Нэмэлт 12.20 цаг: Налайхад хордсон хүүхдүүдийн талаар ЦЕГ-аас тодрууллаа.
Цагдаагийн байгууллагад энэ оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 19.25 цагт Налайх дүүргийн “Эрүүл мэндийн төвд 15-16 орчим насны 5 хүүхэд таталт өгсөн байдалтай ирлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэжээ. Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгахад Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн нэг ангийн сурагчид Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсийн Б1 давхрын танхимд хичээллэж байх үед нэг сурагч таталт өгсөн, дөрвөн сурагч пульс тогтворгүй, хордлоготой гэх оноштойгоор Эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч байна.
Эдгээр хүүхэдтэй адил шинж тэмдэг илэрсэн гэх тус ангийн 19 хүүхдийг эмнэлгийн анхан шатны үзлэгт хамруулахад хүүхдүүдийн нь толгой өвдөж, пульс тогтворгүй, сахар унах гэсэн оноштой гарсан тул дүүргийн Хүүхдийн эмнэлэг болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нийт найман хүүхэд хэвтэн эмчлүүлж хоёр хүүхдийн биеийн байдал тогтворжиж эмнэлгээс гарсан гэх үйлдэлд Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэлээ.
Налайх: 19 хүүхэд хордож, зургаа нь эмнэлэгт хүргэгджээ
Налайх дүүрэгт 19 хүүхэд хордож зургаа нь эмнэлэгт хүргэгджээ. Үүнээс дөрвөн хүүхдийг Эх нялхаст, хоёрыг нь тус дүүргийн эмнэлэгт эмчилж байна. Хүүхдүүдийн бие тогтвортой болсон гэж Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэллээ.
Тодруулбал, өчигдөр таван хүүхдийн бие тавгүй байна гэсэн дуудлага ирж, дуудлага мэдээллийн дагуу эмч нар очиж, эмчилгээ, оношилгоо хийжээ. Зургаан хүүхдийн биеийн байдал тавгүйрхсэнтэй холбогдуулан тухайн ангийн нийт 19 хүүхдийг урьдчилсан үзлэг шинжилгээнд хамруулсныг эх сурвалж хэллээ.
Урьдчилсан байдлаар анги танхимд ямар нэг хорт бодис, хордуулах зүйл байгаагүйг тогтоосон байна. Үргэлжлүүлэн хүүхдүүд юунаас болж хордсоныг шалгаж байгаа юм. Тухайн хүүхдүүд нэр бүхий сургуулийн нэг ангийн хүүхдүүд байсан бөгөөд сургууль нь засвартай байсан тул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст хичээллэж байсан байна.