Бидний бага насыг өөрийн давтагдашгүй оюун бодол төсөөллөөр дүүрэн анимейшнаар чимж өгсөн эрхмийн нэг бол Хаяао Мияазаки юм. Энэхүү алдарт найруулагчийн анимейшн бүр нь өөрийн гэсэн бодит түүх, үйл явдал, сонирхолтой баримтуудтай. Түүний бүтээлээс таван анимейшныг нь сонгож, эдгээрийн талаарх сонирхолтой баримтыг дэлгэж байна.
Хаулын явдаг цайз бол нэгэн Их Британийн зохиолчийн ижил нэрт зохиолоос сэдэвлэн хийсэн бүтээл юм. Киноны агуулга нь номноосоо өөр утгатай юм. Номонд хүйс болон нийгмийн гарлын асуудлыг хөндсөн байдаг. Харин кинонд дайны хөнөөлт нөлөө, хайр болон үнэнч байдлыг тодотгон онцолдог юм. Найруулагч Мияазакигийн хувьд тус анимейшн нь түүний хамгийн дуртай бүтээл гэж хэлсэн бөгөөд үүгээрээ амьдрал гэдэг үргэлж үнэ цэнэтэй байдаг гэсэн санааг хүргэхийг хүссэн гэжээ.
Зохиолч Хаяао Мияазаки нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэхүү анимейшнаар Японы 80-аад оны эдийн засгийн хямралыг харуулсан гэдэг бөгөөд тухайн үеийн биеэ үнэлэгчдийн амьдралаас санаа авсан гэж хэлж байжээ. Японы Эдогийн үед ихэнх халуун усны газар нь эмсийн хүрээлэн ажиллуулж байсан юм. Мөн Чихиро өөрийн нэрээ Сэн болгон өөрчилдөг. Нэрээ өөрчлөх нь биеэ үнэлэгчдийн дунд маш түгээмэл зүйл юм. Сэн гэдэг нь 1000 гэсэнтэй ижил ханзаар бичигдэх ба энэ нь түүний үнийг илтгэсэн гэж хэлэх нь бий. Сүнсээр туугдагсад кинон дээр гардаг дүрслэлтэй төстэй гудамж Тайванийн Жюфенд байрладаг байна. Та эндээс кинон дээрх төстэй зураглалуудыг нүдээр үзэж харж болох юм шүү.
Энэхүү аниме дээр Tarai-bune гэх завь гардаг. Тэгвэл тус жижигхэн завь нь Японы Садо аралд одоог хүртэл ашиглагддаг бөгөөд арлын иргэд энэхүү завиар далайг гатлан ойролцоох мужууд руугаа явдаг байна.
Кикигийн хүргэлтийн үйлчилгээ
Мияазаки багийнхныхаа хамтаар энэхүү бүтээлээ хийхийн тулд Швед улс руу судалгаа хийхээр явжээ. Улмаар Кикигийн байрлах хотын зургийг гаргахдаа Стокхолм, Висби зэрэг хотуудаас санаа авсан юм. Мөн Японы дуу оруулагч Такаяа Минами нь тус анимейшны Кики болон Урсула нарын дүр дээр ажиллан дуу оруулжээ.
Тус киноны талаарх ноцтой нэг таамаглал байдаг нь энэ кино бодит байдал дээр болсон аймшигт гэмт хэргийг харуулсан гэдэг. Энэ нь 1960-аад онд болсон эгч дүүсийн аллагын хэрэг бөгөөд тус хэрэг нь тавдугаар сарын 1-нд болжээ. Тодруулбал уг хэрэгт дүү нь эхэлж алга болсон бөгөөд маргааш нь ойн гүнд хутгалуулсан байдалтай олджээ. Үүний дараахан эгч нь мөн ор сураггүй алга болдог энэ тухай баримт маш бүдэгхэн байдаг байна. Мөн Тоторог үхлийн бурхан гэж үздэг бөгөөд энэ нь зөвхөн нас барсан эсвэл үхэх гэж байгаа хүмүүст харагддаг гэх зэргээр кинотой холбогджээ. Гэвч энэхүү цуурхлыг Гибли студээс худал хэмээн няцаасан юм.
Киноны эхлэлд гарах төмөр хотын ажилчдын дунд толгой, нүүр зэргээ битүү ороосон хүмүүс харагддаг. Эдгээр хүмүүсийг уяман өвчнөөр төлөөлүүлэн харуулдаг юм. Найруулагч энэ тухай ярихдаа “Би Мононоке гүнжийг хийж байхдаа эдгэрэшгүй өвчнөөр зовж байгаа боловч чадахынхаа хэрээр амьдрах гэж хичээж буй хүмүүсийг дүрслэх хэрэгтэй гэж бодсон юм" хэмээн тайлбарлажээ. Үүнээс гадна киног дүрслэхдээ Якүшима гэх арлаас санаа аван бүтээжээ. Якүшима арал нь Япон улсын унаган байгалаараа хадгалагдсан үзэсгэлэнт тогтоцтой газруудын нэг юм.
Эх сурвалж: screenrant.com, thespookyredhead.com, manga.tokyo.com