Open iToim app
Улс төр | 4 мин уншина

Ж.Сүхбаатар: Иргэд, аж ахуй нэгжээ аварч байна гэж мөнгө тарааж улсаа хорлож болохгүй

Ж.Сүхбаатар: Иргэд, аж ахуй нэгжээ аварч байна гэж мөнгө тарааж улсаа хорлож болохгүй
Нийтэлсэн 2020 оны 12 сарын 4
УИХ-ын чуулганы баасан гаригийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж, авах эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Бид хямралын үед эдийн засгаа тэлнэ, хөрөнгө оруулалтаа хийнэ гэж Засгийн газар хэлж байна. Би эдийн засгийн хувьд санал нэг байна. Гэхдээ бусад орнууд өрх рүүгээ чиглэсэн дэмжлэг үзүүлж байна. Аж ахуй нэгжүүдээ дэмжиж байна. Манайд төсвийн хөрөнгө хязгаарлагдмал байгаа үед тэнцвэрийг хангалгүй бүх мөнгөө хөрөнгө оруулалтад зарцуулах нь буруу. Монгол Улс шиг эдийн засгийн боломж хязгаарлагдмал үед өрх, аж ахуй нэгжүүдээ дэмжээд, шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийе. Бид өнөөдөр 300 аж ахуй нэгжээ дэмжих уу, 30 мянган аж ахуй нэгжээ дэмжих үү. Тиймээс 20,30 жил улсдаа татвар төлсөн, ажлын байр бий болгосон аж ахуй нэгжүүдээ ганцхан удаа дэмжье гэж байгаа юм. Ингэхдээ аж ахуй нэгжүүдээсээ ганцхан удаа ард иргэд эрхийн бичгээр худалдан авалт хийх юм. Нэгэнт царцсан байгаа эдийн засаг эргэлтэд орох юм. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаа. Ядаж хөнгөлөлттэй зээл олгоё. Ковидын үеийн төсөв баталж байж вакцин худалдаж авах мөнгө суулгана. 20 тэрбум төгрөг вакцинд тавьсан гэж байгаа  боловч энэ коронавирусийн эсрэг вакцин биш.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:  Төсвийн хориг дээр би эсрэг байр суурьтай байгаа. Ковидоос шалтгаалаад хоёр сонголт бий болчихлоо. Нэгд, хамгаалалтаа сайн хийгээд бизнесээ хэвийн явуулах, хоёрт, хатуу хорио тогтоогоод бизнесээ зогсоох. Хэрвээ хоёр дахь замыг сонговол хямрал руу хөтөлнө. Төсөв дээр тавьсан бүх мөнгө дахин хуваарилалт хийгдэнэ. Төсвөөс гадуур хуваарилалт явж байгаа бол тэрнээсээ аж ахуй нэгжээ дэмжье. Түүнээс дөнгөж баталсан төсвөө задлах нь буруу.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: 897 мянга гаруй өрөхөд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг дэмжих ёстой. Бэлэн мөнгө тарааж байгаа юм ерөөсөө байхгүй. 800 мянган төгрөгийн эрхийн бичгээр үндэсний үйлдвэрүүдээ дэмжих, 900 мянган хүнийг өрхөөр нь дамжин дэмжих саналыг Ерөнхийлөгч оруулж ирсэн. АНУ хүнсний талон тарааж олон зуун хүнийг идэх хоолтой болгож байна. Манай Засгийн газар хүүхдийн мөнгөөр дамжуулж өрхийг дэмжиж байна гээд байгаа. Манай улсад 514 мянган хүүхэдтэй өрх байна. 366 мянга гаруй хүүхэдгүй өрх, 34 мянган өрх толгойлсон аав, ээж, 180 гаруй мянган өрх өдрийн орлогоороо амьдарч байна. Энэ хүмүүсийн амьдралыг нэг удаа шийдье.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Ерөнхийлөгч хоригоо бүхэлд нь тавьсан байна. бүхэлд нь тавьчихаар илүү улс төрийн зорилготой сэдэв болж хувирч байна. Хэрвээ хоригийг хүлээж авбал нэгдүгээр сар руу хэлэлцүүлэг явна. Ерөнхийлөгчийн саналуудыг ярихад учир дутагдалтай. Бид мөнгөн дүнгээр нэг сая төгрөг өгч болно. Гэхдээ бодит дүнгээрээ энэ мөнгийг өгч чадахгүй. Иргэд, аж ахуй нэгжээ аварч байна гээд улсаа алж болохгүй. Вакцин авах мөнгийг зээлнэ. Яаж ч ядарсан байлаа гэхэд вакцинаа авч чадах хэмжээнд байна. Олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн зээлээр вакцин авна гэж байна. Үүн дээр ядмаг улс төр хийгээд байгааг эсэргүүцэж байна. Яагаад төсөвтөө вакцины санхүүжилт тусгаагүй юм бэ.
Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан: Вакцин худалдаж авах талаар Ерөнхийлөгчийн хоригт дурдсан. Вакцин худалдаж авахаар Дэлхийн банкны төсөлд хамрагдаж байгаа. Энд хамрагдсанаараа оочер дайрч байгаа гэсэн үг. 2 сая вакцин гэдэг маш бага хэмжээний худалдан авалт болно. Магадгүй 180 орны сүүл рүү очно. Энэ төсөлд хамрагдсанаар 20 хувийн вакциныг үнэгүй авч байгаа. Бүх иргэндээ хамруулах боломжтой төсөв бүрэн тусгагдсан байгаа.
Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал, Биеийн тамир спортын зөвлөх С.Ламбаа: Олон улсын байгууллагаар дамжуулж вакцин авдаг тогтолцоог Монгол Улс Дархлаажуулалтын тухай хуулиараа хийсэн. Гэхдээ энэ хүүхдийн товлолын вакцинд л хамаатай болохоос бусдад нь ямар ч хамаа байхгүй. Олон улсын байгууллагаар дамжуулж бүх вакцинаа авчихна гэж байгаа бол үүн шиг худлаа юм байхгүй. ДЭМБ 192 орондоо бүгдэд нь нэг юм амсуулахаа бодно. Бид энэ зовлонг үзсэн хүмүүс шүү дээ. Их удахдаа 10-20 хувийг л өгнө. Бусдыг нь дандаа бид төсвийнхөө мөнгөөр авдаг. ЭМЯ-ны гаргасан судалгаагаар нэгж тунгийн үнийг 2-5 ам.доллар гэж тооцсон байна лээ. Тэгээд 50 сая ам.доллар гээд байгаа. Үнэн хэрэг дээрээ вакцины зарлагдаж байгаа үнэ нь 25-37 ам.доллар байна. Хоёр тун хийлгэхээр 400 орчим тэрбум төгрөг болно. Маш өндөр үнээр тээврийн зардал төлдөг. Тиймээс улсын төсөвт тодорхой хэмжээний мөнгө суулгаад аль хэзээ захиалгаа өгсөн байх ёстой. Ковидын вакцин жил бүр хэрэг болно. 20 тэрбум төгрөг жил бүхний төсөвт тусдаг. Бүгдийг нь гаднаас авдаг. Ийм байхад мөнгө суусан, суугаагүй гэж маргаад хэрэггүй. Бэлтгэл ажил ямар байна вэ. 300 орыг бэлэн бэлэн гээд байгаа. Гэтэл ямар ч бэлтгэл хангагдаагүй, барилга нь ч дуусаагүй юм билээ. Бэлэн байгаа Төрийн албаны эмнэлэг дээрээ тоног төхөөрөмжөө бөөгнүүлж оновчтой шийдвэрлэхгүй бол эрүүл мэндийн асуудал тоглоом биш. 300, 400 тэрбум төгрөг вакцин авахад хэрэгтэй гэдгийг мэдэх хэрэгтэй. Төгс эмчилгээний ганц арга вакцин байгаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн