ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга П.Наранбаярыг намын гишүүд нь огцруулж оронд нь өөр хүн томилсон талаараа мэдээлэл хийсэн. ХҮН-д болж байгаа асуудлын талаар тус намын Нийслэлийн намын хорооны дарга П.Наранбаяраас тодрууллаа. ХҮН-аас өчигдөр НИТХ-ын сонгуульд оролцох 27 нэр дэвшигчийг зарласан юм.
-ХҮН-аас НИТХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ зарлалаа. Та бүхэн сонгогдвол ямар ажлуудыг хийх вэ, нийслэл хотод тулгамдаад байгаа асуудлуудад ямар арга хэмжээ авах вэ?
-Бидэнд өдөр тутам тулгамдаж, бидний бухимдлыг төрүүлдэг түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол, хог, цэвэр усны хангамжийн асуудал гээд их зүйл байна. Үүнийг мэргэжлийн баг орж ирж шийдэх ёстой юм. Манай нэр дэвшигчид бол мэргэжил, мэргэжилдээ эзэн болсон залуус. Манай намын мөрийн хөтөлбөрт тусгасан тодорхой бодлого бий. Хэрвээ ХҮН орон нутгийн сонгуулиар олон суудал авч чадвал үүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.
-Танай намын зарим гишүүн таныг Нийслэлийн намын хорооны даргаас огцруулж оронд нь өөр хүн томилсон талаараа мэдээлэл хийсэн. ХҮН анхан шатны 172 үүртэй. Эдгээр нь таныг дэмжихгүй байгаа гэсэн. Та үүнд тайлбар өгч болох уу?
-Энд манай нам албан ёсны мэдэгдлээ гаргасан байгаа. Энэ нь угаасаа хууль бус. Тэр хүмүүс ХҮН-ын гишүүд биш. Ийм утгагүй юм хийж болохгүй. Явуургүй, увайгүй улс төрөө болих хэрэгтэй. Бид хуулийн дагуу л явна. Тэр нөхөд үнэхээр тийм юм бол биднийг УИХ-ын сонгуульд орж байхад ийм зүйлээ ярихгүй яасан юм. Биднийг бодлогоо боловсруулаад Нийслэлийн аудитын газар өгөөд нийслэлийн сонгуульд оролцох тогтоолоо авч байхад ингэж дуугарахгүй яасан юм. Гэнэт гарч ирж байгаа нь сонин байна.
-Та тэдний цаад зорилгыг юу гэж харж байна вэ?
-Олон юм хэлээд яахав. Энэ бол увайгүй үйлдэл.