ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Микробын Нийлэгжлийн лабораторийн эрдэм шинжилгээний дэд ажилтан П.Сайнбилэгтэй ярилцлаа.
-Биологийн хүрээлэнгээс шар тосоор саван хийх судалгаа, шинжилгээний ажлыг 2017 оноос хойш хийсэн гэсэн. Хүмүүс саван хийх судалгааны ажлыг ийм удаа хийсэн гэж үү хэмээн гайхаж хүлээн авч байна л даа?
-Саван нь арьсны нүх сүвээр шингэж, цусны урсгалд орсноор бидний бодисын солилцоонд нөлөөлж байдаг учраас харшлын сорил тестүүд тавих, орц болгоны өөр хоорондоо зохицож байгаа нийлэмжийг тогтоох, орцын хэмжээ, балансыг тодруулах гэх мэт тохиромжтой тунг олоход нэлээдгүй хугацааг зарцуулсан. Шинжлэх Ухааны Академийн Инновацийн хэлтэс, МУИС-ийн Бизнесийн сургуультай хамтран 2018 онд “Эрдэм Хакатон” хэмээх судалгаа хийж буй сэдвээ хэрхэн инновацийн бүтээл болгох тухай сургалт, тэмцээн зохион байгуулагдсан юм. Тус сургалтын хүрээнд манай лаборатори гурван бүтээгдэхүүний санаа, prototype-ийг танилцуулж байсан. Тодруулбал, замгийн орцтой саван, Барагшун, Бүтээмжит бичил биетний гаралтай бордоо хийх судалгааг бүтээгдэхүүн болгож урьчилсан байдлаар танилцуулж байсан. Мөн лабораторийн дэргэд гарааны “Био-Увидас” старт-ап бий болсон нь бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нөлөөлж байна.
-Хүмүүс гэртэй ч саван хийдэг. Тэгвэл танай савангийн ялгаа, онцлог, ач тус нь юу юм бэ?
-Юун түрүүнд саванд ямар орц найрлагатай бүтээгдэхүүн байгаа вэ гэдгийг тайлбарлах нь зөв байх. Бид нар дэлгүүрт ороод хамгийн гоё үнэртэй, тод өнгөтэй, сайн хөөсөрдөг саванг сонгож, хэрэглэх дуртай байдаг шүү дээ. Гэтэл хамгийн хурц үнэртэй, өнгөтэй байх тусмаа химийн нийлэг буюу синтетик найрлага их орсон байдаг юм. Тэгвэл манай саванд өнгө хувиргагч будаг огт ороогүй, химийн бодисоор хийсэн үнэр байхгүй. Үнэрийг бид мод, ургамлын эфирийн тосыг ашиглан гаргадаг. Эфирийн тос гэдэг нь тухайн ургамалд маш бага хэмжээгээр байдаг үнэрт охь юм. Энэ нь арома терофи буюу үнэрээр эмчлэх, тайвшруулах, өвдөлт намдаах болон бактерийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Бидний тогтмол хэрэглэдэг бактерийн эсрэг саван нь химийн бодисоор бактерийг устгадаг бол манай саван байгалийн гаралтай эфирийн тосоор бактерийн эсрэг үйлчилгээг үзүүлдэг гэсэн үг. Мөн саванг халуун, хүйтэн гэсэн аргаар хийдэг. Бид хүйтэн аргаар савангаа хийдэг бөгөөд ингэснээр уусалт удаан болдог. Хүйтэн аргаар хатаахад 20-30 хоног зарцуулдаг юм. Дэлхийн органик бүтээгдэхүүний нийгэмлэгээс хүйтэн аргыг ашиглан саван хийхийг зөвөлдөг учраас уг аргыг сонгосон.
-Саван хэдэн төрөлтэй бэ?
-Барагшунтай, шар тостой, сүүлний тостой, бактерийн эсрэг, кофены шаартай гуужуулагч органик саван гэсэн төрөлтэй байгаа. Эдгээрийн онцлогийг тайлбарлавал, барагшуныг нөсөө толбо арилгадаг гэдгийг уламжлалт анагаах ухааны эртний судруудад бичсэн байдаг ба бактерийн эсрэг үйлчилгээтэй. Харин шар тостой саван нь байгалийн антиоксидант болон CLA, омега 3,9 болон витамин A, D, E, K- гаар баялаг учир хүний биед маш сайн шингэдгээрээ давуу талтай. Ер нь хүмүүс тосны чанарыг шалгахдаа тасалгааны температурт царцахгүй байгааг нь л сонгож байх хэрэгтэй. Харин сүүлний тостой саван нь нярай хүүхэд болон харшламтгай, эмзэг арьстай хүмүүст илүү тохиромжтой бөгөөд арьсыг зөөлрүүлж, тайвшруулах үйлчилгээтэй. Тэгвэл кофены шаартай саван нь хүмүүсийн мэдэж байгаагаар үхэжсэн арьсыг гуужуулах бөгөөд сүүлний тос хольсон учир арьсыг зөөлрүүлэх давхар үйлчилгээтэй.
-Эфирийн тос бактери устгадаг байх нь ээ?
-Тийм ээ. Манай саванд ашиглаж байгаа эфирийн тос нь бактерийн эсрэг идэвхтэй бөгөөд ер нь бактери устгана гэдэг нь бактерийн өсөлт үржилтийг дарангуйлж зогсоож байгаа үйл явц юм.
-Танай саван органик бүтээгдэхүүний тоонд орж байгаа. Энэ нь мэдээж хэрэг орц найрлагаасаа хамаарч байгаа байх л даа. Тэгвэл органик бус саванд ямар бүтээгдэхүүн ордог болохоор худалдаалахыг хориглодоггүй хэрнээ хэрэглээд байдаг юм бол?
-“FDA-Food and Drug Administration” хэмээх байгууллагаас “ямар нэгэн тосон дээр натрийн шүлтийг нэмснээр саван болно” гэж тодорхойлсон байдаг. Ингэснээр биохимийн саванжих урвал явагддаг. Нэг ёсондоо тосон дээр натрийн шүлт /NaOH/-ийг нэмснээр саванжих урвал хэмээх химийн процесс явагдаж саван болдог гэсэн үг. Ингээд хэрэглэгчдийн дуртай өнгө, үнэр, хөөсрөх гэх мэт химийн бодисыг нэмдэг юм. Энэ нь ихээхэн хортой биш ч олон удаагийн хэрэглээгээр эмзэг мэдрэмтгий арьстай хүмүүст харшил үүсгэх магадлалтай.
-Хаана зарагдаж байгаа бол үнэ хэд вэ?
-Цагаан сарын үзэсгэлэн худалдаа болдог Мишээл экспо, Дүнжингарав худалдааны төвд борлуулахаар болсон. Мөн бид өөрсдийнхөө дотоод нөөц боломжийг ашиглан хүргэлттэй болгож байгаа. Түүнчлэн хүрээлэнгээс ирээд шууд авч болно. Үнийн хувьд цагаан сарын үзэсгэлэнгийн үеэр түрээсийн мөнгө нэмэгдэх байх.
-Иргэд хувийн үйлдвэр болон иргэд ийм төрлийн саванг хэдэн жилийн өмнө гаргачихсан байхад ШУА-аас одоо л саван гаргаж байх юм гэсэн сэтгэгдэл илэрхийлэх болсон. Энэ тухайд тайлбар өгөөч?
-Манай шинжлэх ухааны байгууллага долоо хэмжиж нэг огтлох зарчмаар л ажилладаг. Бид арга зүйгээ хянуулна, туршилтаа танилцуулна, тэрхүү туршилтаа бүтээгдэхүүн болгоно гээд шат дамжлага ихтэй ажилладаг. Сүүлийн үед манай инновацийн хэлтсээс судалгаа шинжилгээнийхээ үр дүнг бодит биелэл болгож, бараа бүтээгдэхүүн хийхийг зөвлөж, дэмжих болсон. Хуучин бид судалгаагаа хийгээд, бүтээлийн эрх аваад л өнгөрдөг байсан шүү дээ. Харин одоо нэг шат ахиж үйлдвэрлэдэг болоод байгаа нь энэ. Ер нь шинжлэх ухааны үндэслэлтэй, мэдлэг шингэсэн, туршилт судалгааны үр дүнд бий болж байгаа гэдгээрээ онцлог биологийн идэвхтэй органик бүтээгдэхүүнийг гаргадаг. Би хувь хүний хийж буй бүтээлийг үгүйсгэмээргүй байна л даа. Гэхдээ хяналт шалгалт тааруу байдгаас химийн орц найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэдэг байхыг үгүйсгэхгүй. Ер нь дэлхий нийтээр аль болох л органик бүтээгдэхүүн хэрэглэх хандлагатай болсон. Манай иргэд саван хийх аргаа сурчих л юм бол бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглээд ялгаж хаядаг өөх, тосоор саван гаргаж авч болно. Тодруулбал, бид зун сүүгээ хөөрүүлж өрмөө авчихаад түүнээс шар тос гаргаж авдаг, мөн дотор гэдэснээс маш их тос, өөх гардаг, малынхаа махнаас өөхийг нь ялгаж хаяад байдаг шүү дээ. Дайвар бүтээгдэхүүн худалдаалдаг, хиам, нухашны цехээс маш их хэмжээний өөх гардаг. Түүгээр гар, нүүрний саван хийх боломжгүй ч барааны саван хийхэд тохиромжтой. Уг нь өөрсдөдөө байгаа түүхий эдийг ашиглан дотооддоо үйлдвэрлэл явуулах юм бол манай улсын хөгжилд ч тус болно шүү дээ. Үүнийг харахаар бидэнд түүхий эд нь бэлэн байгаа учраас хийх аргаа л сурчих юм бол гэртээ ч саван хийх боломжтой байгаа биз. Тэгэхээр хувь хүн, үйлдвэрлэгчид саван хийж байгаа нь хүмүүсийн органик бүтээгдэхүүний мэдлэг нэмэгдэж, эрүүл мэнддээ анхаардаг болсныг харуулж байна.
-Ер нь танай лаборатори цаашид ямар зорилготой ажиллаж байгаа бол?
-Бид гарааны “Био-Увидас” хэмээх старт-ап компаниа хөгжүүлж, савангийнхаа үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг хүсч байгаа. Мөн шингэн саван, гар ариутгагч хийнэ. Гар ариутгагч нь спиртийн хандтай биш эфирийн тосныхоо бактерийн эсрэг идэвхэд суурилсан байгалийн гаралтай бүтээгдэхүүн хийх бодолтой байна. Түүнчлэн бүтээмжит бичил биетний гаралтай био бордоог үйлдвэрлэлд нэвтрүүлж бичил хүлэмжийн аж ахуй эрхлэгч, зуслангийнхаа хашаанд төмс, ногоо тарьж байгаа хүмүүс, газар тариалан эрхлэгчдэд таниулахаар ажиллаж байгаа.
-Ярилцсанд баярлалаа. Танай багт амжилт хүсье.
Хаяг: ШУА-ийн Биологийн хүрээлэн БЗД, Энхтайвны өргөн чөлөө 54Б
Утас: 99269669, 91055009, 88627228, 89909521