МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн энэ жилийн төгсөгч,“Ахиллис” олон улсын сайн дурын клубийн тэргүүн Т.Намуунболортай ярилцлаа. Тэрээр “Ахиллис” олон улсын байгууллагад сайн дурын ажилтан болсноосоо хойш хөгжлийн бэрхшээлтэй 500 гаруй хүүхэд, 1800 гаруй насанд хүрсэн иргэн, 45,000 гаруй энгийн иргэн, 1500 гаруй сайн дурын ажилтанд чиглэсэн үйл ажиллагаа сургалт, семинар, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулсан. Жил бүр зохион байгуулагддаг “Итгэл, найдвар-Боломж” марафонд дөрвөн жил арын албанд ажиллажээ. Мөн “Ахиллис” хүүхэд хөтөлбөр, “Pink walk-UB” эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдрын эсрэг компанит ажил, “Ахиллис” хүүхэд марафон, клубийн бусад үйл ажиллагааны ажлуудыг багийнхантайгаа хамт хийж гүйцэтгэсэн байна.
-Өөрийг тань маш идэвхтэй оюутан гэдэг. Хэрхэн ийм идэвхтэй, санаачилгатай байдаг вэ?
-Би ганцхан сургуультай жижигхэн суманд өссөн. Хөдөөгийн буйдхан газарт хөгжих боломж хотын төв тэр байтугай аймгийн төвийн хүүхдүүдтэй харьцуулахад ч бага. Үнэндээ, волейболын секцээс өөр хүн хөгжөөд байхаар орчин нөхцөл байхгүй. Гэтэл өөрийгөө бүх талаар нь хөгжүүлмээр байдаг. Тэгээд оюутан болоод “ингэнэ”, “тэгнэ” гээд л маш их зүйл боддог байлаа. Би айлын ганц хүүхэд болохоор аав, ээж маань ажилдаа явсан үед гэртээ ганцаараа үлдэнэ. Тэгээд нэг бол ном уншина эсвэл зурагт үзнэ дээ. Багаасаа уран зохиолын ном их уншдаг байлаа. Ном унших нь хүнийг тэмүүлэлтэй, зорилготой болгодог юм шиг санагддаг. Ном л надад “хүн хичээх хэрэгтэй”, “хөдөлмөрлөх хэрэгтэй” гэдгийг ойлгуулсан.
-Та Мицүбишү корпорацийн нэрэмжит олон улсын тэтгэлэг, Олон Улсын Андуудын Монголын тэтгэлэг, Олон Улсын оюутан залуучуудын төвийн нэрэмжит тэтгэлэг зэрэг хэд хэдэн тэтгэлэгт хамрагдаж байсан. Харин өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг хүртсэн. Энэ тэтгэлгийг авахад тань хамгийн том дэм болсон зүйл юу вэ?
-Бага байхдаа бас л тэтгэлэг авдаг мундаг оюутан болоод аав, ээжийгээ зовоохгүй юм сан гэж хүсдэг байлаа. Хүүхэд байхдаа зуныхаа амралтаар ундаа зарж мөнгө олдог байсан болохоор мөнгөний үнэ цэнийг маш сайн ойлгосон байсан. Тиймээс тэтгэлэгт оюутан байхын төлөө маш их хичээж, бүх талаас нь өөрийгөө хөгжүүлэхээр чармайж ирсэн. Хамгийн том хүчин зүйл нь бусдад тусалсны хариу юм болов уу. Мэдээж хэрэг улсын чанартай уралдаан тэмцээний амжилтууд нөлөөлсөн. Би анх нэгдүгээр курсийнхээ хавар “BEST” клубийнхээ ах эгч нарыг энэ тэтгэлгийг авч байхыг харж байсан юм. Тэр үед “Би заавал Монгол улсын Шилдэг оюутан болно” гээд өөртөө амлаж билээ. Тэр амлалтдаа хүрч, аавынхаа нэрийг, хийсэн ажлуудаа Төрийн ордонд дуудуулаад, зогсох үнэхээр бахархалтай байсан. Гол нь хүн хэзээ ч бууж өгөхгүй байх хэрэгтэй. Ерөнхий сайдын тэтгэлгээс гадна нийтдээ зургаан удаа тэтгэлэг хүртсэн. Түүнээс өмнө маш олон тэтгэлэгт хүсэлтээ явуулаад бүтэлгүйтэж байлаа. Анх тэтгэлэгт материалаа явуулахад тав, зургаан хуудас юм болдог байсан бол одоо 50,60 хуудас материал бүрддэг болсон байна.

-Та сайн дурын ажилд их оролцдог. Сайн дурын ажлын хамгийн сайхан зүйл нь юу вэ?
-Сайн дурын ажил өөрөө цэвэр тухайн хүний чин сэтгэл гэдэг зүйл дээр суурилж явдаг. Ямар ч үнэ хөлсгүйгээр хийж байгаа ч гэлээ чин сэтгэлээ, цаг заваа тэр зүйлд зориулаад үр дүнг нь харна гэдэг хамгийн сайхан. Чиний хийсэн нэг жижигхэн үйлдэл өөр хэн нэгний амьдралд өөрчлөлт, баяр жаргал авчирч байна гээд бодоод үз дээ.
-Анх хэрхэн сайн дурын ажил хийх болов?
-Оюутан болоод хийсэн анхны сайн дурын ажил бол “Ахилис Монгол” олон улсын байгууллагаас зохион байгуулсан "Итгэл найдвар, Боломж-УБ 2015" марафон байлаа. Ахиллис бол дэлхий даяар 80 гаруй салбартай, бүх нийтийг спортод хамруулах замаар хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрийг хөгжүүлж, амьдралын чанарыг нь дээшлүүлэх зорилготой байгууллага. Тухайн үед би марафоны оролцогчдыг гүйхэд нь туслах, дэмжих зорилготой хөтчөөр оролцож байсан. Миний хувьд гүйхдээ маш муу байсан ч гэсэн 14 хоног уг үйл ажиллагаанд бэлтгэж, орой бүр байрныхаа шатаар гүйж сургалтад хамрагдаж, тууштай хичээсний үр дүнд 3 болон 5 километрт хөтөч хийж ахмад настанд,хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусалсан. Энэ цагаас хойш миний амьдрал сайн дурын ажилтай салшгүй холбогдсон.
-Оюутан болсноосоо хойш тасралтгүй сайн дурын ажил хийсэн байна. Хийж байсан ажлуудаасаа дурдахгүй юу?
-Ахиллис гэх энэ том байгууллагын жижигхэн хэсэг болсноос хойш хөгжлийн бэрхшээлтэй 500 гаруй хүүхэд, 1800 гаруй насанд хүрсэн иргэд, 45,000 гаруй энгийн иргэд, 1500 гаруй сайн дурын ажилтнуудад чиглэсэн үйл ажиллагаа сургалт, семинар, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулсан. Хүмүүс “Итгэл, найдвар-Боломж” марафоныг сайн мэддэг . Энэ марафонд л гэхэд дөрвөн жил арын албанд ажилласнаас эхлээд “Ахиллис хүүхэд” хөтөлбөр, “Pink walk-UB” эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдрын эсрэг компанит ажил, “Ахиллис хүүхэд” марафон, клубийн бусад үйл ажиллагаа гэх мэтчилэн ажлуудыг багийнхантайгаа хамт хийж гүйцэтгэсэн байна. Энд дурдсан ажлууд жил бүр хэрэгждэгээрээ давуу талтай. Мөн Ахиллисын сайн дурын клубийг багийнхантайгаа хамт үүсгэн байгуулсан. Ахиллисаас гадна хандивын хоёр компанит ажил, хөрсний бохирдол, жорлон, хог хаягдал, цөлжилтийн эсрэг төслүүд хэрэгжүүлж байсан. Нийгмийн чиглэлээр оюутнууд болон хүүхдүүдэд зориулж зохион байгуулсан арга хэмжээ бол хэд дахин олон бий.
-Сайн дурын ажил хийх нь таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Хамгийн сүүлд ажилласан төслөөр жишээ авъя. Сүүлд “Ахиллис хүүхэд- 2019” хөтөлбөр дээр ажилласан. Энэ хөтөлбөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг зургаан тусгай сургууль дээр хэрэгждэг. Би 29-р сургуулийг хариуцаж ажилладаг юм. 2016 оноос хойш өнөөг хүртэл гурван жилийн хугацаанд төслөө хэрэгжүүлж, төслийн явцад 7 хоног бүр хариуцсан сургууль очиж дүү нартайгаа хамт гүйж, гүйхэд нь тусалж, төслийн үйл ажиллагаануудаа хэрэгжүүлж ирсэн. Энэ төсөл дээр ажилласнаасаа хойш би магадгүй амьдралыг илүү их хайрладаг, амьдралд сайн сайхан зүйл ямар их байдаг вэ гэдгийг мэдэрч анзаардаг болсон байх. Түүнээс гадна сайн дурын ажил хувь хүний ур чадваруудыг их хөгжүүлдэг. Би сайн дурын ажлаа хийхээс гадна, мэтгэлцээн, илтгэх урлагаар хичээллэх, нийгмийн чиглэлийн байгууллагуудаа удирдаж ажиллах, тэмцээн уралдаанд оролцох, судалгаа хийх, хичээлдээ явах, амьжиргааны зардлаа олохын тулд мэргэжлээрээ давхар ажиллах гээд олон зүйлийг хамт хийж ирсэн. Амжуулахгүй бол сайн дурын ажил хийх цаг гарахгүй шүү дээ. Ер нь намайг сайн боловсон хүчин болж бэлтгэгдэхэд сайн дурын ажил нөлөөлсөн гэж хэлж болно. 400-800 хүнтэй баг удирдаж ажиллах, цагийн менежмент хийх, ажлаа төлөвлөх, багаар ажиллах, хариуцлагатай байх гээд яриад байвал дуусахгүй байх. Бас сайн дурын ажил юмыг их өргөн өнцгөөр харах, асуудлыг олж харахад тусалдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, байгаль орчинд чиглэсэн сайн дурын ажлууд хийж байгаад олж авсан санаануудаараа нэвтрүүлэг хийж улсын уралдаануудад түрүүлж байсан.
-Амжилтад хүрэхийн тулд яах хэрэгтэй гэж боддог вэ?
-Би амьдралдаа гурван “Х”-ийн зарчим баримталдаг. Энэ нь Хариуцлага, Хөдөлмөр, Хүндлэл гэсэн утгатай. Энэ гурван зүйлийг хэрэгжүүлсэн цагт хүн амжилтад хүрнэ. Хариуцлагагүй хүмүүс өөрийнхөө амжилтаас хойш татаад зогсохгүй, бусад хүмүүсийн ажлыг хойш нь татдаг. Тийм учраас би чадна, чадахгүйгээ үнэнээр нь хэлдэг байхыг хичээдэг. Хөдөлмөрлөхгүйгээр хүн хэзээ ч амжилтад хүрэхгүй. Хэдийгээр бие даан ажиллах чадвар чухал ч гэсэн хүн бусадтайгаа ярилцахгүйгээр, ойлголцолгүйгээр, ганцаараа хэзээ ч амжилтад хүрч чадахгүй болов уу. Тиймээс бусадтай хүндэтгэлтэй харьцах хэрэгтэй.
-Өөрийнхөө ирээдүйг хэрхэн төлөвлөж байна вэ?
-Сургуулиа төгсөх дөхөөд ирэхээр хүнд их олон зүйл бодогддог юм байна. Төгсмөөргүй ч юм шиг. /Инээв/ Мэргэжил маань миний хамгийн үнэ цэнэтэй зүйл. Ерөөсөө л өөрийнхөө ирээдүйг сэтгүүл зүй гэх салбараар төсөөлж байна. Таван газраас ажиллах санал ирсэн. Удахгүй шийдвэрээ гаргана.
-Өөрийнхөө үеийн залуус хандаж, зөвлөгөө өгөөч гэвэл та юу гэх вэ?
-Үеийнхээ мундаг залуучуудын хийж бүтээсэн зүйлийн дэргэд аваад үзвэл их жижигхэн. Тийм болохоор айхтар сүрхий зөвлөгөө өгч чадахгүй болов уу. Заавал их мөнгөтэй, эсвэл эрх мэдэлтэй хүн бусдад тусалдаг юм биш. Ямар ч хүн хүсэх юм бол бусдад тусалж чадна. Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй байдаг гэж хэлмээр байна.