Австрали болон Шинэ Зеландын иргэд даваа гаригаас эхлэн хоёр улсын хооронд чөлөөтэй зорчиж эхэллээ. Тус хоёр улс ийнхүү аяллын ногоон гарц нээснээр иргэд очсон газраа 14 хоногийн турш хөл хорионд орох шаардлагагүй болжээ. Улмаар даваа гаригийн өглөөнөөс эхлэн Австралийн нисэх онгоцны буудлууд Шинэ Зеландыг зорих иргэдийн ачаалалд дарагдаад байгаа аж.Австралийн иргэний агаарын тээврийн “Qantas Airways” компанийн гүйцэтгэх захирал Алан Жойс энэ талаар “хүмүүс 400 хоногийн дараа анх удаа хорио цээргүй аялах боломжтой боллоо. Бид Шинэ Зеланд руу өдөрт ирж-очих 16 нислэг үйлдэхээр төлөвлөсөн бөгөөд бүх нислэг дүүрээд байна” гэжээ.Хэдий Австрали улс өнгөрөгч оноос Шинэ Зеландын иргэдийг 14 хоногийн хөл хориогүй нэвтрүүлж эхэлсэн ч Шинэ Зеландын тал Австрали дахь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан тус улсаас ирсэн иргэдийг зайлшгүй 14 хоногийн хугацаанд карантилж байсан юм. Тэгвэл энэ сарын эхээр хоёр улсын Засгийн газрууд “COVID-19”-ийн эсрэг вакцин болон шинжилгээнд хамрагдсан иргэдийг харилцан хөл хорихгүй байхаар тохиролцсон.Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон болон Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн нарын хамтарсан мэдэгдэлд “Хоёр улс харилцан хилээ нээснээр мянга мянган гэр бүл болон найзууд хоорондоо уулзах боломжтой болоод зогсохгүй энэ нь хоёр орны эдийн эдийн засгийн сэргэлтийг дэмжих болно” гэсэн юм. Мөн цаашид хоёр улс “COVID-19”-ийн халдварын тархалт болон аюулгүй байдлаас хамаарч Номхон далайн бусад улсуудтай агаарын хилээ хамтран нээхээр төлөвлөөд байна.Эх сурвалж: Reuters