Талибаны зэвсэгт дайчид Кабул хотыг тайван замаар эзэлж, Афганистаны төрийн эрхийг 20 жилийн дараа эргүүлэн авлаа. Улмаар Афганистаны Ерөнхийлөгч асан Ашраф Гани эх орноосоо дүрвэснээр Талибаны дээд удирдагч “Мавлави” Хибатулла Ахундзада Афганистаны Исламын Эмират улсын Эмирт өргөмжлөгдөх нь тодорхой болсон юм.
Ийнхүү 20 жилийн турш үргэлжилсэн дайн тодорхой үр дүнд хүрэлгүй Мужахидин дайчдын ялалтаар өндөрлөлөө. Өнөөдөр Афганистаны ард түмэнд зөвхөн дайны хөлд балгас болж сүйдсэн хотууд, айдас дүүрэн хувь заяа үлджээ. Товчхондоо АНУ 2001 онд Афганистанд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш Осама бин Ладеныг хөнөөснөөс өөр үр дүнд хүрээгүй юм. Тиймээс Афганистаны нөхцөл байдал өмнө нь эхэлсэн яг тэр цэгтээ эргэн ирсэн гэж тодорхойлж болох юм.
Браун их сургуулийн тооцоолсноор АНУ-ын Засгийн газар Афганистан дахь цэргийн ажиллагаанд зориулж 2.26 их наяд ам.доллар зарцуулсан байна. Өөрөөр хэлбэл, энэ нь Вашингтон Афганистан дахь цэргийн ажиллагаанд 20 жилийн турш өдөр бүр 300 сая ам.доллар зарлагдсан гэх тоо юм. Хэрэв энэ хөрөнгийг Афганистаны ард түмэнд тараасан бол тус улсын 39.9 сая иргэн тус бүр 50 мянган ам.долларыг бэлнээр авах байжээ. Энэхүү дайны зардал нь Жефф Безос, Билл Гейтс, Элон Маск тэргүүтэй дэлхийн хамгийн баян 30 тэрбумтны нийт хөрөнгөөс ч их аж.
Харин Талибаны хувьд Пакистаны зэр зэвсгийн дэмжлэгийг авч, геройны хууль бус наймаанаас дайны санхүүжилтээ босгосоор ирсэн. Афганистан улс нь дэлхийн нийт геройны 90 хувийг дангаараа хангадаг бөгөөд хууль бус опиумын наймаа Талибаныг дэлхийн хамгийн их мөнгөтэй террорист байгууллага болгодог. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Талибанууд жилд 1.5 тэрбум ам.долларын орлого олдог гэж тооцсон байдаг. Үүний тал хувийг опиум болон байгалийн баялгийн орлогоос бүрдүүлдэг бөгөөд өөрсдийн бий болгосон татварын системээр жилд 160 сая ам.доллар олдог аж.
Хамгийн харамсалтай нь 20 жил үргэлжилсэн дайн Афганистаны армийн 65 мянган цэрэг, холбоотны эвслийн 3500 цэрэг, 4000 орчим гэрээт ажилтан, Талибаны 51 мянган босогч, Аль-Кайдагийн 2000 гаруй дайчин, Иракийн 2400 дайчин, 47 мянга гаруй энгийн иргэн, нийт 212 мянган хүний амь насыг авч оджээ.
Гэхдээ өнөөдрийг хүртэлх энэ нөхцөл байдал хэрхэн бүрэлдэж, Афганистаны ард түмэн чухам яагаад 20 жилийн турш үргэлжилсэн дайны төгсгөлд айдас дүүрэн хувь заяатай үлдэх болов гэдэг асуулт гарч ирнэ. Түүнчлэн цэрэг армийн хүчээрээ дэлхийд тэргүүлэгч их гүрэн чухам яагаад цэргийн хүч, техник, холбоотны тоо, эдийн засгийн хүчин чадлаараа эрс дутуу Талибануудад ялагдах болов?
ЗХУ 1979 онд Афганистаны коммунист дэглэмийг хадгалах зорилгоор тус улсад цэргийн ажиллагаа эхлүүлсэн. Зөвлөлтийн энэхүү алхам Вашингтон болон Москвагийн хооронд өрнөж байсан хүйтэн дайны шинэ эрэн үеийг эхлүүлсэн түүхтэй. Улмаар АНУ Афганистан дахь ЗХУ-ын цэргийн хүчний эсрэг Мужахидин босогчдыг санхүүжүүлэх замаар өнөөдрийн Талибаны суурийг тавилцсан байдаг.
ЗХУ 1989 онд Афганистанаас цэргээ гаргаснаар тус бүс нутагт эрх мэдлийн төлөөх иргэний дайн гурван жилийн турш үргэлжилсэн юм. Улмаар Афганистаны коммунист дэглэм 1992 онд нуран унахад Талибанууд Кандагар хотыг эзэлснээр томоохон эрх мэдэлд хүрсэн байдаг. Улмаар тэд 1996 онд Кабул хотыг эзэлснээр төрийн эрхийг авч, Афганистаныг Исламын Эмират улс болгон өөрчилсөн. Афганистан дахь Талибаны тэлэлт нь Осама бин Ладен тэргүүтэй алан хядах Аль-Кайда бүлэглэлд байр сууриа бэхжүүлж, орогнох таатай нөхцөлийг бүрдүүлсэн юм.
Хэдий Талибан болон Аль-Кайда нар үйл ажиллагааны хувьд хамтран ажилладаггүй байсан ч тэдний харилцаа нэг нь хамгаалалт, оргонол нөгөө нь улс төрийн дэмжлэг, санхүүжилт олгох байдлаар харилцан эрх ашиг дээр бат нэгдэж байв.
Улмаар Аль-Кайда бүлэглэл 2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-д террорист халдлага үйлдсэнээр Вашингтон тэр даруй Афганистанд цэргийн ажиллагаа эхлүүлсэн билээ. Тухайн үед АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Буш “Талибанууд Осама бин Ладеныг орогнуулсныхаа хариуг хүртэх болно” гэж байв.
АНУ болон холбоотны цэрэг богино хугацаанд Талибаны зэвсэгт хүчийг түрж, Кабул хотыг чөлөөлснөөр Афганистанд тогтвортой байдлыг бий болгох ажлыг өрнүүлж эхэлсэн. Ингээд 2002 онд Афганистан улсад анхны ардчилсан сонгууль явагдаж, Кандагар дахь Талибаны босогчдыг дарахад чухал үүрэг гүйцэтгэсэн Хамид Карзай Ерөнхийлөгчөөр сонгогдов. Түүнийг төрийн эрхэнд гарах үед 1979 оноос хойш дайны хөлд нэрвэгдсэн Афганистан улсад ердөө 50 километр хатуу хучилттай зам л үлдсэн байв. Дэд бүтэцийн энэхүү асуудал нь Афганистаны олон автономит үндэстэн, ястныг холбож, нэг засаг захиргаанд нэгтгэх түүний хүсэлд хамгийн том саад болж байв.
Ингээд Афганистаны хамгийн том дөрвөн хот болох Кабул, Кандагар, Герат болон Мазари-Шарифыг холбосон 3200 километр тойрог авто замыг АНУ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Япон, Иран болон Саудын Арабын 1.5 тэрбум ам.долларын санхүүжилтээр барьсан байдаг. Ийнхүү дэд бүтцийн асуудал шийдэгдсэнээр тээвэр, худалдаа, эрүүл мэнд, орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагаа сайжраад зогсохгүй холбоотны цэргийн эвслийн хангамж, дайны ажиллагаанд том давуу тал бий болсон юм.
Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш “Зам холбоо аж ахуй, бизнесийг бий болгодог. Бизнес, аж ахуй итгэл найдварыг бий болгодог. Итгэл найдвар бол айдас, харанхуйг ялах хүч” гэх алдарт үгээ хэлж байв.
Гэвч АНУ 2003 онд Иракт дайн зарлав. Улмаар Вашингтоны хувьд Афганистан Ойрхи Дорнод дахь хоёрдугаар асуудал болж хувирсан байдаг. Ингээд Афганистанд төвлөрөөд байсан АНУ болон холбоотны цэргийн эвслийн гол хүч, шилдэгэ удирдлага, хангамжийн дийлэнх хэсэг нь Иракийг зорьсон юм.
Улмаар Иракийн дайн Талибаны босогчдод Афганистан дахь эрх мэдлээ эргүүлэн олж авч, дахин хүчирхэгжих үүд хаалгыг нээж өгчээ. Ингээд 2009 он гэхэд Талибанууд Кабул, Кандагар, Герат, Мазари-Шарифыг холбосон авто замын дагуу эзлэн түрэмгийлэл явуулж, газар нутгаа үлэмж тэлсэн байна. Тухайн үед тэд авто замын бүтээн байгуулалтыг хорлон сүйтгэх, бөмбөгдөх ажиллагаа явуулж, холбоотны цэргийн эвслийн цуваа, хангамж болон замын барилгын ажилчдыг барьцаалж, хөнөөх ажлыг хийсээр Кандагараас Кабул хүрэх гол замыг хяналтдаа аваад байв. Ингэснээр Афганистаны өмнөд болон зүүн хэсэгтээ бүхэлдээ Талибаны мэдэлд шилжсэн юм.
Ингээд 2009 онд АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама Афганистан дахь цэргийн ажиллагааг эрчимжүүлж, 2011 он гэхэд Афганистан дахь тус улсын цэргийн тоог 100 мянга давсан юм. Бүс нутаг дахь холбоотны эвслийн цэргийн гол хүч Кандагар болон Афганистаны зүүн өмнөд хэсэгт төвлөрч байв. Гэвч эвслийн цэргийн хүч нэмэгдэхийн хэрээр Талибаны аялан хядах үйл ажиллагаа улам эрчимжсээр байсан юм. Энэ үед дөрвөн хотыг холбосон тойрог замын дийлэнх хэсэг сүйтгэгдэхийн зэрэгцээ барилгын ажилчдыг Талибанууд тогтмол онилох болсноос шалтгаалан гэрээт компаниуд цэргийн хамгаалалт хөлслөх болсон нь бүтээн байгуулалтын зардлыг огцом нэмэгдүүлсэн байдаг. Тухайлбал, Кабулаас зүүн зүгт орших Хост болон Пакита хотуудыг холбосон авто замын километр бүр нь 3 сая ам.долларын өртгөөр тавигдаж байжээ.
Улс орныг тогтвортой болгох гол бүтээн байгуулалтын төсөл бүтэлгүйтэж, зардал улам бүр нэмэгдэхийн зэрэгцээ холбоотны цэргийн үйл ажиллагаа төдийлөн үр дүнд хүрэхгүй байснаас шалтгаалан Цагаан ордны тэргүүн Барак Обама 2013 онд Афганистан дахь цэргийн тоогоо бууруулж, терроризмын эсрэг хийх дайн дууссан гэж мэдэгдсэн юм. Улмаар АНУ-ын цэргийн хүч галын шугамаас ухарч, Афганистаны армид зөвхөн дэмжлэг үзүүлэх болов.
Түүнчлэн Афганистаны ардчилсан эрх баригчид авлигалд ихээхэн идэгдэхийн зэрэгцээ, Дэлхийн банк тэргүүтэй бусад доноруудын дэд бүтцэд оруулсан 3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт үнс нурам болж хувирсан нь дээрх шийдвэрийг гаргах гол шалтгаан болж байв. Тухайлбал, 2016 онд хийгдсэн тусгай шалгалтаар 3200 километр авто замын 20 хувь нь сүйдэж, 80 хувь нь эвдэрсэн гэх дүгнэлт гарсан байдаг.
Ингээд 2015 он гэхэд Афганистан дахь АНУ-ын цэргийн тоо 11 мянга хүрч буурсан юм. Улмаар Талибанууд 2017 он гэхэд тус улсын нийт газар нутгийн тал хувьд нь хяналтдаа бүрэн тогтоосон байна.
Үүний дараа АНУ-ын эрх баригчид Ашраф Гани тэргүүтэй Афганистанд гурав дахь боломжийг олгохгүй байхаар шийдсэн байдаг. АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп 2017 онд “Бид дахиж эхнээс нь Афганистаныг барьж байгуулахгүй. Бид зөвхөн террористуудыг устгах болно” гэх үгээр асуудалд цэг тавьсан юм. Тэрээр 2020 оны хоёрдугаар сард Талибануудтай энх тайван тогтоох хэлэлцээр хийж, бүс нутагт Аль-Кайда болон бусад зэвсэгт террорист бүлэглэлийг хянан, үйл ажиллагааг нь хязгаарлах амлалтаар Афганистан дахь АНУ-ын цэргийн хүчийг бүр мөсөн татах тохиролцоо байгуулсан билээ.
Улмаар АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жой Байден 2021 оны дөрөвдүгээр сард Афганистан дахь АНУ-ын цэргийн хүчийг 2021 оны есдүгээр сарын 11 гэхэд бүр мөсөн татаж дуусна гэж мэдэгдсэн юм. Дийлэнх олон улсын ажиглагчид Вашингтон Афганистан болон Ойрхи Дорнод дахь цэргийн үйл ажиллагаагаа хумих болсон явдлыг 21-р зууны шинэ хүйтэн дайнтай холбон тайлбарладаг. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын стратегийн бодлого ч сүүлийн жилүүдэд бүхэлдээ Ойрхи Дорнод дахь терроризмын эсрэг дайнаас Энэтхэг-Номхон далайн бүс нутагт шилжиж, шинэ тутам улам хүчирхэгжсээр буй Бээжингийн зүгт чиглэх болсон билээ.