Open iToim app
Дэлхий | 7 мин уншина

Берлиний хананы цаадах аймшигт амьдралыг хэзээ ч битгий мартаарай

Берлиний хананы цаадах аймшигт амьдралыг хэзээ ч битгий мартаарай
Нийтэлсэн 2019 оны 10 сарын 3
Берлиний хананы наана цаана Германчууд болон дэлхий тэр чигтээ 40 жилийн турш хоёр өөр дэглэмд тусгаарлагдан амьдарсан юм. Харин өнөөдөр буюу аравдугаар сарын 3-нд Герман улс албан ёсоор ахин нэгдсэний 29 жилийн ой тохиож байна. Германд энэ өдөр хүн бүр коммунизм, дарангуйллын бэлгэ тэмдэг болсон Берлиний ханыг дурсдаг. Тиймээс хүн төрөлхтний түүхэнд  хар дурсамжууд үлдээсэн эдгээр өдрүүдийг эргэн нэг санацгаая.
“Берлиний хананы цаадах аймшигт амьдралыг хэзээ ч битгий мартаарай. Өнөөгийн сайн сайхныг авчирсан эрх чөлөөний хайрыг санагтун” Берлиний хананы үлдэгдэл дээр бичигдэж хоцорсон бичээс. 
undefined
Хүйтэн дайны он жилүүдэд буюу 1961 оны наймдугаар сарын 13-ны үүрээр цэрэг, цагдаа нараар хамгаалуулсан Зүүн Германы барилагчид Берлин хотыг хоёр хуваах бетон ханыг босгож эхэлжээ. Энэ үйл явдал нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн алдартай бас гунигт хуваах шугам болох Берлиний хананы эхлэл байв. Ингээд Зүүн Германчууд дараагийн бүтэн арван жилийн турш гудамж талбай, хөршүүд, найз нөхөд, хамаатан садан, гэр бүлүүдийг тусгаарлах ханын бүтээн байгуулалтын ажлыг хийсэн юм. Эцэст нь Зүүн Германчууд Баруун Германаас тусгаарлагдаад зогсохгүй Социалист лагерын орнуудыг эс тооцвол дэлхийгээс бүрэн холбоо тасарчээ.
Чухам яагаад нэг үндэстэн, нэг улс ингэж гунигтайгаар хоёр хуваагдан, тусгаарлагдах болов. Үүнийг тодруулахын тулд дэлхийн II дайны төгсгөл үеийн түүхийг сөхөх хэрэгтэй. Дэлхийн II дайнд АНУ, Их Британи, Франц нар ЗХУ-тай нэгдэн холбоотнууд болж Тэнхлэгийн орнуудтай байлдсан гэдгийг хүн бүр мэднэ. Харин Нацист Германыг буулган авсны дараа холбоотнууд тус улсыг ялагчийн хувиар дөрөв хуваан авч, эрх мэдэл, нөлөөллөө тогтоож эхэлжээ. Гэвч нэг дайсантай тулалдаж явсан холбоотнуудын алсын хараа дайны дараа зөрчилдөж эхэлсэн бөгөөд АНУ, Их Британи, Франц гэх барууны холбоотнууд Германд нээлттэй, либерал эдийн засгийг бий болгох хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан юм. Харин нөгөө талд ЗХУ-д Коммунизмыг жинхэнэ утгаар нь байгуулахад дуулгавартай Герман улс хэрэгтэй байв.  
Ингээд дэглэмийн хувьд санал зөрөлдөх болсон холбоотнуудын харилцаа муудаж Германыг хоёр хуваан авсан нь чөлөөт, нээлттэй эдийн засагтай Холбооны бүгд найрамдах Герман улс буюу баруун Герман, хаалттай эдийн засагтай, коммунист, Бүгд найрамдах Ардчилсан Герман улс буюу зүүн Герман болсон юм. Цаашдаа дэлхийн II дайны дараах их гүрнүүдийн Капитализм, Коммунизмын хуваагдал нь дэлхийг тэр чигт нь хоёр тэнхлэгт хуваан, 40 жил үргэлжилсэн хүйтэн дайныг өрнүүлсэн билээ.
Тухайн үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтах улсууд болон социалист лагерын орнууд барууны орнуудтай худалдаа, тээвэр хийхийг эсэргүүцдэг байсан юм. Харин зүүн Герман нь уг босоо бүтэцтэй аварга аппаратын хувьд өндөр хөгжилтэй Капиталист орнуудтай шууд хиллэдэг цорын ганц улс байв. Тиймээс гаднын улсуудыг зүүн Германд хөл тавихыг хориглож, хилийн хаалт босгож эхэлсэн нь хожим төмөр хөшиг гэх нэрээр түүхэнд үлдсэн юм. Үүний хариуд Капиталист орнууд ч өөрсдийн хил хязгаараа тогтоож эхэлжээ.
Харин тэдний хувьд нутаг дэвсгэрийн хил хязгаараа тогтооход хамгийн хүндрэлтэй байсан зүйл нь Германы нийслэл Берлин хот байв. Учир нь Берлиний баруун хэсэгт ардчилсан орнууд эрх мэдлээ тогтоогоод байсан бол зүүн хэсэгт нь ЗХУ-с ноёрхоод байсан юм. Ингээд тэд Берлин хотыг хоёр хувааж өөрсдийн хил хязгаарыг бүрэн тогтоов.
Зүүн Германы иргэдийн хувьд эх орноосоо гарч өөр Капиталист улс руу явах нь албан ёсоор хориотой байсан ч Берлин хотын иргэд явганаар л нөгөө талд гарч барууны орнууд гээд цааш аялах бүрэн боломж байв. Тиймээс энэхүү онгорхой хил нь зүүн Германы коммунист удирдагч нарт том асуудал болж харагдах болжээ. Ингээд тэд Берлин хотын зүүн хэсгийг бүрэн тусгаарлахын тулд өөрсдийгөө Нацистуудыг үгүй хийсэн коммунист баатрууд, баруун Германууд бол Нацистуудын үйл хэргийг залгамжлагчид гэх суртал ухуулга хэрэгжүүлж эхэлсэн байна.
Үнэн хэрэгтээ ардчилсан орнууд баруун Германд их хэмжээгээр хөрөнгө оруулалт хийж аймшигт дайнд сүйдсэн хотуудыг сэргээн босгож, эдийн засаг нь хурдацтай өсөж байсан юм. Харин нөгөө талд ЗХУ нь зүүн Германы байгалийн баялгийг дэлхийн II дайны нөхөн төлбөрт их хэмжээгээр олборлон авч байсан нь тус улсын өрсөлдөх чадварыг улам бүр доройтуулж байжээ. Үүний дээр зүүн Германы удирдагчид Төрийн аюулгүй байдлын алба буюу “Stasi” гэх тагнуулын байгууллагаар дамжуулан бараг бүх иргэнээ мөрдөж, коммунизмын эсрэг аливаа тэрс үзлийг газар авахуулахгүйн тулд гэрээс нь хүртэл чагнадаг байсан юм. Үндсэндээ зүүн Германд хүний эрх гэх зүйл огт байхгүйн дээр иргэд боловсрол болон эрүүл мэндийн маш муу үйлчилгээг авдаг байв. Харин нөгөө талд баруун Германчууд өндөр цалинтай, олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, төрийн үйлчилгээнээс өөрсдийн хүссэнээ сонгон авч байв. Энэ бүхнээс болж зөвхөн 1961 онд л гэхэд ойролцоогоор 3,6 сая буюу зүүн Германы нийт хүн амын таван хүн тутмын нэг нь баруун Герман руу дүрвэсэн байна. Тэдний дийлэнх нь сэхээтэн, залуу боловсон хүчин байсан аж. Энэ бол тухайн үед коммунизм бол иргэдийн амьдралд тун бага эерэг нөлөө үзүүлдэг хий хоосон мөрөөдөл төдий зүйл байсныг гэрчлэх нэг баримт гэж олон түүхч, судлаачид үздэг.   
Мэдээж зүүн Германаас олон сая хүн дүрвэн гарч буй нь социалист лагерийн хувьд тун ичгэвэртэй, цаашлаад коммунист дэглэм удаан хугацаанд оршин тогтноход бодит аюул учруулахуйц зүйл байсан нь тодорхой. Тиймээс үүнийг хүчээр зогсоохыг шийдсэн нь 43 километр урт үргэлжлэх Берлиний хана, нийт 112 километрийн урт зүүн Германы тусгаарлах шугамыг барих санаанд тэднийг хөтөлсөн юм.
Анхны хана төмөр тороос өлгөсөн сараалжин хашаанууд байсан учир Берлиний иргэд үүнийг давж оргоход хялбар байжээ. Тиймээс  1965 онд зүүн Германы эрх баригчид нийт 106 километр урт, 3,6 метрийн өндөр бетон ханыг нэмж байршуулж эхэлсэн бөгөөд үүнийхээ дээр цуурайтдаг хоолой суурилуулсан нь ханыг давж оргохыг завдсан тохиолдолд харуулуудад дохио болох зориулалттай байсан аж. Үүгээр зогсохгүй суурин газруудад хананы наад талд тороос татан, нохойгоор мануулж, тал газруудад минжүүлсэн талбай байгуулсан байна. Хамгийн аймшигтай нь урт үргэлжлэх бетон хананаас 100 метрийн зайд ахин сараалжин хашаа татаж, хоорон дахь талбайг харанхуйд харагдахуйц болгон засаж, элсээр дүүргэсэн бөгөөд үүнийгээ үхлийн бүс гэж нэрлэх болжээ. Хэрэв хэн нэгэн ханыг давахыг оролдож үхлийн бүсэд орвол шууд буудан хөнөөх тушаалтай нийт 302 харуулын цамхаг, 20 нуувчид цэргүүд 24 цагийн турш байрлах болсон байна.
Энэ бүх өндөр харуул хамгаалалтыг үл тоон 1961-1989 онд ойролцоогоор 5.000 хүн ханыг давж зүүн Германаас оргож чадсан гэдэг. Тэдний дийлэнх нь дипломат албан хаагч, гаднын улсуудад тэмцээнд оролцохоор явсан тамирчид байсан юм. Харин энгийн иргэд хананы доогуур ухсан туннель, бохир усны суваг, агаарын бөмбөлөг ашиглах зэргээр янз бүрийн аргаар оргож байв. Хамгийн онцгой тохиолдол нь хулгайлсан танкаараа ханыг нэвт дайрч гэр бүлээрээ зугтаасан явдал ч гарч байсан аж. Мэдээж энэ хугацаанд оргож яваад баригдаж будуулан нас барсан хүмүүсийн тоо ч өндөр байсан бөгөөд энэ тоо одоо хэрнэ тодорхой бус байдаг. Харин зүүн Германы тэмдэглэлүүдэд дурдсанаар 1961-1989 хооронд нийт 138 хүн оргохыг завдсаны улмаас буудуулжээ. Харин яг Берлиний хананы нөгөө талд амьдрах баруун Германы иргэд тухайн үед ямар ч тусламж үзүүлж чадалгүй хэн нэгэн нь газар дээрээ буудуулж нас барахыг бараг долоо хоног бүр хардаг байсан аж. Өөр нэг эмгэнэлтэй зүйл нь цэргүүд оргож явсан хүнийг бус хэн нэгийг хэлмэгдүүлэх зорилгоор хананы хажууд авчирч буудан хөнөөдөг байсныг маш олон хүн гэрчилдэг.
Берлиний ханыг байгуулснаар зүүн Германы эдийн засаг тогтворжсон гэж үздэг ч энэ нь өнөөдөр коммунизмын дарангуйллын бэлгэ тэмдэг болон түүхэнд үлджээ. Учир нь иргэд дүрвэн зугтах боломжгүй болж амьдралаа залгуулахын тулд байнгын дарамт, мөрдлөг дунд ажиллахаас өөр сонголтгүй болсон юм.
Харин 1972 онд хоёр Германы хооронд анхны харилцан эвлэрэх гэрээ байгуулагдсанаар хананы наана, цаана хоцорсон хүмүүс 10 жилийн турш уулзаж чадаагүй ойр дотнын хүмүүстэйгээ уулзах боломжтой болсон юм. Энэхүү гэрээ нь баруун Германы хувьд ахин нэгдэх итгэл найдвар байсан бол зүүн Германы хувьд нэр төдий л зүйл байсан гэдэг. Учир нь зүүн Германы иргэд хананы нөгөө талд буй гэр бүлийнхэнтэйгээ уулзахын тулд маш их мөнгө төлж, хэн нэгний гарыг цайлган хахууль өгч, урт дараалалд нэрээ бичүүлдэг байв.
undefined
Төд удалгүй буюу 1980 оноос эхлэн социалист лагерийн орнуудад хүний эрх, ардчиллын төлөөх хөдөлгөөнүүд өрнөх болж, улам өргөжин нийтийг хамрах болсон нь коммунизм өөрөө бүхлээрээ алгуурхан нурах эхлэл болсон юм. Ингээд 1989 оны арван нэгдүгээр сарын 9-нд зүүн Германы эрх баригчид үүсээд буй хурцадмал нөхцөл байдлыг намжаахын тулд иргэдийг чөлөөтэй гадаад орнуудад зорчих эрхээр хангах болсноо зарласан байна.  Үүнийг сонссон зүүн Берлиний иргэд хэдэн мянгаараа хананд тулан ирж гарцуудыг нээхийг шаардаж эхэлсэн бөгөөд цэргүүд ч дээрээс тушаал хүлээлгүй шууд хилээ нээсэн аж. Ингээд хананы хоёр талд хуваагдаад байсан ард түмэн аж жаргалтайгаар  тэврэлдэн уулзалдсан бөгөөд тэр шөнөдөө гарт тааралдсан багаж, зэвсэг бүрээрээ бетон ханыг нурааж эхэлсэн байна. Эцэст нь хоёр Герман 39 жилийн дараа буюу 1990 оны аравдугаар сарын 3-нд ахин нэгдсэн юм. Үүнээс нэг жилийн дараа ЗХУ ч 1991 оны арван хоёрдугаар сарын 26-нд нуран унасан байдаг.
Хүн төрөлхтөн хоёр өөр дэглэм, улс төрийн үзэл баримтлалаас болж дэгдсэн хүйтэн дайны гашуун түүхийг хангалттай амссан. Өөрчлөн байгуулалт явагдаж дэлхий дахин ардчилалд шилжээд 30 жил өнгөрсөн ч одоо хэрнэ хоёр систем ноёрхож байх үед бий болсон ялгаа бүрэн арилаагүй л байна. Германд өнөөдөр ч хуучин дэглэмийн хувьд коммунист байсан хэсэг эдийн засаг, хөгжлийн хувьд баруун мужуудын дэргэд харьцангуй хоцрогдмол юм.
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн