Бид Дижитал Шилжилт хэмээх нэн сонирхолтой хувьсал өөрчлөлтийн гэрч болсон азтай гэмээр цаг үед амьдарч байна. Хүн төрөлхтөн 18-20-р зуунд механикжилт, масс үйлдвэрлэл, автоматжуулалт гэсэн гурван том аж үйлдвэрийн хувьсгалыг хийжээ. Харин 21-р зууны эхэнд дижиталчлал, роботжилт хэмээх 4 дэх хувьсгалыг эхлүүлэв. Аж үйлдвэрийн хувьсгал бүр инновац, технологид суурилж хийгдсэн бөгөөд дэлхийн хүн амын огцом өсөлт, тэдний амьдралын чанар, цагийн эрхээр хувьсан өөрчлөгдөх амьдралын шинэ хэв маягт нийцэх бүхий л хэрэгцээг хангах үндсэн зорилгыг агуулж, тухайн цаг үедээ нийгмийн асар том үсрэнгүй хөгжил дэвшлүүдийг авчирсан байдаг.
Дижитал Шилжилт гэх ойлголтын хүрээнд эн тэргүүнд хэрэглэгч төвтэй болох, тэдний хэрэгцээ, хүлээлтийг нарийн ойлгосноор бүтээгдэхүүн, үйлчилгээгээ шинэчлэх, тааруулах, нийцүүлэх, хүргэх шинэ суваг, арга хэлбэрүүдийг эрэлхийлэх; шинэ үеийн залуусыг татах ажлын таатай орчныг бүрдүүлэх; бүтээмжийг дээдэлсэн дотоод процессыг цогцлоох асуудлууд яригддаг.
Товчоор хэлбэл бизнес эрхлэгчид, ААН-үүд маань өөрийн үйлчлүүлэгчид болон ажилтнуудынхаа амьдралын хэв маяг, дур сонирхол, дадал зуршил, хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх, тэдэнтэйгээ байнгын холбоотой байхын тулд орчин үеийн технологийн олон талт дэд бүтцийг бий болгож, түүнийгээ байнга тордож, хөгжүүлж, өргөжүүлэх тухай л асуудал юм.
Дижитал Шилжилт хийх процесс нь нэг шөнө хийчих хялбар ажил биш бөгөөд урт хугацааны нарийн төвөгтэй үйл явц тул Дижитал Аялал (Digital Journey) хэмээх ойлголт бий болжээ. Хүн төрөлхтний түүхэнд урд хожид хэзээ ч байгаагүй дижитал технологийн хурдтай хөгжлийн талаар нэгэн баримтыг хэлье: 2035 он буюу 15 жилийн дараа технологийн тооцоолон бодох хүчин чадал (Computing Power) өнөөдрийнхөөс 1000 дахин нэмэгдэх тооцоо гарчээ, тодруулбал 5 жил тутамд 10 дахин нэмэгдэх юм байна.
Яагаад ийм их тооцооллын хүч чадал хэрэгтэй болох вэ гэвэл 2025 он гэхэд бараг 80 тэрбум (дэлхийн хүн ам 8.1 тэрбумд хүрнэ) төхөөрөмж, эд зүйлс ямар нэгэн сүлжээ, интернэтэд холбогдож, тэр бүгдийн минут, секунд, доль тутамд үүсгэн бий болгох дата-г агшин зуур боловсруулж, хэрэгтэй газар нь хүргэх түгээх шаардлага үүсэх юм байна.
Хиймэл оюуны (AI) хэрэглээ бизнес болон хүний амьдралд хурдтай нэвтэрч, бид роботуудтай мөр зэрэгцэн хамтран ажиллаж, амьдрах мөч тун удахгүй бололтой. Өнөө үеийн зарим сонирхолтой тоо баримтуудыг дурдвал: хүн нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх дундаж хугацаа ердөө 6 секунд; дэлхийн ажиллах хүчний 85% нь өөрийн хүссэн газраасаа ажлаа хийх дур сонирхолтой болсон; өнөөдөр бий болчхоод байгаа нийт дижитал дата-ны 92% нь сүүлийн хоёрхон жилд үүссэн; энэ бүхний эцэст муу мэдээ нь 1.5 тэрбум хүний хувийн нууц мэдээлэл нийтэд ил болж задарсан байна. (Аливаа зүйл давуу болон сул талтай байдаг). Эдгээр үр дүнгээс уншигч та хүний амьдралын хэв маяг хэрхэн хурдтай өөрчлөгдөж буйг анзаарсан байх.
Дижитал шилжилт нь Хүн Төвтэй ойлголт гэдэг нь тодорхой боллоо, тэгвэл бид юунаас эхлэх вэ?
Дэлхийн нийт ажлын байр, хөдөлмөрийн зах зээлийн ихэнх хувийг 20-45 насны залуус эзэлдэг. Залуу үе байнгын орлоготой байж, амьдрал ахуйгаа сайжруулж, үр хүүхдээ таатай орчинд өсгөж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд ажил хөдөлмөр эрхэлж буй. Харин ажил олгогч, бизнес эрхлэгчийн нүдээр харвал нийгмийн харилцаанд хамгийн идэвхтэй оролцож буй эдгээр насны залуус танай ажилтнууд байх, мөн танай бүтээгдэхүүн үйлчилгээний хэрэглэгчид байх өндөр магадлалтай.
Тэгвэл танай байгууллага Дижитал Шилжилт хийхийн тулд юунаас эхлэх нь тодорхой боллоо. Шинэ үеийнхний өдөр тутмын амьдралын хэв маяг, дадал зуршлыг маш сайн ойлгож мэддэг, мэдэрдэг хүмүүстэй байхаас эхлэх нь. Тэр хүмүүс орчин үеийн залуусыг хэрхэн байгууллагадаа соронз мэт татахыг мэднэ, тэдэнд зориулж бүтээгдэхүүн үйлчилгээгээ яаж шинэчлэх, дур сонирхлыг нь хэрхэн хөдөлгөх, төрүүлэх, ямар арга хэлбэр, сувгуудаар хүргэхийг мэднэ, эдгээр зорилгодоо хүрэх танай бизнесийн онцлогт тохирсон стратеги, төлөвлөгөөг ч тэд боловсруулж чадна. Дижитал эрин үеийн гол зах зээлийг бүрдүүлж буй Gen Y (1981-1995 оны хооронд төрсөн) залуус хоёр дэлгэцтэй зэрэг ажиллах нь хэвийн зуршил болсон бол Gen Z (Digital Natives, 1996-2012) нь 4-5 дэлгэцтэй нэгэн зэрэг чөлөөтэй ажиллах чадвартай болсон гэнэ. Орчин цагийн залуусын дунд явуулсан өөр нэгэн судалгааг харвал 70% нь ажлын бус цагаар ажилладаг, 2/3 нь гэрээсээ ямар нэгэн бизнес эрхэлдэг, 46% нь тааруухан технологийн орчинтой компаниас гарахад бэлэн, 85% нь ажил сонгоход технологи хамгийн их нөлөөтэй гэж хариулжээ. Мөн судалгаанд оролцсон Millennials буюу Gen Y үеийн залуусын 50% нь ажиллаж байгаа байгууллагынхаа технологийн орчныг тааруухан, хүлээлтэд хүрэхгүй байгаа гэж гомдоллосон байх юм.
Үүнээс харахад орчин цагийн залуус бодит ертөнцөөс дижитал ертөнцөд илүү их цагаа зарцуулдаг, ирж яваа өсвөр үеийнхэн нь бүүр их автах нь тодорхой болжээ. Тэд бодит цагийн (real time mode) горимоор, бүх төрлийн сувгаар үйлчилгээ авахыг хүсдэг, өчигдрийн хэн бүхний мэдэх болсон зүйлсийг тоохоо больдог, байнга цоо шинэ зүйлийг сонирхдог, хүсэн хүлээдэг, түүнийгээ бусадтай хуваалцдаг, бусдад төрсөн бодол, сэтгэгдэл, туршлагууд тэдэнд шийдвэр гаргахад нь түлхүү нөлөөлдөг болсон байна. Хэдхэн жилийн өмнө хэрэглэгч нь нийлүүлэгч рүүгээ очиж үйлчлүүлдэг байсан бол одоо эсрэгээрээ. Жишээ нь нийслэл хотод онлайн худалдаа, тэр дундаа албан бусаар Facebook ашиглан бараагаа борлуулж хүссэн газар нь хүргээд өгдөг үйлчилгээ Нарантуул зах дээрх уламжлалт наймаанаас хавьгүй том зах зээл болсон нь тодорхой байгаа.
Ажил олгогчдын хувьд шинэ үеийн залуусыг өөртөө татахын тулд орчин цагийн технологийн холимог (Hybrid Cloud) дэд бүтцийг бий болгосноор харилцаа, хамтын ажиллагаа, дата аналитик хэрэгслүүд (communication, collaboration, and data analytic tools), ERP бизнес аппликейшнуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, технологийн таатай, найдвартай, аюулгүй орчин бүрдүүлэх; ажлын гүйцэтгэлийг үнэлэх энгийн ойлгомжтой процесс бий болгох; ажилтнууддаа хүссэн газраасаа тав тухтай ажлаа явуулах боломж, эрхийг олгосноор бүтээмжтэй, стресс багатай, санаачилгатай, автономит, сэтгэл ханамжтай хамт олон бүрдүүлж чадвал Дижитал Байгууллага болох томоохон эхлэл тавигдаж, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж эхлэх болно.
Бизнес эрхлэгчдийн хувьд орчин үеийн залуусыг өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээнд тань дурлагч, бусдад санал болгогч болгохын тулд тэдэнд хөдөлгөөнт төхөөрөмжүүдээр нь дамжуулан хүрч, нийгмийн сүлжээний олон сувгуудыг ашиглан тэдэнтэй байнгын холбоотой байж, дижитал орчин дахь үйл хөдлөл бүрээс олон төрлийн дата цуглуулж, худалдан авах зан төлөв, дадал зуршлыг нь шинжлэн судалснаар бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ арга хэлбэрээ сайжруулаад явах нь дижитал шилжилтийн эхний алхам юм.
Мөн дижитал эрин үед бизнесийн ертөнцөд туршлага, зөн совиндоо найдахаас илүүтэй ихэнх шийдвэрийг дата-нд суурилан гаргадаг болж байна. Түүнчлэн орчин үеийн хэрэглэгчид орон зай, цаг хугацаанаас үл хамааран найдвартай тасралтгүй байнгын ажиллагаатай олон талын дижитал үйлчилгээг авахыг хүсдэг болсон бөгөөд энэ хэрэгцээг хангахад Cloud технологи, түүнд суурилсан программ хангамж, системүүд томоохон давуу талуудыг олгож байна. Cloud технологи үүсэж хөгжөөд 10-аадхан жил болоход дэлхийн ихэнх байгууллагуудын технологийн дэд бүтэц, архитектур нь аль хэдийн холимог шинжтэй (Hybrid Cloud) болжээ. Байгууллагууд дата, системүүдээ Cloud болон өөрийн байран дотроо холимог байдлаар зохион байгуулдаг болсноор технологийн шийдлүүдийг хөгжүүлэх хурд эрс дээшилж, бизнесийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг илүү хурдан зах зээлд танилцуулах, нэвтрүүлэх таатай боломжуудыг нээсэн.
Эцэст нь хэлэхэд мэдээллийн аюулгүй байдлын асуудлаа эн тэргүүнд чухалчлан авч үзэхгүй бол дижитал ертөнцөд урьд хожид хэзээ ч байгаагүй аюул занал хамтдаа бий болсныг анхаарах хэрэгтэй.
Дижитал Эрин эхэлснээс хойш тоо томшгүй, үй олон технологийн шийдлүүд бүх түвшинд, бүх салбарт гарч ирсээр байгаа. Энэ хөгжлийн үйл явц цаашид улам хурдтайгаар олон жил үргэлжлэх нь дээрх тоо баримтуудаас тодорхой байна. Харин энэ олон технологиудаас яг юуг нь сонгож хөрөнгө оруулалт хийх, түүнийхээ үр шимийг хүртэхийн тулд ямар хүний нөөцийн чадавх бүрдүүлэх гэх мэт асуудлууд нь танай байгууллагын онцлог, түүнд тохирсон Дижитал Аяллын (Шилжилтийн) стратегийн чиглэлүүдээс хамаарах юм.
Ай Ти Зон компани нь Таны Дижитал Аяллын Итгэлт Түнш нь байх эрхэм зорилгынхоо хүрээнд технологийн дэд бүтцийг орчин үеийн бизнес архитектурт хэрхэн нийцүүлэн өөрчлөх; цахим датаг хэрхэн цуглуулж нэгтгэх, боловсруулах, шинжлэх, түгээх; мэдээллийн аюулгүй байдлаа технологийн бүх түвшинд хэрхэн зөв зохистой хангах талаар мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг. Та бүхний Дижитал Аяллын амжилт бидний амжилтыг тодорхойлно гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Ай Ти Зон Компанийн Гүйцэтгэх захирал У.Наранбаатар