Францын “Франц пресс агентлаг(AFP)” Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад суурьшлын бүс дэх нүүрсний жолооч нарын нөхцөл байдлыг онцолсон сурвалжлагыг нийтэлжээ. Уг сурвалжлагыг эмхэтгэн хүргэж байна.
Цагаан хад боомт нь Монгол Улсын нүүрсний экспортын гол чухал гарцуудын нэг юм. Түүнчлэн, өнөөдөр түүхий эдийн нийлүүлэлтийн тасалдлаас улбаатай эрчим хүчний хомсдолд ороод байгаа БНХАУ-ын хувьд нүүрсний импортын амин чухал бүс нутаг билээ. Гэвч өнөөдөр Хятад болон Монголын тал коронавирусийн эсрэг хатуу арга хэмжээ авснаар нүүрсний тээврийг даган бий болсон уг жижигхэн суурингийн гадаа ачааны машины урт цуваа үүсч, компаниуд орлогогүй болж, жолооч нар цалингүй гацах болжээ.
32 настай, нүүрс тээврийн жолооч Ц.Даваасүрэн ганцхан тээвэр хийх гэж гурван сарын турш хүлээсэн аж. Тэрээр жолооч нарын ар гэрт өвлийг дулаан давах мод, түлээ, өмсөх хувцас хэрэгтэй байгааг хэлсэн бөгөөд энд амьдрал хэцүү байна гэсэн юм.
Монгол Улс өнгөрөгч онд БНХАУ-д 35 сая тонн коксжих нүүрс экспортолсон. Харин энэ жил нүүрсний экспорт өнгөрөгч оны хэмжээний гуравны нэгд ч хүрэхгүй байна. Цагаан хад-Гашуунсухайт орчимд коронавирусийн дэгдэлт гарч, Хятадын тал хилээ хаахвий гэхээс айж Монгол Улс цар тахлын эсрэг хатуу дүрмийг тогтоожээ.
Хилийн боомт дээр өнөөдөр 3500 гаруй жолооч нүүрсний тээвэр хийхээр хүлээж, оочер үүсжээ. Жолооч нар хил гарч тээвэр хийхээсээ өмнө карантины бүсэд тусгаарлагдах ёстой. Ингэхдээ 40 хүнийг нэг бүлэг болгон тусгаарладаг байна.
Жолооч Б.Ундрах огт тээвэр хийлгүй 42 хонож байгаа бөгөөд түүнтэй хамт тусгаарлагдаж байсан нэг жолооч “COVID-19”-ийн халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдсон учир нийслэл Улаанбаатар хотын ойролцоо тусгаарлагдсан байна.
43 настай тэрээр Цагаан хаданд буцаж ирснийхээ дараа дахин 28 хоног тусгаарлагдаж, хүлээх хэрэгтэй болжээ. Хэрэв түүний багийн 40 хүн бүгд шинжилгээний сөрөг хариу авсан тохиолдолд тэд маргааш нүүрсээ тээвэрлэх боломжтой болох аж.
Хил давсны дараа Хятадын тал жолооч нарыг машины бүхээгээс гарахыг хориглоод зогсохгүй, цонхоо онгойлгохыг ч зөвшөөрдөггүй. Монголд шинжилгээний сөрөг хариу авсан амны хаалт, хувийн хамгаалах өмсгөлтэй жолооч нар Хятадын хил дээр очоод дахин шинжилгээ өгдөг. Жолооч нар ковидын шинжилгээний хариу нь яаж гарах бол гэдэгт өдөр, шөнөгүй санаа зовдог бөгөөд зүгээр нүүрсээ Хятадад буулгаад, мөнгөө авч гэртээ харихыг хүсэж байгаагаа хэлж байв.
БНХАУ-ын хойд хэсэгтэй хөрш залгаа Монгол Улсын Өмнөговь аймагт байрлах нүүрсний ордууд ойролцоогоор 12 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Монголын нүүрсний уурхайнууд Хятадын төмрийн хүдэр хайлуулах гангийн үйлдвэрүүдийн гол ханган нийлүүлэгчид юм. Гэвч өнөөгийн нөхцөл байдлаас болж олон жолооч өөр ажил хайх талаар бодож эхэлжээ.
Цагаан хад дахь албаны хүмүүсийн хэлж байгаагаар жолооч нарын тоо хоёр дахин буурч, хөл хөдөлгөөн зогсонги байдал орсон бөгөөд энэ нь жижиг суурьшлын бүсийн эдийн засагт асар их нөлөө, хохирол үзүүлж байгаа аж. Цагаан хад суурьшлын бүсийн төв гудамж хоосорч, цайны газар болон дэлгүүрүүд хаахад хүрчээ. Албаны хүмүүс Цагаан хад орчмын худалдаа, эдийн засгийг сэргээж, хэвийн үргэлжлүүлэхийн тулд вирусийн тархалтын эсрэг хатуу арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай гэв.
Цагаан хадны Онцгой байдлын комиссын дарга П.Соронзонболд “Хэрэв ковидын тархалт нэмэгдэж, Хятадын тал хилээ хаавал манай эдийн засаг сүйрнэ” гэсэн юм. Тэгвэл жолооч нар халдвар авахаас сэргийлэхийн тулд нүүрс ачсан машиныхаа дэргэд майханд байрлах аж.
Бээжин ковидыг үл тэвчих буюу цар тахлын эсрэг хатуу бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд гадаад ертөнцтэй хиллэдэг хилийн бүсүүддээ хатуу хяналт тогтоосон. БНХАУ хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт дэвшүүлээд байгаа энэ цаг үед тус улсад түүхий эдийн нийлүүлэлтийн тасалдал бий болж, нүүрсний ханш рекорд түвшинд хүрснээр эрчим хүчний хямралтай нүүр тулсан. Улмаар Хятадын эрх баригчид эрчим хүчний хямралыг даван туулахаар идэвхтэй тэмцэж байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көчян өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй онлайн уулзалт хийсэн бөгөөд уулзалтын дараа хилийн дэглэмийг хөнгөвчлөх хүлээлт, найдвар гарч эхэлсэн. Хятадын төрийн мэдлийн хэвлэлүүдийн мэдээлснээр хоёр улсын Ерөнхий сайд нар Монголын нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцсон бөгөөд талууд ковидын эсрэг хатуу шаардлагыг хангасан тохиолдолд ачааны автомашины тоог хоёр дахин нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм. Гэвч хил дээрхи ачааны машины бөглөрлийг арилгаж, нөхцөл байдлыг хэвийн болгоход хугацаа шаардлагатай.
Тээвэрчдийн зөвлөлийн тэргүүн Н.Ялагдашгүй “Хязгаарлалт болон Чойрын чиглэлийн тээврийг зогсоосон зэрэг явдал нь жолооч нарыг амьдрах аргагүй болгож байна” гэсэн юм.