Open iToim app
Анализ | 3 мин уншина

Монгол-Хятад холын замд итгэл хүлээлцэх нөхөр мөн эсэхийг харуулах айлчлал

Монгол-Хятад холын замд итгэл хүлээлцэх нөхөр мөн эсэхийг харуулах айлчлал
Нийтэлсэн 2022 оны 11 сарын 28
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урд хөршид хийх хоёр өдрийн айлчлал өнөөдөр албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн айлчлал нь өнгөрсөн есдүгээр сард Узбекистаны Самарканд хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар Монгол-Орос-Хятадын төрийн тэргүүн нар гурван талт уулзалт хийснээс хойш У.Хүрэлсүх, Ши Жиньпин нарын анхны уулзалт гэдгээрээ онцлог.    
Энэхүү дээд хэмжээний айлчлалын хүрээнд төрийн тэргүүн БНХАУ-ын даргатай албан ёсны хэлэлцээ хийж, Монгол-Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Мөн талууд хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргаж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурж баталгаажуулах юм.
Хамгийн сүүлд, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2019 онд БНХАУ-д айлчилж, цар тахалтай тэмцэх үйлсэд хувь нэмрээ оруулах үүднээс 30 мянган хонь хандивлаж байв. Монголын ард түмний сайхан сэтгэлийн хандивын хариуд урд хөрш ковидын хязгаарлалтаа тодорхой хэмжээнд сулруулж, хилийн гацаа, худалдаа идэвхжихэд томоохон хөшүүрэг болж байв.
Тэгвэл У.Хүрэлсүх ирэх онд эдийн засаг өнөөгийнхөөс ч хүндэрч болзошгүй, магадгүй хямралд өртөх талаар мэргэжилтнүүд анхааруулах болсон эгзэгтэй үед Бээжинд айлчилж байна. Тухайлбал, ОУВС өнгөрсөн есдүгээр сард Монгол Улсын 2023 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 5 хувиас 4 хувь болгон бууруулсан. Тиймээс Ерөнхийлөгчийн урд хөршид хийж буй айлчлалаас гарах үр дүн эдийн засагт тун чухал ач холбогдолтой.
Монгол Улс ирэх онд нийт эдийн засгийн 65 хувьтай дүйх буюу 10 тэрбум ам.доллар, ирэх гурван жилд ДНБ-тэй тэнцэх хэмжээний буюу 13.3 тэрбум ам.долларын гадаад өр төлөх хуваарьтай. Үүнээс өнөөдрийн хувьд хамгийн чухал нь ирэх долдугаар сард төлөх хуваарьтай Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан 15 тэрбум юанийн своп хэлцэл юм. Учир нь, Засгийн газар 500 сая ам.долларын Гэрэгэ бондыг дахин санхүүжүүлснээр ирэх онд Хөгжлийн банкны 500 сая ам.долларын Евро бонд болон 30 тэрбум иений Самурай бондын өр төлбөр үлдсэн. Хэрэв Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийг сунгаж чадахгүй нөхцөлд өнөөгийн гадаад валютын албан нөөцөөр ирэх онд өрөө хаах боломж тун хомс харагдаж байгаа юм.
Монгол Улсын гадаад валютын албан нөөц он гарснаас хойш 36.19 хувь буурч, 2.78 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ утгаараа Ерөнхийлөгчийг айлчлалаас хүлээх хамгийн том үр дүн яах аргагүй своп хэлцэл болж байна.
Дашрамд дурдахад, энэ онд манайхаас хоёр дахин бага өр төлөх ёстой Шри-Ланка улс өнгөрсөн дөрөвдүгээр сард гадаад өрийн эргэн төлөлтөө хийх боломжгүйд хүрч, дефолт зарласан.  
Хэдий манай улс өрийн менежмент ахицтай харагдаж байгаа ч инфляц 14.5 хувьд хүрч, ам.долларын эсрэг төгрөгийн ханш 16.6 хувиар суларч, экспортын үзүүлэлт тааруу байгаа нь өрийн дарамтад хөндүүр болж буй. Манай улсын нийт экспортын 90 гаруй хувь Хятадаас хамааралтай. Өөрөөр хэлбэл, бид олж байгаа 100 төгрөг тутмынхаа 90-ийг нь урд хөрштэйгөө худалдаа хийж олдог. Төрийн тэргүүний БНХАУ-д хийх айлчлалаар хоёр улсын хилийн боомтуудын хүчин чадлыг сайжруулах. Тэр дундаа, нэн тэргүүнд Зүүнбаян-Ханги, араас нь Тавантолгой-Гашуунсухайт төмөр замуудын хилийн холболтын цэгийг тохирч, нүүрс, уул уурхайн экспортын хэмжээг нэмэгдүүлэх асуудал нэн тэргүүнд яригдах нь гар гарцаагүй.
Монгол-Хятадын гадаад худалдааны нийт эргэлт цар тахлын өмнө 12 тэрбум ам.доллар давж байв. Гэвч ковидын хүндрэл, хил гааль, тээвэрлэлтийн гацааны улмаас хоёр улсын худалдааны эргэлт 40 хувиар буурууд байгаа. Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх хамгийн чухал хөшүүрэг нь гадаад худалдаа гэх өнцгөөс манай тал боомт, төмөр замын асуудлуудаа хөдөлгөхийн зэрэгээ худалдааг хэвийн түвшинд аваачих асуудал зайлшгүй хөндөгдөх биз.
Гэвч манай хөрш 30 мянга хонь бэлэглэж, Ерөнхий сайд нүүр буруулалгүй Бээжингийн олимпод оролцсон зэрэг романтизмаар гадаад харилцааг хийдэггүй. Улс төр, гадаад харилцаа, эдийн засаг, нийгмийн бүхий л салбаруудад харилцан ашигтай байх нь тэдний гол зарчим. Үүнд, ШХАБ, Хятадын асуудлаарх НҮБ дахь манай улсын байр суурь тэргүүтэй маш олон асуудал бий. Үнэн хэрэгтээ, “Хоёр орны хамтын ажиллагаа. Найрсаг хөрш. Сайн харилцаа” бол дипломат үгс гэдгийг бидний хэн хэн нь мэднэ. Тиймээс бид тэдний төлөвлөгөө, алсын замын зурагт багтсан холын замд итгэл даах нөхөр хэвээр байгаа эсэхийг харуулах чухал айлчлал эхэллээ.
Life is confusing at this point...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн