Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

Эрдэни Жалцанов: Чагдар, Бадам хүүхэлдэйн киноны ард Буриад хэлний соёл оршиж байгаа

Эрдэни Жалцанов: Чагдар, Бадам хүүхэлдэйн киноны ард Буриад хэлний соёл оршиж байгаа
Нийтэлсэн 2020 оны 12 сарын 23
Чагдар, Бадам хэмээх богино хэмжээний хүүхэлдэйн кино цахим ертөнцөд олон мянган хандалт аваад байгаа билээ. Тэгвэл бид тус хүүхэлдэйн киног бүтээсэн Буриадын Хүүхэлдэйн театрын уран сайхны удирдаач Эрдэни Жалцановтой ярилцлаа.
-Чагдар, Бадам богино хэмжээний киног бүтээх болсон шалтгаан юу байсан бэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье.
-Чагдар, Бадам хоёрыг би арваннэгдүгээр сараас зурж эхэлсэн. Би чөлөөт цагаараа шог зураг зурдаг. Тийм учраас Чагдар, Бадам хоёрыг зурж байхдаа гэнэтхэн энэ зургуудыг амьд болговол ямар байх бол гэсэн бодол орж ирсэн. Ингээд эхнэртээ хэлж графикаар зургуудыг хөдөлгөөнд оруулж, монтажилсан. Харин найман настай бага охиноороо дуу оруулсан. Ингээд эцэст нь өөрсдөө үзэхэд их таалагдаж байсан. Ингээд бид олон нийтийн сүлжээгээр цацахад бидний бүтээл хүмүүст их хүрсэн байна лээ.
Эхний ангийг бүтээсний дараа хүмүүс “Дараагийн анги нь хэзээ гарах вэ” гэж их асуудаг болсон. Тиймээс Чагдар, Бадам хоёрыг цааш нь зурж эхэлсэн. Одоогийн байдлаар гурав дахь ангийг нь цацаад байна. Өчигдөр дөрөв дэх ангийг нь зурж дуусгасан байгаа. Одоо эхнэр маань эвлүүлэг хийж байна. Өнөө оройдоо эвлүүлгийн ажил дуусвал дуу оруулалтыг нь хийх төлөвлөгөөтэй байна. Ингээд тун удахгүй Чагдар, Бадам хоёрын дөрөв дэх ангийг цацна.
-Та ямар мэргэжилтэй хүн бэ?
-Би хүүхэлдэйн театрын уран сайхны удирдаач, ерөнхий найруулагчийн ажилтай. Түүнчлэн Буриадын Эрдмийн драмын театрт жүжигчнээр ажиллаж байсан жүжигчин хүн. 1998 онд Ленинградын театрын ангийг төгсөж ирээд нутагтаа ажиллаж эхэлсэн. Харин 2000 оноос эхлээд одоог хүртэл Хүүхэлдэйн театрын удирдаачаар ажиллаж байна.
-Бага охин нь дуу оруулсан гэлээ. Тэгэхээр Чагдар, Бадам хоёрт нэг хүн дуу оруулсан гэж ойлгож болох уу?
-Тийм ээ, охин маань гол дүрийн хоёрт хоёуланд нь дуу оруулсан. Бадам дээр дуу оруулахдаа хоолойгоо бүдүүрүүлж, Чагдар дээр нарийн хоолой оруулж, дуу оруулсан байгаа. Би охиныгоо тийм авьяастай гэж мэдээгүй байсан учир их гайхаж бас бахархаж байсан. Охинд минь хүүхэлдэйн кинонд дуу оруулахад их хүндрэлтэй байсан байх.
-Чагдар, Бадам богино хэмжээний хүүхэлдэйн кинонд цаад утга санаа гэж байгаа юу. Хүн үзээд юуг ойлгож мэдээсэй гэж боддог вэ?
-Улаан-Үдийн Буриадад одоо үеийн залуус буриад хэлээрээ ярьдаггүй. Төрөлх хэлээ ашигладаггүй учраас бараг устахад хүрсэн. Сургууль, цэцэрлэг гээд бүх газруудад хүүхэд, залуус орос хэлээр ярьдаг. Иргэд нь ч гэртээ оросоор ярина. Манай энд буриад хэлний сургууль их ховор, хэдхэн байдаг. Хэдхэн байдаг буриад хэлний сургуулийн нэгэнд нь охиноо явуулсан. Гэхдээ тус сургууль хичээлүүдээ буриадаар биш бүх хичээлээ орос хэлээр заадаг. Ганцхан буриад хэлний хичээлээ л буриад хэлээр заадаг.
Манай охин гэртээ буриад хэлний хичээлээ давтаад номоо уншаад сууж байхад надад гэнэтхэн нэгэн бодол төрсөн. Зөвхөн хичээл гэлтгүй би өөрөө охиндоо буриад хэл сургая гэж бодсон. Охиндоо буриад хэл заахдаа нэг мөр хоёр хэл заая гэж бодсон учир буриад болон монгол хэлийг зэрэг зааж байгаа. Хэлийг зүгээр заахгүй үгийн аялга болон утгыг ойлгуулж, ямар үсгийг хэрхэн дуудаж хэлэх үү гээд их нарийн зааж байгаа. Охин маань хоёр хэлний дуудлага, аялгыг маш сайн ойлгосон.
Чагдар, Бадам хоёрын ярьж байгаа дуудлагыг сайн сонсвол Бадам хорид буриадын аялгаар, Чагдар Зэд аймгийн Сартуул аялгаар ярьж байгаа.
-Тэгвэл нэгдүгээр анги дээр Чагдар өөрийгөө Шагдар биш Чагдар гэдгийг хэлдэг нь хэлний аялгатай холбоотой юм байна, тийм үү?
-Тийм ээ. Манай нутагт Шагдарыг Чагдар гэж ярьдаг. Мөн чиний гэхийг шиний гэх мэтээр дуудаж ярьдаг байгаа. Тэгэхээр энэ богино хэмжээний хүүхэлдэйн киноны ард нэг улс үндэстэн, ястны хэлний соёл оршиж байна гэж ойлгож болно. Ерөнхийдөө энэхүү бүтээлээрээ өөрийн үндэстний хэлийг залууст таниулах, мартаж болохгүй юм шүү гэдгийг ойлгуулах гэж хичээж байна.
undefined
-Таны хувьд хүүхэлдэйн киноны зургийг нь зурсан гэлээ. Нэг ангийг бүтээхэд хэдэн зураг шаардагддаг вэ, мөн хэр их хугацаа орж байгаа вэ?
-Нэг ангийн зургийг нэг өдөрт зурж дуусгадаг. Харин монтаж хийхэд маш их хугацаа шаардагдаж байгаа. Зургийг хөдөлгөөнд оруулж, өнгөтэй болгох  зэрэг их ажил ордог. Ерөнхийдөө нэг ангийг 4-6  хоногийн дотор бэлэн болгодог.
-Чагдар, Бадам хүүхэлдэйн кино цаашдаа гарсаар байх уу. Цаашдын төлөвлөгөө юу вэ?
-Цаашид гарсаар байх болно. Одоо гарах гэж байгаа дөрөвдүгээр анги бол шинэ жилийн холбогдолтой байгаа. Тавдугаар анги Цагаан сарын тухай гаргах төлөвлөгөөтэй байна. Цаашлаад Улсын наадам, сайн өдрүүд гээд сэдвүүд олон байна. Чагдар, Бадам хоёрыг цаашдаа олон хүнтэй танилцаж, найзуудтай болгоод зохиолоо илүү сонирхолтой болгохоор зорьж төлөвлөж байна.

-Ярилцсанд баярлалаа. Танай гэр бүлд хамгийн сайхан бүхнийг хүсье. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн