Open iToim app
Дэлхийн монгол | 14 мин уншина

Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтөд хамгийн үнэтэй, захиргаадсан шийдэл зөв байдаггүй, гол нь иргэдийн оролцоо чухал

Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтөд хамгийн үнэтэй, захиргаадсан шийдэл зөв байдаггүй, гол нь  иргэдийн оролцоо чухал
Нийтэлсэн 2021 оны 11 сарын 30
“Дэлхий монгол” булангийн энэ удаагийн дугаарт Токиогийн их сургуулийн доктор Г.Лувсанжамцыг / Luka Ganzorig / урьж ярилцлаа. Тэрээр Япон улсад бакалавраас докторын зэрэг хүртлээ суралцсан бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын гол тулгамдаж буй асуудлын нэг хот төлөвлөлт тэр дундаа гэр хороолол, түгжрэлийн асуудлаар судалгаа хийжээ.
Тэрээр саяхан докторын зэргээ амжилттай хамгаалж, эх орондоо өөрийн сурсан мэдсэн хувь нэмрийг оруулахаар ирээд байгаа юм байна. Бидний яриа карьер, судалгааны ажил, хот төлөвлөлтөд иргэн хүний оролцоо ямар үүрэгтэй зэрэг сэдвийн хүрээнд өрнөлөө.  
-Ярилцлагаа таны ажил, боловсрол карьерын түүхээр эхлүүлцгээе. Японд олон жил суралцаж, багагүй мэдлэг туршлага хуримтлуулаад эх орондоо иржээ...?
-Юуны өмнө дэлхийн хэмжээний хүн биш ч гэсэн намайг  урьсанд баярлалаа. Би Япон улсад 12 жил орчим сурч, судалгаа хийсэн. Токиогийн Политехникийн их сургуульд архитектор мэргэжил эзэмшиж, төгсөлтийн ажлаа “Гэр хорооллын дэд бүтэц, орон сууцжуулалт” сэдвээр хамгаалсан юм. Энэ үед намайг удирдсан багш “Сонирхолтой сэдэв байна. Нутаг буцахаар чинь гэр хорооллын талаар хамт судлая” гээд 2011 оноос хойш жил бүр судалгаа хийдэг болсон. Гэр хороолол бол иргэд өөрсдөө бий болгосон гэж хэлж болох суурин соёл юм. Бакалавраа төгсөөд Монголдоо ирж таван жил ажиллахдаа Багануурын их сургуулиудын хотхон, Оюу Толгойн ил уурхайн ерөнхий төлөвлөгөө зэрэг төсөл дээр ажиллахдаа олон зүйлийг сурч мэдсэн. Энэ хугацаанд ажил болон судалгааны хүрээнд хариуцаж, хамтарч ажилласан төслүүдийн хэрэгжилт төдийлөн сайн биш байлаа. Нэг үгээр, гэр хорооллын тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд ур чадвар минь дутагдаж байсан юм. Иймээс дахин номын дуу сонсож, хот төлөвлөлтөөр мэргэшихээр буцаад Япон явсан. Улмаар Токиогийн их сургуульд магистр, докторын зэргээ амжилттай дүүргэж, нутагтаа ирээд сар гаруй болж байна.
-Токиогийн их сургуульд суралцахдаа ихэвчлэн Улаанбаатар хот дээр төвлөрч судалгаа хийдэг байсан юм билээ. Ингээд судлан явахад бусад улсаас хот төлөвлөлт дээр ямар сонирхолтой зүйлс анзаарагдсан бэ?
-Токиогийн их сургуульд суралцах хугацаандаа ихэвчлэн Монгол руугаа чиглэсэн судалгаа хийдэг байсан. Ялангуяа докторт “Пост социалист орнуудын хот төлөвлөлтийн тогтолцоо”-ны хөгжлийн талаар судалж, Хятад, Вьетнам, Монгол гэсэн гурван улсыг харьцуулсан. Социалист орны хот төлөвлөлт нь иргэдийн оролцоогүй, бүхий л бүтээн байгуулалтыг төр төлөвлөж, хэрэгжүүлж, бүх хөрөнгийг улс өмчилдөг онцлогтой. Ингэхдээ улсаас нийгэм эдийн засгийн хөгжлийн таван жилийн төлөвлөгөө боловсруулж, үүнд бүх яам, төрийн өмчит компаниудын төлөвлөгөөг тусгаж, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хүртэл зохицуулдаг. Товчхондоо, салбар тус бүрийн төлөвлөгөөнд чухал ач холбогдол өгдөг гэсэн үг. Мөн “Бүгд ижил тэгш байна” гэсэн зарчим үйлчилж орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, эмнэлэг нэгэн жигд хэв маягаар баригддаг байв.
Харин ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээр хүн амын шилжилт хөдөлгөөнийг чөлөөлж, нүүж суух нь хувь хүний эрх чөлөө болж, иргэд хүссэн газар руугаа нүүдэг болсон. Ялангуяа хот суурин газрыг зорих хүмүүсийн тоо огцом нэмэгдсэн. Манай улсын хувьд ажил орлоготой байж, амьдралаа дээшлүүлэх хамгийн боломжит хот нь Улаанбаатар байсан. Нийслэлийг чиглэх хүн амын тоо өсөхтэй зэрэгцээд гэр хорооллын хүрээ бага багаар тэлж байлаа. Өмнөх нийгэмд хүн амын хөдөлгөөнийг тодорхой тоогоор зааж, түүндээ тааруулж орон сууц, дэд бүтцээ шийддэг байсан бол 1990 оноос Улаанбаатар хотын хүн ам жилд дунджаар зургаан хувиар өссөн. Гэвч орон сууцны өсөлт нэг хувь ч хүрэхгүйн дээр дийлэнх иргэд худалдан авах боломжгүй байдаг. Ингээд зөрүү таван хувь нь яалт ч үгүй гэр хороололд амьдрахаас өөр сонголтгүй болно. Хотжилтын энэ дүр зураг зөвхөн Улаанбаатарт бус Хятад, Вьетнамын хотуудад мөн ажиглагдсан. Үндсэндээ төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засагт шилжих үед хүн амын хөдөлгөөн идэвхжиж, төвлөрөл бий болдог гэсэн үг. Хятадад зөвшөөрөлгүйгээр байшин барьж, эмх цэгцгүй болсон хот олон бий. Вьетнамд ч бас дэд бүтэц шийдэгдээгүй газар барилга барьж, асуудал болсон жишээ их бий. Хот төлөвлөлт, бүтээн байгуулалтыг төр болон яам хариуцахаа больж, орон нутгийн засаг захиргаа голлох үүрэг гүйцэтгэдэг болсон боловч иргэдийн оролцоог төдийлөн сайн дэмжээгүй. Хот төлөвлөлтөд мэргэжлийн хүмүүсийн гаргах шийдвэр чухал боловч нөгөөтэйгүүр оршин суугч, ард иргэдийн оролцоо илүү чухал байдаг.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үндсэн суурь нь тэгш байдал болон зардлаа хэмнэх явдал байдаг. Харин чөлөөт зах зээлд өрсөлдөөн болон ашгаа нэмэгдүүлэхийг чухалчилдаг. Шилжилтийн үр дүнд баян ядуугийн ялгаа гардаг. Гэр хороололд хашаа ч үгүй гэрт амьдардаг нэг хэсэг байхад Зайсанд орд харш шиг орон сууцанд амьдардаг хүмүүс байна. Ялгаатай нийгэм бий болох нь хэвийн үзэгдэл боловч, зөвхөн эдийн засгийн үр өгөөжийг нэгд тавьж сургууль, цэцэрлэг, нийтийн тээвэр, дэд бүтцийн хүртээмжийг анхаарахгүй байсаар утаа, түгжрэл, хөрсний бохирдол зэрэг олон асуудал орхигдсоор ирсэн. Ялангуяа хөрөнгө оруулалтын ихэнх хувь хотын урд хэсэгт төвлөрч, гэр хороолол дэд бүтэцгүй удаж байна. Жишээ нь, өнөөдөр гадаа цас ороод хүйтэн, хальтиргаатай байхад гэр хороололд хүүхдүүд тэрэг түрээд усанд явж байна. XXI зуунд хот ийм байх ёсгүй. Бид үндсэн зарчмаа ярьж, чухал асуудлуудаа шийдэх ёстой.
Өрсөлдөөнд суурилсан чөлөөт зах зээлийн нийгэмд зөвхөн эдийн засгийн ашгийг чухалчилсан хот байгуулалтын тогтолцоо бий болж, зарим иргэдийн эрх ашиг орхигдсон юм. Нийгмийн ийм давхаргын оролцоог хангасан хүртээмжтэй хот төлөвлөлтийн тогтолцоо нь Монгол төдийгүй бусад пост социалист орнуудад хэрэгтэй болоод байгаа.
-Улаанбаатарт суурьшаад, амьдрах явцад танд ажил мэргэжлийн талаасаа юу, юу ажиглагдаж байна. Бид асуудалтай гэдгийг нь мэдсэн ч хэвшмэл болсон зүйлс юу байна вэ?
-Японд суралцаж байх хугацаандаа олон удаа Монголдоо ирж судалгаа хийдэг байсан. Анх судалгаа хийж эхэлсэн үе буюу арван жилийн өмнөхийг одоотой харьцуулахад яг хуучны түгжрэл, утаа, сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй байдал хэвээрээ байна. Дарга нар гэр хорооллын дахин төлөвлөлт гэж арав гаруй жил ярьсан ч одоог хүртэл шийдэж чадаагүй байна. Яах вэ, Яармаг, Зайсанд олон орон сууц баригдсан байна. Гэвч гэр хорооллын хүрээ тэлсээр байна. Бид эдийн засгийн өгөөжийг хэт түрүүнд тавьж, тохь тухтай амьдрах боломжоо алдсаар байна. Баян цатгалан айл байгаад гэр нь зуун задгай бол сайхан амьдрахгүй шүү дээ. Бас хүмүүс түгжрэлдээ дасаад энэ асуудалтайгаа бүр эвлэрчихсэн юм шиг санагдаж байна. Иргэд нийтийн тээврийн үйлчилгээнд ерөөсөө шаардлага, хяналт  тавихгүй байна. Хувьдаа машинтай бол болно доо гээд л амьдарч байна шүү дээ. Уг нь цэвэрхэн, тухтай нийтийн тээврээр бүгдээрээ явбал хаанаас ч хотын төв рүү 15 минутад явах боломжтой шүү дээ.
Анзаарсан сайн зүйлсээс гэвэл “Хашаандаа сайхан амьдарья” зэрэг иргэдийн санаачлагатай олон төсөл хөтөлбөр хэрэгжиж, айлууд хашаандаа мод, ногоо тариад гоё болж байна. Гэхдээ зөвхөн өөрийн хашаагаар хязгаарлагдаж байгаа тал ажиглагдсан. Хөршүүдээ уриалаад бүгдээрээ хамтарвал гудамжаа ч бас цэвэр цэмцгэр, сайхан өнгө үзэмжтэй байлгах боломжтой шүү дээ.

Улаанбаатарын хувьд гүүрэн тулгуурт байгууламжаас илүү нийтийн тээврээ цэвэрхэн, хүртээмжтэй болгох нь зөв

undefined
-Монгол Улс энэ жилийн төсөвтөө нийслэлийн түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөгийг зарцуулахаар хуваариллаа. Үүний задаргааг харахад, зам өргөтгөх, газар чөлөөлөлт, төлбөртэй грааш, тулгуурт гүүрэн байгууламж барих зэрэг гэж ажил багтаж байгаа. Та үүнтэй танилцсан уу. Ер нь эдгээр ажлыг хэрэгжүүлснээр түгжрэл хэр буурах боломжтой гэж харж байна вэ?
-Засгийн газраас жил бүр 420 тэрбумыг нийслэлийн асуудлыг шийдэхэд зарцуулахаар болсон нь сайшаалтай хэрэг. Харин үр дүнтэй хэрэгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Миний хувьд зарим шийдэлд эргэлзэж байна. Жишээ нь, гүүрэн тулгуурт нийтийн тээврийн нэг чиглэлийг харахад, Яармагаас Ботаник руу чиглэсэн байсан. Нийтийн тээврийн сүлжээгээр хүн ам ихтэй хотхон, хорооллыг ажлын байр их хэсэгтэй холбодог. Улаанбаатарын хувьд хотын төв буюу Бага тойрууг хүн ам ихтэй хотхон, хорооллуудтай холбох хэрэгтэй гэсэн үг. Яармаг хүн ам ихтэй ч оршин суугчид Ботаник руу биш хотын төв рүү чиглэнэ гэж бодож байна. Тэгэхээр дээрх чиглэл нь бодит байдалтай уялдаагүй байна гэсэн үг. Би нарийн судалгааг нь хараагүй л дээ. Гэхдээ ер нь аливаа судалгааг хорооны түвшинд оршин суугч хаашаа явах хэрэгцээтэй байгааг тодорхойлохоос эхлэх нь зүйтэй.
Мөн би гүүрэн тулгуурт байгууламжийн хувьд сөрөг бодолтой байдаг. Учир нь, хотын үзэмжийг эвдэж, муухай болгодог. Арван сая хүн амтай ч юм уу, том хотуудад бол байж болох юм. Улаанбаатарын хувьд тийм их хүн амтай биш бөгөөд харьцангуй нягтаршсан хот. Түгжрэлийн ганц асуудал нь хүн их амьдардаг суурин бүсийг хотын төвтэй хүртээмж сайтай нийтийн тээврээр холбоогүйд байгаа юм. Түүнчлэн, гүүрэн тулгуурт нийтийн тээврийн дэд бүтцэд ихээхэн хөрөнгө ордог. Суурь багана олон босгодог. Жишээ нь, Тайландад 1996 онд яг ийм төслийг Хонгконгийн хөрөнгө оруулалттайгаар хийж байсан. Гэвч Азийн эдийн засгийн хямралаас болж төсөл гацсан. Дараа нь, Тайландууд өөрсдөө үргэлжлүүлэхээр судалгаа хийсэн ч ямар ч хэрэггүй чиглэл байсан болохоор бүтээн байгуулалт зогссон. Одоо ашиглагддаггүй хэдэн хоосон баганууд л үлдсэн. Анхнаасаа судалгаагүй, хорооны түвшинд шийдэл гаргалгүйгээр, дээрээс доош чиглэсэн хэлбэрээр өндөр өртөгтэй төсөл эхлүүлсний гор ингэж гарсан. Гол нь хүмүүс тогтмол очдог газар нийтийн тээвэр байх ёстой. Яг ийм түүх давтагдах вий гэдгээс болгоомжилж байна. Гэхдээ хөтөлбөрийг нийтэд нь үгүйсгэмээргүй байна. Дугуйн зам, явган замыг сайжруулах төслүүд бас байсан. Энэ бол их зөв. Бид алхах боломжтой хүндээ ээлтэй хотод амьдармаар байгаа болохоос биш машинд зориулсан хотод амьдармааргүй байна шүү дээ.
-Таны бодлоор Улаанбаатарын замын түгжрэлийг шийдэж болохуйц дорвитой арга замуудыг нэрлэ гэвэл юу хэлэх вэ?
-Манайд сая хэлсэнчлэн дээрээс доош чиглэсэн, захиргаадсан хот төлөвлөлтийн тогтолцоо голлоод байна. Ийм хот төлөвлөлт ихэнхдээ бүтэлгүйтдэг. Өмнө нь, бид дүүжин тээвэр, хөнгөн галт тэрэг, метро зэрэг олон төсөл ярьсан. Энэ бүгд дээрээс доош чиглэсэн иргэдийн оролцоогүй хот төлөвлөлт юм. Үүнд хий дэмий мөнгө зарцуулж үр дүнгүй хоцорсон. Энэ бүгдийг бидний төлсөн татварын мөнгөөр хийж байгаа шүү дээ. Үүний оронд доороос дээш чиглэсэн хот төлөвлөлтийн тогтолцоонд шилжмээр байна. Энэ нь хорооны хурлаас эхэлдэг бөгөөд, оршин суугчид хоорондоо “Манай хороонд амьдардаг хүмүүсийн хэдэн хувь нь хотын төв рүү ажилдаа явдаг, эсвэл ийшээ явдаг, гэтэл чиглэл байхгүй байна, автобусны зогсоол хол байна” гэх зэргээр асуудлаа ярилцаж Нийслэлд хандах явдал юм. Ингэснээр оршин суугчдад хамгийн тохиромжтой нийтийн тээврийн чиглэл тодорхой болно. Энэ бол доороос дээш чиглэсэн хот төлөвлөлтийн тогтолцоо юм. Мөн нийтийн тээврийг ашиглах дадал, зуршил байхгүй бол автобус байна уу, метро байна уу суудаггүй хүн бол хэзээ ч суухгүй. Ийм болохоор хэчнээн шинэ, үнэтэй шийдэл оруулж ирсэн ч иргэд түүгээр зорчдоггүй. Тэгэхээр бид эхлээд автобусаар зорчихыг дадал болгох ёстой. Нийслэл, дүүрэг, автобус компаниудад шаардлага тавих хэрэгтэй. Ер нь нийтийн тээвэрт дөрөвхөн л шаардлагыг тавьдаг.
Нэгд, цэвэрхэн байдал. Хүн өөрийн машинаас бохир автобусанд хэзээ ч суухгүй. Гэтэл манай автобусны ихэнхийг харахад өөр байна. Хоёрт, аюулгүй байдал. Иргэд аюулгүй нийтийн тээврээр үйлчлүүлэхийг хүсдэг. Гуравт, хүртээмжтэй байдал. Танай хороонд автобусны зогсоол хэд байна. Гэрээс буудал хүртэлх зай 500 метр дотор байна уу. Хол бол хорооны хурал дээрээ ярьж, гарсан шийдвэрийг автобус компани, нийслэлийн нийтийн тээврийн газарт хүргүүлэх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй. Дөрөвт, найдвартай буюу тогтмол, цагийн хуваариар явдаг байх. 5-10 минут тутам ирдэг нийтийн тээвэртэй байвал хүн болгон өвөл машинаа халааж, ажилдаа очоод зогсоол хайж цагаа дэмий үрэхгүй. Бид эдгээр шаардлагыг тавьсаар байвал нийтийн тээврийн хүртээмж нэмэгдэж машины хэрэглээ буурна. Мөн ая тухтай явган болон дугуйн замыг нийтийн тээвэртэй хослуулан хөгжүүлж чадвал манай хотын томоохон стресс хөнгөвчлөгдөнө. Ер нь ихэнх тохиолдолд хамгийн оновчтой шийдэл хямд байдаг. Байг гэхэд хамгийн үнэтэй нь лав биш байдаг. Үүнд зөвхөн иргэдийн оролцоо чухал юм.
-Таны хэлсэнчлэн хот төлөвлөлтөд иргэдийн оролцоо, санал маш чухал. Гэхдээ энэ ойлголт манайд төдийлөн бүрэн хэрэгждэггүй шиг санагддаг. Энэ талаар таны хувьд юу гэж боддог вэ?
-Хүмүүс эдийн засаг, байгаль орчин, эсвэл эрчим хүчний салбар чухал гэх маягаар “Аль салбар нь илүү вэ” гэдэгт анхаардаг. Гэвч чухал салбар гэж байдаггүй. Иргэд эрүүл, аюулгүй, хүрээмжтэй нийгэмд амьдарч чадаж байна уу эсэх л чухал. Ийм нийгмийг доороос дээш чиглэсэн иргэдийн оролцоот хот төлөвлөлтийн тогтолцоогоор бий болгодог. Бүгд хороо, баг, сумын хуралдаа сууж, асуудлаа ярилцах хэрэгтэй байна. Манайхны ойлголтоор хороо, багийн хурал гэхээр АН, МАН хоёр намын гишүүд хоёр талдаа сууж хэрүүл хийх эсвэл хэн дуртай нь хүрч ирээд стрессээ тайлдаг газар болсон байна. Гэвч хорооны хурлын утга учир энэ биш шүү дээ. Тухайн хороо, багт ямар асуудал байна үүнийг яаж шийдэх боломжтой вэ гэдгээ ярилцах орчин юм. Бидэнд 500 метр алхаад хүрдэг цэцэрлэг, бага сургууль, өрхийн эмнэлэг байгаа эсэхийг ярьж, байхгүй бол хурлаараа ярилцаж шийдэл гаргадаг орчин юм. Иргэд гаргасан шийдвэрээ дүүрэг, нийслэл, яамдуудад хүргэж, ажил болгохыг шаардах ёстой. Ингэхээр яамнаас зохих төлөвлөгөө хөрөнгө оруулалтыг шийдэж өгнө.
Харамсалтай нь, бид Богд Зонховын хөшөө, Айрагны цогцолбор барина гээд явж байна. Дээрээс доош чиглэсэн тогтолцоотой болохоор ийм нүдээ олоогүй шийдвэрүүд гарч, нийгэмд ашиггүй хөрөнгө оруулалт ихэсдэг. Тухайн хороо, сумын сургуулиуд боловсон ариун цэврийн өрөөтэй, халуун, хүйтэн устай, бохирын шугамтай байна уу гэдэгт бид анхаарах ёстой. Аялал жуулчлалыг хөгжүүлж эдийн засгаа сэргээх чухал ч, оршин суугчдын анхдагч хэрэгцээ юу вэ гэдгийг анзаармаар байна. Үүнийг шийдэх, хийж чадах хамгийн боломжит газар бол хороо, багийн хурал юм. Яагаад гэвэл тухайн хорооны асуудлыг оршин суугч л хамгийн сайн мэддэг. НИТХ-д 45 хүн байдаг. Эдгээр төлөөлөгчдөөс хэд нь гэр хороололд амьдардаг вэ гэдгийг харах хэрэгтэй. Бүгд Зайсанд амьдарчихаад гэр хорооллын асуудлыг шийднэ гэвэл үнэхээр боломжгүй. Хороо, дүүргийн засаг даргын албан тушаалд ч бас огт өөр газар амьдардаг хүнийг томилчихдог. Тухайн нутаг дэвсгэрт амьдардаггүй хүн төдийлөн асуудлаа мэдэхгүй, мэдсэн ч өөриймсөг хандах нь ховор шүү дээ.
Бас хорооны хурлыг дарга нар иргэдтэйгээ уулзах хурал гэж ойлгодог. Гэтэл үгүй.  Иргэд хоорондоо уулзан, асуудлаа ярилцах орчин юм. Өмнөх үеийг бодвол нийгмийн идэвхитэй залуус олон болсон байна. Ийм залуус хорооныхоо хуралдаа сууж үзээсэй гэж хүсэж байна. Тэгвэл илүү их боломж харагдана байх. Мэдээж нийгмийн сайн сайхны төлөө их зүйл хийж байгаа боловч боловсрол, хүчирхийлэл зэрэг тодорхой хэдхэн салбарт яваад байна. Ингэхээр салбар салбараараа хуваагдаад нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэх боломжгүй байгаа тал харагдаж байна. Харин доороос дээш чиглэсэн буюу бүх салбарыг багтаасан шийдлийг хөршүүдтэйгээ ярилцаж хорооны хурлаараа гаргавал та бүхний хийж бүтээж чадах орон зай маш их байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Ядаж л хөршүүдтэйгээ тохироод хогоо ангилж хаях хогийн савтай болох боломжтой шүү дээ. Доороос дээш чиглэсэн хот төлөвлөлтийн тогтолцоо бидэнд улстөрчдөөс хараат бусаар өөрийн амьдрах орчноо сайжруулах боломжийг олгодог.

Одон медаль, албан тушаал хэв маяг, хэлбэр төдий зүйл юм. Бидэнд үүнээс илүү тохь тухтай нийтийн тээвэр, номын сантай байх чухал

undefined
-Ярилцлагаа “Дэлхийн монгол” булангийн уламжлалт асуултаар үргэлжлүүлцгээе. Таны бодлоор орчин үеийн залууст хамгийн хэрэгтэй ур чадварыг юу гэж хардаг вэ?
-Монгол хүний онцлогыг тодотгосон, илүү их боломжийг нээж өгөх гурван чадвар байдаг гэж боддог. Энэ бол бүтээмж, багийн буюу хамтын ажиллагаа, бүтээлч сэтгэлгээ юм. Эрс тэс уур амьсгалтай нутагт үр удмаа үлдээх гэдэг том шалгуур. Үүнийг бид нүүдэлчин соёлын бүтээмжийг чухалчилсан амьдралын хэв маягаараа даван туулсан. Тэгэхээр бүтээмж бол бидний өвөг дээдсээсээ өвлөж авсан чухал чадвар. Бүтээмжийн эсрэг нь хэв маяг юм. Одон медаль, шагнал урамшуулал, аархал, баярхал, хэргэм зэрэг, албан тушаал, туйлширсан шүтлэг энэ бүгд хэв маяг, хэлбэр төдий зүйл юм. Бидэнд одон медаль чухал уу аль эсвэл тухтай нийтийн тээвэр, номын сантай байх чухал уу гэдгийг бодох хэрэгтэй. Зайсанд амьдарч Ланд-200, Лексус-570 маркийн автомашинтай байхаас илүү ажилдаа 10 минутад очиж чадаж байна уу, хэмнэсэн цагтаа өөрийгөө хөгжүүлж чадаж байна уу гэдгээ анзаарах цаг болсон байх. Одоо үед зарим залуус одон, медальд чухал ач холбогдол өгдөггүй болсонд баяртай байдаг.
Багийн ажилд муу нь манай үндэстний том сул тал учраас энэ чадварт суралцаж, хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Өнөөдөр ганцаараа хийж чадах ажил бараг байхгүй болсон шүү дээ. Хамтын ажиллагаанд хамгийн чухал зүйл бол хариуцлагатай байдал юм. Хариуцлагатай байдал цаг барихаас эхэлдэг гэдгийг үргэлж санах хэрэгтэй болов уу.
XXI зуунд дижитал шилжилт, хиймэл оюун ухаанаас шалтгаалж зарим ажлыг робот болон технологийн тусламжтайгаар гүйцэтгэдэг болж, давтагдсан үйл ажиллагаатай ажлын байр багасч байна. Ирээдүйд бүтээлч сэтгэлгээ, энэ чадварыг нэхсэн ажлын байр үлдэнэ гэж яригдаж байна. Зураг зурах, дуу шүлэг зохиох, бүжиглэх, хөгжим тоглох зэрэг бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх цагийг өөртөө гаргах хэрэгтэй гэж бодож байна.
-Залуу үеийнхэнд таны зүгээс өгөх хамгийн том зөвлөгөө юу вэ?
-Аливаа зүйлд тууштай байгаасай гэж боддог. Ихэнх хүмүүс богино хугацаанд амжилтад хүрье гэж боддог болж. Гэтэл амжилт гэдэг хоромхон зуурт ирчих юм биш. Өөрийн сонгосон мэргэжил, салбартаа тууштай байгаасай. Бас унших дадалтай болж, гадаад хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх нь том давуу тал болно гэж зөвлөмөөр байна. Гадаад хэл сурах хэцүү. Гэхдээ тууштай байвал ямар ч хэлийг төгс эзэмших боломжтой. Би зөвлөгөө авъя гэсэн хүмүүст нэг зүйл хэлдэг юм. “Их битгий хий, бага битгий хий, өдөр болгон хий”. Өдөр бүр ядаж 30 минутыг өөрийгөө хөгжүүлэхэд зориулаарай.
-Таны цаашдын зорилго юу вэ?  
-Улаанбаатар хотоо дэлхийн биш юмаа гэхэд Азийн хүйтэн нийслэл болгомоор байдаг. Өмнө нь улс гүрнүүд хоорондоо өрсөлддөг байсан. Одоо салбар салбарын үндэстэн дамнасан корпорациуд хоорондоо өрсөлдөж байгаа бол ирээдүйн чиг хандлага хотуудын өрсөлдөөн рүү шилжиж байна. Мөн Ази номхон далайн улсууд хөгжлийн шатандаа явж байна. Миний бодлоор 10-20 жилийн дараа Тайланд, Вьетнам, Бангладеш, Пакистан зэрэг улсууд баян болно. Энэ бүс нутагт цас үзээгүй дөрвөн тэрбум хүн байна. Эдгээр хүмүүст цас мөс үзүүлэх боломжтой, потенциалтай хот нь Улаанбаатар юм. Бид хичээгээд 10-20 жилийн дараа түгжрэлгүй, утаагүй, хөрсний бохирдолгүй хүмүүс нь аз жаргалтай хот болчихвол жуулчид цас үзэхээр манайхыг зорино. Японы Саппоро хотод цас үзэх боломжтой л доо. Гэхдээ Улаанбаатар хотын нуугдмал давуу тал их байна. Дэлхийн анхны дархан цаазат Богд Хан уул, Тэрэлж үндэсний парк, нийслэлдээ хамгийн ойр цанын бааз “Sky resorts” , хотоо тойрсон дөрвөн ууландаа “hiking” хийх, шүхрээр буух, дрон нисгэх, Туул голоор нохой чаргаар гулгах, Зуун мод руу морин аялал хийх гээд жуулчдын хүсэмжит зүйл олон байна. Таатай амьдралын нөхцөлийг бүрдүүлсэн хотдоо жилдээ хоёр сая жуулчин аваад байхад улсын эдийн засагт ч хэрэгтэй. Энэ зорилгодоо шууд болон шууд бус аргаар хувь нэмрээ оруулая гэж боддог доо.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа, танд болон танай хамт олонд ажлын амжилт хүсье. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн