Дэлхийн валютын зах зээлд энэ оны байдлаар ам.доллар бусад мөнгөн тэмдэгтэй харьцуулшгүй хүчтэй байж, эдийн засагчдын таамаглалыг эрс өөрчилж байна. Судлаачид энэ оны сүүл гэхэд АНУ-ыг эдийн засгийн бага зэрэг уналттай нүүр тулна хэмээн таамаглаж байсан юм. Харин сүүлийн хэдэн сарын дотор АНУ-ын олон улсын харилцаан дахь бодлогоос үүдэн ам.долларын ханш улам хүчирхэгжих болсон.
Гэхдээ ам.долларын эсрэг хүчээ алдахгүй байгаа цор ганц мөнгөн тэмдэгт нь Мексик песо байгаа аж. Бусад улс орны мөнгөн тэмдэгтүүд бүгд ам.долларын эсрэг суларч байгаа бол песо нэмэх 2.3 хувийн өсөлттэй байгаа юм. Ингэснээр песо 2018 оны хамгийн сайн үзүүлэлттэй мөнгөн тэмдэгт болж байна.
Харин нөгөө талд Иран, Турк, Энэтхэг, Өмнөд Африк, Аргентин мөнгөн дэвсгэртүүд аюулд ороод байгаа юм. Үүнд АНУ-ын барьж буй улс төрийн бодлого голлох нөлөө үзүүлж байна. Тухайлбал, АНУ, Ираны цөмийн гэрээнээс гарахаа мэдэгдсэн үе буюу энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн Ираны үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш огцом унаж, ханшийнхаа талыг алдаад байгаа юм. Байдал энэ хэвээр үргэлжилбэл Иран улс энэ оны сүүл гэхэд гадаад худалдааныхаа гуравны хоёрыг алдах төлөвтэй байна.
Мөн өнгөрсөн долоо хоногт АНУ Туркээс оруулж ирж буй импортын ган болон хөнгөн цагаанд ногдуулах гаалийн татварын хэмжээг нэмэгдүүлж, 20-50 хувь болгосон. Үүнээс үүдэн нэг долоо хоногийн дотор Турк лирийн ханш огцом унаж, ам.доллартай харьцах үзүүлэлт нь 60 хувьд хүрч буураад байв. Харин өчигдөр Туркийн талаас АНУ-ын бүтээгдэхүүнүүдэд 60-120 хувийн татварын нэмэгдэл ногдуулснаар лирийн ханш 5.9 хувиар өсжээ. Гэсэн ч энэ нь АНУ-ын татварын нэмэгдлийн өмнөх байдалтай харьцуулахад 14 хувиар бага үзүүлэлт хэвээр байгаа юм.
Түүнчлэн ОХУ-ын рубль мөн ам.доллартай харьцах үзүүлэлт нь 16.9 болж буурчээ. Энэ нь мөн л АНУ-ын ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний дараа бууралт аж.
Эх сурвалж: Quartz, Reuters, FT