Сүүлийн хэдэн жил бүхий л зүйлс цахим руу шилжсэнтэй холбоотой нүдний хараа муудах асуудал гарах болсон. Иймд Sun Medical Ub Center эмнэлгийн нүдний эмч М.Билгүүнтэй ярилцлаа.
-Сүүлийн үед иргэдийн хараа муудах нь ихсэж байна. Тэр дундаа хүүхэд, залуучуудын дунд их байгаа нь юутай холбоотой байна вэ?
-Хүний хараа муудах нь олон шалтгаантай. Хамгийн их нөлөөлж байгаа нь дэлгэц гэж болно. Гэхдээ энэ нь даяаршилтай холбоотой гэж үздэг. Учир нь, хотжилт үүссэнээр холын зүйл харахаас илүүтэй ойрын зүйлсийг харж, жижиг өрөө тасалгаанд байснаар үүсч байна. Уг нь холын юм харснаар нүд амарч, эрүүл байдаг бол ойрын хараанд байнгын ачаалал авч, хашигдмал орчинд байх нь хараанд их нөлөөлдөг. Сүүлийн хоёр жил ковидтой холбоотойгоор гэрээс гарахгүй, хөдөө явахгүй гэртээ утас, компьютер ширтэж байгаа нь хараа муудах шалтгаан болсон. Компьютер, утаснаас ялгарах туяа хортой гэж үздэг ч түүнээс илүүтэй ойрын хараандаа их ачаалал авсантай холбоотойгоор хараа муудаж байна.
-Хараа муудсан тохиолдолд ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?
-Хараа муудсан тохиолдолд шууд шил зүү гэж зөвлөхгүй. Заавал үзлэг хийсний дараа шийднэ. Учир нь, ойрын хараанд байнга ачаалал авсан тохиолдолд нүдний фокус тааруулдаг бичил булчингууд чангарч, суларч чаддаггүйтэй холбоотой холын хараа мууддаг. Харин холын зүйлс харвал тэрхүү жижиг булчингууд амарч байдаг. Хараа муудаж эхэлж байгаа тохиолдолд холын зүйлсийг харуулж, булчин суллах дусаалга хэрэглэвэл шил зүүхгүй байх боломжтой. Зөв дэглэмийг баримталж чадвал хараа хэвийн болох боломтой. Үүнийг хуурамч хараа муудалт гэж нэрлэдэг.Харин жинхэнэ хараа муудалттай хүнийг шилийг нь зүүлгэж, шил зүүх сонирхолгүй хүнд линзийг нь тааруулж зүүлгэхээс өөр эмчилгээ байхгүй. Ерөнхий хараа муудах тал дээр хүний дэглэм хамгийн чухал. Олон улсын 20, 20, 20-ийн зөвлөмж гэж байдаг. Энэ нь 20 минут ойрын харааны ачаалал авах тутамдаа 20 секунд 20 алхамын цаадахыг харж нүдээ амраах зөвлөмж юм.
Мөн нэгэнт төвлөрч аливаа зүйлсийг хийж эхэлсэн тохиолдолд 20 минут тутамд нүдээ амраагаад байж чаддаггүй шүү дээ. Тиймээс нэгээс хоёр цаг тутамд 4-5 минут нүдээ амраах нь хараа муутай хүний хараа улам муудхаас сэргийлнэ, хараа сайтай хүнд хуурамч хараа муудалт үүсэхээс сэргийлнэ.
-Харааны шилээ тодорхой хугацаанд зүүхгүй байвал хараанд нөлөөлөх уу. Улам муудах ч юм уу?
-18 хүртэлх өсөлт явагдаж буй хүүхдүүдийн хувьд харааны шил зүүх шаардлагатай гэдэг нь тогтоогдсон тохиолдолд бага хугацаанд ч гэсэн зүйхгүй байх нь хараанд нөлөөлж муудах боломжтой. Харин насанд хүрэгчдийн хувьд ажил мэргэжил болон өөрийн хэр хараа муудалттай, нүдэндээ авах ачааллаас хамаарч заавал байнга зүү гэж хэлдэггүй. Тохирсон зөвлөмжийг өгөх нь чухал. 1-2 сар шилээ зүүхгүй байсан тохиолдолд хараа муудах албагүй.
-Компьютерын хамгаалалтын шил зүүх нь хэр үр дүнтэй вэ?
-Өмнө нь бид дөрвөлжин өргөн дэлгэцтэй компьютер, зурагт үздэг байсан. Эдгээр нь диод ялгаруулдаг байсан. Энэ нь маш хортой үүнээс хамгаалах шил зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Гэхдээ одооны иргэдийн хэрэглэж буй лед, LCD дэлгэцүүдээс диод ялгарах нь больж, нам цэнхэр туяа ялгардаг болсон. Нам цэнхэр туяа нь олон жилийн турш тасралтгүй нүдэнд орж ирсэн тохиолдолд насжилттай холбоотой шар толбоны өөрчлөлт гэх эмгэг үүсгэх магадлалтай. Зарим судалгаанд цэнхэр туяаг ямар ч эмгэг үүсгэдэггүй гэж тодорхойлсон байдаг. Тиймээс ажлын шаардлагаар олон цагаар компьютерын ард суусан тохиолдолд зүүж болно. Зүүх сонирхолгүй бол зүүхгүй байсан болно.
-Нүдний дусаалга хэрэглэхийн ач тус гэвэл?
-Нүдний эмч нарын зөвлөдөг зүйл бол хиймэл нулимс юм. Хүн 4-5 секунд тутамд нүдээ анивчиж байдаг. Ингэснээр нүдний гадаргуу дээр нулимсыг түрхэж, нүдний чийгшлийг хангаж өгдөг гэсэн үг. Компьютер болон дэлгэц нь дээр удаан хугацаагаар ажилладаг хүмүүс ихэвчлэн 10-15 секунд нүдээ анихгүй байх тохиолдол байдаг. Тиймээс гадаргуу дээрх нулимс амархан ууршиж, нүд амархан хуурайшдаг болчихдог. Иймд хиймэл нулимс хэрэглэснээр бохирдлоос хамгаалж, чийгшүүлж, хуурайшиж нүд бүрэлзэхээс сэргийлнэ. Зөвхөн компьютер дээр ажилладаг хүн гэхээс илүүтэй насанд хүрсэн бүх хүмүүс хиймэл нулимс хэрэглэсэн нь зөв. Учир нь бид байнгын хуурай орчинд амьдардаг. Монголын уур амьсгал тийм ч чийгшил сайтай биш. Мөн гэртээ хуурай паартай, машинтай эйркондишн ажиллуулж хуурайшуулах нөхцөл бүрддэг тул хиймэл нулимсийг өдөрт 4-6 удаа дусаах нь зүйтэй.
-Монголчуудын дунд түгээмэл тохиодог нүдний ямар эмгэгүүд байдаг вэ?
-Нийт үзүүлэх гэж ирж буй иргэдийн хувьд нүдний хуурайшилт их байна. Нүд хуурайшилт ихээс болж нүдний салст үрэвсдэг. Нүд хуурайшснаар нүд цочромтгой болчихдог. Ингэснээр гадаа гарахад их нулимс гарах, нүд аргах зовууриуд илэрдэг. Энэ нь удаан хугацааны турш даамжирвал нүдний салстын үрэвсэл болж нүд улайж, нуухтах, хорсох зовуурьтай болно. Мөн нүдний хуурайшилт болон нарны хэт ягаан туяа хавсарсан тохиолдолд нүдний өөх ургах, мах үндсэн шалтгааны нэг болдог. Өөх гэдэг нь нүдний цагаан хэсэг дээр шаргал туяатай бэлцрүү шиг зүйл юм. Харин өөхлөлт нь судасжиж нүдний хар хэсэг рүү түрвэл энэ нь нүдний мах болно гэсэн үг. Үүнийг ганцхан мэс заслаар авах шаардлагатай. Тиймээс хамгийн түрүүнд хуурайшилтийг таньж, сэргийлж чийгшил өгч чадвал нийтлэг тохиолддог эмгэгүүдээс сэргийлэх боломжтой. Энэ нь бүх насныханд тохиолдож болно. Харин насжилттай холбоотой эмгэг гэвэл болорын бүдэгшил юм. Энэ нь 40 наснаас эхлэж нүдэнд буй болор тунгалаг байх ёстой ч насжилттай холбоотой тунгалаг чанараа алдаж эхэлдэг. Үүнд юу нөлөөлж болох вэ гэвэл нарны хэт ягаан туяа. Болорын бүдэгшлийн зэргээс хамаарч хянаад явна. Харин зэрэг нэмэгдэж хараанд нөлөөлж эхэлбэл хиймэл болор хийхээс өөр сонголтгүй.Болор нь хүний өөрийн биологийн нүдний шил гэж ойлгож болно.