Засгийн газраас Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Чуулганаар хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр байнгын хороонд шилжүүлсэн юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.
-Хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтөөр банкуудын IPO зарлах хугацааг сунгах гэж байна. Та чуулганд үүнийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Яагаад вэ?
-Би дэмжихгүй байгаа. Банкуудын IPO зарлах хугацаа энэ оны зургадугаар сарын 31 байсан. Засгийн газраас энэ хугацааг нэг жилээр сунгана гэж оруулж ирсэн. Банкны тухай хууль жилийн өмнө батлагдсан. Банкууд болон Монголбанк бэлтгэл ажлаа хангах жил гаруйгийн хугацаа байсан. Энэ хугацаанд Богд банк IPO зарлаж, 30 тэрбум төгрөг босгосон. Одоогийн байдлаар Хаан, Голомт банк хүсэлтээ өгсөн байна. Огт хүсэлтээ өгөөгүй, хэр хэмжээнд ажил нь урагшилсан байгаа нь тодорхойгүй Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк хоёр байна. Тус банкууд бэлтгэл хугацаанд Монголбанктай яриад дарааллаа тохироод IPO-ийн бэлтгэлээ хангах боломж байсан.
Монголбанк, Засгийн газрын хэлж буй үндэслэл болох ОУВС-ийн зөвлөгөө, олон улсын геополитикийн асуудал, эдийн засгийн хямралт байдал зэрэг нь шаардлага хангахгүй. Үүн дээр нэмээд койн дээр гарсан туршлагыг ярьж байна лээ. Банкны хувьцаа гэдэг бол цаанаа баталгаажих хөрөнгөтэй. Койн шиг цаанаа ямар ч баталгаажих хөрөнгөгүй зүйл биш. Тиймээс койнтой ямар ч хамаагүй. Мөн активын чанарын үнэлгээ хийлгэнэ гэдэг асуудал гарсан. IPO хийхийн тулд активын чанарын үнэлгээ заавал хийх албагүй. Жишээлбэл, Богд банк бол ийм үнэлгээ хийгээгүй шүү дээ. Ингээд бид асуулт асуугаад, хариулт аваад хэлэлцэх хооронд хугацааг нь бүтэн жилээр биш богино хугацаанд сунгаж болох юм гэсэн хүсэлтийг тавьсан. Банкууд заавал хамгийн сүүлийн хугацаанд IPO хийх шаардлагагүй гэж үзсэн. Монголбанк энэ үйл явдлаар маш хариуцлагагүйгээ харууллаа. Сарын өмнө энэ асуудлаа оруулж ирж байгаа юм.
-IPO зарлах бэлтгэл ажлаа хангаагүй хоёр банк байна гэж үзээд байгаа. Үүний цаана тэд нээлттэй компани болох хүсэлгүй байна уу?
-Надад ч бас ийм хардлага байна. Би чуулганы үеэр асуусан. Та нарыг лоббидоод байгаа юм уу тэр хоёр банк гэж. Нэг нь бол улсын банк шүү дээ. Нөгөө банк нь лоббидоод байгаа юм уу гэдэг байдлаар асуусан. Мэдээж ил тийм ээ намайг лоббидоод байна гэж хэлэхгүй л дээ. Миний хувьд хүсэлгүй байна гэж хардаж байна. Анх энэ хуулийг бидний гишүүд өргөн барьж батлах явцад маш их дайралт ирж байсан. Дайралт нь шулуухан биш. Хуулийн энэ нь болохгүй байна, энэ нь болж байна гэж дайрах бус ажлын хэсэгт орсон гишүүдийг харлуулах ажлууд их явсан.
Энэ бүгдийг бид даваад банкны засаглалыг сайжруулах гэж хууль батлагдсан. Тэгэхгүй бол банкны зээлийн хүү буурахгүй, зардал өндөр байгаад байна. Олон эзэдтэй, олон хүн хувьцаа эзэмшиж байж засаглал нь илүү нээлттэй бөгөөд үргүй зардлуудыг бууруулах боломжтой юм. Ингэхээр иргэдийн нуруун дээр ирж буй зээлийн хүү буурна гэж харж энэ хуулийг баталсан.
-Активын чанарын үнэлгээ хийж байж IPO зарлана гэж мэдэгдсэн. Таны хувьд ийм үнэлгээг хийлгэх шаардлагагүй гэж үзэж байна?
-Заавал хийлгэх шаардлагагүй. Монголбанк өөрөө банкуудад хяналт тавьж, шалгаад явж байгаа шүү дээ. Монголбанкныхаа тухай хуулиар бүх асуудал дээр нь хяналт шинжилгээ хийгээд явж байна. Жил болгон банкуудыг шалгадаг бүхэл бүтэн газар ажилладаг. Тиймээс заавал хийх шаардлагагүй гэж үзээд байгаа юм. Яваандаа олон хувьцаа эзэмшигчтэй болоход Монголбанкнаас өөр хөндлөнгийн шинжээчдээр үнэлгээгээ хийлгэж болно. Ийм үнэлгээ хийхэд маш том зардал бас гарна. Тэр зардлыг хэн төлөх вэ. Төр төлөх юм уу, банк нь өөрөө төлөх юм уу. Энэ ойлгомжгүй байна.
-Банкуудын IPO хийх хугацааг сунгахад хохирч буй талууд бий юу?
-Бий. IPO-д оролцъё гээд энд тэндээс хөрөнгө босгосон, өөрийнхөө нэр нүүр, ур чадвараараа амлалт өгөөд хөрөнгө босгож бэлдсэн залуус бий. Энэ хүмүүс цуглуулсан хөрөнгийн хэмжээнээс хамаараад хохирол амсана. Зарим нь зээл авчихсан байж магадгүй шүү дээ. Зарим нь гадаадын хүмүүстэй хамтраад эсвэл гадаадын хөрөнгө оруулагч орох гэж байсан байж ч магадгүй. Цаг хугацаа гэдэг бол мөнгө. Өнөөдрийн үнэ цэн 2-3 сарын дараах дараах мөнгөний үнэ цэн хоёр өөр. Тиймээс их хурлаараа нэгэнт хэлэлцэнэ гээд шийдчихсэн учраас сунгах хугацааг аль болох богино л байлгах хэрэгтэй.
-Зарим УИХ-ын гишүүн банкуудын IPO-г одоо хийх цаг нь биш гэдэг байр суурь илэрхийлсэн. Та үүнийг юу гэж харж байна вэ. IPO зарлах нөхцөл нь яг бүрдсэн юм уу?
-Шийдвэр гаргахын тулд олон талаас нь харж бодох ёстой. Цар тахал, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа зэргээс чанаргүй зээлийн тоо нэмэгдэж байж магадгүй. Үүнийг дагаад банкны хувьцаа эзэмшсэн хүмүүст хохирол гарч магадгүй гэж яриад байгаа юм. Яг ийм үед банкууд хувьцаа гаргавал хувьцааны нэгж үнэ хямдрах магадлалтай. Эрэлт нь бага байна гэсэн үг. Тиймээс банкны үнэлгээ бага байж, иргэд хямд үнээр банкны хувьцааг эзэмших боломжтой. Эдийн засаг дандаа ийм байхгүй. Тодорхой хугацааны дараа нөхцөл байдал сайжирна. Тэр үед аж ахуй нэгжүүд сэргээд, иргэдийн чанаргүй зээл багасаад ирэхэд тухайн хувьцааны үнэлгээ нэмэгдэнэ. Өнөөдөр IPO хийвэл ард иргэд л хожино. Яахав банкны эзэд бага үнээр хувьцаагаа борлуулах болоод байгаа юм л даа.