Open iToim app
Боловсрол | 6 мин уншина

Г.Ганчимэг: ЭЕШ-д бие даан бэлтгэх 'Багшийн туслах 800' аппликейшн гаргалаа

Г.Ганчимэг: ЭЕШ-д  бие даан бэлтгэх 'Багшийн туслах 800' аппликейшн гаргалаа
Нийтэлсэн 2020 оны 2 сарын 4
 “Багшийн туслах 800” аппликейшнаар Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх боломж хоёрдугаар 02-ны өдрөөс бүрджээ. Тус аппликейшныг  санаачлан бүтээсэн багийн гишүүн,   “Багшийн туслах институт”-ын дэд захирал Г.Ганчимэгтэй ярилцлаа.
-Багшийн туслах аппликейкшн нь Япон улсын боловсролын системийг нутагшуулж буй хэрэглэгдэхүүн хэмээн тодотгож байгаа юм билээ. Яг ямар системийг нэвтрүүлж байгаа гэсэн үг вэ?
-Японд "Studysapuri" хэмээх платформ долоон жилийн өмнө гарсан. Энэ нь их сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэхэд зориулж гаргасан платформ юм. Ер нь бүх л улсад боловсролын тэгш бус байдал гардаг шүү дээ. Тэгвэл Япон улсад бүтээгдсэн платформ нь ялгавартай байдлыг арилгахад маш том үүрэг гүйцэтгэсэн гэж тус улсын яам болон ард иргэд дүгнэдэг юм билээ. Тус платформыг Япон улсын ахлах ангийн сурагчдын 70 хувь нь хэрэглэдэг бөгөөд Тайланд, Филиппин, Вьетнам зэрэг орон уг системийг нэрвүүлж эхлээд байгаа. Тиймээс энэхүү платформыг Монголын боловсролын салбарт нэвтрүүлэхийг зорьж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Ингээд өнгөрөгч оны арваннэгдүгээр сараас эхлэн аппликейкшнаа боловсруулахаар ажиллаж эхэлсэн юм. Бид юун түрүүнд Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх хичээлүүдийг оруулаад, дараа нь тусгай, дунд, бага, ахлах ангийн ерөнхий эрдмийн хичээлийг оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн уг аппликейкшн нь цаг үеийн байдлаас болоод буюу сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосноос болж гаргаж ирсэн зүйл биш шүү гэдгийг тодотгон хэлье. Бид 2020 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр аппликейкшнынхаа нээлтийг хийн гэж төлөвлөснийхөө дагуу гаргасан. 
-Хүүхэд бүрийн боловсрол эзэмшсэн төвшин болоод хүлээж авах чадвар нь ч өөр өөр байдаг шүү дээ. Тэгвэл уг аппликейкшнд орсон хичээлүүд, тэр дундаа багш нарын зааж буй видео хичээл хүүхэд бүрт ойлгомжтой байж чадах болов уу?
-Манай апплейкшны хамгийн гол давуу тал нь таны хэлээд байгаа төвшний ялгааг арилгахад оршиж байгаа юм. Мэдээж багш хичээл заалаа гэхэд бүх хүүхэд 100 хувь ойлгож, хүлээж авдаггүй шүү дээ.  Тиймээс бидний бэлдсэн видео хичээлийг өөрийнхөө хэмнэлд тохируулан үзээд, тест дасгал ажлуудыг ажиллаад ирэхээр хүүхэд өөрөө аяндаа сурах арга барилаа олчих боломжтой юм. Багш нарын заах арга, ур чадварын хувьд эргэлзэх зүйлгүй гэж хэлмээр байна. Учир нь ур чадварын уралдаанд түрүүлээд зогсохгүй, бэлдсэн сурагчид нь ЭЕШ-д өндөр оноо авдаг, олимпиадад амжилттай оролцдог гэх мэт олон шалгуур тавьж, багш нарынхаа багийг бүрдүүлсэн. Манай багш нар заах арга зүй,  ур чадвар өндөртэй учир хичээлийг хялбар байдлаар үр дүнтэйгээр хүргэнэ.
undefined
-Та багш нарынхаа талаар жаахан дэлгэрүүлээч. Хүүхдийн боловсролд багш хамгийн чухал шүү дээ?
-Багш нар маань бүгд улс, нийслэлийн багш нарын ур чадварын уралдаанд тэргүүн байр эзэлсэн, Элсэлтийн ерөнхий шалгалт, олимпиадад бэлтгэж байсан хүүхдүүд нь 750 дээш оноо авдаг заах арга барил сайтай, тэргүүлэх зэрэгтэй чадварлаг багш нарыг сонгосон байгаа. Тодруулбал, 33 дугаар сургуулийн математикийн багш Б.Ариунаа, Оргил ерөнхий боловсролын сургуулийн физикийн багш Г.Ариунболд улс, нийслэл, дүүргийн олимпиадад 2016-2019 оны хооронд мөнгө, хүрэл медалийг тасралтгүй авсан. Мөн 24 дүгээр сургуулийн англи хэлний багш С.Нямсүрэн дүүргийн ур чадварын уралдаан 2014, 2017 онд тус тус хоёрдугаар байр, 24 дүгээр сургуулийн Монгол хэлний багш Г.Ганбаяр 2014, 2016, 2019 онд нийслэлийн багш нарын заах арга зүйн уралдааны тэргүүн байрыг эзэлсэн. Нийгмийн ухааны багш Э.Баасанцэрэн 2019 оны хот, дүүргийн ур чадварын уралдааны аварга болж байсан байх жишээтэй. Эдгээр багш нар маань өөр өөрсдийн заах арга барилд тулгуурлан видео хичээлээ бэлтгэсэн байгаа. Элсэлтийн ерөнхий шалгалтын тестүүдэд 7-12 дугаар ангийн сургалтын агуулга орсон байдаг бөгөөд хоцрогдолтой хүүхдүүд маань богино хугацаанд ганцаарчилсан сургалтыг “Багшийн туслах” аппликейкшнаараа авах боломжтой болж байгаа юм.
-Хэрхэн бүртгүүлдэг юм бэ?
-www.bagshiintuslah800.mn сайт руу нэвтэрч ороод бүртгүүлэх ёстой. Таны бүртгэл баталгаажсан даруй, бүртгүүлсэн мэйл хаягаар аппликейшнд нэвтрэх нэр, нууц үгийг нь илгээдэг. Ингээд бүртгэлээр аппликейшндаа нэвтэрч орсноор интернэттэй л бол хэзээ ч, хаанаас ч хичээлээ үзэх боломжтой болж байгаа юм. Мэдээж "appstore", "playstore" оос аппликейшнээ татаж авсан байх ёстой.
-Видео хичээл хэчнээн минут үргэлжилдэг юм бол?
-Хичээлийнхээ агуулгаас хамаарч 15-90 минут үргэлжилдэг. Хичээлийн хувьд одоогийн байдлаар Англи хэл, Монгол хэл, Математик, Физик, Нийгмийн ухаан гэсэн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалт өгдөг түгээмэл хичээлийг оруулсан байгаа. Харин хоёрдугаар сарын 15-аас хими, биологийн хичээлийг нэмж оруулна.  
undefined
-Хичээл болгон өөр өөр үнэ, төлбөртэй юу?
-Хичээл болгон өөр, өөр үнэтэй гэсэн ойлголт байхгүй. Нэг сар 30 мянган төгрөг, гурван сар нь 75 мянган төгрөг, зургаан сар нь 120 мянган төгрөг, нэг жил нь 216 мянган төгрөгийн үнэтэй. Хэрэв нэг жилийн хэрэглээг авсан бол сард 18 мянган төгрөгөөр долоон төрлийн хичээл үзэх боломжтой болж байна гэсэн үг. Мөн ЭЕШ өгч байгаа сурагчдын 15-18 хувь нь давтан өгч байгаа, эсвэл нэг жил өнжөөд шалгалт өгч байгаа гэх мэтчилэн шалтгаантай байдаг. Тиймээс бакалаврын зэрэг авч, их сургуульд сурахыг хүссэн хүн бүхэн цахим хичээлээ үзэж, ЭЕШ-д бэлдэх боломжтой болж буй хамгийн анхны системийг нэвтрүүлээд байна. Түүнчлэн нэг сарын турш видео хичээл үзэхээр сонгосон бол нэг хичээлийн 100 гаруй видеоноос хүссэн түвшингээ хараад суралцах боломжтой. Нэг ёсондоо хичээлийн тоо үнийн дүнгээр  хязгаарлагдаагүй гэсэн үг. Мөн бид нийгмийн хариуцлагын хүрээнд  монгол чаттай хамтраад тухайн төлбөрийн хэрэгслээр аппликейшныг татаж авах юм бол 90 хувь хөнгөлөөд, нэг сарын хугацаанд 3000 төгрөгөөр хичээл үзэх боломж гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл хэрэгжихээр болсон байгаа.
-Дасгал ажил тест байгаа болов уу?
-Багш нарын зааж буй хичээлийн сэдэв бүрт тохирсон өөрийгөө шалгах тестийг боловсруулж оруулсан байгаа.
-Урьдчилсан байдлаар туршиж, хичээл үзэж, ажиллах боломж байгаа болов уу?
-Аппликейкшн маань өчигдөр ашиглалтад орж эхэлсэн бөгөөд сурагчид 14 хоног үнэгүй ашиглах боломжтой.
-Та нар урьдчилж судалгаа хийж үзсэн болов уу. Хүүхдүүдийн цахим хичээл үзэх сонирхол, эцэг, эхчүүдийн хандлага ямар байгааг тогтоосон уу?
-Бид зах зээлийн судалгаа хийсэн бөгөөд хэд хэдэн фокус группийн уулзалт хийж аппликейшныг хэрэглэхэд ямар байгааг сурагчдаас асууж, судалсан. Харин эцэг, эхчүүд утаснаас нь аль болох хол байлгахыг зорьж байхад видео хичээл үзүүлэх нь зөв эсэхт эргэлзэж байгаагаа хэлсэн. Гэхдээ их сургуульд орох эсэхээ тодорхойлох гэж байгаа чухал үед хурдан, хямд үнээр мэдлэг олгох арга барилыг хайж, хүүхдүүдээ сургах хүсэл сонирхол байгаа учир уг аппликейшныг хэрэглэхэд таатай байгаагаа илэрхийлсэн. Тиймээс ЭЕШ-д өндөр оноо авч, мэдлэгээ дээшлүүлж, хүссэн сургуульдаа элсэхийн тулд цахим хичээл үзэх нь үр дүнтэй юм.
undefined
-Ер нь манай монгол хүүхдүүдийн бие даан суралцах чадвар хэр байдаг юм бол. Монголчууд хүүхдээ хүмүүжүүлж, хичээлийг нь хийлгэхдээ гарын амт амсуулж, хажууд нь харж суухгүй л бол хийдэггүй гэхчлэн ярьдаг шүү дээ?
-Бид ЭЕШ-д 800 оноо авсан хүүхдүүдээс судалгаа авч, мөн аппликейшнээ хэрэглүүлж үзээд хэрхэн ЭЕШ бэлдэж, өндөр авсныг асуусан. Тэгэхэд ихэнх сурагчид багш нараасаа олж авсан мэдлэгээ бие даан суралцах замаар сайжруулснаар ЭЕШ-д 800 оноо авахад хүргэсэн гэдгийг хэлж байсан юм. Энэ нь шинэ үеийн хүүхдүүд өөрт хэрэгтэй, эвтэйхэн арга барилаар сурах сонирхол бүрдсэн байгааг харуулж байна. Хэрэв эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ цөөн хором яаж сурахыг хүсч байгааг нь асуугаад үзвэл багадаа ч, одоо ч бодож байгаагүй өвөрмөц арга барил, үзэл бодлыг илэрхийлэх байх шүү.
-Тэгвэл аппликейшнаа цаашид хэрхэн хөгжүүлэхээр төлөвлөсөн байгаа бол. Мөн улсаас ямар нэгэн дэмжлэг авах шаардлага байгаа болов уу?
-Одоохондоо бид улсаас ямар нэгэн дэмжлэг аваагүй байгаа. Хэрэв интернэтийн хүрэлцээг улсаас шийдвэрлээд өгчихвөл алслагдсан хүүхдүүдэд нийслэлийн, хувийн сургуулиудын хүүхдүүдтэй энэ зэрэгцэн улсын, олон улсын сургуулиудад өрсөлдөх боломж бүрдэж байна л гэсэн үг.
-Танай байгууллага цаашидаа аппликейшндаа нэмж ямар ямар хичээл оруулах вэ?
- Бид хоёрдугаар сарыг дуустал ЭЕШ-ын бүх хичээлээ оруулж дуусна. Гуравдугаар сараас 1-12 дугаар ангийнханд зориулсан ерөнхий эрдмийн хичээл бэлтгээд есдүгээр сараас аппликейшнд оруулах бол, тавдугаар сараас IELTS, TOFIL зэрэг тусгай хичээлүүдийг бэлтгэж зургадугаар сард оруулахаар төлөвлөсөн байна.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн