Open iToim app
Парламент | 2 мин уншина

Ирэх оны төсөвт оюутны 70 мянган төгрөгийн тэтгэмжийг суулгана

Ирэх оны төсөвт оюутны 70 мянган төгрөгийн тэтгэмжийг суулгана
Нийтэлсэн 2018 оны 5 сарын 17
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн явцад М.Оюунчимэг гишүүний оруулсан оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийн тэтгэмжийг ирэх жилээс олох санал дэмжигдлээ. Ингэснээр 2019 оны төсөвт оюутнуудын 70 мянган төгрөгийн тэтгэмжийг олгох санхүүжилтийг суулгах юм байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс тодруулахад "Нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг сая хийж дууслаа. Оюутнуудын 70 мянган төгрөгийг дахин олгодог болох миний гаргасан санал дэмжигдлээ. Ингэснээр 2019 оны төсвийн төсөлд оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийн тэтгэмжийн санхүүжилтийг суулгана" гэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар их дээд сургуулиудын оюутнуудад “Үндэсний тэтгэлэг” нэрээр сар бүр 70200 төгрөгийг 2012 оны нэгдүгээр сараас эхлэн олгож эхэлсэн. Харин 2015 оноос эхлэн эдийн засгийн хүндрэлтэй байгаа учраас тус тэтгэлгийг зогсоосон юм.
Их дээд сургуульд суралцаж буй оюутан бүрт олгодог 70 мянга нь голч оноо 3.2-оос дээш байвал тэтгэлгийг 50 хувиар, 3.8-аас дээш бол 75 хувиар нэмж олгодог журамтай байсан билээ. Мөн улс, бүсийн чанартай олимпиадад эхний гуравт орсон оюутны тэтгэлгийн мөнгийг 100 хувиар нэмж өгөх журамтай. Эрэлт ихтэй мэргэжлээр суралцаж байгаа оюутны голч оноо 2.8 ба түүнээс дээш бол 50 хүртэлх хувийн нэмэгдлийг авдаг байсан юм. Жилд дунджаар 134 мянган оюутанд 112 тэрбум төгрөгийн тэтгэмж олгодог байсан юм. Эдийн засгийн хүндрэлээс гадна халамжийн бодлогоос татгалзаж, оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийн тэтгэмжийг зогсоогоод байсан юм. Харин 70 мянгын тэтгэмжийн оронд оюутнуудын сургалтын зээлийг олгож эхлээд байсан билээ. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас хүүхдийн мөнгийг 100 хувь олгож чадахгүй байгаа хэрнээ оюутнуудад сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэмж олгож эхлэх нь. Халсан халамжийн бодлого эргэж ирэх нь.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн