Open iToim app
Тэд бидний тухай | 2 мин уншина

Daily NK: Монгол Улсад Хойд Солонгосын албан ёсны ажиллах хүч үлдээгүй

Daily NK: Монгол Улсад Хойд Солонгосын албан ёсны ажиллах хүч үлдээгүй
Нийтэлсэн 2022 оны 7 сарын 27
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо төвтэй Хойд Солонгосын Хүний эрхийн мэдээллийн сан 2016 онд хилийн чанад дахь Хойд Солонгосын ажилчдын хүний эрхийн байдлын талаарх судалгааг танилцуулсан. Уг судалгаанд Монгол Улс эдийн засгийн хоригт орсон Хойд Солонгосоос олон тооны ажиллах хүч авч, ажиллуулдаг асуудал хөндөгдсөн нь олон улсын анхаарлыг ихээр татаж байв. 
Тэгвэл саяхан Пёньяны асуудлаар дагнан бичдэг Өмнөд Солонгосын “Daily NK” сонин Монгол Улс дахь Хойд Солонгосын ажиллах хүчний өнөөгийн нөхцөл байдлын талаар эрэн сурвалжлах нийтлэл бэлтгэснийг тоймлон хүргэж байна.
Эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас өнөөдрийн байдлаар Монгол Улсад албан ёсоор оршин суудаг Хойд Солонгосын ажиллах хүч үгүй болжээ. Монгол Улсад өмнө нь Хойд Солонгос ажилчид үндсэндээ гурван салбарт ажилладаг байсан. Тухайлбал, Монголд хэд хэдэн Хойд Солонгос ресторан ажиллаж байв. ОХУ, БНХАУ болон Зүүн өмнөд Азийн орнуудад Хойд Солонгос ресторанууд үйл ажиллагаа явуулдаг.
Жишээ нь, Улаанбаатарт “Pyongyang Baekhwagwan”, “Pyongyang Restaurant” болон “Pyongyang Koryo Folk Restaurant” гэх гурван Хойд Солонгос ресторан үйл ажиллагаа явуулж байв. Тэгвэл өнөөдрийн байдлаар уг гурван ресторан бүгд үйл ажиллагаагаа зогсоосон байна. “Pyongyang Baekhwagwan” рестораны хувьд үүдэндээ засварын ажил хийгдэж байгаа гэх хаяг өлгөсөн байх бөгөөд нөгөө хоёр рестораны оронд дэлгүүрүүд нүүж оржээ. Эх сурвалжийн мэдээлснээр “Pyongyang Baekhwagwan” ресторан нь Монгол Улс дахь Хойд Солонгосын Элчин сайдын яамны мэдэлд байдаг аж. Хаяг нь өлгөөтэй хэвээр, засвар хийгдэж байгаа байдлаас ажиглахад уг ресторан хаагдаагүй, түр хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон гэж ойлгогдож байна. Мөн эх сурвалжийн хэлснээр Элчин сайдын яамны ажилтнууд байнга ирж рестораныг шалгадаг аж.  
Харин барилга дээр ажилладаг Хойд Солонгос ажилчдыг ковидын үед эх оронд нь буцаажээ. Гэвч үлдсэн цөөн тооны ажилчид өнөөдрийг хүртэл барилгын засвар болон бусад жижиг барилгын ажлууд дээр нууцаар ажилласаар байгаа юм.
Мөн Монголын ноолуурын үйлдвэрүүдэд ажилладаг байсан голцуу эмэгтэй Хойд Солонгос ажилчид өнөөдөр мөн эх орондоо буцсан байна. Өмнө нь, 800 гаруй Хойд Солонгос ажилчин ажиллуулж байсан ноолуурын үйлдвэрт зочлоход, үйлдвэрийн удирдлагууд тэднийг албан ёсоор ажиллуулахаа больсон гэв. Түүнчлэн Монголд ажиллаж байсан зүү, төөнүүр зэрэг уламжлалт анагаах ухааны эмчилгээ хийдэг Хойд Солонгос эмч нар мөн тус улсыг орхижээ.
Эх сурвалж: Daily NK
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн