Open iToim app
Үйл явдал | 4 мин уншина

Ч.Нямцэцэг: Иргэд 23 төрлийн лавлагаа мэдээллийг цахимаар авах боломжтой болсон

Ч.Нямцэцэг: Иргэд 23 төрлийн лавлагаа мэдээллийг цахимаар авах боломжтой болсон
Нийтэлсэн 2019 оны 3 сарын 21
Улсын бүртгэлийн багц хууль 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг хууль хэрэгсжнээр иргэдэд ямар давуу боломжууд бий болсон талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын ахлах мэргэжилтэн Ч.Нямцэцэгээс тодрууллаа.
-Улсын бүртгэлийн ерөнхий газар одоогийн байдлаар хэчнээн төрлийн бүртгэлийн үйлчилгээг үзүүлж байна вэ?
-Улсын бүртгэлийн ерөнхий газар нь хуульд заасан чиг үүргийнээ хүрээнд иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн нийт 80 гаруй төрлийн улсын бүртгэлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.
-Улсын бүртгэлийн багц хууль хэрэгжиж эхлэхэд иргэн харьяалал харгалзахгүйгээр 10 төрлийн лавлагаа авах үйлчилгээг үзүүлж байсан. Эдгээр лавлагаа үйлчилгээг нэмэгдүүлсэн үү?
-Улсын бүртгэлийн багц хууль хэрэгжиж эхэлснээр Burtgel.mn цахим системийг нэвтрүүлсэн. Энэхүү систем нэвтрэх үед 10 төрлийн лавлагааг цахимаар авах боломжийг бүрдүүлж байсан бол энэ тоог үе шаттай нэмэгдүүлсэн. Одоогийн байдлаар иргэд 23 төрлийн лавлагааг цахимаар авах боломжтой болсон. Цаашид 2019 ондоо багтаан улсын бүртгэлтэй холбоотой 40 гаруй төрлийн лавлагаа, мэдээлэл болон зарим үйлчилгээг цахимаар үзүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. Мөн цахим системд нэвтэрч эхлэх үед жи-мобайл, скайтелын хэрэглэгчид дээрх систем рүү нэг удаагийн нууц дугаар авч нэвтэрч байсан бол одоо Мобиком, Юнителийн хэрэглэгчид ч нэвтрэх бүрэн боломжтой болсон. Цаашид бүртгэлийн байгууллагаас шат дараатайгаар иргэдэд үзүүлэх үйлчилгээний нөхцөлийг илүү боловсронгуй болгож, цахимжуулах ажлыг эхлүүлээд байна.
-Тухайлбал, иргэд Burtgel.mn цахим системээс ямар ямар лавлагаа үйлчилгээг авах боломжтой болсон юм бэ?
-Иргэд Burtgel.mn цахим системээс цахим үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, овог, нэр өөрчилсний лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, эцэг тогтоосны лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, регистрийн дугаарын тухай лавлагаа, гадаад паспорт анх удаа авсан тухай лавлагаа, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа зэрэг 20 гаруй төрлийн лавлагаа, мэдээллийг  цаг хугацаа, орон зайнаас үл хамааран шууд авах бүрэн боломжтой.
-Тухайн цахим системд яаж нэвтэрч, хэрхэн лавлагаа үйлчилгээ авах вэ?
-Иргэн уг системд нэвтрэхийн тулд “нэвтрэх” гэсэн цонхон дээр дараад тоон гарын үсэг эсвэл нэг удаагийн нууц кодоор нэвтрэх боломжтой. Таны нэр дээрх гар утасны дугаарт таны нууц кодыг илгээдэг. Тухайн кодоор нэвтэрч лавлагаа авах юм.
-Иргэний цахим үнэмлэх, гадаад паспортыг онлайнаар захиалдаг болж байгаа. Энэ талаар?
-Иргэний үнэмлэхийн онлайн захиалгыг хүлээн авах, программ хангамж болон бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Тиймээс иргэний үнэмлэхийн онлайн захиалгыг хүлээн авч  эхэлсэн байгаа. Гадаад паспортын тухайд гэвэл энэ сарын сүүлээр онлайн захиалгыг нэвтрүүлж эхлэхээр ажиллаж байна.
-Ер нь Улсын бүртгэлийн багц хууль хэрэгжиж эхэлснээр иргэдэд ямар давуу боломж нээлттэй болсон юм бэ?
-Улсын бүртгэлийн багц хууль хэрэгжиж эхэлснээр Нийслэлийн есөн дүүрэг, дөрвөн төв, 152 хороо, 21 аймагт харьяалал харгалзахгүй арван төрлийн бүртгэлийг хийдэг болсон. Тодруулбал, төрсний, гэрлэсний, гэрлэлт дуусгавар болсны, гэрлэлт сэргээсний, иргэний байнга оршин суугаа газрын хаягийн, эцэг эх тогтоосны, нас барсны, иргэний үнэмлэхийн, биеийн давхцахгүй үйлдлийн буюу хурууны хээ, үндэсний гадаад паспортын бүртгэлийг харьяалал харгалзахгүй хийнэ. Тухайлбал, иргэд өмнө нь гадаад паспорт, иргэний үнэмлэхээ заавал харъяаллын буюу оршин суугаа газартаа хандаж захиалдаг байсан бол  одоо хөдөө орон нутгийн иргэн Улаанбаатар хотод, Баянзүрх дүүргийн иргэн Сүхбаатар дүүрэгт  харьяалал харгалзахгүй захиалдаг болсон гэсэн үг. Мөн энэхүү шинэ хуулиар улсын бүртгэлийн байгууллага өөрт байгаа мэдээллийг иргэнээс авахгүй байхаар зохицуулагдсан. Энэ нь иргэн нийслэл, орон нутгийн улсын бүртгэлийн аль ч байгууллага дээр очсон, тухайн иргэний мэдээллийг бид шаардахгүйгээр бүртгэл хийх юм. Үүнд, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний, гэрлэлт дуусгавар болсны, гэрлэлт сэргээсний бүртгэлийн лавлагаа, эцэг, эх тогтоосны лавлагаа, үрчилсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын гэх зэрэг 10 гаруй лавлагааг иргэнээс шаардахгүй болсон.
-Улсын бүртгэлийн багц хууль хэрэгжиж эхэлснээс хойш шилжилт хөдөлгөөн хийх шат дамжлагыг багасгасан гэсэн. Үүнийг тайлбарлаж өгөхгүй юү?
-Иргэд өмнө нь шилжин явахдаа хоёр газар очиж бүртгэл хийлгэдэг байсан. Мөн очих гэж байгаа дүүрэг дээрээ шинээр ирснээ бүртгүүлдэг байсан. Тэгвэл одоо Улсын бүртгэлийн багц хуулиар нэг талдаа явах шат дамжлага багассан. Өөрөөр хэлбэл, зөвхөн оршин суух дүүргийнхээ Улсын бүртгэлийн байгууллагад хандаж, нэг бүртгэл хийлгэдэг болсон.
Иргэд Burtgel.mn цахим системээс дараах төрлийн лавлагааг авна. Үүнд:
  • Цахим үнэмлэхийн лавлагаа
  • Оршин суугаа хаягийн лавлагаа
  • Төрсний бүртгэлийн лавлагаа
  • Гэрлэсний лавлагаа
  • Гэрлэсэн эсэх лавлагаа
  • Гэрлэлт дуусгавар болсныг бүртгүүлсэн тухай лавлагаа
  • Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
  • Хуулийн этгээд бүртгэлтэй тухай лавлагаа
  • Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа
  • Үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа
  • Овог, эцгийн нэр, нэр өөрчилсний лавлагаа
  • Эцэг тогтоосны лавлагаа
  • Төрөл, садны тухай лавлагаа
  • Регистрийн дугаарын тухай лавлагаа
  • Регистрийн дугаар сольж, шинээр олгосон тухай лавлагаа
  • Гадаад паспорт дахин авсан тухай лавлагаа
  • Гадаад паспорт анх удаа авсан тухай лавлагаа
  • Гадаад паспорт огт авч байгаагүй тухай лавлагаа
  • Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тухай лавлагаа
  • Хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын талаарх лавлагаа(итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд мөн хамаарна)
  • Хуулийн этгээдийн хаягийн талаарх лавлагаа
  • Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаа
  • Хуулийн этгээд татан буусан эсэх лавлагаа
  • Хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаа
  • Хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчлөгдсөн талаарх лавлагаа
  • Хуулийн этгээдийн хувийн хэргийн хуулбар
  • Үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн хуулбар
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн