Open iToim app
Боловсрол | 9 мин уншина

Н.Энхтайван:  Хүүхдийнхээ оюун ухааныг өлсгөлөн байлгаж болохгүй

Н.Энхтайван:  Хүүхдийнхээ оюун ухааныг өлсгөлөн байлгаж болохгүй
Нийтэлсэн 2020 оны 2 сарын 22
Монголын хүүхдийн зохиолчдын холбооны тэргүүн, дэд профессор, хүүхдийн зохиолч  Н.Энхтайвантай хүүхдэд ном уншуулах дадал зуршлыг хэрхэн бий болгох тухай ярилцлаа.
-Хүүхдийг хэдэн настайгаас нь эхлэж ном уншиж өгөх бэ. Ном уншиж өгөх нь  ямар ач холбогдолтой юм бэ?
-Хүүхэд бол хүн төрөлхтөний ирээдүй юм. 21-р зуунд аливаа улс орон, хүүхэд өсвөр үеийнхээ хөгжилд илүү их анхаарал тавих болсон  байна. Хүн болгон хүүхдээ эрүүл саруул бие бялдартай, оюун ухаан, сэтгэхүйн өндөр хөгжилтэй болгохыг эрхэмлэдэг. Энэ нь ч зөв энэхүү хөгжлүүд нь хүний хөгжлийн үндсэн хөгжил юм. Үндэсний бичиг үсэг, хэл соёл, ёс заншил, уламжлалаа эрхэмлэдэг  болгон төлөвшүүлэх, ач холбогдолыг соён гэгээрүүлэх, тэр тусмаа хүүхдийг хүн болгон төлөвшүүлэхэд  уран зохиол, урлагийн  нөлөө асар их. Хүн байхын мөн чанарыг уран зохиолоор дамжуулан авдаг. Олон эрдэмтэн, судлаачид хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь үлгэр уншиж, хөгжим сонсгосноор өсөлт, хөгжилд нь эерэгээр нөлөөлдөг гэж үздэг. Манай монголчууд ч эрт дээр үеэсээ хүүхдэдээ бүүвэйн дуу аялж, оньсого, зүйр цэцэн үг, сургаалиар сургаж, үлгэр тууль ярьж, сургаж, хүмүүжүүлж ирсэн уламжлалтай ард түмэн. Хүүхдийн оюун ухааныг сургуулийн өмнөх наснаас нь эхэлж хөгжүүлэх хэрэгтэйг  олон улсын эрдэмтэд, сэтгэл зүйчид  зөвлөдөг хүүхдийнхээ оюун ухааны хөгжилд багаас нь анхаараагүй тохиолдолд тухайн хүүхдийн бие махбодийн төдийгүй сэтгэх чадвар, танин мэдэхүйн хөгжил удаашрах аюултайг судлаачид анхааруулсан байдаг. Багадаа ном уншуулж, үлгэр яриулж үзээгүй, ном уншиж өсөөгүй хүүхэд ирээдүйд эцэг эх болохдоо хүүхдүүддээ хэрхэн үлгэрлэж чадах вэ  гэдгийг байнга санах хэрэгтэй. Амьдралын зөв дадал хэвшил гэдэг зөвхөн та болон таны үр хүүхдэд биш тэдний үр хойчид хүртэл сайнаар нөлөөлдөг зүйл юм. Харин бид хүүхдүүддээ “Ном унших дадал зуршлыг” амьдралд нь бий болгох, үүгээрээ дамжуулан төлөвшихөд туслах хэрэгтэй. Хүүхэд бүрийг тэс өөр нэг ертөнц гэж үзэж болно. Учир нь хүүхэд бүрийн дур сонирхол өөр, авьяас чадвар нь ч харилцан адилгүй байдаг. Тиймээс бид хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлогт тохирсон номыг  авч өгвөл зүгээр. Үүний үр дүнд хүүхдүүд маань өөрсдөдөө өдөр бүр ном уншихад зориулсан тодорхой хугацааг гаргаж чадах бөгөөд энэ нь цаашлаад бидний хүсээд байгаа “Амьдралын зөв дадал” нь болох юм.  Бага насны хүүхдийн оюун сэтгэхүйд илэрхий сайнаар нөлөөлдөг нэг зүйл бол түүнд ном уншиж өгөх юм. Хүүхдэд ном уншиж өгөх нь яагаад тийм чухал вэ, ном уншихын ач холбогдол юу вэ гэвэл хүүхдийн оюун ухааны чадварыг дээшлүүлж байгаа юм. Иймд хүүхдийг номонд дуртай болгох, ном уншихыг тэдний амьдралын энгийн дадал хэвшил болгоход чиглэсэн үйл ажиллагааг ээж аавууд гэр бүлийн нөхцөлд байнга хэрэгжүүлэх нь үр дүнгээ өгдөг. Энэ нь хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлээд зогсохгүй, түүний мэдлэгийг нэмэгдүүлэх, чадварыг дээшлүүлэх, зан суртахууныг цэвэр ариун байлгах, түүний авьяас чадварыг нээж өгөхөд  нөлөөлдөг.
-Хүүхэддээ ном уншиж өгөхийн тулд эцэг, эхчүүд өөрсдөө ном уншдаг боловсролыг хэвшүүлсэн байх ёстой юу?
-Хүүхдээ ном дуртай болгохын тулд өөрөө сайн уншдаг байх хэрэгтэй. Эцэг эх нь хоёулаа ном их уншдаг бол хүүхдүүдийн 50 хувиас илүү нь уншигч болдог . Эцэг эхийн аль нэг нь ном их уншдаг бол хүүхдүүдийн 25 хувь нь уншдаг болдог гэх судалгаа байдаг. Хүүхдийн орчин тойронд ном байх нь хамгийн чухал. Ялангуяа бага насны хүүхдийн гар хүрэх газар ном байлгах юм бол  хүүхэд өөрөө аван сонирхож эхэлдэг. Хүүхдийн өөрийнх нь хүссэн сонирхолтой номыг сонгож  авч өгч уншуулах хэрэгтэй. Номын үсгийн хэмжээ том, мөр хоорондын зай их, уншихад хялбар, богино хялбар үгтэй, сонирхол татах зурагтай байвал хүүхэд илүү их сонирходог. Ер нь хүүхдийн зурган номууд нь уншиж, бичиж хараахан сураагүй, эсвэл дөнгөж уншиж бичиж сурч байгаа зургаа хүртэл насны хүүхдэд ихэнхдээ зориулагдсан байдаг. Гэхдээ нас насны онцлогт тохирсон  хүлээн авах чадварт таарсан зурган өгүүлэмжтэй зурагт номууд хүүхдийг номонд дуртай болгоход туслана. Бие бялдрын хөгжил өсч, оюун сэтгэлгээ хөгжихын хэрээр хүүхдэд тохирсон номыг уншуулах хэрэгтэй. Нас насных нь түвшингээс болж  унших номыг нь ахиулж байвал илүү үр дүнд хүрэхээс гадна зурагт номноос дамжиж  текст ихтэй номыг  уншвал хүүхдийн унших чадвар, хэл ярианы хөгжил, сэтгэн бодох чадвар, уран сэтгэмж илүү хөгждөг. Ном унших нь олон талын ач холбогдолтой. Үүнд:  Алдаагүй зөв бичиж сурна, өөртөө итгэлтэй болно, бүтээлч үйл ажиллагаанд суралцаж, ой тогтоолт сайжирна, анхаарал нь төвлөрнө  гээд ном бол  олон талын ач холбогдолтой. Хүүхэд эрт номтой харьцаж сурвал, ирээдүйд сайн уншигч болно гэж би боддог.  
-Эцэг, эхчүүд би багадаа ном уншдаггүй байсан учраас манай хүүхэд намайг дуурайгаад ийм болчихсон юм гэж өмөөрдөг. Энэ нь хүүхдийн хөгжилд хэрхэн нөлөөлдөг бол?
-Хүүхэд эцэг эхийнхээ ном уншдаггүйг  дуурайх биш, эцэг эх нь хүүхэддээ ном унших арга барил, дадал суулгаагүй болохлоор хүүхэд унших хүсэлгүй байгаа юм. Монголын болон дэлхийн оюун санааны өв болсон үгийн урлагийн алдарт бүтээлүүдээр дамжуулан гоо сайхны өндөр мэдрэмжийг   уран зохиолоос хүүхдүүд өөрийнхөө ертөнцөөр авдаг.  Зөв хүн болох явцад  урлаг уран зохиол  ихээхэн үүргийг  гүйцэтгэдэг бөгөөд унших дургүй хүүхэд гэж байдаггүй, харин  хүсэл сонирхолыг өдөөх үйл явцыг нь орхигдуулсан томчуул л байдаг. Тэгэхлээр гоо зүйн боловсрол олгодог, танин мэдэхүйд хөтөлдөг гол зүйл бол урлаг, уран зохиол бөгөөд ялангуяа хүүхдийн эрэлч, бүтээлч  сэтгэлгээг хөгжүүлэх луужин нь болж байдаг. Тухайн үндэстний хэлний хөгжлийг уран зохиолоос нь ангид төсөөлөх ч боломжгүй.  Уран зохиол нь үндэстний ч, хувь хүний ч хэлийг хөгжүүлдэг, бас уран сайхны сэтгэлгээ буюу хийсвэр сэтгэлгээг хөгжүүлдгээрээ  онцгой үүрэгтэй.  Хэл сэтгэлгээ хоёр салшгүй холбоотой. Хэл хөгжиж байж  сэтгэлгээ хөгжинө. Ер нь уран зохиолын ач тусыг сайн мэддэг хөгжингүй орнууд боловсролын систем дэх уран зохиолын агуулгадаа онцгой анхаардаг.  Хүүхэд бүр ухаалаг зөв монгол хүн байхын тулд  хүнлэг, энэрэнгүй, ёс зүйтэй, хүсэл тэмүүлэлтэй, гоо зүйн өндөр мэдрэмжтэй байхыг  урлаг уран зохиолоос  олж  авна гэж  монгол хэл уран зохиолын багш, хүүхдийн зохиолч, жүжигчин , найруулагч хүний хувьд би бодож явдаг.  Монгол хэлээр зөв ярьж зөв бичиж чаддаг болгоё гэвэл хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх хэрэгтэй. Сэтгэхүйг хөгжүүлье гэвэл уран зохиолын ном уншуулж, оюун ухааныг нь хөгжүүлж, урлагийн гоо сайхны мэдрэмжийг нь  хөгжүүлэх хэрэгтэй. Нэг хувийн авьяас 99 хувийн хөдөлмөрөөр амжилтад хүрдэг гэдэгтэй адилхан унших зуршил, сонирхлыг нь л зөв өдөөх юм бол хүүхдүүд номонд дуртай болно.  Тэгэхээр бид  хүүхдээ өмсөх хувцас, идэх хоолоор нь бүрэн байлгаж материаллаг зүйлээр нь хангаж байдаг  шиг  оюун ухааныг нь  өлсгөлөн байлгаж болохгүй. Тэгвэл оюуны хөгжлийг зөвхөн номоос олж авна. Мөн зүйр цэцэн  үг, оньсогоор үгийн далд утга, агуулгыг ойлгуулах боломжтой учир эцэг, эхчүүд хүүхдэдээ  цаг гаргаж байхыг зөвлөмөөр байна. Тэр цагийг эцэг, эхчүүд бүтэн өдрийн ажил мэт  төсөөлөөд байдаг. Гэтэл хүүхдийн анхаарал маш богино хугацаанд төвлөрдөг учраас  богинохон үлгэр ярих, оньсого таалгах, зурагтай ном үзэх зэрэг бага хугацаа зарцуулах зүйлсийг ойлгомжтой тайлбарладаг байх хэрэгтэй.
-Хүүхдийг номонд дуртай болгох гол сурвалж нь эцэг, эхчүүд юм байна. Тэгвэл тэдний ном авах сонголтыг ажиглавал ихэвчлэн дуулдаг, ярьдаг гэх мэтчилэн электронжсон эсвэл гадаад үлгэрүүд л авч өгөх сонирхолтой байх шиг?
-Цахим хэрэглээ бидний өдөр тутмын амьдралын хэрэгсэл болоод удаж байна. Энэ нь мэдээллийн эрин зуун гэдгээрээ бидэнд олон ололттой зүйлийг  өгдөг ч, цахим гэмт хэргийн золиос нь хүүхдүүд  өртдөж байгаа нь  харамсалтай байна.  
Бид техник технологийн хурдацтай хөгжил, хэт их мэдээллийг эрин зуунд асар завгүй амьдарсаар ном уншихад цаг зав гаргадаг хүн, хүүхдүүд улам ховор болсоор байна. Харин бид үр хүүхдүүдээ гар утас, интернетээс хэсэгхэн ч болов хол байлгаж цагийг нь үр бүтээл дүүрэн өнгөрүүлж, номтой нөхөрлүүлэх нь чухал юм. Хүн бүр хүүхдүүддээ зориулсан номын санг байгуулж өгөх боломж байхгүй хэдий ч тэднийг өөрсдөө номыг дурлан уншдаг, цаашлаад зөв дадал зуршилтай болгох хүртэл эцэг эхчүүд, томчууд бид  хүүхэддээ анхаарал тавих хэрэгтэй.
Аливаа улс үндэстний хүүхдийн уран зохиолын төрөл зүйлд хүүхдэд зориулсан зохиол нь  бие даасан төрөл болон хөгждөг. Бид хүүхдүүддээ монгол үндэсний баатрыг  таниулахгүй байгаа учраас хүүхдүүд барби, бэтмен, поророог шимтэн үзэж байгаа ч гэлээ тэдний буруу биш. Гэтэл бид чинь  Чингис, Гэсэр,  Жангар, Бум эрдэнэ гэх мэт олон  баатруудтай, Өүлэн үжин, Мандухай, Сорхугтан, Бөртэ, Есүгэн, Хулан  зэрэг олон үлгэр дууриал авах хатадтай тэднийгээ түүх, домог, үлгэр туульсдаа  мөнхжүүлсэн ард түмэн. Цаашлаад бид хүүхдүүдээ  үндэсний болон  өрнийн уран зохиол, дорнын уран зохиол, оросын уран зохиолын сонгодог бүтээлүүдтэй  уншуулж танилцуулж  оюун сэтгэлгээг нь хөгжүүлэх хэрэгтэй. Ардын үлгэрийн хажуугаар Х.Андерсен, Ах дүү Гримм,  Шарль Перро, А.С.Пушкин /“Алтан загасны үлгэр”/ гэх мэт олон сонгодог сайхан үлгэр зохиогчид  байдаг. Эдгээр үлгэрчид ардын үлгэр домгуудыг дахин боловсруулж, хүүхдийн шилдэг үлгэр бичсэн учраас Х.Андерсенийг “Үлгэрийн хаан”, А.Линдгренийг “Үлгэрийн хатан хаан” гэдэг нэрлэдэг нь тэдний зохиол бүтээлийн  үнэ цэнэ оршиж байгаа юм.  Унших нь зохиолч болох, уран зохиолын багш болох хүүхдэд хэрэгтэй юм биш ирээлүйд  математекч, хуульч, эдийн засагч, орчуулагч, ямар ч мэргэжилтэй болсон  таны хүүхэд оюуны өндөр чадамжтай  болход нь хэрэгтэй юм.
undefined
-Комик ном болон үлгэрийн ном бичлэгийн хувьд , зураг дүрслэлийн хувьд ч ялгаатай шүү дээ.Тэгвэл энэ хоёрын аль нь хүүхдэд илүү тохиромжтой байдаг юм бол?
-Тиймээ асар их ялгаатай. Манай  ард түмэн ардын аман зохиолын  баялаг өв уламжлалтай. Түүний  дотроос үлгэр чухал байр суурийг эзэлдэг.  Уран  яруу сайханаар амнаас ам дамжин зохиогдсон ард түмний эрдэнэс бол үлгэр юм. Бидний  үеийнхэн эмээ, өвөө, аав, ээжээсээ үлгэр сонсож, үлгэрийн ер бусын гайхамшигт сайханд автаж, дүрслэн харж, ургуулан бодож, биширч, уншиж  номонд дурлаж өссөн хүмүүс.  Бага байхад  ээж минь бид нарт олон сайхан үлгэр  ярьж өгдөг байлаа.  “Болдоггүй бор өвгөн”, “Есгөлдэй өвгөний есөн хүү”, “Цуутын цагаагч гүү”, “Арсландай мэргэн хаан”, “Элдээ, Дэлдээ хоёр”, “Яриг цагаан ингэний Сариг цагаан ботго”, “Эрийн сайн хар нүдэн Цэвээн хүү” гээд л яруу хөгжим шиг үгтэй  олон сайхан  үлгэр нь одоо болтол сэтгэлд минь үлдэж дээ.  Энэ  үлгэрийн хэсгээс хэлье.
Эрт урд цагийн эхэнд муу цагийн сүүлд
Сүмбэр уулыг гүвээ байхад
Сүн далайг шалбааг байхад
Хангардийг тас байхад
Хулан зээрийг унага байхад
Долоон насандаа доргилонхон өссөн
Эрийн сайн хар нүдэн Цэвээн хүү байж гэнээ.
Эрийн сайн хар нүдэн Цэвээн хүүгийн суудаг өргөө нь гэвэл
Шүхэр эрдэнэ тоонотой
Шүр эрдэнэ баганатай
Ум зандан уньтай
Агар зандан ханатай
Яшил зандан хаалгатай
Шижир алтан дээвэртэй
Ширмэл алтан туургатай
Хамба торгон хаяавчтай
Арван найман ханатай
Ийм сайхан гэртэй юмсанжээ... Тэгэхлээр үлгэр тэр чигээрээ уран зураг, уран дүрслэл, үгийн гайхамшиг юм.  Харин  комик  1800-аад оны үед Европт хөгжиж эхлээд 1900-аад оны үеэс өдөр тутмын сонингууд дээр комик стрип гарч эхэлсэн байдаг. Сонины хамгийн арын нүүрний дөрөв нүдэнд тухайн үеийнхээ нийгмийн асуудлуудыг шоглосон, ёжилсон өнгө аястайгаар дүрсэлсэн зураг гаргаж тэр нь цаашаа хөгжөөд орчин үеийн комик зурагт ном болсон байна.  Японд зурган комик номыг манга гэж нэрлэдэг.  Мангаг комик  ном гэж хэлж болох ч комикс номноос бага зэрэг ялгаатай.  Хувьсгалын дараа тухайн үед ард иргэд унших, бичих чадвар багатай байсан үед зурагт хуудсаар  дамжуулан ухуулга сурталчилгаа явуулдаг байж. Социализмийн үед тухайн цаг үеийг шүүмжилсэн  “Матар”, “Тоншуул”, “Хүмүүжил” зэрэг  зурагт хошин шогийн сонинд шог зургууд нийтэлдэг байсан. Энэ нь нэг төрлийн комик  гэж хэлж болох талтай бас.
 Харин хөгжингүй орнууд хүүхэд, багачуудынхаа  унших ёстой номын жагсаалтдаа ямар ч комикс  номыг оруулдаггүй, зарим оронд хүүхдийн номын худалдаандаа комикс номонд тодорхой  хязгаарлалт ч тавьдаг гэж сонссон. Тэгэхлээр комик номыг огт хэрэггүй гэж бас хэлж  байгаа юм биш. Гэхдээ л  зурган өгүүлэмжээр үгийн яруу сайхныг гүйцээн илэрхийлэхэд  учир дутагдалтай.  Ном уншихын  хамгийн сайхан мэдрэмж нь  юунд байдаг вэ гэвэл уран яруу үгээр, өгүүлбэрээр илэрхийлсэн нарийн нандин мэдрэмжүүдийг мэдрэх, гүн утга санааг ухаж ойлгох, баатруудын ертөнцөд амьдрах, дүрсэлж, ургуулж бодох  асар өргөн боломжийг   олж авч байгаа юм. Хүүхдүүд хүүхдийн уран зохиолын төрөлд байдаг  үлгэр, туульс, тууж, өгүүлэг, романыг  шимтэн уншвал  хүүхдийн уран сэтгэмжийг хөгжүүлж, баялаг сайхан үгийн сантай болгож, утга төгөлдөр ярьж, ой тогтоолт нь хөгжих бүх боломж нээгддэг.  Хамгийн гол нь хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон, хүүхдийн өөрийнх нь хүссэн ном зохиолыг уншуулж байх хэрэгтэй.
-Ярилцлагын хоёрдугаар хэсгийг хоёрдугаар сарын 27-нд хүргэх болно. Үргэлжлэл бий...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн