Бамбай булчирхайн өвчлөлийн талаар Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн ДШСДТ-ын эмч Б.Золбоотой ярилцлаа.
-Сүүлийн үед хүмүүс бамбай булчирхайн өвчлөлөөр их өвдөх боллоо. Ихэвчлэн бамбай булчирхайн ямар эмгэг зонхилж байна вэ?
-Бамбай булчирхай нь эрүүл хүн бүрт байдаг булчирхай бөгөөд хүний бие махбодийн бодисын солилцоог зохицуулдаг гол булчирхай юм. Бамбай булчирхай нь тироксин буюу Т4/90%/, триодтиронин буюу Т3/10%/ дааврыг ялгаруулна. Бамбайн булчирхайгаас ялгарч байгаа дааврын тэнцвэрт байдал алдагдсанаар өвчин үүсдэг. Дааврын хэмжээ ялгарах ёстой хэмжээнээс илүү ялгарахыг бамбай булчирхайн хордлого, бага ялгарахыг бамбай булчирхайн дутагдал гэж ангилдаг. Сүүлийн үед мөн бамбай булчирхайн зангилаат эмгэгүүд элбэг тохиолдох болсон. Ялангуяа цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд бамбайн булчирхайн зангилаат эмгэг элбэг тохиолддог. Зангилаат эмгэгийг бамбай булчирхайн хоргүй хавдар гэж нэрлэдэг. Нийт зангилаат өөрчлөлт бүхий бамбайн булчирхайны 1-3 хувьд нь бамбай булчирхайн хортой хавдар тохиолддог. Бамбай булчирхай хоргүй хавдар болон хортой хавдрын аль алиныг нь лабораторийн, багажийн болон мөн бамбай булчирхайн эсийн шинжилгээгээр оношилдог.
-Ихэвчлэн эмэгтэйчүүдэд тохиолддог гэсэн. Энэ нь ямар шалтгаантай вэ?
-Бамбай булчирхайн өвчнөөр өвчилж байгаа хүмүүсийг харахад хүйсийн хувьд 1:5 буюу 1 эрэгтэй 5 эмэгтэй гэсэн харьцаатай байдаг. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бодвол байнгын дааврын өөрчлөлт орж байдаг бол эрэгтэйчүүд бие махбодь харьцангуй тогтвортой ойр ойрхон өөрчлөлтөд ордоггүй. Жишээ нь эмэгтэйчүүдийн хувьд жирэмслэлт, төрөлт зэрэгтэй холбоотой бамбай булчирхайн өвчин илрэх, сэдрэх шалтгаан болж байдаг.
-Бамбай булчирхайн даавар өөрчлөгдөхөд ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Ер нь бамбайн дутагдалд орсноо хэрхэн мэдэх вэ?
-Бамбай булчирхайн даавар их хэмжээтэй ялгарснаар бамбай булчирхайн дааврын хордлогод ордог бөгөөд энэ үед зүрх дэлсэх, бүх бие салганах, чичрэх, булчин сулрах, богино хугацаанд биеийн жингээ их хэмжээгээр алдах, турах, шалтгаан тодорхойгүй гүйлгэх , нойрны хямрал зэрэг шинж тэмдэг илэрдэг
Харин бамбай булчирхай дааврууд ялгарах хэмжээнээсээ бага ялгарвал бамбай булчирхайн дааврын дутагдалд орж эхлэх бөгөөд энэ үеэс эхлэн мартамхай болох, нойр өөрчлөгдөх, арьс хуурайших, өтгөн хатах, нозоорох, ядрах, жин нэмэгдэх, хавагнах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
-Ямар тохиолдолд хавдар болдог вэ?
-Бамбай булчирхайны нийт зангилаат эмгэгийг 1-3 хувь нь бамбай булчирхайн хортой хавдар байдаг. Тухайн хувь хүн хортой хавдраар өвдөхөд удамшлын байдал болон хавдар үүсгэгч канцерген хүчин зүйл зэрэг олон шалтгааны нөлөөгөөр хортой хавдраар өвдөнө. Бамбай булчирхайн зангилаа нь хоргүй байж байгаад дараа нь хортой хавдар руу шилжинэ гэж байхгүй. Тухайн зангилаа нь хортой байсан бол анхнаасаа л хортой байдаг, хоргүй байсан бол анхнаасаа хоргүй зангилаа байна.
-Бамбай булчирхайг мэс заслаар авахуулсан тохиолдолд хэвийн амьдралд өөрчлөлт гарах уу?
-Бамбай булчирхайн мэс засал нь олон янзаар хийгддэг ба хортой хавдраас бусад тохиолдол бүтнээр авдаггүй. Бүтнээр нь авсан тохиолдолд тухайн хүн нь даавар орлуулах эмчилгээгээ тогтмол хийгээд дотоод шүүрлийн булчирхайн эмчийн хяналтдаа тогтмол үзүүлж байхад амьдралын чанарт муугаар нөлөөлөхгүй. Харин баруун зүүн аль нэг талын дэлбэнг мэс заслаар авсны дараа тухайн хүн дааврын дутагдалд орохгүй байж болох бөгөөд энэ тохиолдолд ямар нэгэн даавар орлуулах эм уухгүйгээр булчирхайн эмчийн хяналтдаа хянагдаад явж болно.
Мөн сүүлийн үед зангилаатай өөрчлөлт бүхий бамбай булчирхайг заавал мэс засал хийхгүйгээр RAF буюу зангилааг нь түлж эмчилдэг эмчилгээний арга шинээр нэвтрээд эмчилгээнд хэрэглээд явж байгаа.
-Бамбай булчирхайн өвчлөлт ямар эмчилгээ хийгддэг вэ?
-Бамбай булчирхайн өвчний үед эхлээд эмийн эмчилгээ хийх бөгөөд стандарт хугацаа нь 1,6 жилээс 2 жилийн хугацаанд эмээр эмчилдэг. Эмийн эмчилгээнд үр дүнгүй байвал иод 131 эмчилгээ эсвэл мэс заслын эмчилгээний аль тохиромжтойг тухайн өвчтөнд тохируулж сонгож хийдэг. Мэс засал хийх боломжгүй жижиг хэмжээтэй эсвэл хэтэрхий олон зангилаатай үед иод 131 эмчилгээг сонгодог. Харин, төрөх насны эмэгтэйчүүд , элэг болон бөөрний архаг өвчтэй хүмүүст иод 131 эмчилгээг хийх боломжгүй байдаг.
-Энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Бамбай булчирхайн өвчнөөс сэргийлэхийн тулд тамхи татдаггүй байх ёстой байдаг. Мөн төрөх насны эмэгтэйчүүдийн хувьд жирэмсэн болохоор төлөвлөж эхэлсэн үеэсээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байх хэрэгтэй. Иод баялаг хоол хүнс түлхүү хэрэглэж занших юм.