Бага насны хүүхдүүдийн дунд менингит халдвар өргөн тархаж байгаа асуудлаар ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач эмч Ч.Уртнасангаас тодрууллаа.
-Хүүхдүүдийн дунд менингит халдвар их байна гэж иргэд яриад байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д менингит бүртгэгдсэн байгаа юу, нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө үү?
-Менингит нь гурван хэлбэр бүртгэгддэг. Тухайлбал, эцэг эхчүүдийн хамгийн их айж сэрэмжилдэг нь цахилгаан менингит, ямар нэгэн өвчний хүндрэлээр бий болдог хоёрдогч менингит, вирусийн гаралтай менингит байдаг. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д менингококкит буюу бидний хэлж заншсанаар цахилгаан менингитийн хэлбэр бүртгэгдээгүй байна. Харин вирусийн гаралтай болон хоёрдогчоор үүссэн менингитийн тохиолдлууд хүүхдүүдийн дунд бага зэрэг нэмэгдсэн байх магадлалтай байгаа.
-Вирусийн болон хоёрдогчоор үүссэн менингит тархсан байх магадлалтай байна гэлээ. Энэ хоёр хэлбэрийн менингит хүндэрсэн тохиолдолд хүүхдүүдийн амь насанд хэр аюултай байдаг вэ?
-Ерөнхийдөө менингит нь хүндрэл ихтэй өвчин. Менингококкит халдварын менингит нь амьсгалын замаар бусдад халдварладаг бөгөөд хүндрэл эрсдэл өндөр байдаг. Харин хоёрдогч хэлбэрийн менингит халдварладаггүй, хүндрэл харьцангуй бага явагддаг. Вирусийн гаралтай менингит нь халдварлах зэрэг харьцангуй бага, хүндрэл мөн адил бага явагддаг.
-Менингитийн хэлбэрүүд шинж тэмдэг адилхан уу. Хэрхэн ялгах вэ?
-Шинж тэмдгүүд адилхан байдаг учир ялгахад хэцүү. Менингококкит халдварын менингитийн үед тууралт гардаг бөгөөд 0-5 хүртэлх насныхан буюу цэцэрлэгийн насны хүүхдүүд ихэвчлэн өвддөг. Вирусийн гаралтай менингитийн хувьд 5-15 хүртэлх насны хүүхдүүдийн дунд өвчлөл өндөр бүртгэгддэг. Есдүгээр сард хийсэн судалгаанаас харахад нийт өвчлөлөөр хүндэрсэн хүүхэд харьцангуй бага байсан. Дундаж ор хоногийн хугацаа зургаа өдөр бөгөөд менингококкит халдварын менингитийг бодвол эмчилгээ авах нь илүү хурдан байсан.
-Менингит өвчний идэвхтэй дэгдэлт хэдээс хэддүгээр сард явагддаг вэ. Одоо идэвхтэй улирал мөн үү?
-Менингококкит халдварын менингит нь хавар, намрын улиралд ихсэж байгаа зүй тогтол ажиглагддаг бөгөөд нас баралт өндөртэй өвчин. Вирусийн гаралтай менингитээр нас барсан тохиолдол одоогийн байдлаар нэг ч бүртгэгдээгүй байна. Сүүлийн хоёр жилийн судалгаанаас харахад аль ч менингит намрын улиралд ихсэж байгаа нь ажиглагдсан учир идэвхтэй үе нь мөн гэж хэлмээр байна.
-Хүүхдүүдийн дунд бүртгэгдээд байгаа вирусийн болон хоёрдогч менингитийг эцэг эхчүүд гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх боломжтой вэ?
-Менингитийн үед хүүхэд 38-аас дээш хүчтэй халуурах, халуун буухгүй байх, гэрэл болон дуунд хэт мэдрэг болох, унтаарах зэрэг шинж тэмдэг илэрдэг учир дээрх шинж тэмдгүүд илэрч байвал эмнэлгийн байгууллагад яаралтай хандах хэрэгтэй. Вирусийн болон хоёрдогч менингит хүндрэл бага гээд үл тоож огт болохгүй. Аль ч менингитийг гэрийн нөхцөлд эмчилж болохгүйг анхаарах хэрэгтэй.
-Менингитээс гадна вирусийн гаралтай ханиад ихсэж эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн байх шиг байна. Ямар төрлийн ханиад зонхилж байна вэ?
-Томуу, томуут төст өвчний хувьд сүүлийн долоо хоногт бага зэрэг нэмэгдэж байна. Улсын хэмжээнд нийт амбулаторийн үзлэгийн 8 орчим хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа. Насны хувьд 0-5 хүртэлх бага насны хүүхдүүдийн өвчлөл өндөр байна. Амьсгалын замын хүнд халдвараар өвчлөх хүүхдийн тоо бага зэрэг тоо нэмэгдсэн байгаа ч аймаг, дүүргийн эмнэлгүүдэд ачаалал хэтэрсэн, нэмж ор дэлгэсэн тохиолдол одоогоор байхгүй байгаа. Зонхилон тохиолдож байгаа нь эриновирус болон амьсгалын замын синцитиал вирус байна. Эриновирусийн хувьд нусгайрах, бага зэрэг халуурах, ханиалгах шинж тэмдгүүд илэрнэ.