Та найзууд, хамт олон эсвэл зүгээр хэн нэгэнтэй буу халж суухдаа хамгийн сонирхолтой ярианы сэдвүүдийг эхлүүлдэг нэгэн болохыг хүсдэг үү. Тэгвэл таны мэдлэгт хэрэг болохуйц хүмүүсийн төдийлөн мэдээд байдаггүй сонирхолтой баримтуудыг хуваалцаж байна.
1. Дэлхий дээр ойролцоогоор мянган төрөлт тутмын 32 тохиолдолд ихэр хүүхэд төрдөг бөгөөд мянган төрөлт тутмын гурав нь нэг эсийн ихрүүд байдаг аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор өнөөдөр дэлхий дахинд нийт 40 сая орчим ихэр аж төрж байгаа нь хүн төрөлхтний түүхэнд урд хожид байгаагүй өндөр тоо юм. Сүүлийн жилүүдэд ихрүүд эхээр мэндлэх болсон нь гэр бүл төлөвлөлт хожуу явагддаг болсонтой холбоотой аж. Учир нь хосууд хэдий чинээ хожуу хүүхэдтэй болно төдий чинээ ихэр байх магадлал нэмэгддэг байна. Харин 2018 оны НҮБ-ын судалгааны тайланд дурдсанаар дэлхий дахинд дунджаар эрчүүд 30, бүсгүйчүүд 28 насандаа гэрлэж байгаа аж. Эми болон Кети гэх ихрүүд 2012 онд 87 өдрийн зайтай төрсөн гэдгээрээ Генисийн номонд бүртгэгдсэн байдаг. Тэд өөр эсийн ихрүүд бөгөөд Эми төрөх хугацаанаасаа дөрвөн сарын өмнө төрсөн бөгөөд харин Кети хэвлийд 36 долоон хоног бойжсоны эцэст төрсөн байна.
2. Хүний биеийн нийт жингийн нэлээдгүй хэсэг нь буюу 1-4 килограмм нь бактериуд байдаг аж. Үүнд ашигтай, ашиггүй гээд хүний биед байх бүх бактериуд багтана. Мөн хүний биед дэлхийн нийт 7.7 тэрбум хүн амаас 2-3 дахин их бичил амьд биет оршдог.
3. Хүүхэд аливаа юмсын учир шалтгааныг дөнгөж танин мэдэж эхлэх үедээ буюу дөрвөн насандаа өдөрт дунджаар 400 өөр асуултыг эргэн тойрны хүмүүсээсээ асуудаг байна. Шинжлэх ухаанд бага насны хүүхдийн энэхүү танин мэдэх үйл явцыг “Question Bombardment” буюу асуултын бөмбөгдөлт гэж нэрлэдэг.
4. Леонардо Да Винчигийн намтарчид түүнийг нэг гараараа бичиж байх зуураа нөгөө гараараа зурж чаддаг хүн байсан гэж үздэг. Хоёр гараараа нэгэн зэрэг хоёр өөр зүйл хийх чадварыг Латин хэлэнд “ambidextrous” гэж нэрлэдэг. Ингэж чаддаг хүмүүсийг оюуны хосгүй чадвартай гэж үздэг ч сүүлийн жилүүдэд хийсэн судалгаанд ийм төрлийн чадвартай хүмүүс ихэвчлэн төрөлхийн солгой гартай байж байгаад баруун гараараа аливаа зүйлийг хийж сурсан байдаг аж. Энэхүү үзэгдэл спортод түгээмэл ажиглагддаг бөгөөд тухайлбал, алдарт сагсанбөмбөгч Леброн Жеймс, Ларри Бёрд, Рассел Уэстбрук нар төрөлхийн солгой гартай ч тэдний баруун гараараа хийсэн шидэлтүүд илүү өндөр хувьтай амжилттай болдог.
5. Хүний арьс сар бүр тогтмол бүрэн гуужиж, ахин төлжиж байдаг. Хүн амьдралдаа дунджаар 20 килограмм арьс гуужуулдаг.
6. БНХАУ-ын нийслэл Бээжин хотод 2010 оны наймдугаар сард дэлхийн түүхэн дэх хамгийн урт үргэлжилсэн замын түгжрэл үүсэж байсан аж. Уг түгжрэлд жолооч нар 10 өдрийн турш зам дээр гацсан бөгөөд нийт 100 орчим километр үргэлжилж байжээ.
7. Зөвхөн АНУ, Мьянмар, Либери гэх улсаас бусад дэлхийн бүх оронд хүндийг килограмм, агаарын температурыг Цельс, урт, өндрийг километр, метрээр хэмжих стандартыг дагадаг. Эдгээр нь дэлхий дээр хамгийн түгээмэл хүлээн зөвшөөрөгдсөн стандартад тооцогддог. Харин дээрх гурван оронд хүндийг паунд, агаарын температурыг Фаренгейт, урт, өндрийг миль, инч нэгжүүдээр хэмждэг. Мөн уг гурван улс нь гурвуулаа төрийн далбаа дээрээ од дүрсэлсэн гэх өөр нэг нийтлэг шинжтэй.
8. Түүхэн дэх анхны тэрбумтан Жон Д.Рокфеллер өнөө хэрнэ бүх цаг үеийн хамгийн баян хүн гэх алдраа хадгалж буй. Түүнийг магадгүй түүхэн дэх цорын ганц ам.долларын их наядтан байж болно үздэг. Учир нь хэрэв Жон Д.Рокфеллерын нийт хөрөнгийг өнөөгийн инфляцад шилжүүлбэл түүний хөрөнгө Билл Гейтсийн хөрөнгийг арав нугалах хэмжээтэй аж. Энэ жил “Amazon”-ын үүсгэн байгуулагч Жефф Безосоос дэлхийн хамгийн баян хүн гэх нэр алдраа эргүүлэн авсан Билл Гейтсийн нийт хөрөнгө 106.8 тэрбум ам.доллар гэж тооцогддог.
9. Хэрэв далайн од нэг тэмтрүүлээ алдвал эргүүлэн ургуулж чаддаг байна. Үүгээр зогсохгүй тасарсан нэг тэмтрүүл далайн од болж чаддаг. Гэсэн ч энэ нь зөвхөн далайн ёроолын шүрэн арлын эко систем бүрэлдсэн нөхцөлд маш цөөн тохиолдолд амжилттай болдог. Эрдэмтэд анх үүнийг олж илрүүлсний дараа хүмүүс аквариум дахь далайн одныхоо тэмтрүүлийг тастаж олноор нь хөнөөх болсон байна. Мөн алдарт “Spongebob Squarepants” хүүхэлдэйн киноны Патрикийн дүр далайн ерөөлийн шүрэн арлын эко системд чухал үүрэгтэй далайн од ховордох болсон нэг шалтгаан аж. Үүнээс гадна “Finding Nemo” хүүхэлдэйн киноны дараа алиалагч загас буюу “Clown Fish”-ын төрөл зүйл устаж үгүй болох аюул нүүрлэжээ. Мөн “Eight Below” киноны дараа Хаски, “Bethooven” киноны дараа Сент Бернард, “Hachiko” киноны дараагаар Шиба Ину нохойг хүмүүс олноор тэжээх болсон ч ихэнх нь сайн эзэн байж чадалгүй өнчрүүлсэн харамсалтай явдал гарсан байдаг.
10. Эрдэмтэд 1987 оны Монреалийн протоколоор дэлхийн озоны давхарга хагас зуун жилийн дотор өөрийгөө бүрэн нөхнө гэдэг дээр санал нэгдэж байжээ. Озоны давхарга нь дэлхийн биосфер буюу шим мандал дээрх хүн, амьтан, ургамлыг нарнаас ирэх дунд зургийн долгионы урттай хэт ягаан “UV-B” туяанаас хамгаалдаг. Гэсэн ч хотжилт, агаарын бохирдол болон хүний нөлөөтэй хүчин зүйлс байгаль, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй нь озоны давхарга хурдацтай цоорох шалтгаан болж тэр нь дэлхийн цаг уурын өөрчлөлтөд нөлөөлдөг. Агаарын бохирдол хамгийн ихтэй хотуудын агаар мэндэл дээрх озоны давхарга үлэмж цоорсон судалгааг 2010 онд “НАСА” танилцуулж байв. Озоны давхарга цоорч нарны хэт ягаан туяа шууд туссанаар хүн элдэв төрлийн арьсны харшил болон хорт хавдраар өвчлөх тохиолдолд нэмэгддэг.
11. Магадгүй та өвлийн улиралд дургүй байж болох юм. Гэсэн ч дэлхийн нийт хүн амын гуравны хоёр нь огт цас ордоггүй байгалийн тогтоцтой бүс нутагт амьдарч байна. Тиймээс бид өвөл бүр цас харан баярлаж, фэйсбүүкт цас орж буй тухай эмо пост оруулах, шинэ оныг цастай угтах, амралтын өдрөөр цана, чаргаар гулгах ховорхон боломжийг эдэлдэг азтай ард түмэн юм. Мөн их хэмжээгээр орсон цасыг цэвэрлэх амаргүй гэдгийг зөвхөн дэлхийн хүн амын гуравны нэг нь л мэднэ.
12. Та хэзээ ч битгий хүчээр найтаалгахаа болиулж байгаарай. Учир нь найтааснаар тархи болон хүзүүн дэх харвалт үзүүлэх магадлалтай цусны даралтыг тараадаг байна. Дэлхий дахинд жилд ойролцоогоор 15 сая хүн цус харвалтад нэрвэгддэг бөгөөд тэдний таван сая нь нас барж, таван сая нь саажилттай хоцордог байна.
13. Жийп буюу “Jeep” машиныг үнэндээ “G.P.” гэж нэрлэдэг. Энэ нь “General purpose vehicle” буюу Монголоор ерөнхий зорилгын тээврийн хэрэгсэл гэх үгний товчлол аж.
14. Хэрэв та “YouTube” дэх бүх бичлэгийг үзэж дуусгахыг хүсвэл танд мянган жил шаардлагатай аж. Үүний дараа танд энэ мянган жилд шинээр орсон бичлэгүүдийг үзэж дуусгахад нэг сая жил шаардлагатай болно.
15. Дэлхийн нийт насанд хүрэгчдийн 86 хувь нь бичиг үсэг тайлагдсан аж. Энэ нь хагас зуун жилийн өмнөх үетэй харьцуулахад үсрэнгүй хөгжилд тооцогдоно.
16. Хэрэв фэйсбүүк улс байсан бол хэрэглэгчдийн тоогоороо хоёх тэрбум хүн амтай болох юм. Энэ нь БНХАУ, АНУ болон Бразил улсын нийт хүнтэй тэнцэх тоо аж. Монгол Улсад 2018 оны байдлаар 2.1 сая фейсбүүк хэрэглэгч бүртгэгджээ. Энэ нь нийт хүн амд ногдох фэйсбүүкийн хэрэглэгчдийн тоогоор Ази тивд тэргүүлэх үзүүлэлт юм. Мөн фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг нь төрөлхийн улаан болон ногоон өнгийг ялгаж чаддаггүй “color blind” хүн юм. Тиймээс тэрээр өөрийн хамгийн сайн таньж чаддаг цэнхэр өнгийг фэйсбүүкийн үндсэн өнгө болгосон нь тус компанийн өнөөгийн өнгө төрх болоод зогсохгүй олон тэрбум хэрэглэгчдийг татах хүч болжээ.
17. Онгоцоор зорчих үед хүний амтлах болон үнэрлэх мэдрэмж хэвийн үеэс 20-50 хувиар буурдаг байна. Онгоцны хоол амтгүй байдаг нь ийм учиртай аж.
18. Америкийн алдарт зохиолч Френк Баумын “The Wizard of OZ” буюу Шидтэн ОЗ зохиолын гол дүр Озын жинхэнэ нэрийг “Оскар Зороастер Падриг Исаак Норман Хенкел Эммануэл Амбройс Диггс” гэдэг. Зохиолч яагаад түүний нэрийг зүгээр л Оз гэж товчлох болсон шалтгааныг эндээс харж болохоор байна.
19. Үхэр хамгийн их нийгэмшдэг бөгөөд үерхэлдээ үнэнч амьтан байдаг. Хэрэв сайн анзаарвал үхэр бэлчээрлэхдээ үргэлж хоёр гурваараа хос болсон байдаг. Тэд байнга өөрийн хостойгоо хамт бэлчдэг бөгөөд сэтгэл санаа нь тавгүй үедээ найзаасаа түр зайгаа барьдаг байна. Гэсэн ч сэтгэл санаа нь буцаад хувийн болох үед найз дээрээ эргээд очдог. Үхэр шиг үерхэлдээ үнэнч байцгаая.
20. Бүсгүйчүүдийн өсгийтэй гутал анх эрчүүдэд зориулагдан бүтээгджээ. Эртний Египетэд мах нядлагч гутлаа цус болгохгүйн тулд өсгийтэй гутал өмсдөг байжээ.
21. Улаан лооль нь техникийн хувьд жимсэнд тооцогддог. АНУ-ын Дээд шүүх 1893 онд зөвхөн гадаадаас авдаг улаан лооль тэргүүтэй хүнсний ногооны экспортын өндөр татвараас зайлсхийх зорилгоор үүнийг хүнсний ногооны төрөл гэж бүртгэжээ. Тухайн үед энэ асуудал нийгмийн хамарсан өргөн хэлэлцүүлэг болж байжээ. Үүнтэй адил амтат чинжүү болон хаш зэрэг бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний ногоонууд нь үнэндээ бол жимс юм.
22. Японы тулааны урлаг болох Каратед хар бүс гэх ойлголт байдаг. Хар бүс эзэмшсэн хүн каратегийн эрдмийг дээд зэргээр эзэмшсэн мастерт тооцогддог. Гэсэн ч Япон хэлэнд хар бүс нь “эхний шат” гэсэн утгыг илэрхийлдэг. Учир нь Японы соёлоор тухайн тулааны урлагийн зөвхөн тулалдах арга барилыг төгс эзэмших нь жинхэнэ мастер болохын ердөө эхлэл аж. Учир жинхэнэ мастер хүн оюун санаа, эрдэм мэдлэг, бусдыг хайрлах, аливааг хүндлэхийг эрхэмлэдэг, нийгэмд үлгэр дуурайлал болохуйц хариуцлагатай хүн байх ёстой аж.