"Хөөрхөн шар шувуу" сургалт, судалгааны төвийн захирал, боловсрол судлаач, эцэг эхийн дасгалжуулагч Г.Төмөрзаяа багштай ярилцлаа.
-Он цаг улирах бүр хүүхдүүдийн чадвар өөрчлөгдөж, цаг үеэ дагаад өөр, өөр онцлогтой болж байна. Орчин үеийн гэж нэрлээд байгаа хүүхдүүд ямар онцлогтой болж байна вэ?
-Орчин үеийн хүүхдүүд шинэ зүйлийг илүү амархан суралцаж байна. Илүү энгийн зүйлийг хүлээн зөвшөөрдөг болж байна. Хуучин бага насны охид гялтганасан гоёмсог зүйлд дуртай байсан бол одоо үеийн охид учиргүй гоёмсог зүйлд дурлахгүй байх жишээтэй. Өсвөр насныхан гэхэд илүү эмх цэгцтэй, өөртэй хэрэгтэй гэсэн зүйлээ таньж, мэдэж чаддаг болсон. Одоогоос дөрөв, найман жилийн өмнөх сонгуульд өсвөр насныхан ач холбогдол өгдөггүй байсан бол одоо энэ цагийн өсвөр насныхан өөрт нь хэрэгтэй учраас сонгуулиа сонирхоод эхэлж байна ч гэдэг юм уу өмнөх, өмнөх үеийнхнээс арай ялгаатай байгаа. Хамгийн гол нь товч хэрнээ тодорхой зүйлсийг сонирхдог, олон үг нэмж, хачирласан тайлбарт дургүй, юу хэлэх гээд байгааг нь шууд мэдэхийг хүсдэг болсон байна. Цаг үеэ дагаад хүний хөгжил, сонирхол өөрчлөгдөж байна. Ер нь хүүхдийн хөгжил зургаан сараас жилийн хэлбэлзэлтэй байна. Энэ нь хүүхдүүдийн идэж, ууж, үзэж, харж байгаа зүйлстэй холбоотой. Аав, ээж ч харьцангуй бэлтгэлтэйгээр хүүхдээ тээж төрүүлж байгаа нь хүүхдийн хөгжилд нөлөөлж байна.
Нөгөө талаар хүүхдүүд дэлгэцийн хамааралтай болж байгаа учраас ээж, аавууд хүүхэдтэйгээ амьд харилцаатай байх шаардлагатай байна. "Манай хүүхэд гадаад хэлээр хэлд орчихлоо, гадаадаар яриад байна" гээд маш олон ээж, аавууд баярлаж байна. "Хоёр настай хүүхдээ шууд гадаад хэл сургачихмаар байна" гэдэг. Гэтэл ийм хүүхдүүд гурав, дөрвөн насан дээрээ хэл ярианы хөгжил сул болно. Эндээс, хүүхдэдээ гадаадын нэг суваг тавиад л зурагт үзүүлээд орхичихдог нь харагдаж байна. Энэ нь эргээд сэтгэхүй, тархи, тархины эсийн хөгжилд нь сөргөөр нөлөөлж улмаар хэл ярианы хөгжил нь хоцрогдох хүчин зүйл болж байна. Хоёрдугаарт, "манай хүүхэд ой гарантай байж миний утасны кодыг тайлаад "Youtube" руу ороод өөрийн дуртай бичлэгээ үздэг болсон" гэж гайхамшиг болгож ярьдаг. Гэтэл бага насны хүүхдийн харааны ой тогтоолт маш өндөр байдаг. Нэг зүйл хараад шууд тогтоочихдог. Тархиндаа бичээд авчихдаг. Дараа нь тэр үйлдлийг давтах бүрэн боломжтой. Тэр үйлдлээ л давтаж хийж байгаа болохоос тухайн хүүхэд чадамж эзэмшин, сурч боловсроод, сэтгэхүй нь хөгжөөд байгаа юм биш. Энэ мэт алдаа дутагдлыг эцэг эхчүүдэд цаг тухайд нь ярьж, ухамсарлуулах хэрэгцээ шаардлага байна. Дэлгэцийн хамааралтай болсон хүүхэд хиймэл хүний дүр төрхтэй болдог. Нойргүйдэл, уур уцаартай болно, сэтгэл хөдлөлүүд нь арилна. Дэлгэцийн хамаарлаас холдуулахын тулд аав, ээж, багш, хүүхэд гэсэн гурвалсан холбоотойгоор ажиллаж байж энэ дэмжлэг явна.
-Эцэг, эх бүр төгс хүүхэдтэй байхыг, багаас нь их зүйл сургахыг хүсч байна. Наснаас нь өмнө, илүү зүйл заахыг хүсээд байгаа нь хэр оновчтой вэ?
-Аав, ээжүүд хамгийн эхлээд төгс хүүхэдтэй байх, төгс аав, ээж байх гэдэг эрмэлзлээс татгалзаад хүүхэд бүхэн өөр, өөр өнгө, сурах арга барилтай гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүүхдийнхээ ээж, аав нь болохоос биш, тэдний хэн болохыг нь тодорхойлогч биш. Харин хүүхдийнхээ хөгжлийг дэмжээд хэн бэ гэдгийг нь таньж мэдэх хэрэгтэй. Тухайлбал, таван хүүхэдтэй айлын хүүхэд бүхэн багш ч юм уу, зураач болох албагүй. Таван янзын өөр мэргэжилтэй болох тусмаа тэр ээж, аав хүүхдийнхээ онцлогийг таньж мэдсэн гэсэн үг.
Ээж, аавууд хүүхдийнхээ хөгжлийг бусдаас түрүүлж хийж чадсан зүйлээр нь үнэлэх гээд байдаг. Хүүхэд зургаан настайдаа уншиж сурах ёстой. Гэтэл дөрвөн настайдаа уншаад сурчихсан бол гайхамшиг болгоод, магтаад, мундгаар нь дуудаад эхэлдэг. Гэтэл дөрвөн настай хүүхэд тоглож, наадаж байх явцдаа хөгждөг. Тоглож байх явцдаа хүүхэд өөрөө үсгээ сурчихсан бол болж байна. Гэтэл тоглох цагаас нь хомслоод үсэг заахад илүү их ач холбогдол өгсөн бол хүүхэд нээлттэй байх, бусадтай эв найртай харилцах, бусдын оронд өөрийгөө тавих, нийгэмших дадлууд нь хоцрогдоод яваад байдаг. Хүүхдэд олдож байгаа цаг бүхэн хөгжлийг нь дэмжиж байдаг. Зарим өвөө, эмээ нар хоёр айлын ач, зээгээ харьцуулаад “Батын хүүхэд уншаад сурсан байна. Танайх хүүхдээ эрхлүүлээд тоглуулаад байсан” гээд хүүхдүүдийг хооронд нь харьцуулдаг. Хүүхэд нь наснаасаа түрүүлж ямар нэгэн зүйл сурсан байвал түүнийг хөгжил гэж хараад хүүхэд өөрөө тоглож наадаж явж байгааг хөгжил биш гэж байгаа нь буруу. Хүүхэд тоглож наадаж байхдаа л бусадтай харилцах харилцаагаа сурч явдаг. Наснаасаа өмнө уншаад сурсан ч хүнтэй нийцтэй байж чадахгүй, хүний өөдөөс хараад өөрийнхөө хүсэл сонирхлыг илэрхийлж чадахгүй, сэтгэл хөдлөлийн мэдрэмжээ илэрхийлж чадахгүй хүнийг бий болгочихвий. Энэ эрсдэлүүдээ тооцоолж байх хэрэгтэй. Илүү сайн ээж, аав байхыг хүсвэл хүүхдийн хөгжил хаанаас эхлэх вэ гэдгийг л олоод уншчих хэрэгтэй байгаа юм. Батын хүүхэд, Доржийн хүүхэд үсэг, тоогоо сурсан байгаа нь ээж, аавыг хямраах асуудал биш. Хамгийн гол нь хүүхдийн хөгжил насныхаа онцлогт нь тохирч байна уу гэдэг л чухал.
-Тэгэхээр хүүхдийн хөгжил гэдэг юу вэ?
-Өдөр тутамдаа хүүхэд ахиж байдаг нь хүүхдийн хөгжил. Өчигдөр танай хүүхэд гурван үг мэддэг байсан бол өнөөдөр 10 үгээр ярьж байгаа нь л хөгжил. Өчигдөр, уржигдрийнхаасаа өнөөдөр ахицтай байгаа нь л хүүхдийн хөгжил. Ахиц гардаггүй хүүхэд гэж нэг ч байдаггүй. Ээж, аав нь хэрхэн яаж дэмжиж байгаа дэмжлэгээсээ ахиц нь үсрэнгүй байх уу, удаан байх уу гэдэг шалтгаална. Ялангуяа залуу ээж, аавуудад хэлэхэд хүүхэд таны сонссон зүйлийг турших туршилтын талбар биш. Хаа нэг газраас эрүүл мэнд, боловсролын мэдээллийг нь аваад хүүхдүүд дээрээ туршиж болохгүй. Хүүхэд дээрээ туршина гэхээс илүү миний хүүхдийн онцлог ямар билээ, энэ арга зам манай хүүхдэд тохирох уу, үүнийг сурснаар миний хүүхдийн юунд хэрэгтэй вэ гэдэг асуултуудын хариултыг олж байж хүүхдээ сургалтуудад хамруулах хэрэгтэй. Ээж, аавууд их трэнд дагаж байна.
-Тэгэхээр хүүхэд нь юунд илүү сонирхолтой байгаа нь хэдэн наснаас анзаарагддаг вэ. Эцэг, эх хүүхдийнхээ илүү сонирхолтой байгаа зүйлийг нь дэмжиж өгөх хэрэгтэй байх?
-Хүүхдийн авьяас насны хувьд харьцангуй өөр, өөр байдлаар илэрдэг. Зургаа хүртэлх насандаа хүүхдийн авьяас, дуртай зүйлүүд ажиглагдаад эхэлдэг. Тэр үед нь хүүхэдтэйгээ ярилцаж байгаад дугуйлан, дамжаануудад явуулаад байж болно. Олон юманд явуулаад байхаар хүүхэд туйлбаргүй болчих болов уу гэж ээж, аавууд санаа зовоод байдаг. Явуулж үзнэ гэхдээ “энэ дугуйлан 30 хоног яваад дуусна. Дуусаад чамд таалагдвал үргэлжлүүлж сурна, таалагдахгүй бол 30 хоногоо дуустал явна” гэдгийг анхнаасаа хүүхэдтэйгээ сайн ярилцаж, тохиролцох хэрэгтэй. Миний хүүхэд дургүй байна, уйлаад байна гээд тасалдуулаад байвал хүүхэд туйлбаргүй болно.
-Ээж аавууд хүүхэдтэйгээ цагийг хэрхэн өнгөрөөвөл үр дүнтэй вэ?
-Ээж, аавуудад хамгийн их санал болгодог арга бол ном уншилгын л арга байдаг. Хүүхдийн анхаарал төвлөрлийг нэмэгдүүлж өгнө, хүүхдийн хэл яриа, сонсгол, ой тогтоолт, харааны ой тогтоолт, анхаарлын хуваарилалт гэх мэт маш олон хөгжлийг дэмжиж өгдөг гол хэрэгсэл бол ном. Хүүхэд ээжийн хэвлийд 27 долоон хоногтойгоос эхлээд сонсох боломжтой болсон гэж үздэг учраас энэ цагаас эхлээд аз жаргалтай төгсдөг номуудыг уншиж өгөх хэрэгтэй. Төрөөд 1.5 сартайгаас эхлээд зузаан хавтастай, дугуй булантай номуудыг бариулж байх хэрэгтэй. “Манайх дөрвөн хүүхэдтэй, дөрвөн насны төлөөлөл тэгэхээр яах вэ” гэдэг. Олон хүүхэдтэй байх сонголтыг ээж, аав хийсэн учраас нэг бүрчлэн хүүхдэдээ цаг гаргана. Тэгэхгүй хүүхдүүддээ цаг гаргаж байна гээд дагуулаад хоолны газар ордог ч юм уу, кино үзэж байна. Гэтэл кино үзэх, тоглоомын газар очих нь нас наснаасаа шалтгаалаад таалагдах, таалагдахгүй шүү дээ. Үүнээс болоод хүүхэд бүхэн өөрт нь цаг гаргасан гэсэн мэдрэмжийг авч чадахгүй. Дөрвөн хүүхэдтэй бол дөрвүүлэнд нь цаг гаргах хэрэгтэй. Тэгэхээр олон хүүхэдтэй айл цагийн хуваарь гаргавал зүгээр байдаг. Даваа гаригт бага дүүгийн дуртай хоолыг хийнэ, мягмар гариг дунд хүүгийн өдөр, лхагва гариг эгчийн өдөр, пүрэв гариг ээжийг өдөр, баасан гариг аавын өдөрт гэдэг ч юм уу. Хүүхдүүдийнхээ дуртай зүйлийг хийдэг өдөр гаргачихаад аавын өдөр, ээжийн өдөр гэж гаргахгүй бол энэ хүүхэд эргээд бусдын оронд өөрийгөө тавих чадвар алдагддаг. Ээж гэдэг хүн дуртай зүйлтэй, өөрийн гэсэн орон зайтай гэдэг үнэт чанарыг хүүхдүүд орхигдуулчихдаг. Ээж надад л өгөх ёстой, аав намайг л тоох ёстой гэсэн ойлголттой болдог. Тэгэхээр гэр бүлийн гишүүн бүхэн үнэ цэнэтэй гэдэг ойлголт өгөхөд хуваарь их зүгээр байдаг. Хүүхэд 13 нас хүртлээ ээж, аавтайгаа хамтарч ном уншихыг хүсдэг. Ээж, аавууд уншаад сурсан бол болоо гээд орхичихдог. 13 нас хүртэл аав, ээж нь ном уншиж өгдөг өдөртэй болчихвол хэчнээн сайхан. Энэ бол яг хүүхдэдээ цаг гаргаж байгаа гэсэн үг. Хамгийн ихдээ нэг хүүхдэдээ 20 минут зарцуулахад хангалттай гэж үздэг. Намайг тоож байна, анхаарч, сонсож байна, надтай яг ижилхэн зүйл хийж байна гэдэг мэдрэмж хүүхдэдээ үлдээх их чухал.
-Зөрүүд хүүхдүүдтэй хэрхэн харьцах вэ?
-Ээж, аавууд их амархан зүйл хүсдэг. “Манай хүүхэд зөрүүдлээд байна, яах вэ” гэдэг. Хүүхдийн хөгжил, төлөвшвөл гэдэг эм өгөөд эдгэрдэг нэг арга зүйтэй биш. Хүүхэд зөрүүд авир гаргаад байгаагийн цаана ямар учир шалтгаан байна гэдэг оношийг нь олох хэрэгтэй. Ойрхон дүүтэй болчихсон уу, аав, ээж хоёр нь завгүй байгаад байна уу, эсвэл хэт их хүүхдийн үгээр байгаад байна уу, дэлгэцийн хамааралтай байна уу, ойр ойрхон гар хүрээд байна уу, зандарч дуугараад байна уу гээд их олон хүчин зүйлээс шалтгаалж хүүхэд өөрийнхөө сэтгэл хөдлөлөөр өөрт таагүй байгаа мэдрэмжээ илэрхийлдэг. Хүүхдээ тоохгүй байвал тоогдож, анхаарлыг нь татахын тулд болохгүй, битгий хийгээрэй гэсэн зүйлийг хийдэг. Зөрүүд хүүхдийг ингээд л болиулчихдаг гэдэг үндсэн арга байхгүй. Цаана нь ямар нэгэн учир шалтгаан байна гэсэн үг. Ээж, аав нь мэдэж чадахгүй бол мэргэжлийн сэтгэл зүйчидтэй уулзаад учир шалтгааныг нь олох хэрэгтэй.
-Ээж, аавууд хүүхэд юм чинь гээд хүүхдийнхээ шийдвэр, үгийг тэр бүр сонсдоггүй. Хүүхэд ер нь хэдэн настайгаасаа орчин тойрон, уур амьсгалыг мэдэрч эхэлдэг вэ?
-Хүүхэд энэ дэлхий дээр мэндэлсэн цагаас эрх нь үүсээд эхэлдэг. Нярай хүүхэд уйлж байгаа нь хуурайлуулах хэрэгтэй байна, өлсөөд байна гэдгээ илэрхийлж хэлж байгаа үе. Энэ үеэс л бид хүүхдээ сонсож эхлэх хэрэгтэй. Хэрвээ энэ үед ээж, аав нь тоохгүй байвал хүүхэд миний энэ орчин аюулгүй биш байна гэж боддог. Тэгэхээр хүүхэд төрсөн л бол бүх зүйлийг мэдэрдэг. Тэгэхээр тусдаа бие хүн гэж тоож харилцах, ярилцах хэрэгтэй.