Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Үндэсний бөхийн улсын аварга, Самбо бөхийн дэлхийн аварга, Жүдо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Одвогийн Балжиннямд Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн. Шагнал гардуулах ёслолын дараа О.Балжинням гуайтай цөөн хором уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.
-Төрийн дээд шагнал хүртсэн танд баяр хүргэе. Монголын ард түмэнд хандан баярын сэтгэгдлээсээ хуцаалцана уу?
-Төрийн дээд шагнал авсандаа маш их баяртай байна. Монголын Улсын Ерөнхийлөгч зарлигаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар гэдэг эрхэм хүндтэй цолыг хүртлээ. Миний бие спортын байгууллагад 38 жил ажиллаж байна. 1979 оноос тамирчнаар, 1993-1997 онд улсын жигшээ багийн ахлагч дасгалжуулагч, 1997-2011 онд Алдар спорт хорооны дарга, 2011-2018 он хүртэл Монголын жүдо бөхийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна. Энэ хугацаанд миний бие болон жүдогийн тамирчид маань өндөр амжилт гаргасныг минь үнэлж, энэхүү дээд шагналыг олгосон болов уу. Хайр ивээлээ хайрласан Монголынхоо ард түмэн, Жүдо бөхийн холбоо, жүдогийн тамирчдадаа баярлалаа гэж хэлье. Алдар спорт хорооныхондоо талархал илэрхийлье.
Өнөөдөр намайг 80 гаруй настай ээж минь хараад баярлаад сууж байгаа. Ижийдээ баярлалаа гэж хэлмээр байна. Миний таван хүүхдийг төрүүлж, өсгөсөн хань минь энэ сайхан үйл явдлыг харж чадсангүй. Гурван жилийн өмнө хайртай ханиа хүнд өвчнөөр алдсан. Миний их амжилтын ард үргэлж хайрт хань минь байсан юм шүү. Хань минь намайг тэнгэрээс хараад баярлаж байгаа. Ханийнхаа ачийг хариулж, таван хүүхдээ л сайн хүн болгож, хүмүүжүүлэхийн төлөө зүтгэнэ.
-Танай хүүхдүүдээс таны мэргэжлийг залгамжилж байгаа юу?
-Би таван хүүхэдтэй. Гурван банди, хоёр охинтой. Бага хүү минь жүдогоор хичээллэж байгаа. Том хүү Японд жүдогийн сургууль төгссөн. Бусад нь спортоор хичээллээгүй л байна даа.
-Сүүлийн жилүүдэд Монголын жудочдын чансаа дэлхийд дээгүүрт бичигдэж байгаа. Монголын жүдо бөхийн хөгжлийг Та хэрхэн хардаг вэ?
-Миний бие сүүлийн долоон жил улсын жигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Энэ хугацаанд манай жүдогийн салбарын амжилт өссөн. Нийт гурван олимпт тамирчин бэлтгэн орууллаа. Арав гаруй Дэлхийн аваргад оролцсон байна. Энэ хугацаанд олимпоос хоёр мөнгө, хоёр хүрэл медаль авсан. Гурван Дэлхийн аварга түрүүллээ. Дэлхийн аваргын мөнгөн медальд өөрийгөө оролцуулаад гурав, дээр нь дэлхийн аваргын хүрэл медальтан 10 орчим төрсөн байна. Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сүүлийн 15 энэ салбарт маш их анхаарал тавьж ажилласан. Үүнийхээ үр дүнд манай баг тамирчид сая Дэлхийн аваргаар нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль авч, багаараа гуравдугаар байранд орсон түүхэн амжилтыг гаргасан. Монгол хүүхдүүд авьяастай, манай тамирчид сайн хөдөлмөрлөснийхөө үр дүн гарч байгаа.
-Та Дэлхийн аваргаас Монголын жүдогийн шигшээ багаас анхны бөхийн мөнгө медалийг эх орондоо авчирч байсан үеэ эргэн дурсвал...
-Тамирчин байхдаа самбо бөхөөр дэлхийн гурван удаагийн аварга болж байсан. Дэлхийн аваргаас Жүдогийн шигшээ багийн анхны мөнгөн медалийг эх орондоо авчирч байсан нь миний амьдралын хамгийн сайхан мөч. Монгол Улсын тамирчин гэдгээрээ маш их бахархаж байсан. Тэр үед тамирчин хүнд төрийнхөө далбааг мандуулж, төрийн дуулал эгшиглүүлж байгаа агшин хамгийн сайхан санагддаг. Тухайн үед монгол эх орон аав, ээж, гэр бүл гээд амжилтыг гаргахад тусалсан бүхий л хүмүүсээ бодож байлаа. Одоо тэр мэдрэмж хэвээрээ.
-Баярлалаа, Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
-Монголынхоо ард түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.