Open iToim app
Эдийн засаг | 3 мин уншина

'ТОП-100'-ийн хамгийн, хамгийн

'ТОП-100'-ийн хамгийн, хамгийн
Нийтэлсэн 2022 оны 5 сарын 24
Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран Монголын шилдэг ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулав. Сүүлийн хоёр жил цар тахалтай хүндхэн байсан ч ААН-үүд татвараа төлж, ажлын байраа хадгалж чадсан нь статистикаас харагдаж байна. Цар тахал гарахаас өмнөх 2019 онтой харьцуулахад ТОП-100 ААН-ийн татвар төлөлт бага зэрэг буурсан ч ажиллах хүчний тоо өсчээ. ТОП-100 аж ахуйн нэгж улсын татварын орлогын 47 хувийг буюу 5.3 их наяд төгрөгийн татварыг төвлөрүүлжээ. Мөн ТОП-100 аж ахуйн нэгжийн  эдийн засагт эргэлдүүлж буй мөнгө 35.4 их наяд төгрөг бөгөөд Монгол Улсын ДНБ-ий 82 хувьтай дүйцсэн байна. Жижиг ханган нийлүүлэгч нарыг оролцуулалтгүйгээр ТОП-100 аж ахуйн нэгж  99.1 мянган  ажлын байр бий болгожээ.   
ТОП-100 шалгаруулахдаа 2021 оны эцсийн байдлаар санхүүгийн байдал, улсад төлсөн татвар, ажиллагсдын тоо, ашиг, борлуулалтын орлого зэрэг таван гол үзүүлэлтийг нэгтгэн эрэмбэлдэг. Эдгээр таван үзүүлэлт бүрээр “ТОП-100”-гийн хамгийн, хамгийныг онцолж байна.
Хамгийн өндөр татвар төлөгч
“ТОП-100”-аас улсдаа хамгийн өндөр татвар төлсөн ААН-ээр Эрдэнэт үйлдвэр шалгарчээ. Тус үйлдвэр 2021 онд улсад 1.2 их наяд төгрөгийн татарын орлого төвлөрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрийн төлсөн татварын хэмжээ “ТОП-100” ААН-ийн төлсөн нийттатварын 10 гаруй хувийг дангаараа бүрдүүлжээ. Түүнчлэн, Эрдэнэт үйлдвэр айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс даах шийдвэрийг хэрэгжүүлж, 1.1 их наяд төгрөгийн санхүүжилтийг гаргасан юм. Үндсэндээ 2.3 их наяд төгрөгийн орлогыг улсдаа төлсөн гэсэн үг. 
Хамгийн өндөр борлуулалтын орлого
ТОП-100”-аас хамгийн өндөр борлуулалтын орлоготой ажилласан ААН-ээр Оюу толгой компани шалгарав. Тус компани 2021 онд хоёр орчим тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан нь түүхэн дэх хамгийн өндөр борлуулалтын дүн юм. Өнгөрсөн онд Оюу толгой компани ил уурхайгаас эрдсийн өндөр  агуулга хүдрийг олборлон, баяжуулж экспортолсон нь борлуулалтын орлого өмнөх жилүүдийнхээс өсөхөд нөлөөлсөн. Тус компани 2023 оны хоёрдугаар хагасаас далд уурхайн олборлолтыг эхлүүлснээр оргил үед борлуулалтын орлого хоёр дахин нэмэгдэж 5 тэрбум ам.доллар давах тооцоо бий.
Хамгийн олон ажлын байраар хангагч
“ТОП-100”-аас хамгийн олон даатгуулагчтай буюу ажилчдын тоо нь8000 мянга давсан үзүүлэлтээр Эрдэнэт үйлдвэр тэргүүлж, 6500 гаруй даатгуулагчтай Хаан банк удаалжээ. Даатгуулагчийн тоогоор ТОП-100-г тэргүүлж байгаа 10 компаний дөрөв нь банк, гурав нь уул уурхай, гурав нь үйлчилгээний салбарыхан багтсан байна.
Хамгийн өндөр ашиг
“ТОП-100”-аас хамгийн өндөр ашгийг хамгийн өндөр борлуулалт хийсэн Оюу толгой компани тэргүүлж, Эрдэнэт үйлдвэр удаалжээ. Гуравт, 291 тэрбум төгрөгийн ашгийн үзүүлэлтээр Хаан банк жагссан байна. Дөрөвт, үйлчилгээний салбараас Шангрила-Улаанбаатар Хотел ХХК хүч түржээ. Тус компани өнгөрсөн онд Эрдэнэс-Тавантолгой, Энержи ресурс зэрэг уул уурхайн акулуудаас ч ашигтай ажиллажээ. Монголын үйлчилгээний салбарынхан дундаа хамгийн өндөр ашгийг тэд үзүүлжээ.
Хамгийн их хөрөнгөтэй нь
“ТОП-100”-аас хөрөнгө /хөдлөх болох үл хөдлөх/-ийн хэмжээгээрээ төрийн өмчит компаниуд тэргүүлэв.
  1. Эрдэнэс-Тавантолгой
  2. Эрдэнэ Монгол
  3. Петрочайна Дачин тамсаг
  4. Эрдэнэт
  5. Оюу толгой нар тус тус эрэмбэлэгджээ.
Эрэмбийн дэлгэрэнгүй жагсаалтыг ЭНДЭЭС харна уу. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн