Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хамаарал бүхий БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “ХКҮ” компанийн төв оффис, үйлдвэрт Эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийжээ.Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлт захад үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий ААН-үүдэд МХЕГ-аас зөрчлийн хэрэг нээж хянаж шалгаж байгаа юм. Энэ хяналт шалгалтын хүрээнд гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илэрсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас хэргийг бүртгэсэн байна. Улмаар хэргийн харьяаллыг Эрүүгийн цагдаагийн албанд тогтоож, Эрүүгийн цагдаагийн алба прокурорын зөвшөөрлийн дагуу “ХКҮ” компанийн Баянгол зочид буудалд байрлах байранд нэгжлэг хийсэн байна.Нэгжлэгээр нянгийн бохирдол ихтэй махыг экспортод гаргасан эсэх, иргэдэд худалдан борлуулсан эсэхийг болон нянгийн бохирдол ихтэй мах нь “ХКҮ” компанийнх уу, “Эм Ди Си Пи” компанийнх уу гэдгийг тогтоох юм байна. “Эм Ди Си Пи” компанийн үйлдвэрийн байрнаас “ХКҮ” компанийн лого, шошготой мах их хэмжээгээр илэрснийг МХЕГ тогтоож, лацдаад байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд компаниудын удирдлагаас мэдүүлэг, байцаалт авах аж.