагчид гэж өөрсдийгөө нэрлэсэн нөхдийг бүрэн утгаар нь өөрсдөөсөө, төрөөс холдуулах цаг болжээ гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Сонголт хийх эрх дөрвөн жил нэг л удаа бидэнд олдож байна. Санал өгөх эрхийг зоригтой ашиглах хэрэгтэй байна. Зөв, сайн зүйлийг нэгдэж хийх эрх бидэнд бий. Учир нь, бизнесийнхний цаана ажлын байраар дамжаад ард иргэд байгаа. Өнөөдөр нэг бидон, мянган нэгж, ганц аяга, хэдэн шуудай нүүрсээр саналаа худалдаж байгаа иргэн цаашдаа дөрвөн жил үг амьдрал муу байна болохгүй бүтэхгүй байна гэж дуугарах хэрэггүй. Ажилгүй, цалингүй болбол өөртөө гомдоод л суухаас өөр аргагүй. Харин цалин, ажлын байр бий болгодог хүмүүсийг дэмжих хэрэгтэй. Ард түмэн үүнийг ойлгох хэрэгтэй. Улс орны ирээдүйн үйл хэрэгт зөв нөлөө үзүүлэхийн тулд зөв хүмүүсийг төрд сонгох цаг болсон байна. Хэрэв тэгж чадахгүй бол үүнээс цааш газар үгүй гэдэг шиг, Монголын эдийн засгийн уналтад, эдийн засгийн эрүүл бус орчинд 2016 оноос цааш цаг хугацаа, явах зам гэж байхгүй.
-Тэгэхээр бизнесийнхэн та нар зөв хүнийг ирэх сонгуулиар дэмжиж ажиллана гэж ойлгож болох уу?
-Тэгэх шаардлага тулгараад байна. Дэмжихгүй нэгдэж нягтрахгүй гээд бизнесийнхэн яах юм бэ. Дахиад хэдэн жил хэнд гомдлох юм бэ. Бизнесийнхэн нэгэнт голлох хандивлагч нөлөөлөгч хүч юм бол энэ буруу системийг таслан зогсоох хэрэгтэй. Бизнесийнхэн эрүүл, сэтгэлтэй, мэдлэгтэй боловсролтой хүнийг дэмжиж гаргаж ирэхээс өөр аргагүй.
-Ойрын хугацаанд эдийн засагт ч, улстөрд ч орон сууцны найман хувийн зээлийн хүүг бууруулж тав болгох асуудал яригдаж байна. Эдийн засагч хүний хувьд энэ нь хэр хэрэгжих боломжтой, зөв шийдвэр гэж харж байна вэ?
-Бүх юманд зардал гэж байдаг. Гадаад зах зээлээс Чингис, Самуурай бондыг хэдээр авсан билээ. Банкны болон банкны зээлийн хүүгийн зардал хэд байгаа билээ. Мэдээж орон сууцны зээлийн хүүг бууруулахыг дэмжиж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ аливаа зүйл бодитой байх ёстой. Нөгөө талд, иргэд орон сууц худалдах авах хэрэгцээ байна уу гэвэл байна. Харин гар дээр нь бэлэн мөнгө байна уу гэвэл анхаарлын тэмдэг. Байр авах хүсэл бүх иргэнд байгаа. Харин бодит байдал дээр мөнгөөр баталгаажсан эрэлт байхгүй байна. Энэ нөхцөл байдлыг шийдвэр гаргагчид өөрсдөө л бүрдүүлчихсэн. Иргэд 30 хувиа төлж найман хувиар зээлээ аваад явж болох байсан ч урьдчилгааг 10 хувь болгоно гэж зах зээлд маш том хүлээлт үүсгэсэн. Өнөөдөр 30 саяыг төлж байрны зээл авах байсан хүн 10 хувь болгоно гэдгийг сонсоод мөнгөө хадгалаад хүлээнэ. Хүлээх хугацаандаа нэгэнт урьдчилгаа төлбөр буурах тул гээд хуримтлуулсан мөнгөө бусад хэрэглээндээ зарцуулж эхэлсэн. Ингэж байтал банк зээлээ зогсоочихлоо. Тэгээд одоо дахиад хүүг нь таван хувь болгож бууруулна гэнэ. Найман хувиараа өгч чадахгүй байсан байж тав болгоно гэж байгаа нь түр зуурын, сонгуулийн зорилготой л шийдэл. Цаана нь эх үүсвэр нь байгаад, зардал нь ойролцоо төвшинд байвал ярих зүйлгүй сайн. Гэтэл эх үүсвэрийг хэн төлөх вэ гэдэг асуудал гарна. Өнөөдөр бидэнд бодитой ийм мөнгө байхгүй. Мэдээж гаднын зээл эсвэл татвар төлөгчдийн хөрөнгөөр төлж таарна. Үүнийг шийдүүлэхийн тулд Монголбанк мөнгө хэвлэж таарна. Гэхдээ мөнгийг ийм зорилгоор хэвлэх нь дунд болон урт хугацаандаа асар буруу хандлага руу явна. Эргээд хэвлэсэн төгрөг нь ам.доллартай харьцах ханшийг хөдөлгөнө. Магадгүй ам.доллар 2500, 3000 болгохыг үгүйсгэхгүй. Шийдэл хийж байгаа нь сайн ч бодитой л байх ёстой. Урт хугацаандаа зөв бодлого биш. Харин урт хугацаанд гаднын хөрөнгө оруулалтыг хэрхэн татаж, байгаа баялгаа яаж нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болгох вэ гэдгийг бодох ёстой. Тэндээс хуримтлагдах ашиг орлогоор иргэдээ дэмжиж болно. Орлогоо тогтвортой болгож байж дараа нь асуудлыг шийдэх ёстой байтал байхгүй орлогыг цаасан мөнгө хэвлээд шийднэ гэвэл өөрийгөө өнөөдөртөө л хуурсантай адил.
-Ярилцсанд баярлалаа, таны ажилд амжилт хүсье. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн