avatarIcon

Тэд бидний тухай | 2 мин уншина

Евразийн эдийн засгийн холбоо Монгол Улстай чөлөөт худалдааны бүс байгуулна

Евразийн эдийн засгийн холбоо Монгол Улстай чөлөөт худалдааны бүс байгуулна
Нийтэлсэн 2020 оны 10 сарын 8

Евразийн эдийн засгийн комиссын Удирдах зөвлөлийн даргын зөвлөх Ия Малкина Евразийн эдийн засгийн холбоо Индонез болон Монгол Улстай хоёр талт чөлөөт худалдааны бүс байгуулах боломжийг судалж байна гэж мэдэгдлээ.

Тэрээр лхагва гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Одоогоор эдгээр хоёр улстай чөлөөт худалдааны бүсийн талаар яриа хэлэлцээрт орох шийдвэр хараахан гараагүй байна. Гэсэн ч Монгол болон Индонезийн талуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах асуудлаар аль хэдийн хамтарсан ажлын хэсгүүд байгуулагдан нарийвчилсан судалгааг хийж эхэлсэн” гэсэн юм.

Евразийн эдийн засгийн холбоо буюу зүүн Европ, төв ба баруун Ази тивийн эдийн засгийн хамтын ажиллагааны тус байгууллага нь 2014 онд ОХУ, Казахстан болон Беларусийн төрийн тэргүүн нарын санаачилгаар байгуулагдсан түүхтэй. Өнөөдрийн байдлаар Евразийн эдийн засгийн холбоо ОХУ, Казахстан, Беларусь, Армени болон Киргизстан гэх хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Балтийн тэнгисийн таван орны гишүүнчлэлээс бүрддэг. Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко энэ онд тус холбоог даргалж байгаа бөгөөд 2021 онд Казахстаны Ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев, 2022 онд Киргизстаны Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков, 2023 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар тус тус даргалах юм.

Евразийн эдийн засгийн холбоо Монгол Улстай чөлөөт худалдааны бүс байгуулна

Харин Евразийн эдийн засгийн холбооны шийдвэрийг гүйцэтгэх гол байгууллага болох Евразийн эдийн засгийн комисс нь 2012 онд мөн л ОХУ, Казахстан болон Беларусийн төрийн тэргүүн нарын санаачилгаар байгуулагдсан бөгөөд 2010 онд байгуулагдаж байсан хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүн дэх улс орнуудын Гаалийн холбоог өөртөө нэгтгэн, бүх эрх мэдлийг нь шилжүүлэн авсан байдаг. Тухайн үед, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Балтийн хойгийн Европын холбооны гишүүн гурван орноос бусад бүх ЗХУ бүрэлдэхүүнд багтаж байсан улсуудын Гаалийн Холбоог томруулах зорилго тавьсан гэж мэдэгдэж байсан юм.

Тиймээс барууны орнууд Евразийн эдийн засгийн холбоо нь Европын холбоо шиг бүрэн эрхт, тусгаар тогтносон улс орнуудын хүчирхэг, үндэсний дээд холбоо болж, эдийн засаг, хууль эрхзүйн систем, гаалийн алба, цэргийн чадавхыг нэгтгэх замаар бүс нутагт Европын Холбоо болон АНУ-ын тэнцвэрийг хангах зорилготой гэж үздэг. Өөрөөр хэлбэл Евразийн эдийн засгийн холбоо алсдаа бүс нутгийн хувьд Европын холбооны хамгийн том өрсөлдөгч юм.

Бүс нутгийн бусад орнуудын хувьд Евразийн эдийн засгийн холбоо Тажикстан улсыг гишүүнчлэлээр элсэхийг урьсан бөгөөд Душанбегийн эрх баригчид ч элсэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Харин Узбекистаны эрх баригчид ОХУ-ын интеграцчлах бодлогыг сөрөн Европын холбоонд нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг. Гэсэн ч Узбекистан дахь ОХУ, Киргизстан болон Тажикстаны нөлөө, худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаатай холбоотойгоор Ташкентад ойрын ирээдүйд Евразийн эдийн засгийн холбоонд нэгдэх шахалт ирнэ гэж ажиглагчид үздэг. Харин манай улс энэхүү холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар холбооны гишүүн орнуудтай гааль, татварын хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдаа хийх боломж нээгдэх юм.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн