Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Монголын скаутын холбоо, Хүүхдийн хөгжил, оролцооны үндэсний сүлжээтэй хамтран "Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын Хүүхдийн зөвлөлийн “Майхант” чуулганыг Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Тус “Майхант” чуулганд 21 аймаг, есөн дүүргийн хүүхдийн зөвлөл, хүүхдийн оролцооны байгууллагын төлөөлөл болох 550 гаруй хүүхэд оролцож Монголын хүүхдийн нэгдсэн зөвлөлийн дүрмийг хэлэлцэн батлах, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үзэл бодлоо илэрхийлсэн. Мөн чуулганд оролцогч хүүхдүүд өөрсдийн нээлттэй сонгуулийг явуулав. Үзэл бодол, хөтөлбөрөө танилцуулсан манлайлагч хүүхдүүдээс Монголын хүүхдийн зөвлөлийн тэргүүнээр М.Гарьдыг сонголоо.
Тэрээр, “Би энэхүү зөвлөгөөнд Монголын Улаан загалмай нийгэмлэгийг төлөөлж оролцож байна. Монголын хүүхдийн зөвлөлийн тэргүүн болно гэдэг маш том хариуцлага. Нийт сая гаруй хүүхдийг төлөөлж байгаа тул дээд албан тушаалдаа бодлогын зохицуулалт хийх маш том үүргийг хүлээж байна гэж харж байна. Энэ байгууллагыг анхлан байгуулж байгаадаа бахархаж байна. Тэргүүний төлөө хүүхдүүд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, юу хийхээрээ өрсөлдсөн. Миний мөрийн хөтөлбөрийн хувьд олон улсын хамтын ажиллагааг сайжруулах байсан. Бусад орны жишгийг харахад НҮБ-ын хүүхдийн төрөлжсөн байгууллагуудын хуралд хүүхдүүдийг илгээдэг. Монголд энэ тогтолцоо байхгүй учир системийг нь оруулж ирэх зорилтыг тавьсан. Мөн зорилтод бүлэг, тусгай хэрэгцээт хүүхдүүдийн төлөө үйл ажиллагаагаа явуулахаар зорьж байна” гэлээ.
Гурав хоногийн турш үргэлжилсэн чуулганы хаалтын үйл ажиллагаанд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа оролцсон юм.
![undefined](https://cdn.itoim.mn/media/imagel/38529/image.jpeg)
Тэрээ “Сүүлийн хэдэн жилд хүүхэд хамгаалал тал руу анхаарч төсөв хөрөнгө ч гэсэн тавьсан. Хүүхэд хөгжлийн асуудал маш чухалд тооцогдож байна. Иймээс Монголын хүүхдийн зөвлөлийг өөрсдийнх нь санаачилгаар анхлан байгуулж байгаа нь онцлог юм. 21 аймаг, есөн дүүргээс хүүхдийн оролцооны 17 байгууллагын гишүүн хүүхдүүд буюу хүүхдэд чиглэсэн төрийн бус байгууллагуудынхан оролцож байна. Эдгээр байгууллагууд нь нэг шүхэр байгууллагатай болохыг оны зааг дээр гаргасан. Хүүхдүүдийн хувьд Монгол Улсын хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого ямар байгаа болон үүнд хүүхдүүдийн дуу хоолойг хэрхэн оруулж, хүүхдүүдэд чиглэсэн бодлого шийдвэрийг хэрхэн гаргах, идэвхтэй оролцуулах, ямар арга хэмжээ явуулах тал дээр хүүхдүүд санаачилгатай орж ирж байгаад туйлын баяртай байна. Мөн сүүлийн үед зуслангийн үйл ажиллагаа нэлээд орхигдож, олон хүүхдийн зуслан хувьчлагдсан. Ингэснээр хүүхдийн хөгжил, оролцоонд чиглэсэн үйл ажиллагаа буурснаар хүүхдүүд чөлөөт цагаа буруу өнгөрүүлэх, цахим тоглоомд донтож байгаа тул зөвхөн төр засаг дангаараа гэлтгүй хувийн хэвшил, хүүхдүүд, төрийн бус байгууллагууд хамтарсан үйл ажиллагаануудыг зохион байгууллахаар болсон байгаа” гэв.
![undefined](https://cdn.itoim.mn/media/imagel/38530/image.jpeg)
Ийн Найрамдал цогцолборын гадна майхан барьж хоноглосон хүүхдүүд боловсролын орчин зөвхөн академик боловсрол эзэмштхээс гадна хүүхдийн хүмүүжил төлөвшлийн уурхай байх ёстой ч хичээлд дарагдаж, чөлөөт цаг үгүй, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчин бүрдээгүй байдаг гэх зүйлсийг ч ярьж байв.
Уг чуулганыг зохион байгуулагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Саранхүү “Бид энэ чуулганаар масс хүүхдийнхээ долоо орчим хувийг эзэлдэг эрсдэлт нөхцөлд байгаа хүчирхийлэл, дарамтад өртдөг хүүхдүүдэд бүхий л хүн, хүч нөөц цагийг зарцуулдаг байсан бол масс хүүхдийнхээ хөгжлийг дэмжих зайлшгүй шаардлагатай байна. Мөн хөгжлийг дэмжихийн тулд хүүхдийн бодит оролцоог дэмжих хэрэгтэй. Тиймээс энэхүү хүүхдүүдээр дамжуулан хүчирхийлэл дарамтад өртсөн хүүхдүүдэд эергээр нөлөөлөх, урьдчилан сэргийлэх, насанд хүрэгчдэд нөлөөлөхөд төрийн болон төрийн бус байгууллагууд хамтраад үр дүн гарна гэж найдаж байна” хэмээн ярилаа.