Энэ удаагийн ярилцлагаараа Манга зураач А.Аззаяатай ярилцлаа. Тэрээр 20 настай ШУТИС-ийн Архитекторын гуравдугаар дамжааны оюутан бөгөөд 8 жилийн турш уран зураг болон манга зурж байгаа юм.
-Хэзээнээс ингэж зурдаг болсон бэ?
-Багаасаа зурах их дуртай хүүхэд байсан. Би өвөө, эмээ хоёртойгоо өссөн. Өвөө маань зураач хүн байсан. Мөн хүүхэлдэйн театрын хүүхэлдэйг хийж өгдөг байсан. Багаасаа хамт өссөн учраас уран зурагтай ойр байж, уран зурагт дурласан. Наймдугаар ангидаа Хүүхдийн урлан бүтээх төвд суралцаж эхлээд арванхоёрдугаар ангиа төгстлөө нийт таван жил суралцсан.
-Уран зургийн маш олон төрлүүд байдаг шүү дээ. Яагаад комик зурах болсон бэ?
-Би анимэ үзэх, манга унших их дуртай. Үүнд эмээ маань нөлөөлсөн. Гэхдээ зургийн төрөлд баригдахыг хүсдэггүй. Төрөл бүрийн зураг зурах гэж хичээдэг. Өмнө нь бодит зүйлийг хуулж их зурдаг байсан. Явц дундаа өөрийн зургийн төрлийг олж комик, манга руу чиглэсэн.
-Зураг зурахын юу нь сайхан санагддаг вэ?
-Үгээр илэрхийлж чадахгүй зүйлээ зургаар илэрхийлдэг. Би ер нь их даруухан бүрэг талдаа хүн. Хүнтэй харилцахдаа бага зэрэг тааруу. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ дутагдал маань багасаж байгаа нь надад ажиглагдсан. Зургаа зурж байхдаа "Энэ хүний хувцсыг ингэж будвал зүгээр юм байна, энийг ингэж харагдуулахын тулд ингэж өнгө нэмбэл хүссэн өнгө аясыг гаргавал зурагтай нийцэж өгөх юм байна" гэх мэтээр илэрхийлэх чадвар маань сайжирсан.
-Зургуудаа харж дуурайлган зурдаг уу, эсвэл төсөөллөөрөө зурдаг уу?
-Ер нь зурдаг л бол харж зурж чаддаг байх ёстой гэж боддог. Яагаад гэвэл зургийн анхны элементүүд, өөрийн гэсэн арга барилыг зураг харж зурснаар л олж авдаг. Миний хувьд бол би ихэвчлэн хуулж зурдаг байсан. Саяхнаас зохиож зурдаг болсон.
-"Азука" фэйсбүүк хуудсан дээр өөрийнхөө хөгжилтэй комикуудыг оруулдаг гэсэн. Комикуудаа цахим орчинд нийтэлье гэсэн санаа хэзээнээс төрсөн бэ?
-“Вампи” гээд мөн л комик оруулдаг хуудас бий. Тэрийг анх хараад зургуудыг нь их үздэг байсан. Мөн өөрөө манга их уншдаг дээрээс нь надтай хөгжилтэй, бүтэлгүй зүйлс их тохиолддог л доо. Эдгээр бүтэлгүй зүйлсээ комик болгож зураад хүмүүст инээд бэлэглэе гэж бодсоны үүднээс комикоо фэйсбүүк хуудсандаа нийтлэх болсон. Одоогийн байдлаар 24 мянган дагагчидтай болсон шүү.
-Комик зурахад ашиглагдах зүйлс юу байдаг вэ, олон төрлийн бал харандаа ашигладаг уу?
-Заавал мэргэжлийн багаж хэрэгсэл гэхээсээ илүү гарын доорх материалаа ашиглаад зурсан ч болно. Маркер, харандаа, хар бал гээд аль нь ч байсан болно. Харандаагаа сонгохдоо ч гэсэн өөртөө эвтэйхэн байгааг сонгох хэрэгтэй. 0.5-ын харандаагаар зурах дуртай хүн байхад HB-р зурвал өөрт нь эвтэйхэн байдаг хүн ч мөн байдаг. Эхэн үедээ би харандаагаар зурдаг байсан. Одоо бол зориулалтын багаж хэрэгсэл ашигладаг.
-Нэг зураг зурахдаа хэр их хугацаа зарцуулдаг вэ?
-Будах хэсэг хэр их байгаагаас шалтгаална. Загвараа гаргахдаа удаан хугацаанд бодож байгаад гаргах үе ч бий. Харж байгаад шууд гаргах үе ч бий. Загвараа гаргасны дараа ямар өнгө сонгох уу гэж бас бодно. Нийлээд ойролцоогоор нэг цаг болдог. Заримдаа 3-4 цаг болох ч тохиолдол бас байдаг. Сүүлийн үед хичээл сургууль ажил гээд нээх сайн зурж чадахгүй байгаа. Тэгэхдээ аль болор боломжоороо зурж байхыг хичээдэг. Завтай үедээ өдөрт 4-5 хуудас зураг зурдаг. Манга зураагүй үед бол өдөрт 1-2 зураг зурдаг.
-"MOST" сэтгүүлд ажилладаг гэсэн. Хэр удаан ажиллаж байгаа вэ?
-MOST сэтгүүл нь улирал болгон хүүхэд залууст зориулан гаргадаг манга сэтгүүл. Би “MOST” сэтгүүлд ажиллаад гурван жил гаран болж байгаа. Хамгийн анхныхаа мангаг 2016 онд хэвлэлтэд өгч байсан. MOST сэтгүүл хүүхдийг бага жоохон гэж үздэггүй. Хүүхэд залуусыг маш их тусалж дэмждэг.
-Анхны манга нь нэртэй чинь хамт нийтлэгдэж байсан тэр үеийн сэтгэгдлийг эргэн дурсвал?
-"Зураач" гээд бичсэн тэр хэсгийг хараад "Би ингээд зураач болчхож байгаа юм уу?" гээд үнэхээр их баярласан. Зураач гэж нэрлэгдэхээр маш том цол хэргэмийн эзэн болсон шиг санагддаг. Үүнийгээ дагаад надад маш том хариуцлага ирсэн. Тийм учраас өдөр бүр улам сайн сурахыг хичээж ирсэн.
-Яагаад Архитектор мэргэжлийг сонгох болсон вэ?
-Би уран зургаас гадна шинжлэх ухаанд их дуртай. Энэ хоёрын хосолсон мэргэжил архитектор байсан учраас 9-р ангиасаа л архитекторч болно гэж боддог байсан. Миний хувьд архитекторч гэдэг мэргэжил эмэгтэй хүнд их гоё мэргэжил юм шиг санагддаг. Энэ байдал нь илүү их нөлөөлсөн байх.
-Үлгэр дуурайлал авдаг манга зураачаасаа нэрлэвэл?
-Nana, Paradise kiss, Gokinjo Monogatari эх мэт мангаг зурсан Ай Язава (Ai Yazawa)-ын зохиол нь мөн зураг нь гээд бүгдээрээ их гоё. Миний нэн түрүүнд үлгэр дуурайлал авдаг манга зураач. "Day time shooting star", "Sugars", "Tsubaki chan lovely planet" –г зурсан Ямамори Мика (Yamamori Mika) гээд зураач бас бий.
-Зургаа зурж байхдаа шантрах үе байдаг уу?
-Би 8-р ангидаа хүний хөрөг их зурдаг байсан. Хэчнээн хичээж байсан ч тэр хүнд миний зураг таалагдахгүй бол ямар ч үнэ цэнгүй болдог. “Миний дүү энэ чинь өөр байна шүү дээ” гэж нэг хүн хэлж байлаа. Энийг сонсоод их шантарч өөртөө гутраад бүтэн жил зураг зуралгүй, зурах гэхээс л айдас төрөөд их хэцүү байдалтай байсан. Яваандаа шүүмжлэлийг ч хүлээж авч чаддаг болсон. Зурдаг хүмүүсийг ихэнхдээ дандаа магтдаг. Үргэлж магтаал сонссоор байгаад үнэн үг хүлээж авах чадваргүй болчихдог юм байна лээ. Хэчнээн болохгүй бүтэхгүй байсан ч зураад байх хэрэгтэй.
-Чиний зургууд их хөгжилтэй гэгээлэг зургууд байдаг. Хар бараан өнгийг яагаад ашигладаггүй вэ?
-Надад нийгмийн хар бараан зүйлсийг хөндсөн зураг зурахыг хүссэн маш олон саналууд ирдэг. Тэгэхдээ би хэзээ ч хар бараан зураг зурахгүй. Өнөөдөр манай нийгэм угаасаа л хар бараан байна. Хүн бүр стресстэй байна. Түүн дээр нь нэмээд би стресс өгмөөргүй байна. Магадгүй стресс бухимдалтай үедээ миний зургийг хараад инээд баяр хөөр, аз жаргалыг аваасай гэсэн үүднээс өөрт тохиолдсон хөгжилтэй зүйлүүдийг зурдаг. Хар өнгө дээр хар өнгийг нэмэхэд улам л гүн хар болно шүү дээ. Тийм учраас хар өнгөн дээр цагаан өнгийг нэмээд цайруулах гэж их хугацаа авах ч гэсэн удаан хугацааны дараа цайрдаг. Үүнтэй л яг адилхан тиймээс би гэгээлэг зургуудыг зурсаар байх болно.