Open iToim app
Эрүүл монгол | 3 мин уншина

Нойр яагаад чухал вэ

Нойр яагаад чухал вэ
Нийтэлсэн 2022 оны 6 сарын 14
Хүний бие махбодид хоол тэжээл хэрэгтэйн нэгэн адил нойр нь төрөлх зүйл, болзолгүй рефлекс юм. Хүнийг унтаж байхад уураг тархи амарч, дараах өдрийн ажилд энерги хуримтлуулан бэлтгэж байдаг. 
Хүн хэдэн цаг унтах хэрэгтэй вэ
Үүний хариуг эрдэмтэд одоог хүртэл олоогүй байна. Хүн хоногт дундажаар 6.5-7.5  цаг унтаж амрах нь яг тохирсон хэмжээ ажээ. 
  • Сая төрсөн нярай- 22-23 цаг 
  • 2-4 насны хүүхэд - дунджаар 15-16 цаг 
  • 4-7 насны хүүхэд - дунджаар 11-12 цаг 
  • 8-10 насны хүүхэд - 10-11 цаг 
  • 11-12 насны хүүхэд - 10 цаг 
  • 13-14 насны хүүхэд - 9.5 цаг 
  • 15-16 насны хүүхэд - 9 цаг 
  • 17-18 насны хүүхэд - 8.5 цаг 
  • Насанд хүрсэн хүмүүс - 7-8 цаг 
  • Хөгшид - 5-7 цаг унтахад л хангалттай аж. 
Харин үүнээс бага ба их унтах нь эрүүл мэндэд хортой болох нь олон улсын нойр, мэдрэл судлаачдын дүн шинжилгээгээр тогтоогджээ. Нойр дутуу явах юм уу, хэт их унтвал наад зах нь хүний анхаарал сулардаг байна. Энэ нь цаашлаад машин жолоодох, зам тээврийн хөдөлгөөнд оролцох үед илэрч осол гаргах эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.
Нойр муудвал яах вэ
Нойр дутуу явснаар мэдрэлийн ядаргаанд орж эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирно. Ядаргаанд орсон хүний үс шингэрч халцрахын зэрэгцээ царай алдан үрчлээтэж, үеийнхнээсээ түрүүлж хөгширдөг гэсэн судалгаа бий. Мөн сүүлийн үед бүх насныхны дунд өргөн дэлгэрээд байгаа альцхаймер (мартамхай болох, ой санамжаа алдах) өвчин тусах нь нойр муугаас шалтгаалдаг аж. Түүнчлэн багадаа бага унтдаг байсан хүүхдийн өсөлт удааширдагч бөгөөд нойр, өсөлт хоёр нь нягт холбоотой.
Нойр судлаачдын зүгээс шөнө нойр хүрэхгүй байгаа тохиолдолд дараах зөвлөгөөг өгч байна. 
  • Цагаа бүү хар 
  • Тухайн үед телевиз үзэх, ном уншихаас зайлсхий. 
  • Нойргүйдсэн үед маш олон бодол ар араасаа хөврөн урсдаг. Үүнийг таслан зогсоо. Юу ч битгий бод. “Би унтаж байна, би амарч байна” гэж өөрийгөө ятга. 
  • Эцэст нь их ч унтсан бай, бага ч унтсан бай өөртөө хангалттай унтаж амарсан гэдэг итгэлийг төрүүлэх нь чухал.
Гүн, сайн нойрсохын ач холбогдол
  • Урт наслах 
  • Ой тогтоолт сайжрах
  • Хавдрын эрсдлийг бууруулах
  • Стресс тайлах
  • Замын ослоос сэргийлэх
  • Турах
Нойргүйдлийн тухай
Нойрны эмгэгүүд дундаас хүн амын дунд хамгийн өргөн тархсан, эмнэлзүйн практикт эмч нарт хамгийн өргөн тархсан хэлбэр бол нойргүйдэл юм. Нойргүйдэл гэдэг нь унтаж чадахгүй нойр хүрэхгүй байх, нойрсох хугацаа багасах, хангалттай хугацаанд унтсан ч нойр өнгөц байснаас амарч чадалгүй сэрэх зэргээс болж өдрийн цагаар ядарч ажлын чадвар буурахыг хэлнэ. Архаг нойргүйдэл нь олон төрлийн шалтгаанаар бүрэлдэж, төрөл бүрийн зовиураар илэрдэг тул эмч нарт оношилогоо эмчилгээ хийхэд цаг хугацаа их шаарддаг эмгэг юм.  Нэг сараас дээш үргэлжилсэн нойргүйдлийг архаг гэх бөгөөд хэдэн хоногоос хэдэн долоо хоногоор үргэлжилсэн бол цочмог эсвэл шилжвэр нойргүйдэл гэнэ.
Эрсдэлт хүчин зүйлс: 
  • Нас 
  • Хүйс
  • Зарим эм, химийн бодис
  • Ээлжийн ажил 
  • Ажилгүйдэл, ядуурал
  • Бие махбод болон сэтгэцийн зарим эмгэг
Оношилгоо: 
  • Асуумж
  • Бодит үзлэг
  • Сэтгэцийн байдлыг үнэлэх тест
  • Полисомнографи 
  • Актиграфи  
Эмчилгээ: 
  • Сэтгэцийн болон бие хүнд чиглэсэн эмчилгээ 
  • Эмийн эмчилгээ
Эх сурвалж: Улсын хоёрдугаар төв эмнэлэг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн